Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 36

 

 

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Улаангом сумын 3 дугаар баг, 2-р 64 айлын орон сууцны 21 тоотод оршин суух, иргэн Хөхмаш овгийн Гонгорын Өсөхбаярын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд холбогдох,

      “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/448 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Алтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

        Иргэн Г.Өсөхбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл шинээр томилогдсон Засаг дарга Д.Батсайхан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/448 дугаар захирамж гарган намайг ажлаас халлаа. Намайг ажлаас халсан үндэслэлдээ төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж дурьджээ. Би үр дүнгийн гэрээгээ боловсруулж холбогдох албан тушаалтанд өгсөн бөгөөд үр дүнгийн гэрээнд заагдсан ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн хийж цалингаа авч байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газарт 2001 оноос хойш ажиллаж байх хугацаандаа миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба хийх ажлаа чанартай сайн гүйцэтгэж цалин хөлсөө зохих ёсоор авч ирсэн болно. Би төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан зөрчил гагаагүй бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан шийтгэл хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/448 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Өсөхбаяр намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Г.Өсөхбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие улсад 27 жил тасралтгүй ажилласан. Улаангом коллеж буюу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 12 жил ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хийж байгаад 2001 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Тогоогийн урилгаар аймгийн Засаг даргын төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон. Би төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд тасралтгүй 15 жил ажилласан.

        Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас халсан. Би төрийн албанд ажиллах хугацаандаа хууль журмыг биелүүлж, өөрийн чадах бүхнээ зориулж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж байсан, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал намайг өрөөндөө дуудаж, “та 2016 оны үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй байна, тиймээс таныг ажлаас халахаар болсон” гэж хэлсэн. Би төрийн жинхэнэ албан хаагч болсноос хойш үр дүнгийн гэрээгээ хугацаанд нь тогтмол байгуулж, үр дүнгийн гэрээгээ тогтмол сайн үнэлгээтэй дүгнүүлж байсан. Би 2016 оны үр дүнгийн гэрээгээ хуулийн хугацаанд нь холбогдох албан тушаалтанд  боловсруулаад өгсөн. Би ажлаас халагдах хүртлээ үр дүнгийн гэрээгээ байгуулсан гэж бодож байсан. Тэгээд ч цалин хөлсөө 100 хувь авч байсан. Хэрэв үр дүнгийн гэрээ байгуулаагүй байсан бол холбогдох албан тушаалтан надад 6 сарын хугацаанд сануулж хэлэх ёстой байсан. Би үр дүнгийн гэрээ байгуулагдсан гэж бодож явтал гэнэт нэг өдөр ажлаас халсанд гомдолтой байна. Аймгийн Засаг даргын А/448 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгуулж, төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэж хүсэж байна. Мөн ажилгүй байх хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа, би ээлжийн амралтаа аваагүй байсан учраас ээлжийн амралтын нөхөн олговрыг давхар нэхэмжилж байна. Би 1996 онд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийн шалгалтанд 1 дүгээр байранд орж тэнцээд мэргэшсэн нягтлан болсон ба 2003 онд хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч болсон. Би төрийн албанд 27 жил нягтлан бодогчоор ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Намайг аймгийн Засаг дарга гэнэт халсанд гомдолтой байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

      Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2.1-т: Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй байна.

       Гэтэл тухайн үед ажиллаж байсан нэгжийн менежер болох Ч.Энхбаяр нь үр дүнгийн гэрээ байгуулах талаар удаа дараа шаардсан боловч Г.Өсөхбаяр гэрээний төслөө өгөөгүй бөгөөд үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь дээрх журамд заасан үүргээ ноцтой зөрчиж, албан үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд “Төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны үр дүнгийн гэрээний төслөө менежерт өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан байгаа нь Г.Өсөхбаярт хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.

        Иймд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т: “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан. Тиймээс Г.Өсөхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Алтан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/448 дугаар захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан  журмын 2.1 дэх хэсэгт заасныг үндэслэж захирамж гаргасан гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын төсвийн Ерөнхий нягтлан бодогч Г.Өсөхбаяр 2016 оны үр дүнгийн гэрээний төслөө нэгжийн менежерт өгсөн гээд байгаа нь чиглэл авахын тулд нэгжийн менежерт төслөө өгсөн. Тэгэхэд нь нэгжийн менежер буюу Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга гэрээнд нь өөрчлөлт оруулахаар буцаасан тухай гэрчийн мэдүүлэг өгсөн. Г.Өсөхбаяр 2016 оны үр дүнгийн гэрээгээ төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 4.1.2, 4.1.3 дахь хэсэгт заасан баримт бичиг болон менежерээс өгсөн чиглэлийг баримталж гэрээ байгуулах ёстой байсан. Мөн уг журмын 4.3.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төсөлд тусгагдсан асуудал бүрээр санал солилцож, тохиролцсоны үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болдог. Г.Өсөхбаяр 2016 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ 3 хувь үйлдэж, Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад 1 хувийг, мөн өөртөө нэг хувийг, үлдсэнийг төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцад хяналт тавих үүрэг бүхий байгууллагын нэгж буюу албан хаагчид нэг хувийг өгөх байсан, мөн журмын зохицуулалт ийм байдаг. Нэхэмжлэгч 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа хэдий ч нэгжийн менежертэй хийсэн төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ өнөөдрийг хүртэл олдохгүй байна. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд тусгагдсан байгууллага нэгжийн стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил үйлчилгээний хэрэгжилтийг хагас жил тутам, энэхүү гэрээний журмын 2 дугаар хавсралтын илтгэх хуудсаар  бүтэн жилээр тус тус гаргаж  менежерт тайлагнана гэсний дагуу хагас жилээр гэрээний биелэлтийг гаргаж тайлагнаагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгч Г.Өсөхбаярыг 2016 оны төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж үзэж, аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А/448 дугаар захирамжийг гаргасан.

      Нэгжийн менежер төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах болон дүгнэхээс татгалзсаны улмаас төрийн жинхэнэ албан хаагч үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй байсан бол гомдол гаргах эрхтэй байсан. Аймгийн Засаг даргын төсвийн Ерөнхий нягтлан бодогч Г.Өсөхбаяр төрийн албаны салбар зөвлөл болон харьяаллын байгууллагад гэрээ байгуулаагүй тухай гомдол гаргаагүй. Тэгэхээр гэрээ байгуулаагүй гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэх бүрэн үндэслэлтэй байна гэв.

       Гуравдагч этгээд Б.Батсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Би 1992 онд нягтлан бодогчийн мэргэжил эзэмшснээс хойш улсад 25 дахь жилдээ ажиллаж байна. Би аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст татварын бодлого, нягтлан бодох бүртгэлийн бодлого хариуцсан мэргэжилтнээр 9 жил ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/36 дугаар захирамжаар тус хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Энэ албан тушаалд өмнө нь ажиллаж байсан Г.Өсөхбаярын тухайд ажилаас чөлөөлөгдсөн үндэслэлээ хүлээн зөвшөөрөх боломжгүй, урьд эрхэлж байсан ажилд буцаан томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой миний биеийг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн захирамжтай танилцсан. Миний хувьд эзэмшсэн мэргэжил, боловсрол, ажилласан туршлага маань энэхүү албыг хашихад хууль журмаар тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа хэдий ч уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав тайлбартаа: Өнөөдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Г.Өсөхбаярыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/448 тоот Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй тул төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсаныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйл, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах ёстой байдаг. Нэхэмжлэгч Г.Өсөхбаярын хувьд Төрийн албаны тухай хуульд заасан дээрх 3 заалтыг зөрчсөн ямар нэгэн тохиолдол байхгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчоор 15 жилийн хугацаанд ажиллахдаа захиргааны болон эрүүгийн ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

  Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний зохицуулалт Төрийн албаны тухай хуулинд тусгагдаагүй байдаг. Төрийн албаны тухай хуулинд зохицуулагдаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой байсан. Хэрэв нэхэмжлэгч Г.Өсөхбаярыг төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа бол хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй гэж байгуулдаг. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажилладаг.

          Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр төсвийн шууд захирагч нь тухайн оны гэрээний биелэлт болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа өгөөгүй менежерт шаардлага тавьж хэрэгжилтийг хангуулах эрхтэй байдаг. Хавтас хэрэгт авагдсан гэрч Ч.Энхбаярын мэдүүлэгт Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээний төслөө өгсөн. Тэгэхэд Г.Өсөхбаяр ч гэсэн гэрээний төслөө өгсөн гэдгийг хэлсэн. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй байна гэсэн асуудал гарч ирсэн. Г.Өсөхбаяр 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өмнөх оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г.Өсөхбаярт урамшуулал олгосон нь 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой. Үр дүнгийн гэрээ өгөөгүй, үүргээ биелүүлээгүй гэдгийг юугаар нотлоод байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч Г.Өсөхбаяр төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй бол тухайн ажил олгогч үр дүнгийн гэрээгээ байгуулахыг шаардах ёстой байсан.

         Нэхэмжлэгч Г.Өсөхбаяр ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан нь дараах шагналаар тодорхойлогддог. Үүнд, Хөдөлмөрийн хүндэт медаль, Санхүү, банкны тэргүүний ажилтан, нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан зэрэг шагнал авсан. Анх 1989 онд Санхүү эдийн засгийн техникумыг  төгсөж, 2000 онд мэргэжлээ дээшлүүлж  дээд боловсрол эзэмшсэн.

  2005 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн, мөн мэргэшсэн нягтлан бодогч болсон. Өнөөдрийн байдлаар Улаангомд Г.Өсөхбаяр шиг ажлын амжилт гаргаж ажилласан нягтлан бодогч байхгүй гэж үзэж байна. Г.Өсөхбаярыг 27 жил төрд хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад гэнэт ажлаас ямар нэгэн шалтгаангүйгээр халсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Тийм учраас аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/448 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  Хүний нөөцтэй холбоотой бүхий л шийдвэрийг Б/ гэж гаргадаг. Гэтэл дээрх шийдвэр нь А/ гэж гаргасан байгаа нь хууль зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын нөхөн олговор нийт 5.173.363 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэв.

      Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Маргаан бүхий захиргааны актаар[1] нэхэмжлэгчийг 2016 онд төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Захиргааны актын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

         Хариуцагч буюу захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг шийдвэрийнхээ үндэслэл болгосон ба энэ нь “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийн нэг төрөл байна. Уг шийтгэлийг ногдуулахын тулд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцлийг хангах ёстой бөгөөд уг зүйл, хэсэгт: “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэжээ. Тэгэхээр шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн болон албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэдэг нөхцөл дээр маргахгүй байсан буюу хуулийн энэ хэсэг зөрчигдөөгүй гэдэгт санал нийлж байв. Харин хариуцагч тал нь албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, уг шийтгэлийг ногдуулсан болохоо нэхэмжлэгч нь уг шийтгэлийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж мэтгэлцэж байв.

       Шүүх хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын маргахгүй байгаа хэсэг дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн албан үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй гэсэн үйл баримтанд дүгнэлт өгч, маргаантай асуудалд хандлаа.

    Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэдэг байх бөгөөд уг үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах, цалин хөлсийг өөрчлөх, албан тушаал бууруулах зэргээр асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульчилсан ба Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д: “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэснээр Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах” үлгэрчилсэн загварыг, хоёрдугаар хавсралтаар “Үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх” үлгэрчилсэн загварыг, гуравдугаар хавсралтаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг тус тус батлан мөрдүүлсэн ба одоо хүчин төгөлдөр үйлчилдэг байна.

      Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам[2] /цаашид холбогдох журмын гэж явах/-ын зорилго нь Монгол Улсын төрийн албаны хэмжээнд менежер нь төрийн жинхэнэ албан хаагчтай гэрээ байгуулж, нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны зорилтуудыг хангахад нөгөө талаас төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагаагаа зөв төлөвлөж, оновчтой хэрэгжүүлэхэд оршдог байна.

      Холбогдох журмын 2 дугаар зүйлийн 2.1-д: “төрийн жинхэнэ албан хаагч нь дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй” гэж заасан байхад энэ үүргийг нэхэмжлэгч Г.Өсөхбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, энэ байдал нь дээрх журмыг ноцтой зөрчсөн буюу албан үүргээ биелүүлээгүй явдал тул түүнд хариуцлага тооцох үндэслэл болсон түүнчлэн 2016 оны хагас жилээр гэрээний биелэлтийг гаргаж тайлагнаагүй, нэгжийн менежерийг өөртэй нь гэрээ байгуулаагүй тухай гомдол гаргаагүй тиймээс нэхэмжлэгчийг 2016 оны төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэж үзэж, аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр А/448 дугаар захирамжийг гаргасан хэмээн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж, маргааныг няцааж байна.

         Нэхэмжлэгч Г.Өсөхбаяр нь 2016 оны үр дүнгийн гэрээний төслийг боловсруулж нэгжийн менежер болох Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад өгсөн болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, гэрч Ч.Энхбаярын “хэлтсийн мэргэжилтнүүд бүгдээрээ үр дүнгийн гэрээний төслөө боловсруулж өгснийг хүлээн авч танилцсан” гэх мэдүүлэг[3], гэрч Б.Энхбаярын “би өөрийнхөө гэрээг бичиж байтал төсвийн Ерөнхий нягтлан бодогч Г.Өсөхбаяр миний гэрээг хамтад нь өгчих гээд надад өгснийг би хэлтсийн даргад өөрийн гэрээний хамт оруулж өгсөн” гэх мэдүүлэг[4]-ээр нотлогдож байна. Үүгээрээ холбогдох журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан гэрээний төслийг боловсруулж, танилцуулах үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн байна гэж шүүх үзлээ.

         Нөгөө талаас холбогдох журмын 2 дугаар зүйлийн 2.3-д: “менежер нь ... дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй” хэмээн шууд байгуулах үүргийг албан тушаалтанд буюу нэгжийн менежерт хариуцуулсан байна. Төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах үүрэг нь эрх бүхий албан тушаалтанд байснаар өөрийн байгууллагын үйл ажиллагааныхаа зорилтыг хэрэгжүүлэх, байгуулсан үр дүнгийн гэрээгээ үнэлж дүгнэн биелэлтийг нь харгалзан үзсэний үндсэн дээр албан хаагч нарыг сургах, цалин хөлсөнд нь өөрчлөлт оруулах, албан тушаал дэвшүүлэх, албан тушаал бууруулах эсхүл сахилгын арга хэмжээ авах гэхчлэн холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх эрх уг үүргээс шууд урган гарахаар байна. Үүнийг ч Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд тодорхой зааж зохицуулжээ. Гэтэл захиргааны байгууллага төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй мөртлөө ажилтан /нэхэмжлэгч/-д сахилгын арга хэмжээ авч байгаа нь хэтэрхий өрөөсгөл, шударга бус байх бөгөөд энэ байдал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн, үүгээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүй буруутай, захиргааны акт нь хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

        Харин холбогдох журмын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах менежерийн эрх, мөн зүйлийн 2.4-д заасан хуульд заасан хугацаанд гэрээ байгуулахгүй байгаа менежерт шаардлага тавих төрийн жинхэнэ албан хаагчийн эрх аль аль нь бүрэн хэрэгжээгүй, хэрэгжүүлээгүй байх ба энэ байдал нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг нэхэмжлэгч дангаараа хүлээх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Түүнчлэн захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж алдаатай шийдвэр гаргасан байна.

        Захиргааны байгууллага буюу аймгийн Засаг дарга нь сахилгын шийтгэл ногдуулах тухай буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26.9-д: “сахилгын шийтгэл ногдуулах... түүнд гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэснээр Засгийн газрын 1996 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан журмыг[5]  одоо хүчин төгөлдөр үйлчилж байгааг анхаарч, уг журамд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгах, зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, нэмэлт тайлбар хийх зэрэг эрхүүдийг хангаагүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн буруутай байна гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн шинэ тутам мөрдөгдөн хэрэгжиж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тухай захиргааны үйл ажиллагааны зарчим,  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан оролцогчийг сонсох ажиллагаа тус тус зөрчигджээ

       Хэрэгт авагдсан 2009, 2013 онд баталсан “Төсвийн ерөнхий нягтлан бодогч”-ийн ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байрны үндсэн зорилтуудын дагуу ямар, ямар ажил үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэж чадаагүй, эсхүл хугацаандаа гүйцэтгээгүй талаар хариуцагчийн төлөөлөгч ямар нэгэн нотолсон баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж тавьж чадахгүй байна, зөвхөн үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь түүний буруутай үйлдэл, хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна. Тэгвэл, төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн практикт  албан үүргээ биелүүлээгүй гэдгийг төрийн жинхэнэ албан хаагч нь тухайн албан тушаалын буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй байхыг ойлгодог.

         Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 7 дугаар зүйлд: “хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ... албан үүргээ биелүүлээгүй ...  гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ” хэмээн тайлбарласан нь дээрх ойлголтонд хамаарах чухал эх сурвалж бөгөөд тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт зохих журмын дагуу баталгаажсан байх нь үр дүнгийн гэрээ байгуулах урьдач нөхцөл болохыг холбогдох журамд мөн тусгажээ. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт баталгаажсан байсан, уг тодорхойлолтонд заагдсан ажлын байрны үндсэн зорилтууд, чиг үүргүүдийг нэхэмжлэгч нь хэрэгжүүлэн ажиллаж байсан, түүнийг ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан чиг үүргүүдийг бүрэн хэрэгжүүлээгүй, огт гүйцэтгээгүй талаар тогтоосон баримт байхгүй, хэрэгт авагдаагүй, хариуцагчийн төлөөлөгч нотолж чадахгүй байна. Харин ч нэхэмжлэгч нь 2015 оны үр дүнгийн гэрээгээ “А” үнэлгээтэй дүгнүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр үр дүнгийн гэрээний урамшуулал авч байсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр[6] нотлогдож байна.

         Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ гүйцэтгэж байж, дараа нь уг гэрээ зөрчигдсөн талаарх асуудлыг гарган тавьж, арга хэмжээ авах болон бусад үр дагаврыг шийдвэрлэх байсан, түүнчлэн нэхэмжлэгчийг албан үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэснээр аймгийн Засаг даргын 2016 оны 8 сарын 1-ний өдрийн А/448 дугаар захирамж буюу маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүйд тооцон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.           

            Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулах тухайд:

           Нэхэмжлэгч Г.Өсөхбаярын эрхэлж байсан албан тушаал болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн захиргааны албан тушаал бөгөөд нэхэмжлэгч нь тангараг[7] өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул түүний хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаас гадна мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д: “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг хамтад нь хэрэглэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д: “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэжээ. Тэгэхээр нэхэмжлэгч нь 2016 оны 8 сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан буюу 8 дугаар сард ажлын 23 хоног, 9 дүгээр сард ажлын 22 хоног, 10 дугаар сард ажлын 19 хоногоор тус тус ажиллаагүй хугацааг тооцож, нэхэмжлэгчийн үндсэн цалин болон нэмэгдэл, урамшууллын хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 3 сарын 24-ний өдрийн “Цалин, нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох тухай” А/07 дугаар тушаалын дагуу тооцож, түүний цалингийн тодорхойлолт[8], нийгмийн даатгалын дэвтэр[9] ёсоор нийт цалинд 3786732 /гурван сая долоон зуун наян зургаан мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг дээр ээлжийн амралтын олговорт улсад ажилласан жилийг 27 жилээр тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5-д зааснаар амралтын хугацаа ажлын 26 хоног байна гэж үзэж, 2437955 /хоёр сая дөрвөн зуун гучин долоон мянга есөн зуун тавин тав/ төгрөг нийт 6224687 /зургаан сая хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох, гэхдээ хэрэгт авагдсан[10] ээлжийн амралтын олговор болох 1054361 /нэг сая тавин дөрвөн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг өгвөл зохих цалин болон олговроос суутган тооцох, бусад холбогдох суутгал хийх нь зүйтэй болно. Энд хохирол /цалин, ээлжийн амралтын олговор/-ыг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж байгаа үндэслэл нь нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн буюу хууль бус шийдвэрийн улмаас хохирсон хохирлоо шаардах эрх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ззааснаар нэхэмжлэгчид үүссэн, харин хохирлыг барагдуулахдаа мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д: “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэсэн хуульд заасан зохицуулалтын дагуу хариуцагчийн ажлын алба болох аймгийн Засаг даргын Тамгын газраас төлүүлж байгаа болно.

          Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг ашигласан ба уг журмын 4 дүгээр зүйлд ажилтанд олгож байгаа хөнгөлөлтийн орлого /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж зохицуулсан байх тул аймгийн Засаг даргын Тамгын газраас өөрийн ажилтнуудад хоолны хөнгөлөлтөнд сар бүр олгодог 25000 /хорин таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгчийн цалингийн нэмэгдэлд оруулаагүй болохыг тэмдэглэж байна.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар[11] төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон одоо ажиллаж байгаа Б.Батсайханыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан эрхийг хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаараа хүсэлтийг бичгээр[12] гаргасныг шүүх хүлээн авсан болно.

       Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу шийдвэрлэлээ. Ингэхдээ дээр дурдсан зарчмыг баримтлан мөн хариуцагч Засаг даргын ажлын алба болох аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй.

     Шүүх маргаантай асуудалд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дээр дурдсан байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ.

          1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Өсөхбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/448 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Өсөхбаярыг урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

       2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 5170326 /таван сая нэг зуун далан мянга гурван зуун хорин зургаа/ төгрөгийг хариуцагч /Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү/-аас гаргуулан нэхэмжлэгч Г.Өсөхбаярт олгосугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн ЗДТГ-ын санхүүгээс/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 3-р хуудас. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 сарын 1-ний өдрийн А/448-р захирамж

[2] Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журам.

[3] Хавтаст хэргийн 20-22-р хуудас

[4] Хавтаст хэргийн 29-31-р хуудас

[5] “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам” Төрийн мэдээлэл сэтгүүл, 1996 он №1

[6] Хавтаст хэргийн 30-47-р хуудас

[7] Хавтаст хэргийн 49-р хуудас Тангараг өргөсөн баримт.

[8] Хавтаст хэргийн 15-17-р хуудас аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн баримт, 45-46 дугаар хуудас шүүхийн үзлэгээр авсан баримт.

[9] Хавтаст хэргийн 4-5-р хуудас

[10] Хавтаст хэргийн 18-р хуудас ээлжийн амралтын цалингийн тооцоо №7 гэх баримт

[11] Хавтаст хэргийн 23-24-р хуудас. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 сарын 30-ны өдрийн 123 дугаар захирамж

[12] Хавтаст хэргийн 28-р хуудас. Гуравдагч этгээдээр татагдсан Б.Батсайханы татгалзал.