| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2410000000661 |
| Дугаар | 2025/ДШМ/213 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/213
2025 02 06 2025/ДШМ/213
Ц.Е-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бат-Орших,
шүүгдэгч Ц.Е, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, Б.Цолмон-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/775 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Е, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Е-д холбогдох 2410 00000 0661 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ц-н Е, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;
Шүүгдэгч Ц.Е нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны гадна талд “Тоёота приус 30” загварын ..... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор урьд гэр бүлийн харилцаатай байсан Ж.А-тай маргаан үүсгэж, хохирогч Ж.А-г тээврийн хэрэгслээс буусны дараа орцны өмнөх талбайд зогсож байхад нь тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс гарч дайран хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүнийг алахыг завдсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Ц.Е-д 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Е-д оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Е-н цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт шүүгдэгч шүүгдэгч Ц.Е нь хохирогч Ж.А-д 15,000,000 төгрөг нөхөн төлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, шүүгдэгч Ц.Е-с 15,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.А-д нөхөн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2410000000661 дугаартай хэрэгт 18.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Ц.Е-н эзэмшлийн “Тоёота Приус” загварын ...... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний хэрэгжилтийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Е-н иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Е давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм бурууд маргахгүй бөгөөд цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээж байсан. Миний буруутай үйлдлийн улмаас “Х СӨХ”-д учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогч Ж.А-тай өмгөөлөгчөөр дамжуулан хохирол, төлбөрийг барагдуулахаа илэрхийлэхэд хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирол болох 15.000.000 төгрөгт тооцож, миний эзэмшлийн ... УНМ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар тухайн тээврийн хэрэгслийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож нотариатын гэрээ байгуулсан. Миний гэр бүл болох Ж.А, хүү Е.Т нар нь миний хамгийн нандин хүмүүс юм. Хэдийгээр Ж.А-тай таарамж муутай, тусдаа амьдарч байсан боловч би хүүгээ элэг бүтэн, гэр бүлээ бүтэн авч үлдэхийн төлөө бүхий л зүйлээ зориулж хөдөлмөрлөж байсан. Хоригдсон цагаас хойш би их зүйлийг тунгаан бодож хоромхон зуурын сэтгэлээ барьж дийлэхгүй, нөгөө талаас худал үнэн мэдэгдэхгүй хүмүүсийн үгэнд итгэж, гэр бүлийн амьдралаа нурааснаа өөрийгөө буруутгаж, гутарч байна. Бодит байдал дээр ийм үр дүн хүсээгүй боловч хоромхон зуурын сэтгэлээ удирдаж чадаагүйгээс ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Иймд надад оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Е-н өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Е нь ... Ж.А-г тээврийн хэрэгслээс буусны дараа орцны өмнөх талбайд зогсож байхад нь тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс гарч явган хүний замаар Ж.А-г дайрсан, орцны хажуугийн сандал, хогийн сав, явган хашаа зэрэг эд зүйлд тээврийн хэрэгсэл цааш явах боломжгүй болон зогсож, шүүгдэгч Ц.Е-н хохирогч Ж.А-н амьд явах эрхийн эсрэг хийсэн гэмт үйлдэл таслан зогсоогдсон, улмаар хохирогчийн биед зүүн гуянд шарх, зүүн бугалга, тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдоно. Дээрх үйл баримтаар шүүгдэгч Ц.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автах гэдгийг хохирогчийн зүй бус үйлдэлд агшин зуур буюу маш хурдан хугацаанд хариу эффикт /нөлөө/ үзүүлэхийг ёстой, харин хохирогчийг машинаас буугаад явснаас хойш 4 секундын дараа шүүгдэгч үйлдэл хийж эхэлж байгаа нь гэнэтийн цочрол гэж үзэх боломжгүй тайван байдалтай байна гэсэн утга бүхий тайлбар, дүгнэлтийг хийжээ. Тэгвэл дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай тогтоолд зааснаар “санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан” гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн зүгээс хийсэн нэг эсхүл хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн байж болно гэж тайлбарласан. Хохирогч Ж.А нь Ц.Е-н нүдэн дээр шахуу удаан хугацааны туршид бусадтай явалдаж, Ц.Е-тэй харилцах бүртээ салмаар байна, хаягдаж байгаад чинь гайхах юм алга, чиний буруу, чи үхээд өгөөч гэх мэтээр зүй бус хүний жам ёсны эрхийг хязгаарласан шинжтэй үг үйлдэл үзүүлсээр тэр нь удаан хугацаанд хуримтлагдаад тухайн тохиолдолд тэсрэн гарч байхыг үгүйсгэх аргагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгүүд болон тэдний хоорондоо харилцаж байгаа мессеж, чатууд зэргээс хэн нь гэмшсэн, хэн нь үл хүндэтгэж байгаа харилцааны хандлага нь харагдана. /1хх 43, 48/ Энэ үг үйлдлүүд нь удаан хугацааны туршид сэтгэл санааны таагүй байдалд оруулж, дарамт мэдрэмжийг Ц.Е-д төрүүлж явсаар нойргүйдэх, сэтгэл гутралд орж эцэстээ амиа хорлох тухай бодоход хүрсэн болох нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тодорхойлолтоос /1 хх 222/ хийгдсэн эмчилгээ болон цаашид сэтгэц болон сэтгэлзүйн зөвлөгөө авах, иог бясалгал хийхийг зөвлөсөн зэргээс харж болно. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдаг бол хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд сэдэлт нь субьектив талын заавал байх шинж биш гэдэг шалгуурыг энэ хэргийг харахыг хичээвэл шүүгдэгч Ц.Е-н хувьд хүүхдээ бодоод алдааг нь уучлаад цаашдаа хамтран амьдрах бодолтой явсан хүнээ юуны учир алах үйлдэл хийхэд хүрэв гэдэг нь хохирогчийн зүгээс гаргасан буй зүй бус үйлдлээс болов уу эсхүл шунахайн болон бусад сэдэлт байв уу гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой эсэх, хамааралтай эсэх, хангалттай эсэх зэрэг шалгуураар бүх талаас нь бүрэн, бодит байдлаар хянан шалгаж, үнэлж дүгнэх учиртай. Түүнээс биш үйлдэл нь хүний амь насны эсрэг чиглэсэн учир “хүнийг алах” гэмт хэрэг мөн гэж таамаглаж шийдвэрлэх учиргүй юм. Шүүхийн шийтгэх тогтоолд “...Хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ц.Е нь хохирогч Ж.А-н зүй бус үйлдлийн улмаас хүндээр доромжлогдсон. Хүндээр доромжлогдсоны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан. Хохирогчийн зүгээс шүүгдэгчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж, Б.Цолмон-Эрдэнэ нараас шүүгдэгчийн санаа сэтгэл шууд болон шууд бусаар хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдлыг тодруулахаар шинжээч томилох хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 49-50, 101-102 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар хохирогч Ж.А нь жил гаруйн өмнөөс өөр хүнтэй дотно харилцаатай болсон нь нотлогдож байгаа ба өөрөө ч үүнийг үгүйсгэдэггүй. Энэ үйлдэлд нь ёс суртахууны хувьд ч, хүн ёсны хувьд ч хамгийн ихээр эр хүний нэр төрөө гутаалгаж, сэтгэл санааны хувьд доромжлолыг мэдэрч байгаа нь Ц.Е юм. Иймд хохирогч Ж.А-н зүй бус үйлдлийн улмаас хүндээр доромжлогдсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан сидинд буулгасан дүрс бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судлахад хохирогч Ж.А нь шүүгдэгч Ц.Е-н нүүрэн тус газар нь гараараа цохиж байгаа нь хэнд ч илэрхий харагдаж байсан ба үүнийг анхан шатны шүүх шинжлэн судлаад байхад анхаарч үзээгүй. Энэ талаар шүүх үгүйсгэсэн дүгнэлт огт хийгээгүй. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди дээрх бичлэгийг эрүүл нүдтэй хүн үзээд машин дотор байгаа эмэгтэй, жолооны ард суугаа эрэгтэйн нүүр лүү цохиж байгааг шууд ойлгоно. Иймээс “хохирогчийн зүгээс шүүгдэгчид хүч хэрэглэсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдоогүй байх тул” гэсэн шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/775 дугаартай шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрэв гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тохиолдолд шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, засрал хүмүүжил олж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой холбоотой хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлөхөөр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Е-н өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Ц.Е-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүнийг алахыг завдсан гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн үйлдлээр илэрдэг бөгөөд ингэхдээ бусдыг алах гэсэн субьектив санаа зорилго урьдаас үүссэн байдаг бөгөөд хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байхыг шаарддаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй болно. Харин хэрэгт авагдсан үйл баримтуудыг харьцуулан дүгнэвээс миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Хууль тогтоогчоос тухайн гэмт хэргийн шинжийг хуульчлахдаа “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол” гэж хуульчилсан. Тухайлбал хэрэгт авагдсан бичгийн баримтууд /гэрчийн мэдүүлгүүд/ болон хяналтын камерын бичлэгт авагдсанаар хэрэг гарахаас өмнөх үйл баримтуудад шүүгдэгч Ц.Е нь өөрийн гэр бүлийг бүтэн байлгах, эхнэр Ж.А-тай эргэн амьдрах гэсэн зорилгоор бүх зүйлийг түүнд зориулсан боловч хохирогчийн зүгээс тэгэх тусам нь түүнийг эсэргүүцэж үгүйсгэх байдал удаан хугацаанд үргэлжилсний улмаас урт хугацааны сэтгэл зүйн маш гүн хямралд автсан байсан нь тогтоогддог. Хэрэг учрал гарах хүртэлх нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд, Ц.Е нь хохирогчийн эсрэг чиглэсэн нэг ч үйлдэл гаргадаггүй бөгөөд маш хүлцэнгүй төлөвт байсан. Хохирогчийн эсрэг бус өөрийн амийг хорлох гэсэн нөхцөл байдал бүрдсэн байсны улмаас түүний эх Ц.Б-г хохирогчийн зүгээс дуудсан болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогддог. Харин хохирогчийн зүгээс шүүгдэгчийг удаа дараа цохих /тээврийн хэрэгсэл дотор/, үгээр доромжлох үгүйсгэх гэх мэт үйлдлүүдийг байнга гаргаж байсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Ц.Е нь удаан хугацаагаар хөдөө ажлаар явах тул хүүхэдтэйгээ уулзах зорилгоор хохирогч А-тай уулзахад түүнийг хүүхэдтэй нь уулзуулахгүй хясан боогдуулах, улмаар түүнийг эр хүн, эцэг хүнийх нь хувьд үгүйсгэн гутаан доромжлон тухайн богино хугацаанд шүүгдэгчийг амиа хорлохуйц түвшинд гүн хямралд оруулсны улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж, уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч Ц.Е нь хэрэг гарсан цагаас өөрийн гэм буруутай үйлдлийн талаар огт маргаагүй бөгөөд өөрийн буруутай үйлдлийн улмаас “Х” СӨХ-д учирсан хохирол буюу эвдэрсэн эд хөрөнгүүдийг засаж сайжруулан хэвийн байдалд нь оруулсан. Мөн хохирогч Ж.А-д учирсан бодит хохирол болон сэтгэл санаанд учирсан хор уршиг зэрэг нийт учирсан хохиролд тооцон хохирогчийн хүсэлтийн дагуу түүнд “Тоёота приус” загварын ... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхөөр харилцан ойлголцолд хүрсэн. Улмаар хохирогч Ж.А нь цаашид гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй болохоо баталгаажуулан илэрхийлсэн. Дээрх бүгдийг дүгнэн үзвэл Ц.Е-н үйлдэл холбогдол нь хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/775 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэгт зүйлчлэн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийн үйл баримт камерын бичлэгт тодорхой байгаа. Шүүгдэгч Ц.Е нь хохирогч Ж.А-г машинаас буусны дараа явган хүний зам дээр зогсож байхад, хойш ухарч машины хурд авч болохуйц хэмжээнд очоод замын хөвөөнөөс гарч 700 метр газар чирч дайрдаг. Хохирогч машины хамар дээр тогтож үлдээгүй бол хохирогчийн амь нас эрсдэх боломжтой нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Шүүгдэгч Ц.Е “би яагаад дайрснаа санахгүй байна. Алах санаа зорилго байхгүй гэж тайлбарладаг. Авто машинаар дайрах үед хүний амь эрсдэх боломжтойг шүүгдэгч Ц.Е мэдэж байсан. Энэ гэмт хэргийн хүсэж үйлдсэн. Сэтгэл санаа цочрон давчидсан талаар шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй. Хохирогч Ж.А-н зүгээс шүүгдэгчийн эх рүү залгаад “танай хүүхэд ажил дээр ирчихэд төвөг удаад, ажлын хүнтэй хардаад байна, та ирж хүүхдээ ав” гэж утсаар ярьсан. Үүний дагуу шүүгдэгч Ц.Е-н эх ирдэг. Гэтэл шүүгдэгч Ц.Е “чи миний ээжийг дууддаг хэн бэ“ гэж уурлаж, хохирогчийг дайрсан. Хохирогч Ж.А-н зүгээс шүүгдэгч Ц.Е, түүний эхэд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Е, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Е нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 28 дугаар байрны гадна талд “Тоёота приус 30” загварын ....УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор урьд гэр бүлийн харилцаатай байсан Ж.А-тай маргаан үүсгэж, хохирогч Ж.А-г тээврийн хэрэгслээс буусны дараа орцны өмнөх явган хүний зам дээр зогсож байхад нь тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс гарч дайран хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.А-н “...Хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуулийн гадна ирээд манай найз Э-тай хардаж, миний зүүн гарын сарвуу хэсгийг базаж хөхрүүлсэн. Ц.Е нь намайг “хамт амьдрахгүй бол амиа хорлоно” гэж сүрдүүлээд байхаар нь ээж рүү нь залгаж “танай хүү Ц.Е манай ажил дээр ирээд асуудал гаргаад байна, та хүүгээ ирж ав” гээд байгаа газраа зааж өгсөн. Тэгээд Ц.Е-д хандан “танай ээж одоо ирж байгаа” гэхэд Ц.Е намайг “машинаас буу, би одоо юу ч хийж магадгүй байна” гэж хэлэхээр нь би Ц.Е амиа хорлох, эсхүл бусдыг хохироож магадгүй гэж дотроо бодоод Ц.Е-д хандан “эцэг, эх, асран хамгаалагчид чинь хүлээлгэн өгнө, дараа нь гарах асуудлыг би үүрэхгүй” гэж хэлсэн. Удалгүй ээж нь залгаад “28 дугаар байрны гадна ирсэн байна” гэхээр нь би машинаас буусан. Энэ үед Ц.Е машинаас хамт буугаад ээжийгээ хараад “миний ээжид хэллээ” гээд машиндаа буцаж суугаад намайг дайрсан. Ц.Е байнга “нэг нь л амьдарна” гэсэн утгатай зүйл ярьж хэлдэг байсан, тэгэхээр миний ойлгож байгаагаар нэг нь үхнэ гэсэн утгатай бөгөөд намайг санаатайгаар тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан. ...” /1 хх 68-73, 74-80/,
гэрч Д.Амармэндийн “... А нь Е-д зодуулж байсан талаараа Г, Х бид гуравт ярьдаг байсан. Булган аймгийн Тэшиг суманд хилийн цэрэгт ажиллаж амьдардаг байхдаа Е нь А-н нүд, хөмсөг хэсэгт малгайгаар цохиж гэмтээж цус гаргаж байсан гэж ярьж байсан, бусдыг нь би одоо санахгүй байна. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би ажил руугаа орох гээд явж байхад А нь хар өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгсэл дотор Е-тэй сууж байхыг нь харчихаад өрөөндөө ороод А руу залгаж “хичээл чинь орох гээд байна, чи ирж хичээлээ заагаач” гэж дуудсан. Тэгээд А хичээлээ зааж байх хугацаанд Е байнга залгаад байсан, мөн над руу залгаж орилж хашхирсан. А хичээлээ зааж дуусчихаад “эгч ээ би Е-тэй гялс уулзчихаад ирье” гэж хэлээд гарсан, удалгүй А-г машинд дайруулсан талаар манай ангийн сурагч надад утсаар залгаж хэлсэн. Хэрэг болсон газар намайг очиход Е-н ээж гэх эмэгтэй тэр хавьд байсан хүмүүст хандан “энэ гэр бүлийн асуудал, араар тавилт, миний хүүг гадаадад байхад энэ хүүхэн араар нь тавьж 80-90 сая төгрөгийг нь үрсэн, энэ хоёр угаасаа л ингэх гээд байсан, нэг нь шороонд, нэг нь шоронд орох гээд байсан юм, одоо яахав дээ” гээд орилоод байсан. ...” /1 хх 99/,
гэрч Л.А-н “...Миний найз А надад “Е байнга дарамттай, надад маш хэцүү байна” гэж хэлж ярьдаг байсан. Ц.Е А-тай утсаар ярихдаа хүртэл “чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ, утсаа авахгүй бол би амиа хорлоно шүү” гэж хэлж ярьдаг байсан. ...” /1 хх 89-90/,
гэрч Э.Х-н “... Бид хоёр хамт ажиллаж байх хугацаанд А нүд бүрэлзээд юм харахгүй байна гээд эмнэлэгт үзүүлээд нүдний шил зүүсэн ирж байсан, юу болсон талаар асуухад Е 2022 оны 05 дугаар сард саравчтай малгай шидэж зүүн нүдийг гэмтээснээс болж хараа нь муудаж, 40 хувь л харж байгаа гэж эмч хэлсэн талаар ярьж байсан...” /1 хх 93-94, 96-97/,
гэрч М.Г-н “...А, Е нар урьд гэр бүлийн харилцаатай байсан, 2023 онд шүүхээр ороод гэрлэлтээ цуцлуулсан талаар А ярьж байсан. Энэ хоёр байнгын хэрүүл маргаантай байдаг, жижигхэн асуудлуудаас болоод байнга хэрэлддэг, хамт ажиллаж байгаа бид нарт ч хэцүү ядаргаатай байдаг. ... Энэ оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай ажлын Амармэнд багш над руу залгаад “Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир ээ, А-г Е машинаараа мөргөчихлөө” гэж ярихаар нь би очсон...” /1 хх 101/,
гэрч Г.Ж-н “...Манай хорооны 28 дугаар байрны гадна хар өнгийн суудлын тээврийн хэрэгсэл эмэгтэй хүн дайрч байгаа бичлэгийг цагдаагийн алба хаагчдын хамт Х СӨХ-ны байранд үзсэн. 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тэр хар тээврийн хэрэгсэлтэй залуугийн ар гэрийнхэн гэж хүмүүс өөрсдөө ирж 28 дугаар байрны гаднах эвдэрсэн байсан сандал, хогийн сав, явган хашаа зэргийг янзалж, бүрэн бүтэн болгож өгсөн. Манай Х СӨХ-ны зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1 хх 119-120/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Ж.А-н биед зүүн гуянд шарх, зүүн бугалга, тохойд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6297 дугаар дүгнэлт /1 хх 129-132/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Тоёото Приус 30” маркийн ... УНМ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. ... Уг тээврийн хэрэгсэл нь АВS системээр тоноглогдсон, тоормосны систем ажиллаж байна. “Тоёото Приус 30” маркийн .... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны механизм нь хэвийн ажиллагаатай, эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн байдлыг хангаж байна. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1931 дугаар дүгнэлт /1 хх 137-146/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын “... Ц.Е нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Е нь үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Е-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй. ...” гэсэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 618 дугаартай дүгнэлт /1 хх 158-160/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлт “... Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 756 дугаар дүгнэлт /1 хх 165-167/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 13-19/, хяналтын камерын дүрс бичлэгт болон үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 23-32/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 35-40, 41-52/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Е-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Е-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ц.Е нь анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг болон түүний хувийн байдал, хохирогч Ж.А-н “...гомдол саналгүй...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Шүүгдэгч Ц.Е-н өмгөөлөгч Н.Баатардорж, Б.Цолмон-Эрдэнэ нараас “… шийтгэх тогтоолд бичигдсэн хэргийн үйл баримт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хохирогч нь шүүгдэгчийг амиа хорлохуйц түвшинд гүн хямралд оруулсны улмаас сэтгэл санаа нь цочрон давчдаж, уг гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ц.Е, хохирогч Ж.А-г ажлын газраас гарч ирэхэд нь өөрийн тээврийн хэрэгсэлд уулзаж ярилцаад урьдын болон тухай үеийн таарамжгүй харьцаа үүсэж үл ойлголцож, хохирогчийг тээврийн хэрэгслээс бууж, орцны өмнөх талбайд зогсож байхад нь тээврийн хэрэгслийн хурдыг авах боломжит зайг бүрдүүлэн, улмаар замын зорчих хэсгээс гарч хохирогчийг дайрсан хэргийн үйл баримт нь хохирогч Ж.А-н “... Энэ үед Ц.Е машинаас хамт буугаад ээжийгээ хараад “миний ээжид хэллээ” гээд машиндаа буцаж суугаад намайг дайрсан. ... намайг санаатайгаар тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан. ...” /1 хх 68-73, 74-80/ гэсэн мэдүүлэг, хяналтын камерын дүрс бичлэг болон түүнд үзлэг хийсэн “... бичлэгийн 16:30:26 секундэд эрэгтэй зүүн зүгээс эргэн ирж автомашины жолооч талын урд хаалгыг онгойлгон сууж, эмэгтэй 28 дугаар байрны 1 дүгээр орцны харалдаа явган хүний зам дээр зүүнээс баруун зүгт явж байна. ... 16:30:38 секундэд хар өнгийн автомашин ухран зогсож, эмэгтэй явган хүний зам дээр зогсож байна. 16:30:40 секундэд автомашин зорчих хэсгээс гарч явган хүний зам руу орж, эмэгтэй баруун зүгт зугтан гүйж байна. 16:30:41 секундэд хар өнгийн автомашин эмэгтэйн араас хөөн мөргөж байна. ...” гэсэн тэмдэглэл болон уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 23-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсэн байхыг шаарддаг ба хэргийн тухайд шүүгдэгч Ц.Е нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн амь насанд хүрч болзошгүй үхэлд хүрэх аюултай гэдгийг мэдсээр байж хохирогчийн амь насыг хохирооход шууд чиглэсэн буюу тээврийн хэрэгслээ ухрааж байгаад, замын зорчих хэсгээс гарч хохирогчийн зогсож буй хэсэг рүү чиглүүлж хөдөлсөн, улмаар хохирогч зугатаах үйлдэл хийхэд нь араас нь дайрч /тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл хийхгүй/ байгаа үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Е-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг хэвийн ухамсарт байдлаас гарч, өөрийгөө хянах, үйл хөдлөлөө зөв удирдах чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь хоромхон зуур үргэлжилдэг сэтгэхүйн түр зуурын саатал юм.
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн зүгээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхэд шууд болон шууд бус байдлаар сэтгэхүйд хортойгоор нөлөөлсөн, өөрт нь болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн хүчирхийлэл хийсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, мөн сэтгэл зүйн хувьд хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл хийх зэргээр хууль бус бусад үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Е-н өмгөөлөгч нарын “...зүйлчлэлийг өөрчлүүлэх ...” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Е-н “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх...”-ийг хүссэн гомдлын хэсгийг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Е нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 93 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/775 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “…3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар…” гэснийг “… 2 /хоёр/ жил…” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч Ц.Е-н өмгөөлөгч Н.Баатардорж, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Е нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 93 /ерэн гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР