| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/01155/И |
| Дугаар | 318/ШШ2025/00979 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 318/ШШ2025/00979
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: У аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт Б.Д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн ...... сумын 1 дүгээр багийн иргэн Д.Б нь 2022 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 36 сарын хугацаатай 50 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан авсан байна. Гэвч Д.Б нь гэрээнд заасны дагуу 1,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийж, 1,000,000 төгрөгийн төлөлт хийлгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд иргэн Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг бүрэн төлөлгүй, бусад иргэдэд зээл олгож, дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж, төрийн болон нийтийн аль алинийх нь ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул 1,000,000 төгрөгийг гаргуулж, Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100150037010 тоот дансанд оруулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Д холбогдох 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Б нь 2025 оны11 дүгээр сарын 13-ны өдөр 100150037010 тоот дансанд 1,000,000 төгрөг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Б.Д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.Д-с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР