| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00681/И |
| Дугаар | 318/ШШ2025/00905 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 318/ШШ2025/00905
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овгийн Б.Т,
Хариуцагч: Т овгийн П.Ат холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний дагуу 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Т ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Т ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.У ,
Хариуцагч: П.А ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч П.А д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн, хариуцагч П.А хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б.Т нь 2021 онд П.А гэх хүнээс тухайн хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Увс аймгийн Улаангом сумын ...... баг, .........тоотод байрлах газраас хувааж худалдан гэсний дагуу холбогдож тус хүний газраас 3 хуваасны нэгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авах талаар тохирч худалдан авсан. Тохирсон ёсоор миний бие 2021 оны 9 дүгээр сард П.А ын хаан банкны 5819228023 тоот данс руу 7,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг, өөрийн эхнэр Г.Т хаан банкны данснаас 2021 оны 10 дугаар сард 2,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлж нийт П.А д 10,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлэн өгч газраа худалдан авсан. Ингээд тус хашаанд буугаад хашааг цэвэрлэж, тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа тул барьцаанаас чөлөөлж байгаад бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгнө гэж гуйсан тул настай хүн худлаа хэлэхгүй байх гэж итгээд гэрчилгээгээ авахгүйгээр мөнгөө төлөөд хашаандаа буусан. Гэтэл одоо хүртэл газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй бөгөөд гэрчилгээгээ авмаар байна гэхэд чамд баримт байхгүй, бас хөөн хэлэлцэх хугацаа чинь дуусан чи шүүхээрээ яваад ав гэх зэргээр хэл үгээр доромжлоод гэрчилгээг минь шилжүүлэн өгөхгүй байна. Худалдан авсан газраа үзлэг хийлгэж, хэмжүүлэхэд 1030 м2 байсан. Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу миний 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үүгэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2021 онд тухайн газрыг 10,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон байдаг. Худалдаж авахаар тохиролцохдоо тухайн газарт гэрчилгээ гаргаж өгөөгүй, гэрээ байгуулаагүй, мэргэжилтнээр хариуцагчийн нийт эзэмшиж байгаа газрын хэмжээг тогтоогоогүй. Үүнээс цааш гэдэг байдлаар заагдаад явсан. Иймээс өмнөх анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад газрын хэмжээнүүд зөрсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрийн хашаалсан газрын хэмжээг хэдэн метр квадрат гэдгийг мэдэхгүй байсан тул энэ хэрэг давж заалдах шатны шүүхээс буцсан байгаа. Үзлэг хийгээд тухайн газрын хэмжээ 1030 м2 гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа гэрээг бичгээр хийгээгүй тул худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр эрх зүйн акт байхгүй гэдэг байдлаар ярьдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ нь тусгайлан хэлбэрийн шаардлага тавигддаг төрлийн гэрээ биш. Өөрөөр хэлбэл заавал бичгээр байгуулах ёстой гэдэг шаардлага тавигддаггүй. Харин өмчийн хэлцэл, үүргийн хэлцэл гэж 2 тусдаа зүйл байдаг, хийсвэрлэх зарчим яригдах ёстой. Үүнийг ялгаж ойлгох ёстой. Хариуцагчийн хувьд өмчийн хэлцэл, үүргийн хэлцлийг нэгтгээд энэ төрлийн гэрээн дээр заавал бичгээр байгуулах ёстой гэдэг хуулийн шаардлагатай гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ болон үүнээс хойших худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад амаар болон бичгээр байгуулж болохоор зохицуулчихсан. Тэгэхээр 2021 онд нэхэмжлэгч хариуцагч нар 1030 м2 газрын 10,000,000 төгрөгөөр худалдъя, худалдан авъя гэдэг байдлаар тохиролцоод төлбөрийг төлж байгаа процесс нь өөрөө амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсантай адилтгаж үзнэ. Харин бичгээр байгуулах ёстой гэдэг шаардлага Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу өмчийн хэлцэл буюу гэрчилгээ шилжих процесс дээр яригддаг. Энэ процесс өнөөдөр хийгдээгүй тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Одоо өмлөх эрхийг албан ёсоор шилжүүлж өгдөг процессоо хийгээд өгөөч ээ гээд байгаа юм. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад үнийг нь төлчихсөн боловч Б.Т гэдэг хүн тухайн 1030 м2 газрыг 2021 оноос өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээний дагуу эзэмшээд явж байгаа. Хууль ёсны өмчлөгч болоогүй байгаа тул өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 243.1, 109.1, 110.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна, тухайн газрын тохирсон төлбөр буюу 10,000,000 төгрөгийг хугацаанд нь төлчихсөн байна. Иймээс тухайн газрын өмчлөх эрхийг шилжүүлээд өгөөч ээ гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргасан. Бичгээр гэрээ байгуулагдаагүй байна гэдэг үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд хариуцагч анхнаасаа 1030 м2 газар авсан гэдгээ юугаар нотлоод байгаа юм бэ? гэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч аль алиных нь эрх, үүргийн асуудал. Нэхэмжлэгч өөрөө шаардлагын үндэслэлээ нотолж тайлбарлах үүрэгтэй. Хариуцагч татгалзаад байгаа татгалзлын үндэслэлээ нотлоод тайлбарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл П.А гэдэг хүн би Б.Т ад 1030 м2 газрыг зараагүй, өөр хэмжээтэй газрыг зарсан, одоо Б.Т 1030 м2 болгоод авчихлаа, хэдэн м2-ын зөрүү гарч байгаа гэдгээ бичгээр нотлох ёстой. Анхан шатны шүүх хуралдаан, давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Т ын эхнэр хэмжээний зөрүү дээр тоглолт хийгээд байна, анхнаасаа зоориноос баруун талыг нь чамд зарна гээд түүнийгээ хашаалсан гэж хэлдэг. Тухайн үед ямар нэгэн газрын хэмжээ хийгдээгүй тул яг тэр хашаалсан хэмжээ хэдэн м2 байгаа юм бэ? гэдгийг мэдэхгүй байсан учраас газрын хэмжээг өөр, өөрөөр хэлээд зөрүү гарсан асуудал байгаа. Хариуцагч 1030м2 газар миний зарсан газар биш байна гэж байгаа тохиолдолд өөрөө үүнийгээ нотлох үүрэг хүлээж байгаа. Хуульд заасан үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй гэж харж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэдэг сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч ямар хуулийн зохицуулалтын дагуу шаардаж байгаагаа тайлбарлаагүй. Гэхдээ хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэж байгааг бодоход Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг дагуу шаардаж байна гэж харж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг дагуу шаардахын тулд тухайн зүйл заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл гэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн газрыг нэхэмжлэгч хууль бусаар эзэмшсэн байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2021 онд Б.Т гэдэг хүн хариуцагчид 10,000,000 төгрөгийг буюу газрынхаа үнийг төлөөд өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа нь худалдах, худалдан авах гэрээний дагуу эзэмшиж байгаа тул хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх боломжгүй. Б.Т хүчин төгөлдөр иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр эзэмших эрхтэйгээр эзэмшээд явсан гэж харж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байгаа тул хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэдэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Одоо бүр 1030 м2 газар болчихож. Үүнийг би зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг анхнаасаа нэхэмжлэгч талаас болсон юм. Нэхэмжлэгч өөрийнхөө хүлээсэн үүргийг биелүүлээгүй. Анх миний зааж өгсөн газарт газраа авахгүйгээр 1030 м2 болтлоо сунгасан байна. 0.7 га газар гэж анхны хурал дээр шүүгч, өмгөөлөгч, нэхэмжлэгч ярьж байсан. Сүүлд газрын 3/1 болсон. Би анх Б.Т тай ярьж тохирохдоо тодорхой хэмжээний газрыг зааж өгсөн нь үнэн. Б.Т тэр хэмжээнээс илүү газар нэмж авсан нь үнэн. Харамсалтай нь үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхны зааж өгсөн газраар өгөлцөөд авалцчихсан бол одоо ингэж явахгүй байсан. Б.Т үүргээ гүйцэтгээгүйгээс болоод ийм асуудал үүссэн. Хохирогч нь хэн юм бэ? Б.Т хохирогч юм уу? Хүний газраас сөөмийг аваад хохирогч болдог ёс байна уу? Бодоод байхад би хохирогч биш юм уу? 1 талхны мөнгө төлчхөөд 2 талх авч болох уу? Б.Т намайг тухайн үед газрынхаа гэрчилгээ өгөөгүй гэж байна. Үнэн, өгөөгүй. Өгөөгүй асуудал нь ердөө энэ шүү дээ. Бид 2-ын хооронд өөр ямар нэгэн маргалдсан асуудал байхгүй. Тухайн үед Б.Т зарах гэж авсан бол би гэрчилгээгээ өгөөд, бидний хооронд ямар ч асуудал үүсэхгүй байсан. Манай ээж одоо 86 настай. Манай ээж хүртэл гайхаж байна шүү дээ. Чи сөөм газраа алдчихаад яахаараа гэмтэн, буруутан, хариуцагч болчихдог юм бэ? гэж байна. Би энэ асуултад нь хариулж чадахгүй байна. Б.Т хэмжиж өгсөн газраас томруулж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цаашлаад ярих юм бол хуулийн дагуу зөв явж байгаа юм уу? Гэрээ, контрактаар байгуулан гэсэн хуулийн хэлбэрээ яаж нотолж байгаа юм бэ? Үзлэгээр 1030 м2 газар гэсэн байна. Хэмжээний хувьд зөв. Би анх 1030 м2 газрыг өгсөн гэдгээ яаж нотолж байгаа юм бэ? Үүнийгээ нотлооч ээ. Иймд анх зарсан 0,7 га газрыг зөвшөөрч байна. Илүү хашиж авсан хэсгийг зөвшөөрөхгүй... гэжээ.
4. Хариуцагч П.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.А миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 ....... га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,0 сая төгрөгийг 9 сардаа бапгаан бүрэн төлөх, хамар хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгээр худалдахаар тохиролцсон. Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барьчихаад гэрчилгээгээ ав л гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцаан авч, хашааны газрыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Иргэний хуульд зааснаар өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болно. Б.Т бидний хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаж, хэн хэн нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч болон миний зүгээс өгсөн, авсан зүйлсээ буцааж авах үүднээс нэхэмжлэл гаргасан. Өөрөө хэлбэл бид ярилцаагүй, бид зөвшилцөөгүй, бид хэлэлцээгүй, бид тохироогүй газар нэмээд авчихсан. Иймд зөвшөөрөлгүй хашиж авсан газрыг Б.Т ын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1926 дугаартай Иргэн Б.Т танаа гэх албан бичиг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд танаа гэх Б.Т ын өргөдөл, бүртгэл хяналтын карт, Б.Т ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Т ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Тунгалагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, П.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 4 ширхэг фото зургийн хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1953 дугаартай Үзлэг хийх тухай захирамжаар Б.Т ын худалдан авч, хашаалсан газрын хэмжээ, байршил, бүрэн эсэх талаар үйл баримтыг тодруулах зорилгоор Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнг оролцуулан маргаан бүхий газарт үзлэг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч П.А д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн, хариуцагч П.А хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие Б.Т нь 2021 онд П.А гэх хүнээс тухайн хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Увс аймгийн Улаангом сумын ......... баг, ...........тоотод байрлах газраас хувааж худалдан гэсний дагуу холбогдож тус хүний газраас 3 хуваасны нэгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авах талаар тохирч худалдан авсан. Тохирсон ёсоор миний бие 2021 оны 9 дүгээр сард П.А ын хаан банкны 5819228023 тоот данс руу 7,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг, өөрийн эхнэр Г.Т хаан банкны данснаас 2021 оны 10 дугаар сард 2,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлж нийт П.А д 10,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлэн өгч газраа худалдан авсан. Ингээд тус хашаанд буугаад хашааг цэвэрлэж, тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа тул барьцаанаас чөлөөлж байгаад бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгнө гэж гуйсан тул настай хүн худлаа хэлэхгүй байх гэж итгээд гэрчилгээгээ авахгүйгээр мөнгөө төлөөд хашаандаа буусан. Худалдан авсан газраа үзлэг хийлгэж, хэмжүүлэхэд 1030 м2 байсан. Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу миний 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үүгэжээ.
3. Хариуцагч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо бүр 1030 м2 газар болчихож. Үүнийг би зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг анхнаасаа нэхэмжлэгч талаас болсон юм. Нэхэмжлэгч өөрийнхөө хүлээсэн үүргийг биелүүлээгүй. Анх миний зааж өгсөн газарт газраа авахгүйгээр 1030 м2 болтлоо сунгасан байна. 0.7 га газар гэж анхны хурал дээр шүүгч, өмгөөлөгч, нэхэмжлэгч ярьж байсан. Сүүлд газрын 3/1 болсон. Би анх Б.Т тай ярьж тохирохдоо тодорхой хэмжээний газрыг зааж өгсөн нь үнэн. Б.Т тэр хэмжээнээс илүү газар нэмж авсан нь үнэн. Харамсалтай нь үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхны зааж өгсөн газраар өгөлцөөд авалцчихсан бол одоо ингэж явахгүй байсан. Б.Т намайг тухайн үед газрынхаа гэрчилгээ өгөөгүй гэж байна. Үнэн, өгөөгүй. Өгөөгүй асуудал нь ердөө энэ шүү дээ. Бид 2-ын хооронд өөр ямар нэгэн маргалдсан асуудал байхгүй. Б.Т хэмжиж өгсөн газраас томруулж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үзлэгээр 1030 м2 газар гэсэн байна. Хэмжээний хувьд зөв. Би анх 1030 м2 газрыг өгсөн гэдгээ яаж нотолж байгаа юм бэ? Үүнийгээ нотлооч ээ. Иймд анх зарсан 700 мкв газрыг зөвшөөрч байна. Илүү хашиж авсан хэсгийг зөвшөөрөхгүй... гэжээ.
4. Хариуцагч П.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
4.1. П.А миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд ......./ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,0 сая төгрөгийг 9 сардаа бапгаан бүрэн төлөх, хамар хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгээр худалдахаар тохиролцсон. Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барьчихаад гэрчилгээгээ ав л гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцаан авч, хашааны газрыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй, өмчлөгч миний эрхийг зөрчиж байна. Иргэний хуульд зааснаар өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болно. Б.Т бидний хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаж, хэн хэн нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заасан. Иймд нэхэмжлэгч болон миний зүгээс өгсөн, авсан зүйлсээ буцааж авах үүднээс нэхэмжлэл гаргасан. Өөрөө хэлбэл бид ярилцаагүй, бид зөвшилцөөгүй, бид хэлэлцээгүй, бид тохироогүй газар нэмээд авчихсан. Иймд зөвшөөрөлгүй хашиж авсан газрыг Б.Т ын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч П.А ын нэр дээр бүртгэлтэй, Увс аймгийн Улаангом сумын ........., Найрамдал гудамж, .... тоот, ...........нэгж талбарын дугаартай 3587 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан.
Тухайн газраас нэхэмжлэгч нь 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчаас шаардсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр маргаан бүхий газарт үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр Б.Т ын худалдаэ авсан гэх газар 1030 м2 талбайтай байгаа болох нь тогтоогдсон.
6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,
мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан ба зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагчийн зүгээс тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгө буюу газрыг хүлээн авч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагджээ.
Нэхэмжлэгч Б.Т нь тухайн газартаа 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэрээний талууд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй боловч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.2-т Иргэний хуулийн 186.2-т заасан шаардлагыг зөрчсөн боловч үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй байвал гэрээг цуцалж болохгүй гэж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2-т Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Т худалдах худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулахыг шаардаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хүчин төгөлдөр байлгахыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Б.Т , хариуцагч П.А нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.
7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.2, 186 дугаар зүйлийн 186.2-т зааснаар хариуцагч П.А ыг нэхэмжлэгч Б.Т ад худалдан авах гэрээний дагуу 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч П.А нь бусдыг хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч нь ...Би анх Б.Т ад 700 мкв газар зарсан. Тухайн газраа хүлээн зөвшөөрч байна. Харин миний зааж өгсөн газраас илүү хашаалж авсан. Намайг 1030 м2 газар зарсныг нотлох хэрэгтэй. Ийид миний зааж өгсөн газраас илүү хашаалж авсан газрыг чөлөөлж өгнө үү гэж тайлбарладаг.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэгч Б.Т ад 1030 м2 хэмжээтэй газар зараагүй, бага хэмжээтэй зарсан гэж маргаж байгаа ч энэ талаар нотлох баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус заасан ба нэхэмжлэгч Б.Т ыг зааж өгсөн газраас илүү хашаалж авсан гэх тайлбараа нотлоогүй.
9. Иймд иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т ад олгох, хариуцагч П.А ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.А ыг худалдан авах гэрээний дагуу 1030 м2 газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгасугай.
2. Иймд иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т ад олгох, хариуцагч П.А ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР