Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: В ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Г.А нарт холбогдуулан нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Л, хариуцагч Г.А, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Нийслэлийн татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр НА- дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаас 2025 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай томилолтоор В ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан-хялбаршуулсан шалгалтыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлэн, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн.

2.2.Уг хяналт шалгалтаар Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Г.А нар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар 13,485,200.91 төгрөгийн нөхөн татвар, 5,394,080.36 төгрөгийн торгууль, 7,745,415.99 төгрөгийн алданги, нийт 26,624,697.26 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

2.3.Нэхэмжлэгчээс тус актыг эс зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лаас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг В ХХК-д 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №НА дугаартай татварын нөхөн ногдуулалтын акт тавьж, 13,385,200.91 төгрөгийн нөхөн татвар, 5,394,080.36 төгрөгийн торгууль, 7,745,415.99 төгрөгийн алданги, нийт 26,624,697.26 төгрөгийн төлбөр төлүүлэхээр Нийслэлийн татварын газраас шийдвэрлэсэн байдаг. 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох гомдол гаргасан. 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл Маргаан таслах зөвлөлөөс ямар нэг хариу өгөөгүй тул эс үйлдэхүйгээр татгалзсан гэж үзэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэж байсан. Гэвч урьдчилсан хэлэлцүүлгээр Нийслэлийн татварын газраас Маргаан таслах зөвлөлийн хурлыг удахгүй товлож хуралдуулна гэж тайлбар өгсний дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжтой гэж үзэн нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж байсан. Ингээд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн дугаар 27 тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдсэн шийдвэрийг В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан байдаг.

Татварын нөхөн ногдуулалтын актын тухайд: Татварын нөхөн ногдуулалтын актад тэмдэглэснээр 2021, 2022 онуудад холбогдох нийт 134,852,009.11 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан... гэж үзсэн байх бөгөөд 2021-2022 онд т ХХК/РД:/, д ХХК /РД:6/, Б с ХХК /РД:/ газруудаас авсан худалдан авалтаа баримтаар нотлох тухай бичсэн байдаг. В ХХК нь татварын хууль зөрчөөгүй, татварын нөхөн ногдуулалтын акт үндэслэлгүй тухайд, нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийж татвараас зайлсхийдэг нь аж ахуй нэгжүүдэд өдгөө түгээмэл ойлголт болсон.

Харин 2021, 2022 онуудад энэ хууль бус үйлдэл эд дэлгэрсэн байхад мөрөөрөө үйл ажиллагаа явуулж, татвараа тайлагнадаг компаниуд давхар хохирох нөхцөл болсон билээ. Нэг талаас нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгдсэн бараа, материал худалдан авч, цаанаас нэмэгдсэн өртгийн албан татвар бичдэг. Харин В ХХК нь шилжүүлсэн төлбөрийн ард бодит бараа, бүтээгдэхүүн солилцсон баримт, нотолгоо тодорхой байсан. Энэ нь бараа, бүтээгдэхүүн авсан юм шиг бүртгүүлээд цаасан дээр үлддэг хий бичилтээс ихээхэн ялгаатай. Учир нь нэгдүгээрт, бодит ажил, бараа бүтээгдэхүүн худалдан авалт бүртгэгдээд явж байгаа. Хоёрдугаарт, хууль зөрчиж татвар төлөх дүнгээ багасгах гэсэн сэдэл, санаа байгаагүй. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 001/XT2026/0018 дугаар тогтоолд нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий татварын актад холбогдох маргаанд дараах хоёр урьдчилсан нөхцөл байх ёстой гэж үзсэн. Үүнд (1) татварын хий бичилттэй падаан худалдан авсан зөрчлийг үгүйсгэж маргасан байх, (2) падаанд хамаарах худалдан авалт, ажил үйлчилгээ нь бодит болохыг нотлох баримтуудыг хяналт шалгалтын явцад гаргаж өгөх гэжээ. Нэхэмжлэгч В ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн татварын нөхөн ногдуулалтын актаар тодорхойлогдсон зөрчлийг үгүйсгэж маргаж байгаа. Мөн В ХХК нь 2021-2022 онд т ХХК /РД:/, д ХХК /РД:6/, Б с ХХК /РД:/ газруудаас нийт 103 төрлийн, дахин давтагдаагүй анхан шатны баримтуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцсэн байдлаар гаргаж, хяналт шалгалт болон урьдчилсан шийдвэрлэх хуралдааны явцад тус тус гаргаж өгсөн. Тухайн үед В ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбоотой барилгын үндсэн болон туслах материалууд, барилгын талбайд ажиллаж байсан ковш гэх мэт машинд дизель түлш авч байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэж тус тус заасан. Татварын нөхөн ногдуулалтын актад тэмдэглэснээр 2021, 2022 ... НӨАТ-ын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж гэж татварын байцаагч нар В ХХК-г буруутган, акт тавьсан. Гэтэл дээрх анхан шатны баримтуудаар В ХХК нь өөрийн бизнесийн зорилгодоо бодит бараа, материал, түлш шатахуун зэргийг худалдан авсан нь тодорхойлогддог. Улмаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5- д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь бусад нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж зааснаар нягтлан бодох бүртгэлийн бусад баримт зэргээр нотлогдож байдаг. 2021 онд: т ХХК-иас 61 төрлийн 14,727,790.00 төгрөгийн барилгын туслах материалуудыг худалдан авсан. 2022 онд 36 төрлийн 5,079,420.00 төгрөгийн барилгын туслах материалыг худалдан авсан. Бид уг туслах материалыг манай нярав 100 айл барилгын материалын захаас худалдан авч, уг худалдан авсан газраасаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу и-баримт шивүүлэн авсан байдаг. Бидэнд улсын бүртгэлийн тоот регистрийн дугаартай т ХХК Монгол улсын этгээдийн код бүхий баримт олгосон. Энэ нь хуульд заасан нэмэгдсэн өртгийн падааны шалгуурыг хангасан байсан. д ХХК /РД:6/-аас 2021 онд барилга дээр ажиллаж байсан ковш, хово машинуудад дуудлагаар дизель түлшийг авсан. Учир нь тухайн үед уг тоног төхөөрөмж нь ажлын байрнаас хөдлөх боломжгүй байсан. Төлбөрийг дизель түлш хүргэж ирсэн байсан иргэн Г.З*******н дансанд шилжүүлсэн болно. Б с ХХК /РД:2/-ийн хувьд 2022 онд барилга угсралтад зориулан 3 төрлийн 112,530,000.00 төгрөгийн арматур төмөр худалдан авсан бөгөөд төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б с ХХК-ийн Голомт банк ******* тоот дансанд шилжүүлсэн болно. Дээрх худалдан авалтын талаар анхан шатны баримтуудаас гадна 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай Татварын албаны ярилцлагын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байхад татварын улсын байцаагчийн зүгээс нөхөн ногдуулалтын актыг үндэслэлгүй ногдуулсан гэж үзэж байна. Бид Монгол улсын татварын багц хуулиуд болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шаардлагын дагуу шаардлага хангасан баримтуудаар тайлангаа гаргаж тайлагнасан болно. Түүнчлэн татварын байцаагч нар хяналт шалгалтын явцад манай компанийн сгийн анхан шатны баримтаар нотлогдож буй ажил үйлчилгээг бодитоор гарсан гэдгийг үгүйсгэж чадаагүй тул нөхөн ногдуулалтын актад аж ахуй нэгжийн орлогын албан татварыг хамруулаагүй харин зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэх актыг хүү, алдангийн хамт тооцсон. Энэхүү зардлыг татварын алба хүлээн зөвшөөрч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ногдуулаагүй болно. Гагцхүү биднийг хуурамч падаан бичдэг компаниас дээрх материалыг худалдан авсан тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж муйхарлан зүтгэж байна. Хэрэв үнэхээр татварын хий бичилттэй падаан санаатайгаар худалдан авсан бол улсад төлөх ёстой аж ахуй нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар давхар багасдаг. Нөгөө талаас санаатайгаар татварын хий шивэлт хийдэг компанийг олж, ямар ч ажил, худалдан авалт байхгүй байж татвар ногдуулах дүнг багасгаж мэдүүлдэг компаниудаас ялгаж, салгаж өгөхийг хүсэж байна. Дээрх 3 компанийг нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж, нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн авахаар Эрүүгийн цагдаагийн албан дээр байгаа гэсэн мэдүүлгийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх явцад байцаагч нар мэдүүлсэн. Үүнээс харвал татварын алба нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн гурван аж ахуй нэгжээр нөхөн төлүүлэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар явж буй атал энэ талаар мэдээлэлгүй байсан манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, хүү, алдангийн хамт акт тавьсан. Манай компани хууль зөрчөөгүй, компанийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсог дүнгээр бараа худалдан авсан, энэ талаар сгийн анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нийцүүлсэн байхад нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №HA- дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В ХХК нь 3 хуулийн этгээдээс өөрийн барилгын чиглэлийн үйл ажиллагаандаа зориулж үйл ажиллагааны чиглэлийн дагуу бараа материалуудыг худалдаж авсан. Татварын байцаагч нар хий бичилттэй падаанаар төрд ногдуулах татварыг бууруулах зорилгоор үйлддэг гэж үзсэн. Энэ нь нийгэмд түгээмэл гардаг нөхцөл байдал юм. Хий бичилттэй падаан нь үйлдлийн хувьд бодит ажил үйлчилгээ байхгүй, санаа сэдлийн хувьд санаатайгаар татварын ногдуулалтыг бага болгох зорилготой хийгддэг. Энэ нь мэдсээр байж, санаатайгаар хийдэг зөрчил юм. Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгч талаас 300 гаруй хуудас бүхий анхан шатны баримтуудыг гаргаж өгсөн. Энэ баримтуудыг татварын байцаагч нар тухайн актыг гаргахдаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Бодит ажил үйлчилгээ явуулсан, энэ 3 хуулийн этгээдээс худалдан авалтууд хийгдсэн боловч эдгээр 3 компани нь татварын хий бичилт үйлддэг компаниуд байна гэж тайлбарладаг. Татварын хий бичилт үйлддэг 3 компанитай холбогдсон учраас нөхөн ногдуулалтын акт тавьсан гэж үндэслэлээ гаргасан. Энэ асуудалд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.4-д заасан зохицуулалт хэрэглэгдэнэ гэж үзэж байна. Мөн Улсын Дээд Шүүхийн 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар захиргааны хэргийг шийдвэрлэсэн тогтоол байгаа. Энэ тогтоолд татварын хий бичилттэй актыг хүчин төгөлдөр бус гэж үзэхийн тулд тухайн акттай маргасан байх, худалдан авалт, ажил үйлчилгээ бодитой хийгдэж байсан байх гэсэн 2 үндэслэл байгаа талаар дурдсан. Нэхэмжлэгч В ХХК-ийн хувьд маргаан бүхий акт тавигдсанаас эхлэн маргасан. Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргасан. Маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхнаасаа нөхөн ногдуулалтын акттай маргасан. Худалдан авалт, бараа бодитой хийгдсэн байх ёстой гэсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д анхан шатны баримт, 13 дугаар зүйлийн 13.4-т тухайн баримтуудыг хэрхэн үйлдэх талаар зохицуулсан. 300 гаруй хуудас бүхий анхан шатны баримтуудтай хариуцагч тал маргахгүй байгаа. Энэ анхан шатны баримтуудаар бодитой ажил үйлчилгээ, худалдан авалт хийгдсэн нь нотлогдож байна. Шүүхээс тухайн он, сар, өдрийн дагуу гүйлгээ хийгдсэн талаар нотлох баримт цуглуулсан. Хий бичилт үйлддэг компаниуд хувааж эсвэл бүхэлд нь үнийн дүнг шивсэн байдаг. В ХХК-ийн хувьд Б с ХХК-аас 112,530,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийсэн. Энэ дүнг гүйлгээ хийх бүрд тухайн төлбөрийн баримт дээр өөрчилж явсан. Гүйлгээ бүрийн он, сар, өдөр өөр байгаа. Бүхэлд нь хийсэн зүйл байхгүй. Иймд В ХХК-ийн үйлдэл нь татварын холбогдох хуулиуд болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцэж байгаа. В ХХК-д татварын хий бичилт хийх санаа, сэдэл байгаагүй. Мөн эдгээр 3 компанийг татварын хий бичилт үйлддэг компани гэдэг талаар мэдэх боломжгүй байсан. Монгол улсын хувьд барилгын салбар зуны улирал болон намрын улиралд завгүй явагддаг салбар юм. Ийм завгүй байгаа үед бизнес эрхлэгч хуулийн этгээдүүд хаана арматур төмөр байна, шатахуун түлш байна тэрийг худалдаж авч үйл ажиллагаагаа явуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгдсэн дүнгээр бараа материалыг худалдан авч тухайн бараа материалыг борлуулсан 3 компанид тайлагнах үүрэг хүлээлгэсэн. Үйлдэл, санаа сэдэл, мэдэх боломж гэх 3 үндэслэлийн дагуу В ХХК зөрчил үйлдээгүй гэж үзэж байна. ХХК, д ХХК, Б с ХХК-ийн талаар нотлох баримт гаргуулсан байдаг. Татварын нөхөн ногдуулалтын акт тавигдаж байх үед Б с ХХК-ийн үнийн дүн өндөр байсан учраас эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байдаг. 07 дугаар сард шүүхээс шийдвэр гарсан. Уг шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч талаас улс авах ёстой байсан татвараа авах ёстой гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч байгууллага үйл ажиллагааны чиглэлийн дагуу бараа материалыг худалдан авсан. Борлуулж буй компаниудыг хий бичилт үйлддэг талаар мэдэх боломжгүй. Хэрвээ хариуцагч нар борлуулагч компаниудыг хий бичилт үйлддэг талаар мэдэж байгаа бол эдгээр компаниудаас хохирлоо эрүүгийн журмаар эсвэл захиргааны журмаар гаргуулах шаардлагатай. Манай байгууллага шиг дундын, мэдэхгүй, санаа сэдэл байгаагүй байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй. Татварын албанаас нөгөө компаниас татварыг авсан хэр нь нэг ажил үйлчилгээнээс дундын компани буюу худалдан авагч талд татварын нөхөн ногдуулалтын акт, алданги тавьж дахин төлбөр авч байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас Улсын Дээд шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол хэрэглэгдэнэ гэж үзэж байна. Мөн хий бичилт үйлдэж төрийг хохироож байгаа бол хий бичилт үйлдсэн буюу хохироож буй компаниудад акт тавьж хохирлоо гаргуулах боломжтой гэв.

3.3.Хариуцагч Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Г.А нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот томилолт В ХХК-ийн 2021-2022 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрдэлд суурилсан-хялбаршуулсан татварын хяналт шалгалт хийж, регистрийн дугаартай т ХХК-иас 2021 онд 61 ширхэг 13,388,900.01 төгрөгийн, 2022 онд 36 ширхэг 4,617,654.54 төгрөгийн, нийт 18,006,554.55 төгрөгийн, 6 регистрийн дугаартай д ХХК-иас 2021 онд 6 ширхэг 14,545,454.56 төгрөгийн, регистрийн дугаартай Б с ХХК- иас 2022 онд 102,300,000.00 төгрөгийн, нийт 134,852,009.11 төгрөгийн худалдан авалтыг тус тус хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Худалдан авалт хэсэгт тусган хасалт хийж тайланд тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна. /tais.mta.mn/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Албан татварт хасалт хийх.., гээд 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй... гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад сгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна. Иймд, дээрх зөрчилд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актаар 134,852,009.11 төгрөгийн зөрчилд 13,485,200.91 төгрөгийн нөхөн татвар, 5,394,080.36 төгрөгийн торгууль, 7,745,415.99 төгрөгийн алданги, нийт 26,624,697.26 төгрөгийн төлбөр ногдуулсан. Нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр биечлэн гардуулсан. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх татварын актыг гардаж авснаас хойш энэ хуулийн 43.1, 72.4-т заасан хугацаанд харьяалах Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж заасныг үндэслэн В ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гарган, гомдлын дагуу 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн дугаар 27 тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдсэн шийдвэрийг В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчд 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гардуулан өгсөн гэжээ.

3.4.Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас В ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд эрсдэлд суурилсан хялбаршуулсан хяналт шалгалт хийхээр томилолт олгогдсон. Томилолтын хүрээнд Г.А, Г.Б 2 улсын байцаагч хяналт шалгалт хийсэн. Хялбаршуулсан хяналт шалгалт нь Эрсдэлийн удирдлагын газраас ирсэн хөндлөнгийн мэдээлэлд тухайн 3 аж ахуйн нэгжээс худалдан авалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан байж болзошгүй, энийг шалгалт хийж ирүүлнэ үү гэдэг байдлаар томилолт үүсгэсний дагуу шалгалт хийсэн. Анхан шатын баримтын бүрдлээс тухайн В ХХК-ийн нягтлан бодогчтой ярилцлага хийж байхад Бид нар тухайн үед барилга барьсан. Мөнгө шилжүүлсэн. Жишээлбэл, дизель түлш худалдан авахдаа тухайн аж ахуйн нэгж рүү биш иргэн рүү шилжүүлж аж ахуйн нэгжээс баримтаа авсан гэж тайлбарласан. Мөн Б с ХХК нь Баянзүрх дүүрэгт харьяалалтай компани боловч Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс тодруулахад тухайн компани үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн борлуулалт бичдэг худалдан авалт байхгүй гэдэг нь тогтоогдож энэ компанийг гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй гэж үзэн бид нар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 2022 оноос хойш тайлан өгөөгүй гэх байдлаар тайлбар авсны үндсэн дээр бид 2 аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр хариуцлага ноогдуулаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварт хариуцлага оногдуулсан. гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх албан татвар ногдуулалт болон төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хялбаршуулсан хяналт шалгалт хийсэн. Татварын улсын байцаагч нар нэр бүхий 3 хуулийн этгээдийн борлуулалт болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай холбоотой хэсэг хяналт шалгалт хийсэн. Нэхэмжлэгч талаас хий бичилт үйлдэж худалдан авалт хийсэн бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг зөрчсөн гэж үзэж акт тавих ёстой боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татварт акт тавиагүй гэж тайлбарлаж байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу улсад учирсан хохирлыг давхардуулж авах гэж байна гэж тайлбарлаж байна. Хяналт шалгалтаар татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн төлбөрийн баримтыг борлуулж худалдан авсан бол худалдан авсан тал зардалдаа хасаж байгаа. Орлоготой хамааралгүйгээр бууруулж байгаа буюу төлөх татвараа бууруулж байгаа тайлангийн зардал хэсэгт хамаарна. Худалдан авагч тал, борлуулагч тал хоёулаа и-баримт шивж байгаа юм. Борлуулагч тал төлбөрийн баримт шивэхэд худалдан авагч талын хасалт болж орж ирдэг. Нэг талдаа борлуулалт, нөгөө талдаа худалдан авалт болно. Нэхэмжлэгч талаас эдгээр 3 компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэж тайлбарлаж байна. д ХХК-аас дизель түлш худалдан авсан. Дизель түлш худалдан авна гэдэг нь тухайн борлуулж буй тал дизель түлш худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй, олон нийтэд зарлагдсан эрх бүхий этгээд байх ёстой. Хүнээр дамжуулан худалдан авсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Г.З******* гэх иргэний дансаар мөнгөө шилжүүлсэн байсан. Хэрэв д ХХК-аас худалдан авсан бол тухайн компанийн данс руу төлбөрийг шилжүүлэх ёстой. Ингэснээр борлуулалт болж худалдан авалтаас хасагдах ёстой байтал иргэн Г.З******* гэх хүний данс руу шилжүүлсэн. Татвар төлөгч хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцохдоо энэ талаар тайлбарласан. Нягтлан бодох бүртгэлийн баримтууд нь аж ахуйн нэгжийн байгууллагын дансаар үйл ажиллагаа хэрэгжүүлж дансаар хасагдах зардлаа тооцож хасагдах ёстой. д ХХК, т ХХК, Б с ХХК-д борлуулах хэмжээний бараа бүтээгдэхүүн, нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл байхгүй. Төлбөрийн баримт шивж аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого болж тайлагнах ёстой. Танилцуулга дээр тухайн компаниудын бизнесийн үйл ажиллагааг дурдсан. Б с ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2022 онд 3.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 13 аж ахуйн нэгж рүү төлбөрийн баримт шивсэн. Үүнээс хойш бараа материалын үлдэгдэл байхгүй, зардал байхгүй. Ингээд үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг улсын байцаагч хяналт шалгалтаар тогтоосон. Энэ компанийн хувьд тухайн баримтуудаар татварыг бууруулаагүй учраас цаашид үйл ажиллагаа явуулаагүй хэр нь олон компаниудад төлбөрийн баримт шивж улсад хохирол учруулах эрсдэлээс сэргийлж цагдаагийн байгууллагад шалгуулсан. Холбогдох татварын болон нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар бараа материал худалдан авч төлбөрийг шилжүүлэхдээ тухайн байгууллага, иргэний данс руу шилжүүлж, шилжүүлсэн газраас баримтаа авах ёстой. Ингэж тайлагнаж хасагдах зардалдаа оруулан хасна. Хасагдах зардал биш байхад хасагдах зардлаар тайлагнасан бол хариуцлага тооцох учраас давхардах асуудал яригдахгүй гэж үзэж байна. Мөн прокурор хэзээ тогтоол гаргах нь чухал биш. Энэ бол борлуулагч нарт хүлээгдэж байгаа хариуцлагын асуудал юм. Худалдан авагч талд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар холбогдох баримтуудыг шийдвэрлээгүй байж татвар төлөгч буюу нэхэмжлэгч тал хасагдах зардалд тооцсон үйлдэлд хариуцлага ногдуулж байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Г.А нар 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар В ХХК-ийг д ХХК-иac 2021 онд 6 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар 14,545,454.56 төгрөгийн, т ХХК-иас 2021 онд 61 ширхэг падаанаар 13,388,900.01 төгрөгийн, 2022 онд 36 ширхэг падаанаар 4,617,654.54 төгрөгийн, Б с ХХК-иас 2022 онд 102,300,000.00 төгрөгийн, нийт 134,852,009.11 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падаанаар тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил үйлдсэн гэж дүгнэж акт тогтоожээ.

3.Нэхэмжлэгчээс хууль зөрчиж татвар төлөх дүнгээ багасгах гэсэн сэдэл, санаа байгаагүй, анхан шатны баримтуудаар өөрийн бизнесийн зорилгодоо бодит бараа, материал, түлш шатахуун зэргийг худалдан авсан нь тодорхойлогддог, шилжүүлсэн төлбөрийн ард бодит бараа, бүтээгдэхүүн солилцсон баримт, нотолгоо тодорхой байсан гэж, хариуцагч нараас нягтлан бодох бүртгэлийн баримтууд нь аж ахуйн нэгжийн байгууллагын дансаар үйл ажиллагаа хэрэгжүүлж, дансаар хасагдах зардлаа тооцож хасах ёстой, д ХХК, т ХХК, Б с ХХК-д борлуулах хэмжээний болон нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл байхгүй, худалдан авагч тал болох В ХХК-нд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар холбогдох баримтуудыг шийдвэрлээгүй байж татвар төлөгч буюу нэхэмжлэгч тал хасагдах зардалд тооцсон үйлдэлд нь хариуцлага ногдуулсан гэж тус тус тайлбарлан маргаж байх бөгөөд нөхөн ногдуулалтын актын тооцооллын хувьд талууд маргаагүй.

4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгохоор тус тус заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэж хуульчилсан.

5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно:, 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан.

6.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч тал бодитой худалдан авалт хийсэн болох нь нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт сгийн бусад баримтаар давхар нотлогдож байх тохиолдолд бодит худалдан авалт хийгдсэн гэж үзэж, уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.

7.Нэг талаас бэлтгэн нийлүүлэгч буюу худалдагч өөрийн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дээр худалдан борлуулах, нөгөө талаас худалдан авагч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцэх бараа бүтээгдэхүүний худалдан авах хүсэл зоригийн үндсэн дээр бараа материалыг худалдах, худалдан авах ажиллагаа явагддаг, худалдан авагч талд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татвараас хасалт хийхэд бэлтгэн нийлүүлэгчээс бодит худалдан авалт хийж, албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар тогтоогдох буюу эдгээр баримтыг бүрдүүлэх үүрэг нь худалдан авагчид байна.

8.Хуулиар худалдан авагчид бэлтгэн нийлүүлэгч тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагаа явуулдаг эсэх, түүнчлэн борлуулах хэмжээний бараа бүтээгдэхүүн, бараа материалын үлдэгдэл байгаа эсэхийг шалгах үүрэг байхгүй тул уг үүргийг хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

9.Энэ маргааны тухайд, хариуцагч нараас хэрэгт авагдсан зарлагын баримт, төлбөрийн даалгавар зэргийг анхан шатны баримт болохыг хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэгч В ХХК 2021, 2022 онд трэйд ХХК-иас барилгын туслах материал, д ХХК-иас 2021 онд барилга дээр ажиллаж буй техник хэрэгсэлд дизель түлш, Б с ХХК-иас 2022 онд барилга угсралтад зориулан арматур төмөр худалдан авч, бодит худалдан авалт хийсэн нь хэрэгт авагдсан анхан шатны баримт болон төлбөр баримтууд, хаан банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байх тул тодорхой бизнесийн зорилгогүй татварын үйлдэл хийж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж дүгнэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй байна.

10.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэвээндорж, Д.Халиунцэцэг нараас Б с ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай томилолтын дагуу татвар төлөгчийн татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулаад 3,006,379,929.08 төгрөгийн үнийн дүн бүхий 43 ширхэг борлуулалтын падаан үйлдэж, нэр бүхий 13 аж ахуйн нэгжид 300,637,992.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон байж болзошгүй гэж үзэж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулга бэлтгэснийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/5900 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт хүргүүлжээ.

11.Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын 300,637,992.91 төгрөгийг татвар төлөхөөс зайлсхийх боломж бусдад олгосон байж болзошгүй гэх хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалган ажиллагаа явуулсан байна.

12.Тус хэлтсээс 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гарган Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлснийг үндэслэн тус Прокурорын газрын хяналтын прокурорын 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор ...Б с ХХК нь 2022-2023 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан, ... төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй... гэж дүгнэж, хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байна.

13.Мөн Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б*******, Д.Б******* нараас т ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын албаны цахим мэдээллийн нэгдсэн систем дэх мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагааг явуулж, нийт 232 ширхэг 3,844,901,449.94 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаан үйлдэж, нэр бүхий 94 татвар төлөгчдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 384,490,145.06 төгрөгөөр бууруулах боломж олгосон байж болзошгүй зөрчлийг шалгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр танилцуулга бэлтгэсэн байх бөгөөд уг танилцуулга холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн шалгах байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаарх баримт байхгүй байна.

14.Дээрхээс үзвэл нэхэмжлэгч В ХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон байж болзошгүй гэх д ХХК, Б с ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан үйлдсэн гэх үйлдэл эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй байна.

15.Иймд нэхэмжлэгч барилга барих зорилгоор бодит худалдан авалт хийсэн нь хэрэгт авагдсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдсон, д ХХК, Б с ХХК-иуд хий бичилттэй падаан үйлдэж, татвар төлөгчдөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон байж болзошгүй үйлдлийг эрх бүхий байгууллагаас шалган тогтоогоогүй байхад бэлтгэн нийлүүлэгчид борлуулах хэмжээний бараа бүтээгдэхүүн, бараа материалын үлдэгдэл байсан эсэхийг шалгаж худалдан авалт хийх байсан, нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох падаануудтай холбогдуулан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар танилцуулга бэлтгэсэн, уг асуудлыг нягтлан шалгаж дуусаагүй байхад хасагдах зардалд тооцсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчид нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь буруу байх тул Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Г.А, Г.Б нарын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НА- дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч В ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн татварын газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн НА- дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ