| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0033/З |
| Дугаар | 128/ШШ2026/0801 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:/,
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо,
Маргааны төрөл: Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.П*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2 дахь хэсгүүдийг үндэслэн хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 341 дүгээр тогтоолын С ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар тогтоолоор С ХХК-нд Д******* аймгийн А******* сумын нутаг дэвсгэрт 20 МВт-ын чадалтай нарны цахилгаан станцын эрчим хүчний барилга байгууламж барих дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.
2.2.Тус хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 341 дүгээр тогтоолоор С ХХК-д олгосон дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.
2.3.Дээрх тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлснийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Моос шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Манай С ХХК нь эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед Д******* аймгийн А******* сумын нутаг дэвсгэрт Говийн бүсийн нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах 20 МВт-ын хүчин чадалтай байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийг бууруулах Нарны цахилгаан станц барих төсөл боловсруулж, уг төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг 2016 онд Эрчим хүчний шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, Диспетчерийн үндэсний төвөөр горим ажиллагааны тооцоо хийлгэн, Эрчим хүчний зохицуулах хорооны хурлын 100 хувийн шийдвэрээр эх үүсвэр барих 2016/06 дугаартай тусгай зөвшөөрлийг анх авсан болно. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр дугаартай техникийн нөхцөл авч Эрчим хүчний зохицуулах хороонд тариф батлуулахаар хандахад Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа болон тарифын өөрчлөлт, хуримтлууртайгаар эрчим хүч үйлдвэрлэх зэрэг асуудлыг Улсын их хуралд өргөн барьсан тул үүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр хүлээх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос манай С ХХК-д мэдэгдсэн. Энэ хугацаанд манай компани эрчим хүчний тариф батлуулах ажилд хугацаа алдахгүй байх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа хандсан болов ч ямар нэгэн шалтгаанаар аргацааж манай компанийг буцаах болсон. Дээрх үйл баримт нь Эрчим хүчний сайдын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр нотлогдох боломжтой үйл баримт юм. Улмаар Улсын их хурлаар дээрх асуудал шийдвэрлэгдсэний дараа бид тооцооллоо өөрчлөн эрчим хүчний салбарт төрөөс баримталж буй бодлогыг хүндэтгэн дэмжихийн зэрэгцээ, агаарын бохирдлыг бууруулах, улс эх орны эрчим хүчний хэрэглээнд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой уялдуулан өөрийн компанийн төслийн шаардлагатай бичиг баримтыг боловсруулах, Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт Нарны цахилгаан станц-ынхаа суурилагдсан хүчин чадлын 20 хувьтай тэнцэх цэнэг хураагуурыг барьж байгуулан оргил ачааллын үед төвийн эрчим хүчний системд нэмэр болж оролцохоор тооцооллоо шинэчлэн боловсруулсан. Энэ хугацаанд бид төслийн үйл ажиллагааг явуулах газрын асуудлыг баталгаажуулах зорилгоор Д******* аймаг болон тус аймгийн А******* сумдын хооронд үүссэн үл ойлголцол, улс төрийн түлхэлцлийг зохицуулж ажилласны үр дүнд сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/122 дугаар захирамжаар дэд бүтцийн байгууллагын зориулалтаар 40 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх үүсэж 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ олгогдож кадастрын зургийг баталгаажуулсан. Мөн тусгай зөвшөөрөл олгогдсон 2016 оноос эхлэн компанийн зүгээс төслийн үйл ажиллагааг бүхэлд нь санхүүжүүлэх хөрөнгө оруулагч татах зэрэг төслийн бэлтгэл ажлуудыг бүхэлд нь амжилттай хийж гүйцэтгэж ирсэн. Тусгай зөвшөөрөл олгогдсон 2016 оноос хойш дээрх байдлаар нийгэм, улс, төр, эдийн засгийн олон талт хүндрэл бэрхшээлтэй тулгарч цаг тухай бүрд нь шийдвэрлэж явсаар сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох хугацаа ойртож ирсэн бөгөөд компанийн зүгээс бодит байдлаа илэрхийлж Эрчим хүчний сайдад хандаж дэмжлэг хүссэн бөгөөд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эрчим хүчний яамнаас Засгийн газарт өргөн барьсантай холбогдуулан түр хүлээх, Эрчим хүчний зохицуулах хороонд мөн хандах тухай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр А/1280 дугаартай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Улмаар дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтээр тогтоосон хөл хориотой байсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хорооноос 341 дугаартай тогтоол гаргаж манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бөгөөд одоогийн нөхцөлд манай компанийн хэрэгжүүлэхээр зорьж буй төслийг хэрэгжүүлэхэд шууд эергээр нөлөөлөх чухал хүчин зүйл нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Чойр- Сайншандын 220 Квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан горим, техникийн шинэ боломж нэмэгдэж байгаа болно. Дээрх байдлаар манай С ХХК нь техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй шүүмж хийлгэх, Диспетчерийн үндэсний төвөөр горимын тооцоо хийлгэх, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл авах, газрыг дуудлага худалдаагаар авах, кадастрын зураг хийлгэх, Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах, төслийн үндсэн хөрөнгө оруулалт татах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан ажилласаар ирлээ. Гэтэл хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь компанид үүсээд буй дээрх нөхцөл байдлыг бодитой дүгнэж чадалгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 100 дугаар тушаалаар олгогдсон 2016/06 дугаартай тусгай зөвшөөрлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 341 дугаартай тушаал гарган хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зүй нь хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаартай тушаал нь дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байгаа бөгөөд маргаан бүхий захиргааны актын үйлчлэлээр нэхэмжлэгч С ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 341 дугаартай тушаал гаргахдаа дараах хууль, тогтоомж, дүрэм, журмуудыг үндэслэл болгожээ. Үүнд, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэг, 9.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 зүйлүүдийг тус тус үндэслэсэн байх бөгөөд хууль зүйн дээрх үндэслэлүүд нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх хууль зүйн зохицуулалтад хамаарахгүй, тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад илт хууль бус захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт Эрчим хүчний зохицуулах хороо нь ...Энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох... эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий 341 дугаартай захиргааны акт гаргахдаа Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр батлагдсан Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 11.1.3 дахь хэсгүүдийг зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос маргаан бүхий 341 дугаартай захиргааны акт гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нийгэм, цаг үеийн нөхцөл байдал нь дэлхий нийтэд коронавируст Ковид-19 цар тахлын огцом дэгдэлт үүсэж, Монгол Улсын хэмжээнд Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 4 удаа тус тус сунгаж, цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы дэглэм тогтоосон онцгой нөхцөл байдал бүхий цаг үе байсан. Ялангуяа 2020 оны 03 дугаар сард Монгол Улсад анхны коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж 2020 оны 04 дүгээр сар бүхэлдээ хатуу хөл хорионы нөхцөл байдалтай байсан бөгөөд нийгэм, эдийн засагт үүссэн дээрх нөхцөл байдлыг Улсын Их Хурал шуурхай хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан байдаг. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт ... Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана ..., 11.1.1 дэх хэсэгт ... Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх ..., 11.1.2 дахь хэсэгт ... Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх..., 11.1.3 дахь хэсэгт ...Энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх... гэх хуулийн шаардлагуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлага болгон хуульчилсан бөгөөд хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3 дахь хэсгүүдэд тавьсан хуулийн шаардлага тус бүрийг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо ноцтой зөрчиж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.
2.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт .. Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө... гэж заасан. Гэтэл хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 4 удаа тус тус сунгаж, цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы дэглэм тогтоосон онцгой нөхцөл байдал бүхий цаг үед ялангуяа 2020 оны 03 дугаар сард Монгол Улсад анхны коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж 2020 оны 04 дүгээр сар бүхэлдээ хатуу хөл хорионы нөхцөл байдалтай байсан цаг үед ... Шийдвэрлэх асуудлаа Зохицуулагчдын зөвлөлийн хурал...-аар хэлэлцүүлэлгүй, хуульд зааснаар ...эзэмшигч С ХХК-ийг тухайн хуралд оролцуулалгүй шийдвэр гарган тухайн шийдвэрээ үндэслэж маргаан бүхий илт хууль бус захиргааны акт гаргаж байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Мөн маргаан бүхий захиргааны актыг гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэгт ...Үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх... гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч С ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус юм. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 341 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэл болсон Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан... гэх үндэслэлийг зааж дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхийг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд олгосон байдаг. Гэвч Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль болон тусгай зөвшөөрөлд заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогч зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг өгнө... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С ХХК-ийн хувьд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт ... Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана... гэж заасан бөгөөд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1/436 дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдэл бүхий албан бичгийг нэхэмжлэгч С ХХК-д холбогдуулан гаргасан атлаа хуульд заасан 30 хоногийн хугацаанд "... Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох... захиргааны акт гаргалгүй хуульд заасан хугацааг хэтрүүлж 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий 341 дугаартай захиргааны актыг гаргаж байгаа нь хариуцагч нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1, 24.4 дэх хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн ноцтой зөрчил болж байна. Мөн хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь маргаан бүхий 341 дугаартай тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг удирдлага болгосон талаар уг тогтоолд тусгасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт ...Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно..., 27.2 дахь хэсэгт ...Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ ..., 27.2.1 дэх хэсэгт ...Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах..., 27.3 дахь хэсэгт Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана..., 27.3.1-д ...Сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл ..., 27.3.2 дахь хэсэгт ... Захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, 27.3.3-д Захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл ..., 27.4-д ... Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна..., 27.4.1 дэх хэсэгт ... Сонсгол зохион байгуулах... 27.4.2-т ... Саналыг бичгээр авах, 27.4.3 дахь хэсэгт ...Биечлэн уулзах..., 27.4.4-д ...Утсаар санал авах..., 27.4.5 дахь хэсэгт ...Цахим хэлбэрээр санал авах..., 27.4.6 дахь хэсэгт ...Төлөөлөгчөөр дамжуулан санал авах...", 27.4.7 дахь хэсэгт ...Бусад ..., 27.5 дахь хэсэгт Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна..., 27.6 дахь хэсэгт ...Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна..., 27.7 дахь хэсэгт ...Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй... гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаартай маргаан бүхий захиргааны актыг гаргах явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагаа явуулах хуульд заасан журмыг хангалгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрсөн болно. Маргаан бүхий 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаар тогтоолын үндэслэл болсон Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт ...Эрчим хүчний Зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Эрчим хүчний тухай хуулийн 24.3, 24.4 дэх заалтуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гаргана..." гэж заасан. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно ..., 14.1.1 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан..., 14.1.2 дахь хэсэгт ... Хуулийн этгээд татан буугдсан ..., 14.1.3 дахь хэсэгт ...Тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон..., 14.1.4 дэх хэсэгт ...Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн..., 14.1.5 дахь хэсэгт ...Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй..., 14.2 дахь хэсэгт ...Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ... гэж заасан бөгөөд хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан маргаан бүхий 341 дугаартай тогтоол нь Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдийг дараах байдлаар ноцтой зөрчсөн байна. Зүй нь хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий 341 дугаартай акт гаргаж нэхэмжлэгч "С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд үндэслэл нь ...Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан... гэх үндэслэлийг заан тогтоолын үндэслэлээ Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 11 дүгээр зүйлийг үндэслэсэн боловч дүрмийн 11 дүгээр зүйлийн үндэслэл болсон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд ... Хугацаа дууссан... гэх хууль зүйн зохицуулалт байхгүй байна. Мөн хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй бөгөөд дээрх хууль зөрчсөн үйл баримтуудын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч С ХХК-ийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүргэсэн байна. Нэхэмжлэлд дурдсан дээрх үндэслэлүүдээр хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэж ...Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ... гэх хууль зүйн зохицуулалтад хамаарахгүй хэм хэмжээг үндэслэн нэхэмжлэгч С ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр олгогдсон дугаартай Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан..., 47.1.6 дахь хэсэгт заасан ... Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй... гэх үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт ...Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна...", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ...Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна... гэж заасан тул нэхэмжлэгч С ХХК-ийн зүгээс хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаартай Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хуульд харшлах зүйлгүй болно. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.2 дахь хэсгүүдийг үндэслэн хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 341 дүгээр тогтоолын С ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөгийн нөхцөл байдалд эрчим хүчний дутагдал улс эх оронд асар их байгаа. Ялангуяа Их Хурлын гишүүд, сайд нараас авхуулаад бүх шатдаа үүнийг дэмжиж байгаа. Бид нар 5 аймаг дээр авагчаа зарлаад улс өөрөө ажиллагаа эрхэлж байна шүү дээ. Тэгэхээр хувийн хэвшлүүд нь бэлэн болчихсон. Энэ аж ахуйн нэгжүүд янз бүрээр хэлмэгдчихсэн гэх юм уу, бэлэн байгаа аж ахуйн нэгжүүдийг нь туслахад үндсэндээ хууль, хяналтын байгууллагад нөлөөлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа учраас манай шүүх хурлын зүгээс тухайн цаг үеийн байдалд нь зохицуулаад бид нарын маргалдсан түвшин дээр дүгнэлт хийгээд энэ төслийг дэмжээд өгвөл бид ч гэсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр хувийн хөрөнгө оруулалттай, бэлээхэн газар нь байгаад төсөл нь бэлэн болчихсон байгаа. Ийм ажил явбал мэдээж бид нарыг цаг хугацаагаар шахсан ч болно. Тийм учраас бид нар үүнийг хийгээд явахад асуудалгүй. Бид нар тэртээ тэргүй орон нутагтаа 220 МВт-ыг төвийн системд нь холбоод өгч байна. Хэрэгцээний 200 МВт-ын 20 МВт нь явчихна гэдэг бол асар том түлхэц юм. Тэгэхээр үүн дээр л зөв шийдвэр гаргаасай гэж хүсэж байна гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч тал Захиргааны ерөнхий хууль болон Тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад заасан зарим нэг процедурыг огт биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй. Хэрэгжсэн боловч энэ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байгаа нөхцөл байдлууд хангалттай тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, сонсох ажиллагаа явуулаагүй. Нөгөө талдаа маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь тодорхой биш байна. Үүнийг техникийн алдаа гэж үзэхгүй. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйл юм уу, 24 дүгээр зүйлийг үндэслэн шийдвэр гарсан уу. Хэрэв нөхцөл, шаардлагын биелэлт хангагдаагүй гэж үзвэл шууд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт байхгүй. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд нөхцөл шаардлагын биелэлтийг хангах хугацааг 30 хүртэл хоногоор өгнө гэсэн хууль зүйн тусгайлсан зохицуулалт байдаг. Үүнийг бид нар гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой болгож дурдсан байгаа. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн 4 дэх хэсэгт энэ талаар тодорхой дурдсан. Нөхцөл шаардлагыг илт хангаагүй юм уу, хугацаа дуусгавар болсон юм уу гэдэг нь үүсгэх хууль зүйн үр дагавар, үүнтэй холбоотой төрийн захиргааны байгууллагаас гаргах захиргааны актын хууль зүйн үндэслэлийн хувьд ч өөр болоод явчихна. Процедурын хувьд ч гэсэн өөр. Хариуцагчаас тайлбарлахдаа хугацаа сунгахгүй байх үндэслэл дотор чинь нөхцөл шаардлагын биелэлт гэсэн хууль зүйн шаардлага байдаг учраас нөхцөл шаардлагын биелэлтээ хангасангүй гэдэг үндэслэлээр бид нар хугацааг нь сунгахгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж тайлбарлаж байна. Хэрэв логик, дэс дарааллаар нь харвал бид нар эргээд нөхцөл шаардлагын биелэлт хангаагүй гэдэг байдлаар захиргааны акт чинь гарах ёстой байсан юм биш үү. Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тохиолдолд бидний яриад байгаа тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл буруу байна. Нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл зөв болж ирнэ шүү дээ. Бид нэхэмжлэлийн шаардлагаа хууль зүйн үндэслэлээ зөвөөр тодорхойлсон тул дэмжиж байгаа. Өнөөдөр нэхэмжлэгч талын ч, хариуцагч талын ч эрх ашгийг хамгаалахын тулд, хэдийгээр маргаан бүхий захиргааны акт гаргасан гээд хариуцагчаар орж ирсэн хэдий ч төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа түүнээс гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэл буюу тодруулж хэлбэл уг захиргааны актын улмаас үр дагавартай холбогдуулаад маргаж байгаа шүүхийн процесст оролцож ажиллаж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ажил үүргийн хуваарьтай холбогдуулаад хүртэл тус сүр дээр хууль зүйн дүгнэлт хийгдээд яригддаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаа хэдүүлээ маргаан бүхий актынхаа хүрээнд бодитойгоор дүгнээд үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж харж байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Биднийг хүлээж авахгүй, танайх дуусчихсан шүү гээд яваад байгаа асуудал биш. Бид нар хоорондоо харилцаад байгаа гэдгээ хэлж байна. Маргаан бүхий захиргааны акт гарсан цагаас хойших үйл баримтыг ч яриад байгаа, гарахаас өмнөх цаг хугацааны үйл баримтыг ч яриад байгаа. 2019 оны 12 дугаар сард хурал хийчхээд нөхцөл, шаардлагын биелэлтээ хурал хийчхээд 2020 оны 01 дүгээр сардаа хугацаатай холбоотой мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгч тал гардаж аваагүй. Нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй үйл баримтыг дурдаад байгаа боловч эцсийн дүндээ маргаан бүхий захиргааны акт чинь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ч гарч байгаа юм уу. Ингээд үзэхээр процессын хуулийнхаа дагуу явсан у гэх зэргээр захиргааны байгууллагыг буруутгах гэхээсээ илүү нэхэмжлэгч талын хүсэл зорилго, хариуцагч тал Захиргааны ерөнхий хууль гэхээсээ гадна салбар хуулиудыг ч зөв хэрэглэх нөхцөл боломжийг олгоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалтад зааснаар хуулийг хэрэглэх боломжтой нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдож байна гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 341 дүгээр тогтоолыг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 9.2-т Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурдын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө;, 24 дүгээр зүйлийн 24.3.1-т Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан;, 24.4-т Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргана;, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл Сонсох ажиллагааг явуулах;, Хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйлд Хүчингүй болгох заалтуудыг тус тус үндэслэн гаргасан болно. С ХХК-аас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг Эрчим хүчний тухай хуулийн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 22 дугаар зүйлийн 22.3 дахь Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана. гэж заасан заалтыг зөрчин 156 хоног хэтрүүлэн ирүүлсэн, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаар тогтоолоор дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэсэн тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй тухай мэдэгдлийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/111 дүгээр албан бичгээр мэдэгдсэн, мөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1/436 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдэж байсан болно. Иймд С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар тогтоолоор дугаартай эрчим хүчний зориулалттай барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. Улмаар 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тусгай зөвшөөрлийг 180-с доошгүй хоногийн өмнө гаргана гэж хуульчилсан. С ХХК-иас хугацаа сунгуулах өргөдлөө 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацааг 156 хоног хэтрүүлсэн учир тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй. Маргаан бүхий 341 дугаартай тогтоол гарах үед С ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан.
Хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн тухайд Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр хурлаар С ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хэлэлцэж хангалтгүй гэж дүгнэсэн. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эрчим хүчний зориулалттай барилга, байгууламжийг барьж ашиглалтад оруулаагүй, ажлын зураг төсөл боловсруулаагүй, экспердиц хийлгээгүй, хөрөнгө оруулагчтай эцэслэн гэрээ байгуулаагүй, барилга угсралтын ажил хийгдээгүй, техникийн болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй, төсөл хэрэгжих газрын гэрчилгээний баримт зөрүүтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгч компанид урьдчилан мэдэгдэж байсан. Нэхэмжлэгчээс зөрчлөө арилгах боломж олгоогүй гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудтай нийцэхгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 12-ы өдрийн албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэхийг шаардсан. Мөн С ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариу өгөхдөө хугацаа сунгуулах хүсэлт гаргах 180 хоногийн хугацаа хэтэрсэн, нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй үнэлэгдсэн. Түүнчлэн нөхцөл, шаардлагын биелэлтийг хянан хэлэлцэх хуралд нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Я.П******* оролцож үнэлгээний дүнтэй санал нийлж байгаа илэрхийлснийг тэмдэглэлд тусгасан.
Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмших, зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх ёстой байсан гэж нэхэмжлэгчээс маргажээ. Гэвч энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үндэслэл нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн арилгаж болох тодорхой нэг зөрчил бус харин тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан явдал юм. Иймд хугацаа дууссан үйл баримтыг зөрчил арилгах хугацаа олгох замаар нөхөн сэргээх боломжгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшиж хуульд заасан журмаар тогтоосон хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргах шаардлагатай байсан боловч С компани уг хугацааг баримтлаагүй.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын тухайд, нэхэмжлэгч 2020 оны ковид цар тахлын нөхцөл байдал болон 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан хуулийг дурдсан байна. 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 341 дүгээр тогтоолыг гаргасан ба нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж тайлбарлажээ. Гэвч С ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа нь Ковид-19 цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдал Монгол Улсад бий болохоос өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Мөн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй. Иймд 2020 онд бий болсон цар тахлын нөхцөл байдал нь 2019 онд дууссан тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх эсхүл хугацааг сунгуулах хүсэлтийн хуулийн хугацааг нөхөн сэргээх эрх зүйн үндэслэл болохгүй.
Сонсгох ажиллагаа явуулаагүй гэсэн тухайд нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргаж байна. Гэвч тухайн асуудлаар С компанитай өмнө нь удаа дараа харилцаж тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн үнэлгээ болон хугацааны асуудлын талаар мэдэгдэж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлээр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан болон холбогдох шийдвэр гаргах нөхцөл үүссэн талаар тус компанид мэдэгдсэн. Мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хэлэлцэх хуралдаанд компанийн төлөөлөл оролцож байр сууриа илэрхийлсэн. Иймд захиргааны байгууллага тухайн этгээдээс мэдээллийг нуун дарагдуулсан, ямар шийдвэр гаргах талаар огт мэдэгдээгүй, байр сууриа илэрхийлэх ямар нэгэн боломж олгоогүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтын тухайд, маргаан бүхий 341 дүгээр тогтоол нь Эрчим хүчний тухай хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулсан дүрэмд үндэслэсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь бодит үйл баримттай тулгуурласан. Захиргааны акт гаргах ямар ч эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус байх шинж бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хуулийн 47.1.6 дахь заалтын үндэслэлийн тухайд, Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргах бүрэн эрх бүхий байгууллага юм. Маргаан бүхий тогтоолыг тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах чиг үүргийн хүрээнд гаргасан С компанийн дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь бодит нөхцөлийн үндэс буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх шинжээр илт бус гэж үзэх нөхцөл бүрдээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж үр дагаврыг зохицуулсан заалт бөгөөд тухайн акт 47.1-д заасан илт бус байх шинжийн аль нэгийг агуулсан нь тогтоогдсон байх шаардлагатай. Маргаан бүхий 341 дүгээр тогтоолын хувьд нэхэмжлэгчийн дурдсан илт хууль бус байдлын үндэслэлүүд нь тогтоогдохгүй тул 47.2 дахь хэсэгт заасан үр дагаврыг хэрэглэх нөхцөл байдал үүсэхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар тогтоолоор С ХХК-нд Д******* аймгийн А******* сумын нутаг дэвсгэрт 20 МВт-ын чадалтай нарны цахилгаан станцын эрчим хүчний барилга байгууламж барих дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон байна.
2.2.Д******* аймгийн А******* сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Дэд станцаас зүйн хойш 1.3 км-т нэгж талбарын дугаартай 400000 м.кв газрыг Дэд бүтцийн байгууллага зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон бөгөөд нэхэмжлэгч газрын төлбөрт 11,200,000.00 төгрөгийг төлжээ.
2.3.С ХХК-иас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр /тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө/-ийн ******* тоот албан бичгээр[1] Тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл-ийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан бөгөөд нэхэмжлэгч компанийн дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.
2.4.Дээрх хүсэлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргах хуулийн заалтыг зөрчсөн, ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус компани тусгай зөвшөөрлийн 2018 оны нөхцөл, шаардлагын биелэлтийн тайланг ирүүлээгүй тул Хангалтгүй гэж дүгнэсэн, ... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг ... үүгээр мэдэгдэж байна... гэх хариуг хүргүүлжээ.[2]
2.5.Үүний дараа Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр хурлаар С ХХК-д олгосон дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийн дүнгийн тухай хэлэлцээд тус компанийн ирүүлсэн тайланд үндэслэн
Тусгай зөвшөөрлийн шаардлагын 4.4-т заасан Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх шаардлагын биелэлтийг БНХАУ-ын P******* ******* g*******-тэй хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны 06 дугаар сарын 14-нд байгуулсан гэж,
4.5-д заасан Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх шаардлагын биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаал гарч С ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл олгосон байдалд шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг гарч, ажилласнаар 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18/12 тоот албан бичигт хавсарган газрын гэрчилгээ ирүүлсэн гэж,
4.6-д заасан Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралтын ил, далд акт, бичиг баримтыг баталгаажуулах шаардлагын биелэлтийг Нарны станцын эрчим хүчний нэгдсэн системд холбох техникийн нөхцөл 2017 оны 08 дугаар сарын 04-ний ******* дугаартай олгогдсон гэж, бусад нөхцөл, шаардлагын биелэлт хангагдаагүй гэж дүгнээд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2 хувиар үнэлгээ өгч Хангалтгүй гэж дүгнэжээ.
2.6.Уг хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.П******* С ХХК-ийн хувь нийлүүлэгчээр оролцсон ба Эрчим хүчний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай 536 дугаар тогтоолоор С ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хангалтгүй гэж дүгнэж, уг тогтоолыг компанийн гүйцэтгэх захирал А.Ц хүлээн авсан болох нь явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтрээр[3] тогтоогддог.
2.7.Үүний дараа Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/111 тоот албан бичгээр С ХХК-нд ... дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт ирүүлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг зөрчсөн, Хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар танай компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хэлэлцээд Хангалтгүй гэж дүгнэсэн тул танай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй болсон мэдэгдэж байна гэж,
2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/436 тоот албан бичгээр ...тусгай зөвшөөрлийн хугацаа ...дууссан тул Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1-д заасан үндэслэлээр дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.
2.8.Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар хурлаар С ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай асуудлыг хэлэлцээд хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тогтоолын төслийг баталсан, уг хуралд нэхэмжлэгч компанийн төлөөлөл оролцоогүй байна.
2.9.Хэрэгт авагдсан Явуулсан бичгийн бүртгэлд[4] С ХХК-нд сонсох ажиллагааны хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/436 тоот албан бичгийг хүлээн авсан этгээд тодорхойгүй, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/111 тоот албан бичгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайн үед улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны хаягаас өөр хаягаар, тодруулбал байрны тоот хаягаар[5] хүргүүлэх байсныг байрны тоот хаягаар[6] хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.Хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтад заасан захиргааны актыг илт хууль бус байх болон хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, сонсох ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл хүчингүй болгох Эрчим хүчний зохицуулах хорооны хуралд нэхэмжлэгч компанийн төлөөллийг оролцуулаагүй зэрэг хууль бус байх үндэслэлийг дурдан маргасан.
3.2.Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан бөгөөд холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь хууль бус захиргааны актад тооцох үндэслэлд хамаардаг, илт хууль бус болон хууль бус захиргааны акт хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд юм.
3.3.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: гээд 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тус тус захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг хуульчилсан.
3.4.Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт гаргах хуулийн ямар нэг үндэслэл байхгүй, хуульд заагаагүй үндэслэлээр захиргааны гаргасан, захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл огт хэрэглээгүй, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлсэн захиргааны акт гаргасныг, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэгт тухайн захиргааны байгууллагын хууль тогтоомжоор тогтоосон чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасныг тус тус ойлгоно.
3.5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сонсох ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл цуцлах талаар хэлэлцсэн Эрчим хүчний зохицуулах хорооны хуралд тусгай зөвшөөрөл эзэмшигч С ХХК-ийг оролцуулаагүй, хариуцагч зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1, 24.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулгаар тайлбарлаж байх боловч эдгээр нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлд хамаарахгүй.
3.6.Тодруулбал, захиргааны байгууллага хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдээгүй байхад захиргааны акт гаргасан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргасан буюу хариуцагч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлт хангалтгүй гэж үзсэн хэрнээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийг буруу хэрэглэсэн, тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгснөөс хойш 30 хоногт багтаан хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломж олгоогүй зэрэг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан үндэслэлүүд нь хууль бус захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамаарахаас бус захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлд хамаарахгүй, иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
3.7.Маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1, 24.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, тус Хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 11 дүгээр зүйлийг тус тус баримталжээ.
3.8.Эдгээрээс эрх зүйн голлох үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалт байна.
3.9.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг заасан байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.10.Мөн маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалтад тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлийг хуульчилсан, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасан аж ахуйн харилцааны дүрэм батлах бүрэн эрхийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооноос 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 11.1-д ЭХЗХ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1, Эрчим хүчний тухай хуулийн 24.3, 24.4 дэх заалтуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гаргана гэж заасан байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн нарийвчилсан үндэслэлийг хэрэглэж шийдвэр гаргасан байх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
3.11.Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийн дугаартай тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр бус, Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон байх тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байсан эсэх нь маргааны тухайд ач холбогдолгүй юм.
3.12.Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.
3.13.С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дүгээр тогтоол гарсан үе нь дээрх Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 02 дугаар сараас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үетэй давхацсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт байна.
3.14.Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг нэг мөр хангана:, 11.1.1-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх, 11.1.2-т үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх, 11.1.3-т энэ хуулийн 11.1.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх гэж заасан.
3.15.Хуулийн энэхүү зохицуулалт нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалттай холбогдуулан уг цар тахлаас өөурьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах шаардлага, нөхцөлийг заасан хуулийн зохицуулалт байхаас бус маргаан бүхий энэ тохиолдолд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд шууд үндэслэл болгон хэрэглэх эрх зүйн үндэслэлд хамаарахгүй, учир нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 341 дүгээр тогтоол нь иргэний Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэр биш, харин С ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны шийдвэр байна.
4.1.Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 8-д ... Нэхэмжлэгч нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг хүчингүй болгох боломжтой, энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан агуулгад хамаарахгүй ... гэж тайлбарласан.
4.2.Хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр хурлаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга З.Ц*******аас С ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүнг танилцуулсан танилцуулгад[7] Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай тоот албан бичгийг тусгасан, өөрөөр хэлбэл дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тул уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсон мэдэгдлийг танилцуулсан, уг танилцуулгыг танилцуулсан хуралд нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.П******* компанийн хувь нийлүүлэгчийн хувиар оролцож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдахгүй хүлээгдэж байгаа болон хугацаа сунгуулах хүсэлтээ цахимаар, мөн цаасаар ирүүлсэн талаар тайлбар гарган оролцсоноос[8] үзвэл нэхэмжлэгч компанийн төлөөлөл дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй, хугацаа дуусгавар болсон үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг мэдэж байжээ.
4.3.Хэрэв нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр /тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө/-ийн ******* тоот албан бичгээр гаргасан Тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл-ийг хариуцагч шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзсэн бол энэ талаар тодруулж, Эрчим хүчний зохицуулах хорооноос хариу авах, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйн эсрэг шүүхэд нэхэмжлэл гарган маргах эрхтэй нээлттэй байсан боловч нэхэмжлэгч энэ талаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаагүй байна.
4.4.Иймд нэгэнт нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй байх тул Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын холбогдох хэсгийг энэ маргаанд хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхээс энэ маргааны тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргах боломжтой гэх тайлбарыг гаргадаг.
5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан.
5.2.Энэ маргааны тухайд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар захиргааны байгууллагаас С ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангасан эсэхийг шийдвэр гаргах ажиллагааны явцад хянан үзээд Хангалтгүй гэж дүгнэсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлага үүсээгүй, хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй гэж үзлээ.
6.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2 дахь хэсгүүдийг үндэслэн хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай 341 дүгээр тогтоолын С ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ