Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 318/ШШ2025/00880

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Ц.О холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,700,540.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ........ тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 14,677,540.66 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 14,700,540.66 төгрөгийг хариуцагч Ц.О-с гаргуулж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ц овогтой О нь М банкны шүүхэд гаргасан нэхэмжлэл 14,700,540.66 төгрөгийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Ц.О холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,700,540.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,700,540.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хариуцагч Ц.О хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,453 төгрөгийн тал хувь болох 115,727 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 115,727 төгрөг, хариуцагч Ц.О-с 115,727 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 14,700,540.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Ц.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,453 төгрөгийн тал хувь болох 115,727 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 115,727 төгрөг, хариуцагч Ц.О-с 115,727 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР