Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/210

 

  2025            02             06                                        2025/ДШМ/210

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар  даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

цагаатгагдсан этгээд Б.Б-н өмгөөлөгч Н.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1331 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Билгүүний бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлээр Б.Б-д холбогдох 2402 00623 0364 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт 000 дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хар өнгийн гялгар ууттай, нийт 11.8 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-г цагаатгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “№1 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 2.4 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай ургамал мэт зүйл 9.4 грамм, №3 гэж дугаарласан зиплок уутанд хуванцар гуурс мэт зүйл 1 ширхэг, шилэн сав мэт зүйл 2 ширхэг зэргийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Б.Б-д холбогдох эрүүгийн 2402006230364 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Билгүүн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “...хавтаст хэргийн 7 дахь талд Нэгжлэг хийсэн тэмдэглэл байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1, 24.2, 24.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяагаас харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэнээр 00 дүүргийн 00 дугаар хороо 00 дүгээр байрны 00 тоот байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэжээ. Нэгжлэг хийсэн тэмдэглэлд хойшлуулшгүй тохиолдол гэж тэмдэглэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1, 24.2, 24.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлээр буюу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гэж мөн тэмдэглэлд дурдсан нь ойлгомжгүйгээс гадна хуульд заасан журам, хэлбэрийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийг удирдлага болгох нь зүйтэй юм.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасан зөвшөөрөл авах санал, зөвшөөрөл олгосон шийдвэр зэрэгт тусгасан хууль зүйн шаардлагыг хангасан мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрлүүд хэрэгт авагдаагүй байна. ...Хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол гаргах хууль зүйн урьдач нөхцөл нь зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хойшлуулшгүй тохиолдолд..” явуулсан мөрдөн шалгах ажиллагаа юм.

...Тодруулбал сэжигтний гэрт хойшлуулшгүйгээр нэгжлэг хийхдээ хөтөлсөн тэмдэглэлд “...том өрөөнд ногоон буйдан дээр хар өнгийн цүнхийг онгойлгоход гялгар ууттай өвс байсан” тухай дурджээ. Гэтэл нэгжлэгийн үед гэмт хэргийн ул мөр болох хар тамхийг устгах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх гэж байсан тухай дурдагдаагүй байгаа нь хойшлуулшгүй тохиолдолд хамаарахааргүй байжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...нэгжлэгийг прокурорын зөвшөөрөлд зааснаас бусад зүйлийг илрүүлэх зорилгоор явуулахыг хориглоно. Нэгжлэгээр хайж байгаа зүйлийг илрүүлсэн бол нэгжлэгийг даруй зогсооно” гэжээ.

Гэтэл нэгжлэгийн үр дүнд хар тамхийг илрүүлсэн атлаа мөн өдрөө үргэлжлүүлэн хүний биед үзлэг хийсэн (хх 12) байх бөгөөд үзлэгийн үеэр нүцгэн зураг авсан, хүний биеэс биологийн дээж авсан (хх 5-16) нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “...тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

...Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус хуульчилжээ.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж цуглуулсан нэгжлэг хийх тухай тэмдэглэл (хх 07) болон Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 275 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх 5-6), Шүүгдэгч Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх 16), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5211 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх 31-32)-ыг тус бүр нотлох баримтаас хасаж, шүүхээс үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Гэтэл хавтаст хэргийн 2 дахь талд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “00 дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар хороолол 00 дүгээр байрны 00 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалж байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно ... 1.1-т “үзлэг хийх”, ... 1.4-т “хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах” гэж тус тус заасан.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно гэж заасны дагуу мөрдөгчөөс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан даруйд 00 дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар хороолол 00 дүгээр байрны 00 тоотод нэгжлэг хийх ажиллагааг явуулж, эд зүйл хураан авсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл нь хэргийн 7-10 дугаар хуудсанд авагдсан.

Уг нэгжлэгийн тэмдэглэлд “...хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1, 24.2, 24.3 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, эд мөрийн баримт байгаа, устгаж гэмтээх, нуун дарагдуулахгүй байх зорилгоор Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Гэрэлтуяад холбоо харилцааны хэрэгслээр мэдэгдсэнээр 00 дүүргийн 00-р хороо 00-р байрны 00 тоот байранд нэгжлэг хийх ажиллагааг ...эхлүүлэв” гэж дурдаж, нэгжлэгийн явцад хар өнгийн гялгар ууттай, хоёр хэсэг нунтаг ногоон “өвс”, шилэн хэрэглүүр зэрэг гарч ирснийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авсан.

Мөрдөгч уг тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1, 24.2, 24.3 дугаар зүйл буюу нэгжлэг хийх ажиллагаанд баримтлах журам түүнчлэн мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хойшлуулшгүй тохиолдолд явуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулахаас өмнө прокурорт даруй мэдэгдсэн талаар тэмдэглэснийг шүүхээс уг тэмдэглэлийг ойлгомжгүй, прокурорын зөвшөөрөлтэй явуулсан мэтээр дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1, 24.2, 24.3 дугаар зүйлийг удирдлага болгосон нь буруу гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илт буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь хойшлуулшгүй тохиолдолд явуулсан нэгжлэг хийх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хүчинтэйд тооцуулах санал, тайлбар ирүүлснийг прокуророос хянаад 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 275 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай прокурорын тогтоол үйлдсэн нь хэрэгт авагдсан.

Дээрх мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, журамд нийцсэн байхад шүүхээс үндэслэлгүйгээр хууль зөрчсөн гэж дүгнэж нотлох баримтаас хасаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн цагаатгах тогтоолд орон байранд нэгжлэг хийж эд зүйл хураан авсан атлаа үргэлжлүүлэн хүний биед үзлэг хийсэн, биеэс биологийн дээж авсан зэрэг ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоох зорилгоор хүний биед үзлэг хийсэн, биеэс биологийн дээж авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд дээрх ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шалгаж тогтооход зайлшгүй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа юм.

Тодруулбал дээрх ажиллагааг хийснээр шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж улмаар түүнд донтсон болох нь тогтоогдож байгаа тохиолдолд түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх, биедээ сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эмийг хадгалж байгаа эсэхийг шалгаж тогтоосноор Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчим хангагдах үндэс болох юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5211 дугаартай дүгнэлтээр Б.Б-н биологийн дээжээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй бодис илэрсэн бөгөөд түүний орон байрнаас хураан авсан бодисоос Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5210 дугаартай дүгнэлтээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol), харин шилэн гуурс мэт зүйлээс метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй бодис буюу 2 өөр төрлийн бодис илэрсэн уйл баримт нь нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулаагүй бол эд мөрийн баримт устах, нуун дарагдуулах, үрэгдэх бодит аюул байсан болох нь тогтоогдож байгаа болно.

Иймд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаа, цугларсан нотлох баримтыг шүүхээс хууль зөрчсөн гэж дүгнэн нотлох баримтаас хасаж Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1331 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн дурдаж байгаа нэгжлэг хийх ажиллагаа нь прокурорын зөвшөөрөлтэй хийгдэх ёстой ажиллагаа байдаг. Харин зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдолд нэгжлэг хийж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1, 2, 3 дугаар зүйлийг тус тус удирдлага болгосон нь буруу байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн нэгжлэгийг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийг удирдлага болгох ёстой байсан. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөгчийн хийх ажиллагаанд прокурор тухайн нэгжлэг хийх хэмжээ хязгаарыг тогтоож өгдөг. Тухайн зөвшөөрлөөс хэтэрсэн тохиолдолд тухайн нэгжлэг хийж байгаа ажиллагаа нь хууль зөрчсөн гэдэг үр дагавар үүсдэг. Хойшлуулшгүй тохиолдолд тухайн хэмжээ хязгаар урьдчилан тогтоогдоогүй байдаг бөгөөд мөрдөгч өөрийн эрх, хэм хэмжээний хүрээнд нэгжлэг хийгээд дараа нь прокурорт шилжүүлснээр хүчинтэйд тооцох эсэх асуудал яригдана. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолд хэрэгт авагдсан. Тухайн тогтоолд мөрдөгч нь прокурорт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан урьдчилж мэдэгдсэн гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд мөрдөгчийн саналд Нийслэлийн прокурорын газын хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын хяналт тавих хэлтсийн дарга Гансүхэд харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж урьдчилж мэдэгдсэн гэж байна. Гэтэл нэгжлэг хийсэн тэмдэглэлд Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын газрын 2 дугаар хэлтсийн дарга Гэрэлтуяад холбоо харилцааны зүйл ашиглаж мэдэгдсэн гэж хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй байгаа нь хийж байгаа ажиллагааны үндэслэлд тохирохгүй байгаа учраа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Мөн гомдол мэдээллийн дагуу тухайн ажиллагаа хийгдсэн гэж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 11.11 дүгээр зүйлд хавтаст хэрэг нь хэрэгт тусгагдсан шийдвэр, баримт бичиг, бусд баримт бичгээс бүрдэнэ. Тус зүйлийн 2 дахь хэсэгт оролцогч бусад оролцогчоос гомдол мэдээллийг хавтаст хэрэгт тусгаж хэрэгт хавсаргана гэж заасан. Гэтэл тухайн баримт нь байхгүй гомдол мэдээлэл байгаа бөгөөд тухайн тэмдэглэл 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 05 минутад гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн аваад худал мэдээлэл хэлбэл хариуцлага хүлээлгэх, хууль сануулах үйл ажиллагаа явуулаад 9 минутын дараа тухайн 2 мөрдөгч 00 дүүрэгт очиж ажиллагаа явуулсан нь харагдаг. Тухайн гомдол мэдээлэл нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй гэсэн агуулгатай мэдээлэл байдаг. Прокуророос эсэргүүцэлдээ тухайн дээжийг шинжилгээнд өгснөөр 2 өөр төрлийн бодис илэрсэн. Тухайн 2 өөр төрлийн бодис илэрч байгаа үйл баримт нь эд мөрийн  баримт устах, нуун дарагдуулах,  үрэгдэх бодит аюул болж байна гэсэн. Тухайн 2 өөр төрлийн бодис илрэх, 1 төрлийн бодис илрэхэд ямар ялгаа байгаа, ямар бодит аюул учирсныг хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тухайн нэгжлэг дээрх байдлаар нэгжлэг хийсэн ажиллагаа нь хуульд заасан журам зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2, Улсын Дээд шүүхийн 2023 оны 31 дүгээр тогтоолын 5.3 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар тохирч байна. Иймд тухайн нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан тул нотлох баримтаас хасаж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дугаар заалтад зааснаар тогтоолыг хүчингүй болгож хуулийн зохицуулалт хүчингүй болгосон байхад прокуророос эсэргүүцэл бичиж байгаа нь хуулийг чанд сахих зарчимд нийцээгүй эсэргүүцэл бичигдсэн байна гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

            Прокуророос Б.Б-г 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байрны 00 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хар өнгийн гялгар ууттай, нийт 11.8 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй” үндэслэл зааж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, цагаатгах талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

            Учир нь, Б.Б-гийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 46, 109/, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх 11/, сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест /хх 16/, шинжээчийн дүгнэлтүүд /хх 31-33, 36-40/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 42-43/ зэрэг эх сурвалж бүхий  баримтуудаар нотлогдсон баримтууд хэрэгт хангалттай цугларсан байхад эдгээр баримтуудыг үнэлэхгүйгээр сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэв.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөнд хамааралгүй хэлбэрийн төдий байж болох техникийн шинжтэй алдааг ялган зааглаж дүгнээгүй атлаа хойшлуулашгүйгээр явуулсан тухайн мөрдөн шалгах ажиллагаа, түүний үр дүнг бүхэлд нь хүчингүйд тооцсон нь буруу болжээ.

            Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаар Б.Б-н орон байрнаас 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хар өнгийн гялгар ууттай, нийт 11.8 грамм цэвэр жин бүхий сэтгэцэд нөлөөт бодис хураан авсан, хураан авсан бодист хийсэн шинжилгээгээр конвенцоор хориглогдсон болохыг тогтоосон зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байна.

Зөвхөн сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон нэгжлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн тэмдэглэлд хуулийн зүйл, хэсгийг удирдлага болсон заалтыг тасалж дүгнэх байдлаар хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй юм.

Б.Б-н гэрт нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зарим зүйлийг алдаатай буюу дутуу бичсэн байх нь ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс Б.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг ханаагүй нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Билгүүний бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024//ШЦТ/1331 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Г.Билгүүний бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 07ы өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                Д.МӨНХӨӨ