| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2405000000741 |
| Дугаар | 2025/ДШМ/169 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/169
2025 01 30 2025/ДШМ/169
Б.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
хохирогч Б.Б-н өмгөөлөгч Ж.Батбаяр,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Намжилцогт,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2405 00000 0741 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овгийн Б-н Н, .... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ...... аймгийн ...... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................. газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................ тоотод түр оршин суух, /РД: ............/;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ......... тоотод хардалтын улмаас Л.С-тэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, бие болон гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож, Л.С-н эрүүл мэндэд нь элэгний тавдугаар сегментийн няцарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, нарийн гэдэсний чацархай няцрал, баруун доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун мөр, баруун эгэм, зүүн гуя, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ........... тоотод үл ялих зүйлээр шалтаглан А.Б-н цээж хэсэгт өшиглөх, боох, ус буцалгагчаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцралын голомтууд, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний хоёр талын хугарал, баруун үений мултрал, хамар, дээд, доод уруул, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг ба ооч, хүзүү, зүүн мөр, бугалга, цээжний урд зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-г 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 174 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-с хохирогч А.Б-н эмчилгээ хийлгэсэн зардал хохирол төлбөрт 378.850 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9.900.000 төгрөг, нийт 10.278.850 төгрөг, үүнээс шүүгдэгчийн ар гэрээс хохирогчид төлсөн 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг хасаж, нийт 9.278.850 төгрөгийг шүүгдэгч Б.Н-с гаргуулж хохирогч А.Б-д олгож, хохирогч Л.С, А.Б нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-с хохирогч Л.С-н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 124.762 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 ширхэг хөвөн бамбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдан хоригдсоны улмаас хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж чадсангүй. Цаашид хохирол гомдлыг бүрэн барагдуулна. Хохирлыг өөрийн боломжит хэмжээгээр төлсөн. Өөрийн гэм буруутай хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруу дээрээ маргаагүй. Мөн хохирогчид гэмтэл учруулсныхаа дараа 103 түргэн тусламж дуудсан. Гэмтлийн эмнэлэгт өөрийн биеэр хүргэж өгсөн. Эцэг, эх 2 маань өндөр настай, тэтгэвэрт байдаг. Энэ хоёрыг маань асарч тойлох хүн надаас өөр байхгүй. Тийм учраас хурдан ялаа эдэлж дуусгаад эцэг, эх хоёроо асарч, амьд ахуйд нь ачийг нь хариулмаар байна. Би бага насны 3 хүүхэдтэй. Хүүхдүүдийн минь эх хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг. Гэр бүлийн 4 гишүүнийг минь надаас өөр тэжээн тэтгэх, харж хандах хүн байхгүй. Хоригдохоос өмнө эхнэр бид 2 малчны зээл, цалингийн зээлтэй байсан. Зээлийн хамтран зээлдэгч нь эхнэр ба энд хоригдсоноос хойш зээлээ төлж чадахгүй алдангид орж, өрөнд орж болзошгүй болоод байна. Биеийн эрүүл мэндийн байдлын хувьд бөөр өвддөг, нурууны суулттай. Байнга эмчийн хяналтад байж эмчилгээ хийлгэдэг. Хоригдсоноос хойш эмчилгээ тасарсан. Биеийн эрүүл мэндийн байдал хүндэрч байна. Цаашид биеийн эрүүл мэндийн байдал энэ хэвээр байвал хорихоос амьд гарах итгэл бага байна. Дээрх байдлыг харгалзан үзэн надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Г.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө байнга илэрхийлж байгаа. Б.Н-н эцэг, эх хоёр нь ...... аймгийн ...... суманд амьдардаг. Шүүгдэгч нь 3 хүүхэдтэй, эхнэр нь группэд байдаг, банк санхүүгийн байгууллагад өр, зээлтэй зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Б-н өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдолтой холбоотойгоор тусгайлан гаргах тайлбар байхгүй. Шүүгдэгч нь хоёр хохирогчид хүнд гэмтэл учруулсан ба анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хангалттай хөнгөрүүлж ял оногдуулсан гэж үзэж байна. Тиймээс давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Л.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжлэхгүй гэсэн учраас түүнд төлөх төлбөргүй гэж үзсэн. Хохирогч Б.Б-н 1.000.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Улсын яллагчийн зүгээс 7 жилийн хорих ялын санал гаргасныг шүүх хүлээн авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ...... тоотод хардалтын улмаас Л.С-тэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, бие болон гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож, Л.С-н эрүүл мэндэд нь элэгний тавдугаар сегментийн няцарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, нарийн гэдэсний чацархай няцрал, баруун доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун мөр, баруун эгэм, зүүн гуя, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, .......... тоотод үл ялих зүйлээр шалтаглан А.Б-н цээж хэсэгт өшиглөх, боох, ус буцалгагчаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцралын голомтууд, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний хоёр талын хугарал, баруун үений мултрал, хамар, дээд, доод уруул, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг ба ооч, хүзүү, зүүн мөр, бугалга, цээжний урд зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Л.С-н “... Н гэх залуу надтай хамт манай гэрт 2024 оны 2 сараас эхлэн “орох оронгүй болчихлоо” гээд түүнээс хойш манайд амьдарч байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны үүрийн 04 цагт Б.Н бид хоёр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ...... тоот болох түүний найз Б-д очиж, бид 3 хоёр шил 0.7 литрийн архи хувааж уусан. Б.Н учир зүггүй хүнтэй хардаад намайг багалзуурдаад миний гэдэс рүү өшиглөсөн. ... Б.Н намайг гэдэс рүү гараараа зангидаж байгаад 2 удаа цохисон, нүүр лүү гараараа зангидаад 1 удаа цохисон. ...” /1 хх 5, 8, 11/, түүний гэрчээр өгсөн “... Би Н-н хамт ... Б-н байрны гадна гудамжинд тэр хавийнхаа архи уудаг 2 хүний хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Н бид хоёр ...шууд А.Б-н гэрт орсон. А.Б-н гэрт нь Г Б-н хамт байсан. Тэр хоёр архи уучихсан байсан. Тэгсэн чинь Б.Н А.Б-г надтай хардаад уурласан. Энэ үед Б буйдан дээр хэвтэж байсан. Б.Н А.Б-н хүзүү хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Г ах Б.Н-г “боль” гэж хэлсэн чинь Б.Н Г ахын гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн байх. Г ах шалан дээр атирч хэвтэж байгаад А.Б-н гэрээс гараад зугтсан. Дараа нь Б.Н А.Б-н хоолойг хоёр гараараа боож байснаа болиод буйдан дээрээс босож гал тогооны тавиур дээр ус буцалгагч авч байснаа Б-н толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Дараа нь Б.Н ус буцалгагчаа шал руу саваад шидсэн. Б.Н намайг дагуулаад А.Б-н гэрээс гараад явсан. ... Маргааш шөнийн 21 цагийн үед Б-н гэрт дахиж орсон. Би А.Б-г хартал ганцаараа өөрөө өөртэйгөө яриад байсан бөгөөд сонин үйлдэл гаргаад байсан. Энэ талаар Б.Н-д хэлсэн чинь хэсэг анзаарч харсан. ...Дараа нь Б.Н ерөөсөө түргэн дуудахгүй бол болохгүй байх гэж хэлээд 103-т дуудлага өгсөн. ...Би А.Б-н гэрийг арчиж угаасан...” /1 хх 131-132/,
хохирогч А.Б-н “... Б.Н, Л.С хоёр манай гэрт орж ирсэн. Тэгээд нэг мэдсэн чинь зодуулчихсан байсан. Тухайн үед би согтуу байсан. ... О намайг зодоогүй, Б.Н намайг зодсон. ...” /1 хх 109/,
гэрч Д.Гантулгын “... Дуудлага өгсөн гэх Л.С гэх эмэгтэй тухайн байрны гадна орцны үүдэнд хүлээж байсан. Тэр эмэгтэй манай цагдаа жолооч Цэлмэг бид хоёрыг дагуулаад 215 тоотод орж зодсон гэх хүнийг зааж өгсөн. ...Зүүн баруун нүд нь хавдаж хөхөрсөн, мөн хүзүү цээж орчим хөхөрсөн байдалтай байсан. ...Гэрийн эзэн гэх залуу нь архи уугаад тасраад унтсан бололтой биднийг ирэхийг огт мэдээгүй, Л.С-г зодсон гэх залуу байсан. Тэр залууг Б.Н гэж байсан...” /1 хх 19-20/,
гэрч А.Б-н “... А.Б-г Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилж байгаа эмч нь биеийн байдал нь хүнд, тархины яс нь цууралттай гэж хэлсэн. Хагалгаанд оруулах гэхээр биеийн ерөнхий байдал хүндэвтэр байна гэж хэлсэн. ...” /1 хх 113/,
гэрч Н.М-н “... 2024 оны 06 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Энэ үед хажуу талын айл буюу 215 тоотын хаалгыг нэг эрэгтэй хүн нүдээд байсан. ... Тэгтэл гэнэт 2 эрэгтэй хүн хоорондоо маргалдсан дуу чимээ гараад байсан. 23 цагийн үед дуу чимээ гарахгүй нам жим болсон. ...” /1 хх 124/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Л.С-н биед элэгний тавдугаар сегментийн няцарсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1500мл/, нарийн гэдэсний чацархай няцрал, баруун доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун мөр, баруун эгэм, зүүн гуя, зүүн шуу, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5071 дугаартай дүгнэлт /1 хх 23-25/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн: “... А.Б-н тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх цус хуралт, няцралын голомтууд, баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эрүүний хоёр талын хугарал, баруун үений мултрал, хамар, дээд, доод уруул, ооч, хүзүүнд зулгаралт, зүүн зовхи, эрүүний зүүн хэсэг ба ооч, хүзүү, зүүн мөр, бугалга, цээжний урд зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8393 дугаартай дүгнэлт /1 хх 159/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн: “...Хохирогч А.Б-н сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой...” гэсэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1168 дугаартай дүгнэлт /1 хх 237-239/,
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1 хх 83/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 84-98/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-г хохирогч Л.С, А.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын хэмжээний дотор буюу 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин прокурорын яллах дүгнэлтэд хохирогч А.Б-н эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт гэмт хэрэг гарсан газар болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 5в байрны 215 тоот байршлыг “Баянгол дүүргийн 21 дүгээр хороо” гэж ташаа бичсэнийг анхан шатны шүүх шууд хуулбарласныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Н-с “... оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Хэдийгээр шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, түүний үйлдлийн улмаас хоёр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч А.Б-д “гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд” буюу сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хор уршиг зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Н нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР