| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугирсүрэн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0898/З |
| Дугаар | 128/ШШ2026/0816 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М******* ******* ХХК,
Хариуцагч: Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б******* нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, Ш.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******, хариуцагч Д.Б******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
М******* ******* ХХК-аас Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б*******д холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Маргааны үйл баримт
Монополын эсрэг газраас бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор агентлагийн даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжийг баталжээ.
Дээрх удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар нэр бүхий 21 аж ахуй нэгжийг АИ-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь картель байгуулсан, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэж, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Улмаар М******* ******* ХХК-ийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэх үндэслэлээр Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б*******ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр шийтгэлийн хуудсаар 614,970,858 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Дээрх шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монополын эсрэг газраас шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж Манай компанийг АИ-92 авто бензинийн үнийг хэлцэн тогтооход дэмжин оролцсон гэж үзэн Шийтгэлийн хуудас үйлдэж, торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. АИ-92 авто бензинийн үнийг манай компани 2025 оны 05 дугаар сард нэмсэн бөгөөд үнэ нэмэхэд дараах тулгамдсан нөхцөл байдлууд үүссэн нь 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарыг хүртэл 1 жилийн хугацаанд валютын ханш даруй 200 орчим төгрөгөөр, импортын хил үнэ литр тутамд 100 төгрөгөөр тус тус нэмэгдсэнээс гадна НӨАТ, зээлийн хүүгийн зардлууд ч мөн нэмэгдсэн зэрэг нь шатахууны үнийг нэмэхээс аргагүйд хүргэсэн боловч үүнийг шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй хэлцэн тохиролцсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Торгуулийн хэмжээг тогтоохдоо тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын 1 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоосон гэх бөгөөд 2024 оны Борлуулалтаас тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Картель байгуулсан гэх 9 аж ахуйн нэгжүүдэд холбогдох маргаан захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдэгдээд Монополын эсрэг газрыг нэмэлт ажиллагаа хийж актыг шинэчлэн гарга гэж даалгасан байна. Энд картель байгуулсан эсвэл үгсэн тохиролцож үнээ нэмсэн гэдэг хангалттай нотлох баримт цуглаагүй тогтоогдоогүй гэж тайлбарлаж байх шиг байна. Энэ нь тогтоогүй учир ажиллагаа хийгээгүй гэж байна. Картель байгуулсан гэдэг нь хүчингүй болж байгаа учир үүнийгээ дагаад юуг дэмжсэн бэ гэдэг асуудал тодорхой болж ирнэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар картель байгуулаагүй юм чинь тэрийг дэмжсэн гэдэг ойлголт алга болж байна. Үнэ нэмэх үндсэн шаардлага юу байсан бэ гэх гэх гол асуудал байгаа. Манай төлөөлөгчийн хэлж байгаа үнэ нэмэгдсэн асуудал нь Монополын эсрэг газрын хийсэн судалгаан дээр байдаг юм байна лээ. Манайх Оросоос ч өөрсдөө валютаар аваад энд төгрөгөөр зардаг учраас валютын ханшны зөрөө асар их үнийн савлагаа үүсэж байдаг. Энэ нөхцөл байдлыг багасгах, алдагдлаа багасгах зорилготойгоор үнээ нэмсэн. Дээрээс нь хавтаст хэрэгт авагдаж байгаа 2023, 2024 оны татварын тайлангуудаар 2023 онд 38,000,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. 2024 онд 779,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан гэдэг нь татварын тайлангаар харагдаж байгаа. Тэгэхээр ийм өндөр алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд өөрийн алдагдлыг багасгах зорилготойгоор үнээ нэмсэн нь харагдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.
4.Хариуцагч хариу тайлбар, үндэслэлдээ:
Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжийн дагуу бүх төрлийн шатахууныг импортлох болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.
Хяналт шалгалтаар бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч " ХХК," ХХК, "НИК" ХХК, "Ш *******инг" ХХК, "Ш петролиум ХХК, М******* ******* ХХК, Тэс петролиум ХХК, " ХХК, Ундарга Увс ХХК, Мойл групп ХХК, Аргал ойл ХХК, Монсуль ХХК, Синчи ойл ХХК, Газ ойл нефть ХХК, Нью энержи стар, Улз ойл ХХК, Боруда ХХК, Хонгор ойл ХХК, Нэбу ХХК, Шинэ өрнөлт ******* ХХК, Гранд восток Монголия ХХК-ууд Аи-92 автобензиний үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно: гэж, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох; гэж заасныг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр М******* ******* ХХК болон дээрх 20 аж ахуй эрхлэгчдэд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад тус тус зааснаар 2502000468 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Р******* компани болон импортлогч компаниудын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний хүрээнд ОХУ-ын Р******* М******* компаниас сар бүрийн хил үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлдэг бөгөөд 2024 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарын байдлаар Аи-92 автобензиний хил үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байсан.
2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс холбогдох аж ахуй эрхлэгчид Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд холбогдох "М******* ******* ХХК- ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Аи-92 автобензиний үнэд өөрчлөлт оруулан литр тутам 200 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Агентлагийн даргын баталсан 03 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаас үзэхэд ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр "М******* *******" ХХК-ийн дараах шатахуун түгээх станц дээр газар дээр нь ажиллаж шатахууны үнийн өөрчлөлтийн талаар мэдээлэл авч ажилласан бөгөөд Аи-92 автобензиний үнийг литр тутам 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
М******* ******* ХХК болон зөрчлийн хэргийн холбогдох оролцогчид Аи-92 автобензиний жижиглэнгийн (эцсийн хэрэглэгчид нийлүүлэх) үнийг тогтоож, аж ахуй эрхлэгчид нар нь хоорондоо үнийн өрсөлдөөн хийх шаардлагагүй болсон өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаанд дэмжиж оролцсон нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монополын эсрэг газраас агентлагийн даргын баталсан 2025 оны 03 дугаартай хяналт шалгалтын танилцуулга, зөрчлийн хэргийн оролцогчдоос гаргуулан авсан тушаал, шийдвэр зэрэг холбогдох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3-д Аж ахуй эрхлэгч энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар М******* ******* ХХК-ийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчийг АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтооход дэмжиж оролцсон гэх үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч дэмжин оролцсон гэсэн нь үндэслэлгүй, 1 жилийн хугацаанд валютын ханш 200 орчим төгрөгөөр, импортын хил үнэ литр тутамд 100 төгрөгөөр тус тус нэмэгдсэн, 2023, 2024 онд алдагдалтай ажиллаж байсан зэрэг үнэ нэмэх тулгамдсан нөхцөл байдлууд үүссэн гэж, хариуцагчаас АИ-92 автобензиний хил үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байсан, хяналт шалгалтын танилцуулга, зөрчлийн хэргийн оролцогчдоос гаргуулан авсан тушаал, шийдвэрээр тогтоогдсон гэж тус тус маргасан.
3. Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэж, мөн 11.3-д Аж ахуй эрхлэгч энэ хуулийн 11.1, 11.2-т заасан гэрээ, хэлцэл (картель)-ийг дэмжиж оролцохыг хориглоно гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд зааснаар аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон болон ийнхүү хэлцэн тогтооход дэмжиж оролцсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.
4. Дээрх хуульд зааснаар аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтооход дэмжиж оролцсон гэж үзэж хариуцлага хүлээлгэхийн тулд юуны өмнө тухайн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсныг буюу үнийг хэлцэн тогтоосон үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай.
5. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэр бүхий аж ахуй эрхлэгчид 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн, М******* ******* ХХК-ийн хувьд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар уг үнийг нэмэгдүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч АИ-92 бензиний үнийг хэлцэн тогтооход дэмжиж оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
6.Хариуцагчийн зүгээс М******* ******* ХХК-ийг АИ92 бензинийн үнийг хэлцэн тогтооход дэмжиж оролцсон нь хяналт шалгалтын танилцуулга, үнэ нэмсэн тушаалаар тогтоогдсон гэж маргасан бөгөөд эдгээр баримтаар үнийг хэлцэн тогтоосон тохиролцоо хийгдсэн эсэх, М******* ******* ХХК нь хэзээ, хэрхэн, яаж, ямар хэлбэрээр үнэ хэлцэн тогтооход дэмжиж оролцсон болох нь нотлогдохгүй байна.
7. Өөрөөр хэлбэл, нэр бүхий аж ахуй эрхлэгчид ойролцоо цаг хугацаанд бензиний үнийг нэмэгдүүлсэн нь тухайн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон болон дэмжиж оролцсон гэх үндэслэл болохгүй.
8. Түүнчлэн Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчаас нэр бүхий аж ахуй нэгжүүдийг бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсныг тухайн аж ахуй эрхлэгч нар эс зөвшөөрч тус шүүхэд маргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар АИ-92 автобензиний үнийг хэлцэн тогтоосон талаархи нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэж шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
9. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дахин ажиллагаа хийж нотлох баримтуудыг цуглуулахад хангалттай нотлох баримт цуглараагүй учир актыг дахин шинэчилж гаргаагүй гэж тайлбарласан бөгөөд үүнээс үзэхэд нэр бүхий аж ахуй эрхлэгчид АИ92 бензинийн үнийг хэлцэн тохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хэлцэн тохирсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа тохиолдолд дэмжин оролцсон гэх үйл баримт мөн үгүйсгэгдэх юм.
10. Иймд тухайн аж ахуй эрхлэгчдийн үнийн өөрчлөлт ижил хэмжээтэй, ойролцоо хугацаанд явагдсан гэх нөхцөл байдал нь М******* ******* ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан картелийг дэмжиж оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй, картель байгуулагдсан болон уг картелийг нэхэмжлэгч дэмжиж оролцсон болох нь тогтоогдохгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан М******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б*******ын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж Монополын эсрэг газрын өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагч Д.Б*******аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА