Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Б.Баярхүү,

шүүгдэгч  Ж.Н,

шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян улааныхан овогт Жагваралын Ж.Н, Тайж овогт Доржготовын Д.Ө нарт холбогдох 1810010920341 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тэжээл бэлчээр судлал мэргэжилтэй,  ам бүл  2, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Ж.Н,

 

2.Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, засварчин  мэргэжилтэй оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Д.Ө,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчим архины үйлдвэр дотор “ажлаа хийсэнгүй гэлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Д.Өтэй маргалдаж улмаар харилцан зодолдож Д.Өийн эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчим архины үйлдвэр дотор “ажлаа хийсэнгүй” гэх шалтгааны улмаас хохирогч Ж.Нтай маргалдаж улмаар харилцан зодолдож Ж.Нгийн эрүүл мэндэд хамрын ясны далд хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ж.Н: “...Мөрдөн шатгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Д.Ө: “...Мөрдөн шатгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

        Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.Өийн “... Ингээд Ж.Нгийн хамтаар конвейр дээр угаагч машин дуу орох шилээ тавьж байхад өдөр 15 цагийн үед Ж.Н “ариун цэврийн өрөө орчихоод ирье” гэж хэлчихээд 10 минут орчим алга болж байгаад эргэж ирсэн. Тэгэхээр нь би “Ж.Нд чи хаашаа алга болчихов, би ганцаараа шил тавьж амжихгүй байна” гэтэл тэрээр надад “наад дээр чинь ганцаараа шил тавьж амждаг, чи яахаараа ганцаараа шил тавьж амждаггүй юм бэ, чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлахаар нь  миний уур хүрээд Ж.Нгийн нүүр лүү нь гараараа түлхэж мангасдсан.Тэгтэл Ж.Н нэг зүйлээр миний толгойны ар хэсэг буюу дагз  орчим руу нэг удаа цохитол цус гарсан. Тэгэхээр нь би баруун гараа атгаж байгаад Ж.Нгийн зүүн хөмсөг орчим нэг удаа цохитол түүний хөмсөг нь задарсан. Ингээд бид хоёр бие биенээ заамдаад, ноцолдож байхдаа би түүний нүүр орчим баруун гараараа дахин 1-2 удаа цохитол хамраас нь цус гарчихсан. Тэгэхээр нь Ж.Н бид хоёр зодолдохоо болиод 2 тийшээ салсан.... тухайн үед миний толгойн ар хэсэг хагарч, Ж.Нгийн хөмсөг задарч хамраас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Хохирогч Ж.Нгийн “би өдөр 15 цагийн үед ариун цэврийн өрөөнд орчихоод ажлын байрандаа буцаад иртэл Д.Ө “хаашаа явчихдаг юм бэ, пизда чинь, ална шүү, үзэх үү” гээд байхаар нь би түүнд “би яасан юм бэ, ариун цэврийн өрөө орчихоод ирлээ, наад шилийг чинь конвейр дээр ганцаараа таслахгүй тавиад байж болоод байдаг” гэж хэлчихээд, ажлаа үргэлжүүлэн хийж байхад Д.Ө нь миний нүүр рүү гараараа мангасдаж түлхээд зүүн шанаа, нүд орчим руу баруун гараараа атгаж байгаад хоёр удаа цохисноо, заамдаж авахаар нь би түүний толгойны ар хэсэг руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгтэл Д.Ө ковейроос холдуулж байгаад буруун гараараа зүүн чих, хөмсөг, нүд орчим руу 3 удаа цохисон, Тухайн үед миний зүүн хөмсгөнөөс цус гараад, зүүн нүд хавдчихсан...Үүний улмаас зүүн хөмсөг язарч, хамар хугарсан. Сүүлд харахад Д.Өийн толгойн ар хэсэг хагараад, цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн шинжээчийн №6116 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн №5440 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Д.Өийн “...Ингээд Ж.Нгийн хамтаар конвейр дээр угаагч машин дуу орох шилээ тавьж байхад өдөр 15 цагийн үед Ж.Н ариун цэврийн өрөө орчихоод ирье” гэж хэлчихээд 10 минут орчим алга болж байгаад эргэж ирсэн. Тэгэхээр нь би Ж.Нд чи хаашаа алга болчихов, би ганцаараа шил тавьж амжихгүй байна” гэтэл тэрээр надад “ наад дээр чинь ганцаараа шил тавьж амждаг, чи яахаараа ганцаараа шил тавьж амждаггүй юм бэ, чамд ямар хамаатай юм бэ, чамд ямар хамаатай юм бэ” гээд уурлахаар нь  миний уур хүрээд Ж.Нгийн нүүр лүү нь гараараа түлхэж мангасдсан.Тэгтэл Ж.Н нэг зүйлээр миний толгойны ар хэсэг буюу дагз  орчим руу нэг удаа цохитол цус гарсан. Тэгэхээр нь би баруун гараа атгаж байгаад Ж.Нгийн зүүн хөмсөг орчим нэг удаа цохитол түүний хөмсөг нь задарсан. Ингээд бид хоёр бие биенээ заамдаад, ноцолдож байхдаа би түүний хүүр орчим баруун гараараа дахин 1-2 удаа цохитол хамраас нь цус гарчихсан.Тэгэхээр нь Ж.Н бид хоёр зодолдохоо болиод 2 тийшээ салаад явсан.Би Ж.Нд эмчилгээний зардал гэж 800.000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Яллагдагч Ж.Нгийн “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний  өдөр 15 цагийн үед ариун цэврийн өрөөнд орчихоод ажлын байрандаа буцаад иртэл Д.Ө “хаашаа явчихдаг юм бэ, пизда чинь, ална шүү үзэх үү” гээд байхаар нь би түүнд “би яасан юм бэ, ариун цэврийн өрөө орчихоод ирлээ, наад шилийг чинь конвейр дээр ганцаараа таслахгүй тавиад байж болоод байдаг гэж хэлчихээд, ажлаа үргэлжлүүлэн хийж байхад Д.Ө нь миний нүүр лүү гараараа мангасдаж түлхээд зүүн шанаа, нүд орчим руу баруун гараа атгаж байгаад 3 удаа цохисон, заамдаж авахаар нь би түүний толгойны ар хэсэг рүү баруун гараа атгаж байгаад хүчтэй цохисон.... Сүүлд харахад Ө-ийн толгойн ар хэсэг хагараад, цус гарч байсан. Би Д.Өийн толгойны ар хэсэгт гараараа цохисоны улмаас түүний толгой хагарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 24, 27 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47,48 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25, 31 дүгээр хуудас/  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ж.Н, Д.Өлзийтөсөр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах архины үйлдвэр дотор “ажлаа хийсэнгүй гэлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Д.Өтэй маргалдаж улмаар харилцан зодолдож Д.Өийн эрүүл мэндэд зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах архины үйлдвэр дотор “ажлаа хийсэнгүй” гэх шалтгааны улмаас хохирогч Ж.Нтай маргалдаж улмаар харилцан зодолдож Ж.Нгийн эрүүл мэндэд хамрын ясны далд хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Өийн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, хохирогч Ж.Нгийн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн шинжээчийн №6116 дугаартай

  1. Д.Өийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх 2018 оны 04 дүгээр сарын 21-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн №5440 дугаартай

  1. Ж.Н-н биед хамрын ясны далд хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
  5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Ж.Н, Д.Ө  нар нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай Прокурорын тогтоолоор тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ж.Н, Д.Ө нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Хохирогч Ж.Нд шүүгдэгч Д.Өөөс 800.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч Д.Ө нь Ж.Нгаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул, тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Н, Д.Ө нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.