Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг

улсын яллагч Г.Ганчимэг

иргэдийн төлөөлөгч Б.Анхзаяа,

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч  Б.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М, түүний өмгөөлөгч Н.Энх-Амгалан,

гэрч Б.Б,

шинжээч Ц.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн Н.Лт холбогдох эрүүгийн 1810000000006 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2-12 насны 2 хүүхдийн хамт  оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,Н.Л

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө иргэн Д.Гын эзэмшлийн орон сууцны харуулын байранд Ж.Мтой маргалдан, улмаар түүнийг зодож, гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг

Шүүгдэгч Н.Лоос: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажлаас буух өдөр байсан хохирогч М ах над дээр нэг шил архитай орж ирсэн бөгөөд миний ажлаас буух өдөр байсан учир би архийг хамт уусан. 11 цагийн үед надаас ээлж авах Б.Б ирээд бид 3 архийг хувааж уусан. Б.Б хохирогч М ах өмнө болсон асуудлаасаа болж хоорондоо маргаж эхэлсэн. М ах Б.Б руу ажлын багаж болох сүхийг авч дайрахад нь би сүхийг нь салгаж авч үүд рүү шидээд хохирогчийн нүүр рүү нь 2-3 удаа цохиж, өшиглөсөн бөгөөд сандал налаад үлдсэн. Би гараад 5 км доошоо яваад засал хийж байсан барилга дээр очиж унтсан. Удалгүй Б.Б араас орж ирээд М дургүй хүргэчихлээ гэж орж ирсэн. Өглөө намайг унтаж байхад Б.Б орж ирээд М ах нас барсан гэж хэлсэн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Моос: Ж.М нь миний төрсөн ах байгаа юм. Эхнэр хүүхдээсээ салсан үеэс надтай цуг амьдарч байсан. Ээжийг нас барснаас хойш Нүхтийн аманд ажилд орсон байсан. Миний хувьд маш гомдолтой байна. Оршуулгын зардалд 43.342.686 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 5.000.000 төгрөгийг Н.Лоос авсан. Одоо үлдсэн 38.342.686 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Гэрч Б.Баас: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10-11 цагийн үед ээлж авахад талийгаач, Н.Л хоёр архи уугаад сууж байсан. Би архи уухаа боль манай дарга ажилчид ирнэ хэлсэн. Талийгаачийг дарга нь утсаар дуудаад граш онгойлго  гэж хэлэхэд талийгаач хаалгыг онгойлгочихоод буцаж ирээд үлдсэн архиа Н.Лтой уусан бөгөөд баруун аймгаар тээвэр хийдэг байсан залуудаа атаман байсан гэж хэлсэн бөгөөд үүнээс болж маргалдсан. Би манай энд маргалддаг, архи уудаг газар биш харуулын байр руу яв гэж хэлсэн. Орой бүрэнхий болж байхад Н.Л манай гэр хол, унааны мөнгө байхгүй гэж хэлэхэд манай барилгын ажилчдын байрладаг өрөөнд ороод унтья гэж хэлээд унтсан. Өглөөний зүйлээс болж маргалдсан. Талийгаач сүх бариад Н.Л луу дайрсан. Тэгээд би сүхийг нь булааж аваад болиулсан. Тэгээд сандал дээр суууж байхад нь Н.Л шанаа руу  өшиглөж цээж рүү 1-2 өшиглөхөд газар унасан. Тэгээд ширээн дээр байсан пракетаар талийгаачийн толгой руу нь цохьсон. Тэгээд орой 20 цагийн үед гараад явсан..”  гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ж.Мын: “...Би ах дүү нартайгаа уулзаж тохиролцоод намайг хохирогчоор оролцуулахаар болсон. Надаас бусад нь хохирогчоор оролцох цаг завгүй байгаа учраас оролцох боломжгүй байгаа. Том охинтой нь утсаар холбогдсон. Ямар нэг санал хүсэлт гаргаагүй. Эхнэр нь олон жил тусдаа амьдардаг, салаад явсан болохоор талийгаач ямар нэгэн харилцаа холбоогүй байсан. Эхнэр нь манай талийгаач ахын эрх ашгийг хамгаалж цагдаа шүүхээр явах сонирхолгүй байгаа. Өнгөрсөн таван жилд манай талийгаач ахыг огт тоож харьцаж байгаагүй, тусдаа амьдраад явсан хүн, ...Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой санал хүсэлт байхгүй, нэмж шалгуулах зүйл байхгүй, ...шүүгдэгч Н.Л нь хэргээ үнэн зөв мэдүүлээгүй, хэргээ бүрэн хүлээгээгүй байна, ...ахыгаа алдсандаа маш их харамсаж байна, хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна, оршуулгын ажил буяны ажлын цагаалга хоол хүнсэнд 4.357.220 төгрөг, хөдөө орон нутгаас ажил явдалд оролцохоор ирсэн ах дүү нарын бензин унааны зардалд 410,384 төгрөг, ажил явдалд оролцсон хүмүүст өгсөн буяны өглөг, шашны ном уншуулах, хайрцаг, хаягийн чулуу зэрэг зардалд 19.204.100 төгрөг, нийт 23.971.686 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид нэмж гарсан бусад зардлын талаар холбогдох баримтаа цуглуулж, шүүх хурал хүртэл гаргаж өгөх болно...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 63-67 дугаар хуудас/

Гэрч Б.Бын 2017 оны 12 дүгээр сарын 29-ний өдрийн: “...М над руу шар иштэй жижиг сүх бариад дайрсан, тэгээд би гарнаас нь барьж сүхийг нь булааж аваад ширээн доогуур тавьсан, гэтэл Н.Л нь Мыг барьж аваад сандал руу түлхэж суулгаад 2 гараараа ээлжлэн шанаа руу нь 4-5 удаа хүчтэй цохисон, тэгэхэд нь би боль, наад хүн чинь согтуу байна, угаасаа л ийм агсан хүн шүү дээ гэж хэлээд салгасан. Тэгээд би М ахыг “та одоо харуулын байр руугаа яв” гэж хэлтэл “би явахгүй, Н.Лтой алалцаж нэгийгээ үзнэ” гэж хэлсэн. Тэгээд Мыг сандал дээрээс босоод ирэхэд Н.Л цээж рүү нь 2 удаа өшиглөж, газар унагасан. Газар унасан байхад нь баруун хөлөөрөө Мын цээжинд нь 2-3 удаа дэвсээд байсан. Би салгах гэтэл дийлэхгүй байсан. Н.Л “энэ намайг ална гэдэг хэн бэ, энэ хаана атаман байсныг би мэдэхгүй юм байна” гэж хэлээд байсан. Тэгээд шалан дээр Мыг хэвтэж байхад нь “50 см орчим, мах хэрчдэг паркетан шал”-аар толгойны арын дагз хэсэгт 1 удаа далайж байгаад цохисон...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 68-69-р хуудас/

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин мэдүүлэхдээ: “...Буух ээлжийн харуул Н.Л, мөн талийгаач М хоёр манай харуулын байранд архи уугаад сууж байсан. Хараа нэртэй 0,75 литрийн архи уугаад дуусч байсан, ...М нилээн согтуу, бараг тасарсан байсан байх. Н.Л нь Мыг бодоход арай гайгүй байсан. М нь ухаанаа мэдэхгүй, бүр шал согтуу байсан. Н.Л гайгүй байсан юм шиг санагдсан. М арай гэж алхаж орж ирсэн. Н.Л өөрөө явах чадвартай байсан, ...Н.Л нь Мын цээж тус газарт хоёр удаа хөлөөрөө өшиглөхөд М сууж байгаа сандалтай хамт шаланд нурж унасан. Сандалны хөл угаасаа муу байсан. М шаланд унасан байхад Н.Л нь Мын баруун талын бөөр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Ширээний хажуу талаас шаланд унаж ирсэн паркетэн шалны талыг Н.Л аваад Мын толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд би салгаад Мын цусыг цэвэрлэсэн, ...М нь газарт хэвтэж байхад Н.Л түүний цээж бие хэсэг тийш хоёр, гурван удаа өшиглөөд байсан. Энэ үед Н.Лын хөл Мын нүүр хэсэгт хүрсэн байх. Түүнээс болж эдгээр нүүр хэсэгт гэмтэл, шархууд үүссэн байх гэж бодож байна. Н.Л нь Мын нүүр рүү мөн цохиод байсан. Энэ үед Мын хамарнаас цус гарсан, ...Н.Л хар бараан өнгийн ”Израйл” гэж нэрлэдэг хагас түрийтэй гуталтай байсан, ... Мыг шалнаас босгоод ам нүүрийг нь цэвэрлэж сандал дээр суулгасан. Н.Лыг чи яв гээд явуулсан. М ална гэж бувтанаад сандалаас босч ирээд Н.Л руу дайрах гээд байсан. Өөрөө сандалаас босч чадахгүй байсан. Би харуулын байрнаас гарахад М түшлэгтэй машины сандал дээр суугаа байдалтай үлдсэн. Өглөө би очиж үзэхэд М шалан дээр дээшээ харсан хэвтэж байсан, ...эхлээд М ахыг Н.Л цохих үед түүний хамар, амнаас цус гарсан. Энэ үед М тамхи татсан. Дараа нь дахиад тэр хоёр хэрэлдэж маргалдаад Н.Л зодсон, ... М ах ногоон зажигалкаар тамхи асаагаад байсан. Энэ асаагуур хэзээ эвдэрсэнийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 70-73 дугаар хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэхдээ: “...Тэр зодолдсон үйл явдал 21-ээс 22 цагийн хооронд болсон, ...Н.Л нь Мын цээж рүү хөлөөрөө өшиглөхөд М газарт унасан. Энэ үед Н.Л нь Мын баруун бөөр хавьцаа өшиглөсөн. Толгой руу нь өшиглөөгүй. Паркетэн шалаар Мын толгойн ар хэсэгт цохисон. Энэ талаар би үнэн бодит зүйлийг ярьсан, ...Н.Л нь Мын нүүр рүү түүнийг сандалд сууж байхад хоёроос гурван удаа гараараа цохисон нь үнэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/

Шинжээч Ц.Бадралын: “...энэ гэмтэл нь шинэ гэмтэл байсан, энэ гэмтлийг аваад тархи дарагдах хүртэл тухайн хүн ухамсартай үйл хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Тархи дарагдаж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл амьд явах боломжтой юм. ...үхэлд хүргэсэн цусан хураа нь талийгаачийн нүүр болон толгой тус газрын аль алинд үйлчилсэн хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн улмаас үүсч болно. Талийгаачийг үхэлд хүргэсэн цусан хураа нь толгойн зулайн хуйхны няцарсан шарх, хамар дээр уруулын няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, зүүн шанаа, эрүүний цус хуралт зэрэг гэмтлүүдтэй шалтгаант холбоотой буюу эдгээр гэмтлүүдийг авсаны улмаас толгойн тархины хатуу хальсан доор цусан хурааг үүсгэсэн байна. Хатуу хальсан доорх цусан хураа нь тархины баруун, зүүн тал бөмбөлөг, мөн суурь хэсэгт мөн адил үүссэн байсан. ...мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Тухайлбал паркетан шалны хэсгээр цохих үед үүсч болно гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн шинжээчийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

2017 оны 12 дүгээр сарын 29-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 09-31 дүгээр хуудас/,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Н.Лын: “...Би санамсаргүй байдлаас болж тийм юм болсон байхаа. Би санаатай алаагүй юм. ...Талийгаач сүүлдээ ална, чамайг алж байж явна гээд сүх барьж босоод ирсэн. Би өөдөөс нь сүхийг нь гараас нь авч үүд рүү шидээд, хоёр гурав өшиглөөд, хоёр гурав цохьсон. Машины нэг сандал байдаг юм. Тэрэнд арагш налаад суугаад хоцорсон. ...Би их согтоогүй. Би болсон явдлыг мэдэж байсан. М нилээн согтуу байсан. М өөрөө явах, суух, босох, хөдөлгөөн хийх чадвартай байсан. Б.Б гайгүй байсан, согтолтгүй байсан. ...М сүх бариад босоод ирэнгүүт сүхийг нь өөрөөс холдуулаад хоёр, гурван удаа гараараа түүний нүүр рүү цохьсон. Дайраад ороод ирэхээр нь мөр цээж хэсэг рүү хоёр гурван удаа өшиглөсөн. ...Мын хамар, уруул хавиас цус гарсан байхаа. Аймар мэдэгдэхээр их гараагүй байх. Гараар хоёр гурван удаа цохиход уруул, хамарнаас цус гарсан байж магадгүй. ...Би түүний хацар, уруулын, нүүр хэсэгт гурван дөрвөн удаа гараараа цохьсон. Түүний мөр, цээж хэсэгт гурав дөрвөн удаа өшиглөсөн. Намайг өшиглөх үед М босоо байхад өшиглөсөн. Мыг хоёр гурван удаа цохиод , өмнөөс дайраад ирэхэд хоёр гурван удаа өшиглөсөн. М бөхийж ирэх үед түүний цээж, мөр рүү өшиглөсөн. ...Заналхийлж алах гэсэн сэдэлт байгаагүй. Санамсаргүй, бие хамгаалж байж өшиглөж цохиж байсанаас ийм юм боллоо. Хүн алахаар надад зорилт байгаагүй. Гэнэтийн санамсаргүй юм боллоо. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Харамсалтай байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165-167 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 178 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 172 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /1 дүгээр хх-ийн 186 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

  Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Лын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

         Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

         Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө иргэн Д.Гын эзэмшлийн орон сууцны харуулын байранд Ж.Мтой маргалдан, улмаар түүнийг зодож, гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ж.Мын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 63-67 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бын 2017 оны 12 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлэг, /1-р хх-ийн 68-69-р хуудас/, мөн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-73 дугаар хуудас/, мөн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 17-18 дугаар хуудас/ шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /2 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн 167 дугаартай шинжээчийн

  1. Талийгаач Ж.Мын цогцост тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа (90 грамм), тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд няцарсан шарх, дух, зулайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хамар, дээд уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, зүүн хацар, эрүүнд цус хуралт, хүзүү цээж, зүүн бугалганд цус хуралт, дух, баруун нүдний зовхинд баруун хацар, уруул, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархины хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа (90 грамм) гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь тус журмын 2.4.1-д гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. 6. Дээрх гэмтлүүд нь ямар байрлалд үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.
  3. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаачийн ходоодонд 200-250 мл орчим хүрэн бор өнгийн шингэн агууламжтай байна.
  4. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  5. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна.
  1. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагт цогцосны анхан үзлэгээр талийгаач нь нас бараад 10-12 цаг орчим болсон байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

2017 оны 12 дүгээр сарын 29-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 09-31 дүгээр хуудас/,

2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 34-36 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   Шүүгдэгч Н.Л нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт  авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. / 1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.Л нь “Би талийгаачийг санаатай  алаагүй” гэх утга агуулга бүхий мэдүүлэг мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар Н.Л нь талийгаач Ж.Мыг цохиж, зодон хүнийг алсан болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоосон гэрч Б.Б нь  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө шүүгдэгч Н.Л, амь хохирогч Ж.М нар нь маргалдан муудалцаж хоорондоо харилцан зодолдсон, улмаар шүүгдэгч Н.Л нь Мыг толгой хэсэгт гараараа 4-5 удаа цохисон мөн дээрээс нь баруун хөлөөрөө дэвсэж сандал дээр сууж байхад нь хэвлий хэсэгт нь 2 удаа өшиглөж байсан. Мыг газар тонгойгоод байж байхад нь паркетан шалаар нэг удаа хүчтэй цохисон тухай үед толгойн ар хэсгээс нь цус гараад байсан /1-р хх-ийн 68-69-р хуудас/ гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “ талийгаач нь  гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан...” болох нь тогтоогдсон,  шинжээч эмч нь дээр дурдсан дүгнэлтийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа түүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулж энэ талаараа мэдүүлэг өгсөн гэж үзсэн болно.

Иймээс шүүгдэгч Н.Лыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Н.Лоос талийгаачийн оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учруулсан бусад хохиролд хохирогчийн хууль ёсны Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 23.971.686 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт 18.871.000 төгрөгийн баримт, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг  нийт 43.342.686 нэхэмжилсэн. 

Уг хохирлоос талийгаачийн төрсөн дүү Ж.М Польш улсаас шүүх хуралд оролцохоор ирсэн зардал, хоол хүнс, бензин, буяны цайллага хийсэн нийт 18.871.000 төгрөгийн зардал, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг зэргийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд үнэлэн гаргах боломжгүй / Польш, Украйн, Оросын Холбооны улсаар дамжиж ирсэн бөгөөд Монгол банкны ханш, бензиний үнэ,талон/ байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Л нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт улмаас учирсан хохирол, үр дагаварт нэхэмжилсэн нийт 23.971.686 төгрөгөөс нийт 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. /2 дугаар хавтаст хэргийн 28, 52 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Лоос гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 16.971.686 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мод олгох нь зүйтэй байна.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цэнхэр алаг өнгийн хүрэм нэг ширхэг, ногоон өнгийн хулдаасны хэсэг нэг ширхэг, ариун цэврийн цаас нэг ширхэг, хананы цаас /обой/-ны хэсэг нэг ширхэг, кабель утаснаас авсан дээж нэг ширхэг, шар иштэй сүх нэг ширхэг, паркетан шалны хэсэг нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн хэрэг гарах үед өмсөж явсан гэх хар өнгийн фудволка нэг ширхэг, улаан ягаан өнгийн цамц нэг ширхэг, хар саарал өнгийн хүрэм нэг ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мод буцаан олгох зүйтэй байна.

 Шүүгдэгч Н.Л нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 179 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.