Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 318/ШШ2025/00920

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: У аймгийн Х, х.үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И овогт Ш.Б холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын багийн иргэн Ш.Б нь 2022 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаатай 50 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Ш.Б нь гэрээнд заасны дагуу 0 төгрөгийн эргэн төлөлт хийж, 2,500,000 төгрөгийн төлөлт хийлгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2,500,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд иргэн Ш.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 2,500,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шүүхэд гаргасан 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нь хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагч хугацаандаа зээлээ хийхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ НЬ:

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Ц болон иргэн Ш.Б нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдан зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр 3 жилийн /36 сар/ хугацаатай 50 хувь эргэн төлөхөөр тохиролцсон боловч 2,500,000 төгрөгийг Ш.Б төлөлгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Ш.Б холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,500,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд/ төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ш.Б-с 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн 50 хувь буюу 27,475 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ш.Б нь 2,500,000 төгрөгийг /Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэмжих сангийн 100150037010 тоот дансанд/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ш.Б-с улсын тэмдэгтийн хураамж 27,475 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                       П.БОЛОР