Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2025/00967

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Х овогт С.М холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 37,597,847.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С овогтой М нь 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдөр Голомт банктай .......... дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авч, 06 сарын 06-ний өдөр зээлийн хэмжээг 1,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 08 дугаар сарын 23-ний өдөр 700,000 төгрөгөөр, 09 дүгээр сарын 16-ний өдөр 2,000,000 төгрөгөөр, 12 дугаар сарын 03-ний өдөр 15,200,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 43,900,000 төгрөг зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 35,168,550.94 төгрөг, зээлийн хүү 2,392,531.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,765.16 төгрөг, нийт 37,597,847.85 төгрөгийг С овогтой М-с гаргуулж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Г банк ХК-ийн шүүхэд гаргасан 37,597,847.85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч С.М-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 37,597,847.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 37,597,847.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хариуцагч С.М хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч С.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,939 төгрөгийн тал хувь болох 172,970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 172,970 төгрөг, хариуцагч С.М-с 172,970 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 37,597,847.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч С.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,939 төгрөгийн тал хувь болох 172,970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 172,970 төгрөг, хариуцагч С.М-с 172,970 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР