| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2026/0889/З |
| Дугаар | 128/ШШ2026/0860 |
| Огноо | 2026-09-30 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0860
2026 09 30 128/ШШ2026/0860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: В******* ХХК /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Б.Ө,
Маргааны төрөл: Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн гэх зөрчилд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.Ө нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Б.Баянзул хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ц- дугаартай албан бичгээр иргэн Н.Дийн “бохир ус цуглуулан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн, зэргэлдээ орших орон сууцны барилгын авто замын төлөвлөлтийг өөрчилсөн” гэх НХШ/******* дугаартай гомдол, мэдээллийг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ирүүлж, тус газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дугаартай зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “барилгын зураг төсөл нь хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдэл, газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх хуульд заасан журам зөрчсөн” заалтаар үүсгэж,
2.2. 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар В******* ХХК-д “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй барилгын ажил эхлүүлсэн” зөрчилд 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч барилгын ажлыг үргэлжлүүлэх” байдлаар зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “В******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газартаа үйлчилгээтэй орон сууц барьж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай, 2026 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Барилгын ажил үргэлжилж байхад манай компанийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-ний хугацаа дууссан бөгөөд Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ авахаар холбогдох төрийн захиргааны байгууллагад цахимаар болон цаасаар хүсэлтээ илгээгээд байсан.
Гэтэл Нийслэлийн хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нь 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зөрчлийг гаргасан буюу "хуульд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй;" гэсэн үндэслэлээр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Манай компанийн зүгээс "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-нийхээ хугацааг сунгуулахаар 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий байгууллагад хандсан хэдий ч "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г сунгасан эсхүл сунгахаас татгалзсан эсэх асуудлаар хариу ирүүлээгүй болно.
Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар зөвшөөрөл сунгах хугацааг дараах байдлаар тооцдог.
| № | Зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт | Хуульд заасан ажлын өдөр |
| 1 | 5.5 дугаар зүйлийн 4 | ажлын 2 өдөр |
| 2 | 5.5 дугаар зүйлийн 7.2 | ажлын 3 өдөр |
| 3 | 5.5 дугаар зүйлийн 9 | ажлын 3 өдөр |
| 4 | 5.5 дугаар зүйлийн 10 | ажлын 2 өдөр |
| 5 | Нийт | ажлын 10 өдөр |
Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 16-д "Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийн анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно." гэж заасан байна.
Хуульд зааснаар Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг гарах үед Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар В******* ХХК-ийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-ний хугацаа анх олгосон хугацаагаар сунгагдсанд тооцогдсон байсан болно.
В******* ХХК-ийн "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-ний хугацаа сунгагдсанд тооцогдсон байх үед Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нь хуульд заасан “барилгын ажлын зөвшөөрөл аваагүй барилгын ажлыг эхлүүлсэн” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй байгаа болно.
Иймд Нийслэлийн хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэв.
3.2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ө би, Нийслэлийн Прокурорын газраас 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ц- дугаартай албан бичгээр ирүүлсэн "Зөрчлийн талаар гомдол мэдээлэл шилжүүлэх" тухай албан бичгээр ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж шийдвэрлэсэн.
Хэрэг бүртгэлтийн ажиллагааны хүрээнд 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газрын хууль ёсны төлөөлөгч Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Т*******оос гэрчийн мэдүүлэг авч, холбогдох материалыг татаж шалгахад 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В******* ХХК-ийн БАЗГ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан нөхцөл байдал илэрсэн (зөрчлийн хэргийн хуудас 210) дээрх нөхцөл байдлыг тодруулахаар 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй В******* ХХК-ийн барилгын талбайд үзлэг хийж, гэрэл зургийн үзүүлэлтээр баталгаажуулахад зөвшөөрөлгүй барилгын ажил явагдаж байсан (зөрчлийн хэргийн хуудас 34-40) мөн Хот байгуулалт, хотын стандартын газрын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай албан бичигт "БАЗГ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар сунгалт хийгээгүй" гэх бичгээр нотлогддог (зөрчлийн хэргийн хуудас 223-224).
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн В******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын дагуу дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулан, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж ажилласан болно.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч В******* ХХК нь “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа анх олгогдсон хугацаагаар сунгагдсанд тооцогдсон байх хугацаанд “зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагааг эхлүүлсэн” зөрчил гаргасан гэж үзэж торгох шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгаврын тухайд нэгэнт шүүхэд гомдол гаргахаас өмнө эрх бүхий этгээдээс барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгаж олгосон байсан тул маргах шаардлага үүсээгүй хэмээсэн болно.
Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэрэг, нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн прокурорын газраас шилжүүлсэн иргэн Н.Дийн “бохир ус цуглуулан дамжуулах шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн, зэргэлдээ орших орон сууцны барилгын авто замын төлөвлөлтийг өөрчилсөн” гэх НХШ/******* дугаартай гомдол, мэдээллээр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “барилгын зураг төсөл нь хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдэл, газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх хуульд заасан журам зөрчсөн” заалтаар зөрчлийн хэрэг үүсгэсэн нь, улмаар 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар В******* ХХК-д “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй барилгын ажил эхлүүлсэн” зөрчилд 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь тус тус хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2. Эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ, зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулахдаа холбогдох хууль тогтоомжийг дараах байдлаар буруу хэрэглэснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.
2.1. Гомдол гаргагч иргэн Н.Дийн удаа дараагийн “тухайн барилгын доорх газрын эзэмших эрх, барилгын зөвшөөрлийн баримт бичгүүдийг хууль бус хэмээх” гомдол, нэхэмжлэлээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.
Тухайлбал иргэн Н.Д нарын нэхэмжлэлээр Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас В******* ХХК-д олгосон ******* дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан ерөнхий төлөвлөгөөг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0555 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0668 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 506 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Мөн иргэн Н.Д нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу В******* ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу В******* ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас В******* ХХК-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах” нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0828 дугаар шийдвэрээр баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Ийнхүү өмнө шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар гаргасан гомдлыг дахин хүлээн авч зөрчлийн хэрэг үүсгэн хянан шалгах ажиллагаа явуулсан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан “өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах” гэсэнд нийцээгүйгээс үндэслэлгүй байна.
2.2. Эрх бүхий байгууллагаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 660 м.кв талбай бүхий газар эзэмших эрх олгогдож, газар эзэмших эрхийг үндэслэн 2015 онд үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилгын ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2016 онд Загвар зургийг тус тус баталж, 2017 онд ******* дугаартай, 2025 онд БАЗГ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг В******* ХХК-д олгосон байна.
В******* ХХК-иас 2025 онд олгосон БАЗГ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болохоос өмнө эрх бүхий этгээд болох Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт цахимаар, мөн бичгээр 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 26-26 тоотоор, 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 26-28 тоотоор “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах”-аар хүсэлтээ гаргасан, хүсэлтийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага болох Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хариу өгөөгүй орхигдуулсан нөхцөл байдал хэргийн материалаас тогтоогдож байна.
Улмаар Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар нь улсын байцаагч “зөрчил” гэж үзэж шийтгэл ногдуулсны дараа буюу 2026 оны 8 дугаар сарын 14-ний өдөр БАЗГ ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2027 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж олгосон байдаг.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 14-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасан, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа бол эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.”, 16-д “Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно” гэж тус тус хуульчилсан.
Ийнхүү В******* ХХК эрх бүхий этгээдээс олгосон хүчин төгөлдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу барилгын ажлыг эхлүүлж, үргэлжлүүлж 80 хувьтай гүйцэтгэсэн, БАЗГ******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд зааснаар гаргасныг шийдвэрлэхгүй орхигдуулсан захиргааны байгууллагын эс үйлдэхүй үүссэн тухайн тохиолдолд хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг аваагүй барилгын ажлыг эхлүүлсэн” гэж үзсэн нь захиргааны байгууллагын шийдвэр хууль ёсны байх, бодит нөхцөл байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг аваагүй барилгын ажлыг эхлүүлсэн” бол зөрчилд тооцох заалтыг буруу хэрэглэснээс үндэслэлгүй болжээ.
Тодруулбал нэгэнт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр эхлүүлсэн барилгын ажлын гүйцэтгэл 80 хувь хүрсэн, барилгын ажлыг үргэлжлүүлэхээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хандсан, хүсэлт нь шийдвэрлэгдээгүй, улмаар анх олгогдсон хугацаагаар сунгагдсанд тооцогдох хуулиар тогтоосон нөхцөл үүссэн байхад “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй барилгын ажлыг эхлүүлсэн” гэж үзэх нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.” 4 дэх “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.” гэсэн хууль ёсны зарчимд, 1.3 дугаар зүйлийн 1 дэх “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцэхгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, В******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 4, 1.3 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 14, 16, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг тус тус баримтлан В******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч В******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА