Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 126

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Б 

Шүүгдэгч: Н.Б 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Н-н Б-т холбогдох 1812001760116  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1,,,суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Х ” ХХК-д харуул ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт ,,,тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Чилэг овогт Нн Б/РД:/ 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нийтийн худалдааны төв”-ийн орчим иргэн Н.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812001760116 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Н.Дгийн өгсөн:

“...Би зах дээр 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 16 цагийн үед ирээд ааруул зарсан тэгээд харих гээд явах гэтэл даралт ихсээд байхаар нь Хадат супер маркетийн урд талд даралтны эм уух санаатай зогсож байтал манай Өндөр-Улаан сумын Б гэдэг залуу над дээр ирээд архи аваад өг, пиво аваад өг гэхээр нь ах нь эмчилгээ хийлгэж байна ахад нь мөнгө алга гэтэл та манай хүргэн Баттулгад 20000 төгрөг өгөх ёстой гэсэн тэрийг нь би авна гэхээр нь би танай хүргэнийг Өндөн-Улаан сумаас зардалгүй аймаг руу авчирсан, тэгж ярьвал танай хүргэнээс тугалтай үнээ авах ёстой гэж хэлсэн. Хүргэн нь одоогоос 7 жилийн өмнө надаас  тугалтай үнээ өгнө гээд мөнгө аваад одоо болтол өгөөгүй байгаа тэр хүргэнээс авах үнээгээ надаас аваарай гээд байсан. Тэгээд миний нүүр рүү цохиход миний хамраас цус гараад би цусаа арилгаад цус тогтохгүй байсан өндийгөөд чи миний малгайг аваад өгчих чи надтай ярих юм байвал эрүүлдээ ярихгүй яасан юм бэ гэтэл заамдаад намайг бариад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан гэтэл миний нүүр рүү дахиад цохиход зүүн нүдний хөмсөгний дээд хэсгээс цус гараад эхэлсэн. Бид хоёрыг тэгээд байж байхад мотоциклийн таксинд явдаг нэг өндөр залуу ирээд чи яагаад хөгшин хүн дээрэлхээд байгаа юм бэ залуу хүн байж гэхэд чамд хамаагүй гээд тэр залуу руу агсраад байсан. Тэгээд миний нүүр рүү цохичихоод яваад өгсөн цус нь  тогтохгүй гараад байсан. Гэтэл нэг танихгүй хүн ирээд надад 00-ийн цаас өгчихөөд яваад өгсөн, би тэр хүнийг танихгүй. Явахаасаа өмнө чи чаддаг юм бол цагдаад өгөөрэй гээд байсан. Тэгээд би гэртээ өөрийнхөө машинаар харьсан. Тэгээд цус шүүрээд угаасаа болохгүй болохоор нь түргэн дуудаж үзүүлээд түргэний машинтай эмнэлэг дээр очоод зүүн нүдний дээд талын шарханд 2 оёо тавиулчихаад гэртээ харьсан. Тухайн үед хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Гараараа нүүр рүү цохисон, нүүр рүү мөргөсөн, өөр цохиж зодоогүй. Хөмсөгний дээд тал руу юугаар цохисонг нь мэдэхгүй эмнэлэгт үзүүлэхэд гүнзгий юм байна үзүүртэй юмаар цохьсон байна цус их гарсан байна гэж үзсэн эмч нь хэлж байсан.  Зүүн нүдний хөмсөгний дээд хэсэгт хагарсан тэр шарханд 2 оёдол тавьсан, зүүн дээд уруул руу цохисон тэр нь хавдсан, баруун талын нүд бүдэгхэн хөхөрч хавдсан, баруун гарын чигчий хурууны хамгийн арын үений урд хэсэгт бага зэрэг газар халцарсан өөр бэртэл гэмтэл байгаагүй. Урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Өс хонзонгийн асуудал надад байхгүй. Өнгөрсөн намар надаас ахаа та миний үнэмлэхийг авчих гээд 10.000 төгрөг өгчих гэхээр нь чи бид хоёр ямар бие биенээ танихгүй биш чи сүүлд өгчихнө биз гээд өгсөн би мөнгөө нэхэхгүй л яваад байсан удаж удаж 3 сар гаруй болж байж надад өгсөн. Өөр ямар нэг асуудал байхгүй. Хүргэнээс авах үнээгээ надаас аваарай гээд байсан би 7 жилийн өмнө хүргэнд нь 50.000 төгрөг өгч байсан би хүргэнд нь тэгж байгаад охин гунж өгчихөөрэй гэсэн одоог болтол өгөөгүй би тугалтай үнээ авна. Эмчилгээ хийлгэсэн мөнгөө авна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/, 

* Гэрч Д.Пын өгсөн: 

“...Би захын урд талын зогсоол дээр мотоциклийн таксинд явдаг юм. 2018 оны 03 дугаар сард 26, 27-ны үед байх таксинд зогсож байтал 2 хүн барьцалдаад авсан байсан. Тэр 2 хүний нэг нь залуувтар, нөгөөх нь арай настай хүн байсан. Тэр настайвтар хүнийх нь хөмсөг орчимоос цус гарчихсан байсан. Би залуу нь настай хүнийг цохьчих гээд байгаа юм шиг санагдаад явж очоод чи боль настай хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн. Тэр 2 салаад 2 тийшээ явсан. Ийм л зүйл болсон. Арай залуу нь согтуу, нөгөө хүн нь эрүүл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 26-ны   өдрийн  153 дугаартай дүгнэлтэнд:

“...Н.Дгийн биед, тархи доргилт, баруун нүдний орчим зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн хөмсөгний дотор дээд хэсэгт, дээд уруулын салстад хэгзэрсэн, шарх, зүүн шанаа, хамрын нуруунд жижиг зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Н.Дгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинж байдлаараа тухайн хэрэг үйл явдал болсон гэх цаг хугацаанд буюу 2018.03.22-ны өдөр үүссэн байх боломжтой. Тархи доргилт, баруун нүдний орчим зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, дээд уруулын салстад хэгзэрсэн шарх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн шанаа, хамрын нурууны жижиг зулгаралт гэмтүүлд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д зааснаар, биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар тал / 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нийтийн худалдааны төв”-ийн орчим иргэн Н.Д нь бусдад зодуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нийтийн худалдааны төв”-ийн орчим шүүгдэгч Н.Б нь хохирогч Н.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Н.Дгийн “...Тэгээд миний нүүр рүү цохиход миний хамраас цус гараад би цусаа арилгаад цус тогтохгүй байсан өндийгөөд чи миний малгайг аваад өгчих чи надтай ярих юм байвал эрүүлдээ ярихгүй яасан юм бэ гэтэл заамдаад намайг бариад авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан гэтэл миний нүүр рүү дахиад цохиход зүүн нүдний хөмсөгний дээд хэсгээс цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пын “...2018 оны 03 дугаар сард 26, 27-ны үед байх таксинд зогсож байтал 2 хүн барьцалдаад авсан байсан. Тэр 2 хүний нэг нь залуувтар, нөгөөх нь арай настай хүн байсан. Тэр настайвтар хүнийх нь хөмсөг орчимоос цус гарчихсан байсан. Би залуу нь настай хүнийг цохичих гээд байгаа юм шиг санагдаад явж очоод чи боль настай хүнийг яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 153 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Бын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг хангаж байна. 

 

Архангай аймгийн прокурорын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч Н.Быг  иргэн Н.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд хохирол төлбөрийг төлсөн гэж мэдүүлж байх боловч хохирол төлсөн баримт байхгүй, хохирогч Н.Д нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэнэ гэсэн боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн  зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Ч овогт Н-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч Н.Д нь өөрт учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР