Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 318/ШШ2025/00901

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: П ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: С овогт М. холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,702,864.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10  дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М овогтой Т нь 2024 оны 8 дугаар сарын 06-нд 1,000,000 төгрөгийн зээлийг 22573 зээлийн гэрээ байгуулан 60 хоногт 2 хуваан эргүүлэн төлөх нөхцөлөөр авсан. 2024 оны 10 дугаар сарын 01-нд 48,330.59 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-нд 30,118.74 төгрөг, 30, 30 хоног сунгалт хийснээс хойш нэг ч удаа төлөлт сунгалт хийгээгүй, утсаа авахгүй, сунгалт хийх арга хэмжээ авна гэх мэт зээл эргэн төлөлтийн хуваарь тохирдог ч товлосон хугацаандаа арга хэмжээ аваагүй зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 1,702,864.05 төгрөгийг М.Т-с гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь Прогресс финтек ББСБ ХХК-ийн 1,702,864.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч М.Т-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,702,864.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,702,864.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч М.Т хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,196 төгрөгийн тал хувь болох 21,098 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,098 төгрөг, хариуцагч М.Т-с 21,098 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,702,864.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Т төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,196 төгрөгийн тал хувь болох 21,098 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 21,098 төгрөг, хариуцагч М.Т-с 21,098 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                               П.БОЛОР