Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 123

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: М.Б 

Шүүгдэгч: Ж.О 

Хохирогч Л.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн О д холбогдох 1812001120102 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ,, оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Ж ийн О/РД:/ 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.О нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн Баруун өвөр гэх газарт Л.Хтай “Малын бэлчээрт малаа бэлчээлээ” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

*  Шүүгдэгч Ж.Оийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2018 оны 02 сарын 16-ны өдөр шинийн нэгний өдөр ээж дээрээ эхнэр хүүхдүүдтэйгээ очиж золгочихоод, 11 цаг 05 минутын үед мотоциклиороо хонинд явсан.  Л.Х гуай өмнө нь надтай хоёр удаа ээжийн хаваржаан дээр таарсан. Л.Х гуай өөрөө амины 30 гаруй сарлагтай, тэр нь хаваржаа өвөлжөөгөөр идээд байсан. Тэр өдөр шинийн нэгэн байсан учраас би Л.Х гуайтай мэндлээд, таньд 3 дахь удаагаа хэлж байна, одоо та хонь малаа аваач ээ, манайх наад руу чинь хавар бууна шүү дээ гэж хэлсэн чинь чи муу гөлөг хэзээ ийм болсон юм бэ гэж хэлсэн. Тухайн үед мотоциклиороо сигнаалдаад хониных нь  үзүүрийг эргүүлсэн, хонь нь манай хаваржааны хажуу талд, сарлагийнх нь зарим нь манай хаваржаан дотор ороод зогссон байсан. Сарлаг гэдэг мал чинь бэлчээрт маш асуудалтай байдаг. Би өөрөө Бодь овогтой, ээжийн талынхныг Хас гэдэг. Тэгсэн намайг Хасын муу гуйлгачин гэж хэлсэн. Манайх тийм ядуу хүмүүс биш. Намайг гуйлгачин минь гэж хэлээд хэлж цохиж аваад, элэг рүү өшиглөсөн. Би энэ хүнийг цохиж чадаагүй байж цохисон гэж хэлүүлж байгаадаа маш их гомдож байна. Мал бэлчээрийн тухай хууль гэж байдаг бол түүнийг нь би нарийн судлуулаад энэ хүнд арга хэмжээ авахуулж болдог бол авахуулмаар байна. Үнэхээр хөгшин настай хүнийг архи уусан үедээ дээрэлхэж хониноос нь хулгайлж идээд байх ямар эрх байдаг юм бэ. Газар нь өндөрлөг хэсэгт бид хоёр зогсож байсан чинь намайг өшиглөөд, өшиглүүлээд би доошоо тонгойсон чинь миний нүд рүү өшиглөсөн. Би босч ирээд та зүгээр байгаарай ингэж байгаа бол та гай болно шүү гэж хэлээд мотоциклио унаад явсан чинь миний араас том чулуу аваад шидсэн. Миний нуруунд үүссэн хөхрөлтийг харсан хүн зөндөө байгаа. Тэр үед миний цагаан дээлийг захаас нь авахуулаад доош тал болтол нь урсан. Тэр урсан цагаан өнгийн дээл цус болсон одоо хүртэл цустай хэвээрэй байгаа. Энэ дээлийг би нарийн судлуулах шаардлагатай гэж үзэж байна. Дээлэнд тогтсон цус хэний цус бэ, миний цус уу, Л.Хын цус уу гэдгийг тогтоогоогүй. Дээлээ уруулаад цус болсон учраас ээждээ хэлээд яахав гэж бодоод эхнэрээ дуудаж хүргэн ахынхаа улаан дээлийг өмсөөд машиндаа цагаан дээлээ боож хийгээд гэртээ ороод сууж байсан ээж дээр дүү нар нь золгуулт хийхээр ирсэн. Ээжийн дүү нар нь ирээд намайг хүнтэй муудалцсан байна гэдгийг мэдсэн. Би эхнэртээ Л.Х гуай согтуу балайраад байна, цагдаад өгчих үү гэж хэлсэн чинь эхнэр “шинийн нэгэн болж байхад юу яриад байгаа юм бэ, шинэ сар гарч байхад хүнтэй битгий муудаад бай” гэж хэлэхээр нь цагдаад өгөөгүй. Шинийн 7,8 хүртэл Л.Х гуай гэртээ байсан. Түүний дараа Ббайцаагч Л.Х гомдол гаргасан байна, хүрээд ир гэж дуудсан. Би тухайн үед нь очоод нүүрэн дээр ил харагдах сорвио харуулсан, мөн утас нь дээр байсан нурууныхаа гэмтэл, шархийг харуулсан чинь Ббайцаагч одоо байхгүй гээд хэрэгт гаргаж өгөхгүй байгаа. Энэ бол Ббайцаагчийн хийсэн асуудал. Тухайн үед би Ббайцаагч, Л.Х гуайд шинэ хуучин гэмтэл ярих гэж байгаа бол хоёулаа хамт явж гэмтлийн эмнэлэгт үзүүлье гэж хэлэхэд Л.Х өөрөө яваагүй.  Монгол улсын эмнэлэг шинэ хуучин гэмтлийг нарийн гаргадаг. Л.Х гуай үнэхээр тухайн үед гэмтэл авсан бол тэр үед нь эмчид үзүүлэх боломжтой байсан. Л.Х гуайг гомдол гаргасан, цагдаад хэлсэн гэхээр нь цагдаа дуудах үед нь би надад ч гэсэн гэмтэл учирсан, би ч гэсэн гэмтлээ тогтоолгоно, Улаанбаатар хот руу явж улсын эмнэлэгт үзүүлнэ гэдгээ хэлсэн. Би өөрөө элэгний В,С вирустэй, эмчилгээ авдаггүй өвчтэй, эмнэлэгт эмчийн хяналтад эм тариа хэрэглэдэг. Би Улаанбаатар хот руу яваад Улсын нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн, гэтэл Л.Хын явсан үзүүлсэн гэх эмнэлэг нь хувийн эмнэлэг байсан. Л.Хыг би худлаа эмчийн дүгнэлт гаргуулаад, худлаа бичиг хийлгээд ирсэн гэж бодож байна. Энэ хүн урьд өмнө нь хүнд зодуулсан, түүнээс болж бие муутай, айлын мал маллаж байхдаа хүнд зодуулсан байдаг.  Би зөв амьдаръя гэж бодож байгаад ингэж хэрэгтэн болоод явж байгаадаа гомдолтой байна. Би 5 жил их сургуульд сурсан, дээд боловсролтой, гэхдээ өнөөдрийн байдлаар ажилгүй байна. Ажилгүй гээд энэ хүн асуудалтай байна гэж үзэж болохгүй. Энэ хэргийг би хийгээгүй учраас гомдолтой байна. Би хэрэг хийгээгүй учраас гомдолтой байна...” гэх мэдүүлэг

* Хохирогч Л.Хын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Намайг хонин дээр явж байхад Ж.О ирсэн. Тэгээд надтай мэндлээд яагаад манай бэлчээрээс мал чинь идээд байгаа юм бэ гэж хэлээд  намайг хоёр удаа цохиж унагаасан. Дээлны захнаас барьж унагаагаад нуруу руу нэг цохисон. Цохиод авахаар нь би зугтаасан чинь араас хутга шөвөгөөр ална, дайрч ална гээд байсан. Толгой тархи өвдөөд, даралт ихсээд байгаа. Хохирол төлбөрөө барагдуулж авах хүсэлттэй байна. Эмчилгээний хохирол төлбөр гэж нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг 

 

* Эрүүгийн 1812001120102 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Л.Хын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 10:00 цагийн үед явган хонио хариулаад Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг баруун өвөр гэх газар явж байтал Одгоо гэх залуу бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй, мотоцикльтой давхиж ирээд бэлчээр яагаад идээд байгаа юм гэхээр нь би битгий дэмий юм яриад бай гэтэл намайг даварцан гөлөг вэ гээд мотоцикль дээрээсээ бууж ирээд заамдаж аваад зүүн гарынхаа ар хэсэгээр зангидаж байгаад 2 удаа дух руу хүчтэй цохиод намайг газарт унагаж байгаад чулуугаар нуруун тус газар 2 удаа цохисон толгойны ар дагз руу чулуугаар 1 удаа цохисон тэгээд гараараа нуруу руу 2 удаа цохисон би тэгээд арай гэж босоод зугтааж явсан чинь араас мотоцикльтой давхиж ирээд чамайг эндээс зайлахгүй бол гэрт чинь очоод хутга шааж ална шүү гэж хэлсэн. Тэгээд би зугтаагаад харьсан. Намайг хонио туугаад гэрлүүгээ дарж байтал мотоцикльтой давхиж ирээд хэрүүл хийж ирээд намайг цохиж зодсон. Тухайн үед харсан үзсэн хүн байхгүй эзгүй хээр байсан. Би зодуулчихаад явж байтал С.Б гээд Одгоогийн хамаатны залуу тааралдсан. Өөр хүн ойр хавь байгаагүй. Миний духруу 2 удаа гараараа хүчтэй цохисон, намайг газарт унагаад дагзруу 1 удаа чулуугаар цохисон, нуруун тус газар 2 удаа чулуугаар цохисон, гараараа мөн адил 2 удаа нуруу руу цохисон. Би тухайн үед Цэцэрлэг сумын төвд эмчид үзүүлж өвчин намдаах тариа хийлгэсэн одоо шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/, 

* Хохирогч Л.Хын дахин өгсөн: 

“...Би гомдолтой байна. Толгой өвддөг болсон эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Дахиж эмчилгээ хийлгүүлмээр байна. Надад 1.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй эмнэлэгт үзүүлсэн эмчийн бичиг хэрэгт хавсаргуулж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ 

*Гэрч И.Бн өгсөн: 

“...2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ суух байтал Л.Х толгой нь хагарчихсан бие нь их тааруухан орж ирэхээр нь юу болсон талаар асуутал уржигдар шинийн нэгэнд буюу 2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө малд явж байгаад хүнд зодуулчихлаа гэхээр нь яагаад хүнд зодуулсан юм хэн чамайг зодсон гэж асуухад Боорой буюу Одгоо малын бэлчээрээс болоод намайг зодчихлоо гэж хэлсэн. Толгойны дагз хэсгийг нь чулуугаар хагалсан бас нурууг нь гэмтээсэн байсан одоо ар нуруу нь их хөндүүртэй байгаа. Манай ах дүү нар бүгд мэдэж байгаа гэхдээ яг зодуулж байхыг нь харсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/ 

*Гэрч М.Оы өгсөн: 

“...2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг Баруун өвөр гэх газар байх гэрээсээ хонинд явахаар гараад удаж байгаад үдээс хойш гэртээ нүүр ам, хувцас нь их цус болчихсон ирсэн бөгөөд би юу болсон талаар асуутал О буюу Боорой гэх хүнд зодуулсан гэж орж ирсэн. Тэгээд нүүрийг нь цэвэрлэж байгаад маргааш өглөө нь эмчид дуудлага өгч үзүүлсэн. Хамарнаас нь цус гарчихсан толгойны ар хэсгээс хуйх нь ярагдаж цус гарсан нуруу нь хөндүүр болчихсон байсан. Тухайн үед би болон манай 4 хүүхэд байсан, өөр хүн байгаагүй. Харсан хүн байхгүй байх  би сайн мэдэхгүй байна. Бэлчээр идлээ гээд манай нөхрийг зодсон гэсэн, өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/ 

* Гэрч Л.Мын өгсөн: 

“...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу шинийн 02-ны орой 19 цагийн үед би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг Хонхорын 06-07 тоотод байх гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт сууж байтал хөдөөнөөс манай дүү Л.Х золголтоор эхнэртэйгээ орж ирээд юм ярихгүй чимээгүй суугаад байхаар нь юу болсон талаар асуутал толгой өвдөөд байна өчигдөр орой буюу 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хонинд явж байгаад О буюу Боорой гэх хүнд зодуулсан гэж ярьсан. Тэгээд би толгойг нь барьтал тархи хөдөлчихсөн бас толгойных нь ар хэсэгт хуйх нь халцарчихсан байсан. Тэгээд эмчид дагуулж очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/ 

* Гэрч Н.Ргийн өгсөн: 

“...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн нутагт байх хадам аавынхаас эхнэр хүүхэдтэйгээ гараад Ж.Оийн ээжийнд очиж золгохоор очсон бөгөөд намайг очиход Ж.О ах гэртээ сууж байсан бөгөөд би очиж золгоод юм ярьж сууж байсан чинь өглөө Л.Х гэх хүнтэй зодолсон гэж ярьж байсан. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна тэр талаар яриагүй. Зүгээр байсан ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй. Би ойр дотно харьцаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/ 

* Гэрч С.Бын өгсөн: 

“...2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед гэртээ золгочихоод хониндоо явж байсан чинь Хонгорж баг Баруун энгэрийн урд Ж.О ахын хаваржааны зүүн урд талд  мотоцикльтой хүн зогсож байсан бөгөөд нэг нь над дээр давхиад ирэхээр нь харсан чинь Л.Х ах хамарнаас нь цус гарчихсан байсан. Уулзаад ярьж байтал сая Ж.О намайг толгой руу цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд өөр юм ярилгүй явсан. Л.Х согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Л.Х ахын хамарнаас нь цус гарчихсан толгой өвдөөд байна гэж хэлсэн. Намайг харж байхад тэр зодолдоогүй зүгээр л зогсож байсан. Орой нь манайд ирж золгоход баруун хацар нь жаахан шалбарсан байсан. Ж.О ах хүнтэй нөхөрсөг хааяа жаахан ууртай, Л.Х ах дуу цөөтэй их даруухан хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 28-ны   өдрийн  123 дугаартай дүгнэлтэнд:

“...Л.Хын биед тархи доргилт, дагз орчим хуйханд шарх, сээр нурууны 3-5-р нугалам орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал / 

*Шинжээч Б.Оын өгсөн: 

“...Би 2018 оны 02 сарын 28-ны өдөр ЭЦТ-н мөрдөгч д/ч Н.Бат-Эрдэнийн шинжээч томилсон тогтоолоор иргэн Л.Хын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үүнд: Л.Хын биед үзлэг хийж мөн амбулаториор эмчлүүлэгсдийн картнаас эмчид үзүүлсэн баримт, рентген зургийн хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Шинжээч эмчийн бодит үзлэгээр дагз орчмын хуйханд 08 см тав тогтсон шархтай. Шилэн хүзүү, сээр нурууны 3-5-р нугалмын орчим тэмтрэхэд хөндүүр байсан. Мэдрэлийн үзлэгээр нистагм шинж илэрсэн. Тухайн үед үзүүлсэн эмчийн үзлэгт: амбулаторийн картнаас тархи доргилт, сээр нуруу орчим зөөлөн эдийн няцрал гэсэн оноштой байсан. Үүнийг өөрийн бодит үзлэгт илэрсэн өөрчлөлтүүдтэй нэгтгээд тархи доргилт, дагз орчмын хуйханд шарх, сээр  нурууны 3-5-р нугалам орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан гэж тогтоосон. Энэ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ нь мохоо зүйлийн цохих, цохигдох нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/  

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж багийн нутаг Баруун өвөр гэх газарт хохирогч Л.Х нь бусдад зодуулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.О нь үйлдсэн болох нь  хохирогч Л.Хын “...Одгоо гэх залуу бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй, мотоцикльтой давхиж ирээд бэлчээр яагаад идээд байгаа юм гэхээр нь би битгий дэмий юм яриад бай гэтэл намайг даварцан гөлөг вэ гээд мотоцикль дээрээсээ бууж ирээд заамдаж аваад зүүн гарынхаа ар хэсэгээр зангидаж байгаад 2 удаа дух руу хүчтэй цохиод намайг газарт унагаж байгаад чулуугаар нуруун тус газар 2 удаа цохисон толгойны ар дагз руу чулуугаар 1 удаа цохисон тэгээд гараараа нуруу руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч И.Бн”... Л.Х толгой нь хагарчихсан бие нь их тааруухан орж ирэхээр нь юу болсон талаар асуутал уржигдар шинийн нэгэнд буюу 2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө малд явж байгаад хүнд зодуулчихлаа гэхээр нь яагаад хүнд зодуулсан юм хэн чамайг зодсон гэж асуухад Боорой буюу Одгоо малын бэлчээрээс болоод намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Оы “...Хонгорж баг Баруун өвөр гэх газар байх гэрээсээ хонинд явахаар гараад удаж байгаад үдээс хойш гэртээ нүүр ам, хувцас нь их цус болчихсон ирсэн бөгөөд би юу болсон талаар асуутал О буюу Боорой гэх хүнд зодуулсан гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Ргийн “...намайг очиход Ж.О ах гэртээ сууж байсан бөгөөд би очиж золгоод юм ярьж сууж байсан чинь өглөө Л.Х гэх хүнтэй зодолсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө 11 цагийн үед гэртээ золгочихоод хониндоо явж байсан чинь Хонгорж баг Баруун энгэрийн урд Ж.О ахын хаваржааны зүүн урд талд мотоцикльтой хүн зогсож байсан бөгөөд нэг нь над дээр давхиад ирэхээр нь харсан чинь Л.Х ах хамарнаас нь цус гарчихсан байсан. Уулзаад ярьж байтал сая Ж.О намайг толгой руу цохьчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Оын “...Би 2018 оны 02 сарын 28-ны өдөр Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч д/ч Н.Бат-Эрдэнийн шинжээч томилсон тогтоолоор иргэн Л.Хын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үүнд: Л.Хын биед үзлэг хийж мөн амбулаториор эмчлүүлэгсдийн картнаас эмчид үзүүлсэн баримт, рентген зургийн хариуг үндэслэн дүгнэлт гаргасан. Шинжээч эмчийн бодит үзлэгээр дагз орчмын хуйханд 08 см тав тогтсон шархтай. Шилэн хүзүү, сээр нурууны 3-5-р нугалмын орчим тэмтрэхэд хөндүүр байсан. Мэдрэлийн үзлэгээр нистагм шинж илэрсэн. Тухайн үед үзүүлсэн эмчийн үзлэгт: амбулаторийн картнаас тархи доргиолт, сээр нуруу орчим зөөлөн эдийн няцрал гэсэн оноштой байсан. Үүнийг өөрийн бодит үзлэгт илэрсэн өөрчлөлтүүдтэй нэгтгээд тархи доргилт, дагз орчмын хуйханд шарх, сээр  нурууны 3-5-р нугалам орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан гэж тогтоосон...” гэх мэдүүлэг,  хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 123 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Оийн би хохирогч Л.Хыг зодоогүй гэх мэдүүлэг няцаагдаж байна.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч Ж.О нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

Хохирогч Л.Х нь шүүгдэгч Ж.Оээс эмчилгээ хийлгэсэн болон ирж очсон замын зардалд нийт 2 сая төгрөг нэхэмжлэнэ гэх бөгөөд шүүхэд ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтыг шинжлэн судлахад түүний Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд толгойн зураг, нурууны зураг авахуулсан, үзлэг хийхэд төлсөн гэх нийт 35000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Ж.Оээс 35000 төгрөг гаргуулан хохирогч Л.Хад олгож, бусад баримтын хувьд он, сар, өдөр тодорхойгүй, тамга тэмдэг дарагдаагүй нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Б овогт Ж-ийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Ж.Оээс 35.000 /гучин таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.Хад олгож түүний нэхэмжилсэн 1.965.000/нэг сая есөн зуун жаран таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР