| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0172/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: М.Б
Шүүгдэгч: С.А, Ч.Н
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын А, Б овогт Чын Н нарт холбогдох эрүүгийн 1712000910027 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,,,,суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт ,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт Сын А, /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ,,,оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржгон овогт Чын Н, /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн ,,,тоотод байх иргэн Ч.Сгийн гэрт нэвтэрч МНБС телевизорын кабелын станцыг нууц аргаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Хохирогч Ч.Сгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Манайх усгүй болчихоод усанд явсан. Усанд явчихаад ирэх хооронд гаагүй байх гэж бодоод гэрээ цоожлоогүй цоожийг нь цүүлээд орхиод явсан. Усаа аваад ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь гэртээ ортол зурагтын станц байхгүй байсан. Тэгээд хашаанаас гартал 2-р ангийн нэг хүүхэд хоёр улаан цамцтай ах манайхаас гараад дэлгүүр явж байсан гэж хэлсэн. Тэгээд эргүүлийн цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг
* Эрүүгийн 11712000910027 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Ч.Сгийн өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд гэрээ цоожлоод ус авахаар худаг руу яваад ус авч ирж явсан чинь манай хашаанаас хоёр хүн гарч явсан. Тэр хоёр хүнтэй зөрөөд гэртээ орсон чинь гэрийн хаалганы цоожны цүүг нь мулт татаж хаалга онгойлгоод, гэрт орж зурагтын станц алга болсон байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр залуугийн хойноос нь гүйж очсон чинь манай зурагтны станцыг нэг залуу барьчихсан явж байсан. Тэгээ би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед тэр хоёр залуу согтуу байсан ба нэг нь тортой юм барьж явсан. Намайг очиход нөгөө тортой юмаа нуугаад байсан. Тэр нь манай станц байна лээ. Тэгтэл нөгөө хоёр залуу зугтаагаад явсан. Цагдаа ч удалгүй ирж, нөгөө хоёр залууг хөөж байгаад барьж авсан. Тэр хоёр залуу эгчээ уучлаарай, танайхаас бид хоёр хулгай хийсэн нь үнэн, хохирлыг чинь төлж өгнө гэж хэлж байсан. Дараа нь нөгөө хоёр залуу Сын А, Чын Н, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат хүмүүс байгаа юм гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Би 2016 онд 130.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо энэ үнээр л үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/
*Яллагдагч С.Аийн өгсөн:
“... Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н гэх залуутай Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 2 дугаар сургууль дээр барилгын ажил хамт хийж байсан. Тухайн үед 2 дугаар сургуулийн засвар барилгын материал байхгүй болсон гээд түр завсарлахаар болсон. Тэр өдөр би Ч.Н ахтай Архангай аймгийн Тамир хороололд байх дэлгүүрээс 1 шил Ерөөл архи 0,75 л-ээс нь авч, хувааж уугаад байж байсан. Тэгээд Ч.Н ах би нэг айлаас ороод ганц юмны мөнгө аваад ирнэ гээд Тамир хорооллын 13-01 тоот хашаа байсан. Уг хашаа руу бид 2 хамт орсон. Тэгтэл гэрийн хаалга нь цагаан өнгийн хятад цоожтой байсан. Ч.Н ах тэр цоожийг нааш нь таттал онгойсон. Онгойхдоо хаалганыхаа цүүтэй хамт ховхорч гарч ирсэн. Намайг чи хүн харж бай гээд өөрөө тэр гэр рүү орсон. Би тэгээд хашааны гадаа гараад хартал хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би Ч.Н ахын орсон гэр рүү буцаж орсон. Намайг ороход Ч.Н ах МНБС гээд кабелийн станцыг салгаад уг гэрийн хойморт зогсож байсан. Тэр гэрт зурагт байсан. Өөр хулгайлах юм байсан эсэхийг би хараагүй. Ч.Н дээрх станцыг салгаж надад өгөхөөр нь би авч гараад Наранбулагийн тийшээ явж байтал араас гэрийн эзэн эгч болон 2 цагдаа ирээд бид 2-ыг барьж, Цагдаагийн газар авч ирсэн. Би Ч.Н ахтай хамт хулгай хийсэн, өөр ямар нэгэн хүн байгаагүй. Уг гэрийн хаалга цагаан өнгийн хятад цоожтой байсан. Ч.Н ах гараараа цоожийг нь атгаж байгаад хойш татахад цүүтэйгээ хамт гарч ирсэн. Ямар нэгэн лоом болон өөр хөших зүйлээр хөшөөгүй юм. Би Ч.Н ахтай цуг хулгай хийе гээд хулгай хийсэн, захиалга өгсөн хүн байхгүй. Би хохирогчид хохирол, мөнгийг төлж барагдуулсан. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Архи олж уух гээд санаатай хулгай хийсэн. Би урьд нь гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
*Яллагдагч Ч.Нгийн өгсөн:
“...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир хорооллын 13-01 тоот байх Шүүхийн аж ахуйн хашаа гэж хүмүүс ярьдаг. Би тэр хашаанд ороод С гэх эгчийн монгол гэрт орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгээд би цоожийг нь атгаж байгаад хойш таттал цүү нь сугараад унасан. Би тэгээд дотогш ортол хүн байхгүй байсан. Тиймээс би тэр гэрт нэвтэрч ороод архины мөнгө болчихоор өөр юу байна гээд хартал телевизорын станц байсан. Тэгэхээр нь би тэр станцыг салгаад тайлсан. Намайг станц салгаж байхад А миний хажууд байсан. Тэгээд би тэр хар өнгийн ММБС-ын станцыг Ад өгтөл өвөртөө хийгээд / цамцныхаа энгэрт/ байсан. Тэгээд бид 2 авсан станцаа зарах гээд явж байтал цагдаагийн машин ирээд бид хоёрыг баривчилсан. ...Би С.Атэй хамт явж байсан ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Гараараа цоожийг таттал цүүтэйгээ хамт гараад ирсэн. Уг гэрийн хаалга Хятад цагаан өнгийн дөрвөлжин цоожтой байсан. Би тэр цоожийг татаж цүүтэй нь хамт сулласан. Хохирогчид хохирол, мөнгийг өгч барагдуулсан. Би архины мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Амьдралын эх үүсвэртэй, ажил хөдөлмөр эрхлэлж байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байгаа. Энэ миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/
*Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/
*Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 11 дүгээр тал/
*Шүүгдэгч С.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-29 дүгээр тал/
*Шүүгдэгч Ч.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35 дугаар тал
* Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа зэрэг болно.
2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 13-01 тоотод байх иргэн Ч.Сгийн гэрээс эд зүйл алдагдсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хууль бусаар орон байранд нэвтэрч эд зүйл алдагдсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хүн байнга амьдрах зориулалт бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 13-01 тоотод байх иргэн Ч.Сгийн гэрт нэвтэрч МНБС телевизорын кабелын станцыг хулгайлан авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Сгийн “...Тэгэхээр нь би нөгөө хоёр залуугийн хойноос нь гүйж очсон чинь манай зурагтны станцыг нэг залуу барьчихсан явж байсан. Тухайн үед тэр хоёр залуу согтуу байсан ба нэг нь тортой юм барьж явсан. ...Тэр хоёр залуу эгчээ уучлаарай, танайхаас бид хоёр хулгай хийсэн нь үнэн, хохирлыг чинь төлж өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Аийн “...Ч.Н дээрх станцыг салгаж надад өгөхөөр нь би авч гараад Наранбулагийн тийшээ явж байтал араас гэрийн эзэн эгч болон 2 цагдаа ирээд бид 2-ыг барьж авсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Нгийн “...Тиймээс би тэр гэрт нэвтэрч ороод архины мөнгө болчихоор өөр юу байна гээд хартал телевизорын станц байсан. Тэгэхээр нь би тэр станцыг салгаад тайлсан. Намайг станц салгаж байхад Ч.А миний хажууд байсан. Тэгээд би тэр хар өнгийн ММБС-ын станцыг Ч.Ад өгтөл өвөртөө хийгээд / цамцныхаа энгэрт/ байсан...” гэх мэдүүлэг, болон хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд тэдний бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.А, Ч.Н нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Н, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлаагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хуульчилж өгөөгүй, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй юм.
Шүүхээс шүүгдэгч С.А, Ч.Н нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч С.А, Ч.Н нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.А, Ч.Н үйлдсэн хэрэгтээ гэмшиж, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нар нь бага насны хүүхэдтэйгээ амьдардаг, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А, Ч.Н нарт холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд заасан боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ганц бие эцэгт оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулна гэж заасан байх тул хэрэглэх боломжгүй байна, харин шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хохирогч Ч.Сг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд Шүүх, сэтгэц гэм судлалын магадлагаагаар хохирогч Ч.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж дүгнэсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.А, Ч.Н нарыг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, хэргийн материалыг танилцуулагүй гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хавтаст хэргийн 16-18 дугаар хуудсанд яллагдагч С.Аөөс, хавтаст хэргийн 31-33 дугаар хуудсанд яллагдагч Ч.Нгээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл тус тус тусгагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд яллагдагч нар нь өмгөөлөгч оролцуулахгүй мэдүүлэг өгнө гэж мэдүүлж, мэдүүлгийг уншиж танилцан гарын үсгээ зурсан, мөн хавтаст хэргийн 41-42 дугаар хуудсанд хэргийн материалтай уншиж танилцсан санал хүсэлтгүй талаараа өөрсдөө бичиж гарын үсэг зурсан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдан, шүүгдэгч Ч.Нгийн 2018 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл, 2018 оны 05 сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 115 хоног, шүүгдэгч С.Аийн 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 13-ны өдөр хүртэл, 2018 оны 01 сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл, 2018 оны 05 сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 128 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С ын А, Б овогт Ч ын Н нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Аийг 1 /нэг/ жил, шүүгдэгч Ч.Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон 128 хоног, шүүгдэгч Ч.Нн цагдан хоригдсон 115 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.А, Ч.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР