Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/183

 

 

 

 

 

 

      2025           02             04                                      2025/ДШМ/183

 

Ш.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ш.М-, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг, Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1008 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ш.М-т холбогдох 2403006940900 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Ш-ийн М, 1981 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...).

Ш.М- нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 08 цаг 02 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “E-mart” худалдааны төвийн урд замд “Toyota Prius” загварын ... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч М.Б-ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Ш.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.М-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ш.М- нь хохирогч М.Б-ийн эмчилгээний зардалд 2,050,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,260,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ш.М-аас гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,180,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Б-т олгохоор, хохирогч М.Б-ийн нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин орлогын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.М- болон түүний өмгөөлөгч нарын хувьд гэм буруугийн тал дээр маргахгүй. Ш.М- нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр буюу гэмт хэрэг болсон цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн үйлдсэн гэм буруугийн тал дээр гэмшиж байгаа. Хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2,050,000 төгрөг төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан энэ гэмтэл нь түүний амьдралын чанар, сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх нь үндэслэл бүхий байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 15,180,000 төгрөг гаргуулахаар заасныг биелүүлэн хохирогчид дээрх төлбөрийг нөхөн төлж, бага ч гэсэн сэтгэл санааг нь дэмжлээ. Хохирогч нь өөрийн гараар “гомдол, саналгүй” гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгнө. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу хохирогч М.Б-ийн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан 1,258,080 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын дансанд төлж барагдуулна. Ш.М- нь эрүүл мэндийн хувьд хүнд хэлбэрийн уналт таталтын зүүн тархины эмгэг өвчийн учир эмчилгээний байнгын хяналтад байдаг бөгөөд энэ нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нотлох баримт, мөн эрүүл мэндийн дэвтэр болон группийн дэвтрээр нотлогддог. Иймд Ш.М-т оноосон 1 жил 1 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны үеэс шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн гаргаж өгсөн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 2,050,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,258,080 төгрөгийг төлж барагдуулсан. Ш.М- нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Ш.М- нь бага наснаасаа унаж, татдаг өвчтэй, 2010 оноос 60-70 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай гэж группт орсон. Мөн байнгын эмийн эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ш.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн байдлаар хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой зардлыг төлсөн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад сэтгэцийн хор уршигтай холбоотой зардал, Эрүүл мэндийн даатгалын зардал төлөгдөөгүй байсан. Тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаагүй. Явган хүний гарцаар гарч байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч М.Б-ийн явган хүний гарцаар гарах гэж байхад нь шүүгдэгч Ш.М- нь тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа мөргөсөн талаар мэдүүлсэн мэдүүлэг (хх 11),

хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай дагз ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх ялтастай цусан хураа, хоёр тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн дух, зулайн элбэн, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн дийн няцрал, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар дүгнэлт (хх 21-22),

шүүгдэгч Ш.М- нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1676 дугаар магадалгаа (хх 93),

Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30- ны өдрийн 374 дүгээр шинжээчийн дүгнэлт (хх 48-51),

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 4-9),

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 100) зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Ш.М- нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 08 цаг 02 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “E-mart” худалдааны төвийн урд замд ... УБТ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч М.Б-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Ш.М-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, тус зүйлд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Шүүх Ш.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээс дээш 5 жил хүртэл хугацаагаар хасаж 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хорих...” гэсэн ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ял оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах талаар гаргасан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авахаас татгалзаж, дээр дурдсан төрөл, хэмжээний ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, тэрээр олон сараар ажилгүй байж эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амссан зэрэг нөхцөл байдалд тохирно гэж үзсэнийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр тооцон, 15,180,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хууль болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд нийцсэн байна гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1008 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М-ын өмгөөлөгч Б.Оюунчимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 53 (тавин гурав) хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН