Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01843

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01843

 

 

 

 

Хан-уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/01750 дугаар шийдвэртэй Хан-уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй, Я.Цогтсайханыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг гуравдагч этгээд Я.Цогтсайханы давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Я.Цогтсайхан нь архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, нийгмийн хэв журмыг зөрчиж, орон гэртээ агсам согтуу тавьж, иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Монгол Улсын Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Я.Цогтсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оноос хойш архи ууж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 27 дугаар байрны сүүдрэвчинд өөрийн найзуудтай архи уудаг. Хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр мөн л найзын хамтаар автобусны буудлын орчимд архи уусан. Би гурван удаа эрүүлжүүлэхэд орж, гурван удаа торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Би гэр бүлээсээ ганцаараа ажил хийж 5 хүүхдээ тэжээдэг учраас архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Би зүрх муутай гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Я.Цогтсайханыг архины албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Я.Цогтсайханыг албадан эмчлэх газарт хүргэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Я.Цогтсайханы давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн шүүхэд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь намайг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдаан зарлаж, миний тайлбарыг сонголгүйгээр Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдсан шийдвэр гаргасан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргээ биелүүлэх, хэрэгжүүлэх боломж олгоогүй бөгөөд уг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд 2014 оноос хойш архи ууж амсаж эхэлсэн гэж тайлбарласан байхад шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт 2014 оноос хойш архи ууж эхэлсэн гэж бичиж байгаа нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан нь илтэд байна. Бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зүйл байхгүй. Ганцаараа ажил хийж 5 хүүхдээ тэжээдэг. Намайг архины албадан эмчилгээнд явуулсанаар миний 5 хүүхдийн сургалтын төлбөрийг хэн төлөх эсэх, хүүхдүүдийн эрх ашиг яаж хөндөгдөж байгааг шүүх харгалзаагүй бөгөөд шүүх хуралдааны үед зүрх өвддөг, эрүүл мэндын байдал муу гэж хэлж байсан. Шүүх шийдвэртээ Я.Цогтсайхан олон нийтийн газар байнга архидан согтуурч, гэр бүл болон иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, агсам согтуу тавьж, удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан нь Я.Цоггсайханы тайлбараар тогтоогдож байна гэсэн боловч гэр бүл болон иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл байхгүй. Энэ талаар манай байрны хүмүүс нотлох болно. Түүнчлэн намайг согтууруулах мансууруулах донтой, өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ дүгнэлтийг гаргахдаа зөвхөн цагдаагийн хэлсэн тайлбарыг үндэслэж гаргадаг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

Я.Цогтсайханыг архины албадан эмчилгээнд хамруулахаар Цагдаагийн байгууллагаас хүсэлт гаргасан. Я.Цогтсайхан нийгмийн хэв журмыг зөрчиж, иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг гэх байдлууд тодорхой бус байна. Түүнчлэн 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тэрээр ямар зөрчил гаргасан нь тогтоогдоогүй. Хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад Хан-уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хангаж, Я.Цогтсайханыг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Мөн Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Эмнэлэг тухайн этгээдийг өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ материал хүлээж авснаас хойш 48 цагийн дотор гаргаж хүсэлт тавьсан байгууллага, иргэнд өгнө гэж, Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоох, эмнэлгийн дүгнэлт гаргах журмын 3 дахь хэсэгт Комисс нь "Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ" "MNS 5396-1:2004 стандартад заагдсан оношлгооны шалгуур шинжийг баримтлан тухайн этгээдийг архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон дүгнэлтээ 48 цагийн дотор хүсэлт тавьсан байгууллага, иргэнд гаргаж өгнө гэж тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар Я.Цогтсайханыг нийгмийн хэв журам зөрчсөн гэх тухайн өдөр нь дүгнэлтээ гаргахдаа дээрх журмын 4 дэх хэсэгт Комисс нь согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдэд Эрүүлийг хамгаалах технологи, Архины шалтгаант сэтгэцийн зан үйлийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ MNS 5396-1:2004 стандартад заасан шинжилгээнүүдээс гадна сүрьеэгийн шинжилгээ /уушигны флюр зураг/, ЭХО-сонографийн шинжилгээ /дотрын цуллаг эрхтнийг шинжлэх/, цус ба шээсний ерөнхий, биохимийн шинжилгээ /элэгний үйл ажиллагааг тодорхойлох/ болон бусад шинжилгээг холбогдох газруудаар хийлгэж дүгнэлтэд хавсаргахаар заасан. Хэрэгт цугларсан баримтанд дээрх шинжилгээг хийлгэсэн гэдэг нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, уг баримтуудыг хүсэлт гаргасан тал гаргаж өгөөгүй. /хх-ийн 13 дугаар тал/

Хэрэгт авагдсан эмнэлгийн байгууллагын дүгнэлт гэх 1 хуудас баримтад хийсэн тэмдэглэгээнүүдээс шинжилгээнд хамрагдсан, эсхүл эрүүл мэндийн байдал, архины албадан эмчилгээ хийлгэхэд харшлах өвчин байгаа эсэх нөхцөл байдалыг тодорхойлох боломжгүй байна. Мөн хэргийн 9-11 дүгээр талд авагдсан баримт болох Я.Цогтсайханыг эрүүлжүүлдэгдэж байсан талаарх тодорхойлолтыг үндэслэн түүнийг согтуурах донтой болсон, архины албадан эмчилгээнд хамруулах нөхцөл байдал үүссэн гэж дүгнэхгүй юм.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээд Я.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Я.Цогтсайханыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/01750 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Цогтсайханыг архины албадан эмчилгээнд явуулж эмчлүүлэх тухай Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Б.НАРМАНДАХ