Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 129

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.А

Шүүгдэгч: Ц.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ц гийн Г т холбогдох 1812000190154  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ,,, суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн  хамт ,,,гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Ц гийн Г /РД:  / 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 09 дүгээр сар, 2017 оны 12 дугаар саруудад  гэх газарт эхнэр Ж.М тэй гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812000190154 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Ж.Мийн өгсөн: 

 

“...Би Ц.Гтай 2004 онд гэр бүл болж одоо 4 хүүхэдтэй. Гэр бүл болсноос хойш 2009 онд анх удаа намайг гэр бүлийн маргаанаас болж зодож байсан. Би тухайн үед нөхөртөө зодуулаад аавынд очсон тэгтэл Ц.Г араас ирээд надаас уучлалт гуйгаад намайг буцаад гэр рүүгээ аваад явж байсан. Тэрнээс хойш 2016 оны 11 сараас эхлээд манай нөхөр Ц.Г саахалт айлын Б гэдэг хүүхэнтэй нэр холбогдох болсон. Би Ц.Гт чамайг хүмүүс Бтай явалддаг гэж яриад байна энэ үнэн юм уу гэж асуусан чинь Ц.Г надад уурлаад чи битгий худлаа хов яриад бай гээд байсан. Тэрнээс хойш л надад байнга уурлаад намайг зодох гээд байдаг болсон. Сая хамгийн сүүлд 2017 оны 12 сарын 15, 16-ны үед байх яг хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна. Манай нөхөр Ц.Г айлаас юм авна гэж худал хэлээд Бынд очсон байсан. Би 5 настай 3 настай, 2 хүүхдээ дагуулаад Бын гэрт очтол Ц.Г тэднийд сууж байсан. Тэгэхээр нь би уурлаад чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Г надад уурлаад чи харанхуй шөнө тэнэх мөрөөрөө тэнэхгүй 2 хүүхдээ дагуулаад тэнээд гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрүүл хийгээд би тэр айлаас түрүүлээд 2 хүүхдээ дагуулаад гэр рүүгээ харих гээд гарсан чинь Г араас морио унаж ирээд намайг мориороо хөөж харанхуй шөнө хүүхэд дагуулаад хүний араас битгий дагаад яваад бай гээд миний нуруу руу гишүүгээр гуядаж цохьсон. Тэгээд 2 хүүхдээ мориороо дайрчих гээд байсан би 3 настай хүүхдээ тэвэрчихсэн байсан. Манай 5 настай хүү айгаад уйлаад байсан. Тэгээд Ц.Г буцаад Бынд очих гээд яваад өгсөн. Би 2 хүүхдээ аваад гэр рүүгээ ороод унтах гэсэн чинь айсандаа зүрх чичрээд унтаж чадахгүй байсан. Шөнө 01 цагийн үед манай нөхөр гэртээ орж ирээд чи хүнтэй утсаар ярьсан уу, аав, ээждээ хов зөөсөн үү? гэснээ утасны залгасан дугаарыг нь шалгаад байсан. Манай нөхрийн нэр холбогдоод байгаа Б гэдэг хүүхэн нь манай нөхрийн үеэл дүү Х гэх хүний эхнэр нь байгаа юм. Ц.Г архи, тамхи хэрэглэдэггүй. Өмнө 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр би Гт чи чинь гэрийнхээ ажлыг хийхгүй Бынх руугаа явчих юм юугаа хийгээд тийшээ яваад байдаг юм бэ гэж хэлсэн чинь надад уурлаад гараа атгаж байгаад миний хүзүү рүү цохьсон тэрнээс хойш толгой өвдөөд, баруун талын чих рүү халуун оргиод өвдөөд байдаг болсон. Бтай айл байдаг Самданшарав, Анхаа гэх хүмүүс Г, Б хоёр явалдаад байна гэж надад хэлсэн. Манай нөхөр Ц.Г, Бын гэрээс салдаггүй, юм л болвол гэрт нь яваад орчихдог, ер нь хардахгүй байхын аргагүй улаан цайм байдалтай байдаг. Х мэддэг, би Хд танай эхнэр чинь манай нөхөртэй явалддаг гээд хүмүүс яриад байна чи тэр талаар сонсож байсан уу гэж асуусан чинь Х огт тоосон шинжгүй байсан. Ямар учраас тоохгүй байгааг нь мэдэхгүй байна. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх  мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/

 

* Хохирогч Ж.Мийн дахин өгсөн: 

 

“...Манай нөхөр Ц.Г 2016 оноос  хойш намайг 5 удаа зодсон. Би зодуулчихаад эмнэлэгт үзүүлж чадаагүй. Миний биед ил харагдах ямар нэг гэмтэл шарх учирч байгаагүй. 2017 оны 09 сард хүзүү рүүгээ цохиулсанаас болоод миний толгой өвддөг болсон. Анх 2016 оны 05 дугаар сард хэдний өдөр байсныг санахгүй байна манайх ганц гэрээрээ Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг Тээгийн бэл гэх газар хаваржаандаа байсан. Тухайн үед манайд Гийн хойд эцэг Ч ирсэн байсан. Г Бынд ойр ойрхон очоод байхаар нь би уурлаад битгий Бынд очоод байгаач ажлаа хий гэж хэлсэн чинь Г надад уурлаад гэрт байсан эвдэрхий хөгжмийг аваад над руу шидсэн чинь миний баруун талын чих рүү оносон, тэгээд Г намайг дахиад цохих гээд дайрсан чинь Ч ах Гийг салгасан. Г намайг ална гээд дайраад байсан. Хөгжимөөр цохиулсаны дараа миний баруун чих халуун оргиод өвдөөд байсан, би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. Тэрнээс хойш 2016 оны 05 сарын сүүл 06 дугаар сарын эхээр сургуулийн хүүхэд амарсаны дараа хаваржаан дээр ганц гэр байхад гэрийн ажлаас болоод маргалдаад би уурлаад хажуу айл руугаа явсан чинь араас мотоциклио унаж ирээд намайг дайрах гээд хөөсөн тухайн үед манай хүү Н тэр асуудлыг харсан. 2017 оны 08 дугаар сард манайх Цэнхэр сумын Цэнхэр баг Горьхонт гэх газар зусаж байсан. Манайхтай айл байсан Баяраа ахын эхнэр А эгч байнга архи уудаг байсан тэгээд архи уухаараа Г, Б хоёрыг явалддаг гээд хотны айлуудаар орилоод байдаг. Тэрнээс болоод Г надад уурлаад чи Ад архи өглөө, худлаа хов ярьлаа гээд намайг заналхийлээд А та хоёрыг ална шүү гээд сүрдүүлдэг байсан. Тэрний дараа нь 2017 оны 09 дүгээр сард манайх намаржаандаа буусан байсан. Г Бгийн очоод алга болчихоор нь би Гт уурлаад бид хоёр маргалдсан тэгтэл Г миний хүзүү рүү гараа атгаж байгаад 2, 3 удаа цохьсон, би Гаас зугтаад гэрээсээ гараад гүйсэн чинь миний араас битгий эргэж ирээрэй гээд орилоод байсан. Тухайн үед гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Хүзүү рүүгээ цохиулсанаас хойш миний толгой байнга өвддөг болсон. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын сүүлээр хэдний өдөр байсныг санахгүй байна, айлаар оруулахгүй араас дагаж мөрдлөө гээд Г надад уурлаад шөнө 21 цагийн үед намайг мориор хөөж миний нуруу руу модны гишүүгээр гуядаж цохьсон. Би гишүүгээр цохиулсаны дараа эмнэлэгт үзүүлж чадаагүй байж байгаад 2018 оны 01 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд үзүүлж дүгнэлт гаргуулсан. Надад ямар нэг архаг хууч өвчин байхгүй, цохиулахаас өмнө миний толгой өвддөггүй байсан. Тэрнээс хойш би толгойндоо дахиж гэмтэл аваагүй, би эмчилгээ хийлгээгүй, өвчин намдаах эм уусан. 12 сард миний нуруу руу хүчтэй цохиогүй, дараа нь хөхөрч няцарсан зүйл байхгүй байсан. Тухайн үед миний толгой тархи хөдлөөгүй, 09 сард цохилсанаас болоод толгой өвддөг хэвээрээ байсан. Ц.Г намайг байнга айлгаж сүрдүүлж дарамталдаг зүйл байхгүй, гэр бүлд маргаан гарах үед л уурлаад намайг ална шүү гээд заналхийлдэг. Бид хоёрын маргалдах гол шалтгаан бол Ц.Г Бтай нэр холбогдсон асуудлаас болдог. Г Бгаас салахгүй байнга гэрээр нь орж гараад байдаг би тэрэнд нь уурлаад дургүйцэхээр Г надад уурлаад тэгээд хэрүүл гардаг. Ц.Г намайг юм ярихгүй, зүгээр байхад надаас хэрүүл өддөггүй, надтай харгис хэрцгий хандаггүй. Хүүхдүүдээ зодож, харгис хэрцгий ханддаг асуудал байхгүй. Миний эд хөрөнгө захиран зарцуулах эрхэнд халдсан зүйл байхгүй, би авна гэсэн зүйлээ өөрөө авдаг... ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/

 

Гэрч Ц.Эийн өгсөн:

 

 “...2017 оны 12 дугаар сард байсан яг хэдний өдөр байсанг санахгүй байна манай охин М хөдөөнөөс нөхөртэйгөө хамт манайд ирээд толгой өвдөө байна гээд байсан нөхөр Г нь Мийг эмнэлэгт үзүүлээд хэвт гээд байсан. Тэгтэл маргааш нь Гийн хүргэн ах нь нас бараад ажил явдал гараад тэр хоёр хөдөө яваад өгсөн. 2018 оны 01 сард манай охин М хөдөөнөөс над руу утсаар яриад та намайг ирээд авчих Г гэр орондоо тогтохгүй тэнэж алга болоод байна, би энд баймааргүй байна  гэж ярьсан. Тэгээд би маргааш өглөө нь хамаатны дүүтэйгээ хамт машинтай яваад Мийг авсан. Намайг Ц.Гийнд очсон чинь Ж.М гэртээ байхгүй айлд айлд байж байсан. Тэгээд би Ж.Мийг аваад буцаад сумын төвд ирсэн. 2017 оны 12 сарын сүүлээр гэсэн яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна Г Ж.Мийг гишүүгээр цохьсон гэсэн би тэр талаар сайн мэдэхгүй. Ж.М өөрөө надад тэгж ярьсан. Ж.Мийн ар нуруу руу цохьсон гэсэн ямар гэмтэл учирсаныг нь би мэдэхгүй байна. Тухайн үед хөдөө байсан учраас эмнэлэгт үзүүлж чадаагүй. Одоо Мийн толгой нь өвдөөд хүзүүгээр хөшөөд өвдөөд байгаа бас зүрх нь өвдөөд байгаа. Энэ хоёр гэр бүл болсноосоо хойш 2009 онд манай охин гэртээ ирж байсан. Тухайн үед хоорондоо маргалдсан гэсэн яг ямар зүйлээс болж маргалдсаныг мэдэхгүй байна. Тэрнээс хойш энэ жил 2017 оны намар 09 сард бас гэр бүлийн маргаанаас болоод Ц.Г Ж.Мийн хүзүү рүү нь гараа атгаж байгаад  нэг удаа цохьсоноос болоод одоог хүртэл толгой нь өвдөөд байгаа. Тэгээд саяхан 2017 оны 12 сарын сүүлээр гишүүгээр цохьсон гэсэн. Ж.Мт архаг хууч өвчин байхгүй. Байнга зодож, тарчлаадаг асуудал байхгүй. Гэр бүлийн маргаан үүсэхээр л гар хүрэх гээд байдаг. 09 сард цохиулахаас өмнө Мийн хүзүү, толгой нь өвддөггүй эрүүл байсан. Цохиулснаасаа хойш байнга л толгой өвдөөд, хүзүү хөшөөд байна гэдэг болсон, эмнэлэгт үзүүлээгүй. Ц.Г Ж.М хоёр өөрсдөө мэдэж байгаа, М тэр талаараа манай өвгөн бид хоёрт ярьсан өөр мэдэх хүн байхгүй байх...” гэх мэдүүлэг  /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Дгийн өгсөн:

 

 “...Би тухайн үед Ц.Гийнхтай айл байгаагүй учраас юу болсон талаар сайн мэдээгүй, дараа нь Ж.М надад Г намайг зодсон миний толгой руу цохьсон гэж ярьдаг байсан яг яаж зодсоныг мэдэхгүй байна. 2017 оны 12 дугаар сард Ц.Г, Ж.М хоёр хоорондоо хэрүүл хийгээд Ж.М нь аав, ээжийнхээ гэр рүү явсан байсан. Яг ямар асуудал болсонг мэдэхгүй байна, зодож цохьсон талаар мэдэх зүйл байхгүй. Ц.Г дуу цөөтэй, архи дарс ууж агсам согтуу тавьдаггүй даруухан хүн. Эхнэрийгээ зодож дарамталж харгис зан гаргах хүн биш Ц.Г, Ж.М хоёр ойр зуур гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалддаг байх гэхдээ сүртэй хэрүүл зодоон хийдэг асуудал байхгүй. Сүүлийн үед Ж.М нь Ц.Гийг хүнтэй хардаад гэр бүлд нь маргаан гардаг болсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/

 

Шинжээч эмч С.Хийн өгсөн: 

 

“...Миний гаргасан дүгнэлт үнэн зөв. Би шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу 2018 оны 01 сарын 02-ны болон 02 дугаар сарын 02-ны өдөр Ж.Мийн биед үзлэг хийж тус тус дүгнэлтээ гаргасан. 2018 оны 01 сарын 02-ны өдөр үзлэг хийхэд 2017 оны 09 сард зодуулсан тухайгаа яриагүй, 2017 оны 12 сарын дундуур гишүүгээр цохиулсан гэж үзүүлсэн бөгөөд Ж.Мийн биед тархи доргилтын шинжүүд илэрч харин гишүүгээр цохьсон гэх газар ямар нэг гэмтэл түүний ул мөр илрээгүй. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ирж үзүүлэхдээ 2017 оны 09 дүгээр сард өөрийн нөхөр Ц.Гт шилэн хүзүүрүүгээ 2 удаа цохиулсан гэх өгүүлэмжтэй, тархи доргилтын шинжүүд хэвээрээ, гараараа хүзүү рүү цохьсон гэх газарт ил харагдах гэмтэл түүний ул мөргүй байсан. Ж.Мийн энэ гэмтэл цаг хугацааны хувьд 2017 оны 09 дүгээр сард үүссэн байх боломжтой. 2017 оны 09 дүгээр сард хүзүү рүүгээ 2 удаа гараар цохиулж тархи доргилт гэмтэл аваад тархины цусан хангамжийн алдагдлыг арилгах, тархины хаван бууруулах эмийн эмчилгээ болон бариа засал эмчилгээ тууштай хийлгээгүй тохиолдолд тархи доргилтын шинжүүд хэвээр үргэлжлэх бөгөөд цаашид тархи сульдалт, гавлын дотоод даралт ихсэлт болон тархины архаг наалдангат үрэвслээр хүндрэх аюултай байдаг. Гэмтэл авсан тухайн үед болон дараа нь дээрх эмчилгээг тууштай хийлгэсэн бол гэмтэл нь эдгэрэх бүрэн боломжтой. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийхэд, тухайн үед хүзүү хөшөөд халуун оргиод байсан одоо толгой байнга өвдөнө, хүзүү хөшинө, баруун чих рүү халуун оргино гэсэн зовиуртай тархи доргилтын 2 шинж илэрч байсан. 02 дугаар сарын 02-ны өдөр үзлэг  хийхэд 2017 оны 09 дүгээр сард хүзүүрүүгээ гараар цохиулсан гэх тухайн үед хүзүү хөшөөд халуун оргиод байсан, одоо толгой, нугасруугаа байнга халуун оргиж өвдөнө, баруун чихрүү халуун оргино гэсэн зовиуртай тархи доргилтын шинжүүд хэвээр илэрч байсан. Зовиуруудаас үзэхэд тархи доргилт даамжран удсан, гавлын дотоод даралт ихсэх үед илэрдэг шинжүүд илэрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63  дугаар тал/ 

 

* Яллагдагч Ц.Гийн өгсөн: 

“...Би Ж.Мтэй гэр бүл болоод 14 жил болж байна энэ хугацаанд хаяа нэг гэр бүлийн ажил төрөл гээд ойр зуурын асуудлаас болоод маргалдах үе байсан гэхдээ зодоон цохион хийж салж нийлэхдээ тултал асуудал гардаггүй байсан. Сүүлийн үед манай эхнэр Ж.М намайг нутгийн Б гэх хүүхэнтэй харддаг болсон тэрнээс болоод бид хоёр хэрүүл хийдэг болсон. 2017 оны 09 дүгээр сарын эхээр байсан байх хэдний өдөр байсныг санахгүй байна манай эхнэр Ж.М намайг Бгийнд очлоо гээд уурлаад хэрүүл хийгээд над руу дайраад байсан тэгэхлээр нь миний уур хүрээд Ж.Мийн шилэн хүзүү рүү нь гараараа нэг удаа цохьсон тэгтэл Ж.М гэрээс гараад зугтсан. Тэр явдлаас хойш 2017 оны 12 дугаар сарын дундуур байсан байх яг хэдний өдөр байсанг санахгүй байна би орой 19 цагийн үед Бгийнд ороод хууч хөөрөөд сууж байсан чинь манай эхнэр Ж.М араас орж ирээд гэрт орохгүй айлаар тэнэж алга боллоо гээд над руу сандал авч шидээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би Ж.Мийг аваад гэрлүүгээ явсан би морьтой явж байсан болохоор морио унаад явсан манай эхнэр хүүхдээ тэврээд гэрлүүгээ явсан. Манай гэр Бгийн гэрээс 100 м орчим зайтай байдаг. Манай эхнэр бид хоёр гэрлүүгээ явах замдаа хэрэлдээд би уурандаа газар байсан модны гишүү аваад Ж.Мийг айлгах гээд ар нуруу руу нь гуядаад зөөлхөн цохьсон өөр ямар нэг байдлаар зодож цохьсон асуудал байхгүй. Манай эхнэр Ж.Мт архаг хууч өвчин байхгүй 2017 оны намар 09 сараас хойш толгой өвдөөд байна гээд хаяа ярьдаг болсон. Манай эхнэр Ж.Мийн бие зүгээр болсон, Ж.М бид хоёр одоо хамт амьдарч байгаа, бид хоёр хоорондоо эвлэрсэн, би эхнэрийнхээ хохирлыг барагдуулсан ямар нэг гомдол саналгүй...” гэх мэдүүлэг хх-ийн 69-71 дүгээр тал/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 29 тоот шинжээч эмч С.Хийн: 

 

“...Ж.Мийн биед, тархи доргилт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана…” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 74 тоот шинжээч эмч С.Хгийн: 

 

“...Ж.Мийн биед, тархи доргилт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд 2017 оны 9 сард гараар хүзүү рүү цохих үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр гаргана…” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар тал/ 

 

* Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас/75-76 дугаар тал/  зэрэг болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 09 дүгээр сар, 2017 оны 12 дугаар саруудад Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Дээд тээг гэх газарт шүүгдэгч Ц.Г нь  Ж.Мтэй гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 09 дүгээр сар, 2017 оны 12 дугаар саруудад Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Дээд тээг гэх газарт өөрийн эхнэр Ж.Мийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ж.Мийн “...Тэрнээс хойш л надад байнга уурлаад намайг зодох гээд байдаг болсон. Сая хамгийн сүүлд 2017 оны 12 сарын 15, 16-ны үед байх яг хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна. Манай нөхөр Ц.Г айлаас юм авна гэж худал хэлээд Бынд очсон байсан. Би 5 настай 3 настай, 2 хүүхдээ дагуулаад Бын гэрт очтол Ц.Г тэднийд сууж байсан... Тэгээд бид хоёр хоорондоо хэрүүл хийгээд би тэр айлаас түрүүлээд 2 хүүхдээ дагуулаад гэр рүүгээ харих гээд гарсан чинь Ц.Г араас гарч ирээд морио унаж ирээд намайг мориороо хөөж харанхуй шөнө хүүхэд дагуулаад хүний араас битгий дагаад яваад бай гээд миний нуруу руу гишүүгээр гуядаж цохьсон. Тэр шөнө 01 цагийн үед манай нөхөр гэртээ орж ирээд чи хүнтэй утсаар ярьсан уу, аав, ээждээ хов зөөсөн үү? Гэснээ утасны залгасан дугаарыг нь шалгаад байсан. ...Г Бынд ойр ойрхон очоод байхаар нь би уурлаад битгий Бынд очоод байгаач ажлаа хий гэж хэлсэн чинь Г надад уурлаад гэрт байсан эвдэрхий хөгжим аваад над руу шидсэн чинь миний баруун талын чих үү оносон, тэгээд Г намайг дахиад цохих гээд дайрсан чинь Ч ах Гийг салгасан, миний баруун чих халуун оргиод өвдөөд байсан, би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. 2017 оны 09 дүгээр сард манайх намаржаандаа буусан байсан. Г Бгийн очоод алга болчихоор нь би Гт уурлаад бид хоёр маргалдсан тэгтэл Г миний хүзүү рүү гараа атгаж байгаад 2, 3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Эийн “...2018 оны 01 сард манай охин Ж.М хөдөөнөөс над руу утсаар яриад та намайг ирээд авчих Ц.Г гэр орондоо тогтохгүй тэнэж алга болоод байна, би энд баймааргүй байна  гэж ярьсан. 2017 оны 12 сарын сүүлээр гэсэн яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна Ц.Г Ж.Мийг гишүүгээр цохьсон гэсэн би тэр талаар сайн мэдэхгүй. Ж.М өөрөө надад тэгж ярьсан. Ж.Мийн ар нуруу руу цохьсон гэсэн ямар гэмтэл учирсаныг нь би мэдэхгүй байна. Тухайн үед хөдөө байсан учраас эмнэлэгт үзүүлж чадаагүй. Одоо Мийн толгой нь өвдөөд хүзүүгээр хөшөөд өвдөөд байгаа бас зүрх нь өвдөөд байгаа. 2017 оны намар 09 сард бас гэр бүлийн маргаанаас болоод Ц.Г Ж.Мийн хүзүү рүү нь гараа атгаж байгаад  нэг удаа цохьсоноос болоод одоог хүртэл толгой нь өвдөөд байгаа. Тэгээд саяхан 2017 оны 12 сарын сүүлээр гүшүүгээр цохьсон гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Дгийн “...Ж.М надад Ц.Г намайг зодсон миний толгой руу цохьсон гэж ярьдаг байсан яг яаж зодсоныг мэдэхгүй байна. 2017 оны 12 дугаар сард Г, М хоёр хоорондоо хэрүүл хийгээд М нь аав, ээжийнхээ гэр рүү явсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Мийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 02-ны  өдрийн 29 дугаартай дүгнэлт,  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 02-ны  өдрийн 74 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ц.Гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн бол өөрийн эхнэрийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийн шинжийг хангаж байна.  

 

Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч Ц.Гийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Ц.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, хохирогчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна дүгнэв. 

 

Хохирогч Ж.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэд дурьдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Ц.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогч гомдол саналгүй  нэхэмжлэх зүйлгүй гэснийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ц гийн Г ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР