Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00114

 

    Х.Ашимийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00051 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Х.Ашим

Хариуцагч : Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/440 дүгээр захирамжийн "аймгийн Засаг даргын 2016.7.04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашимийг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай гэх хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ардабекийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би  11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд  ямар нэгэн зөрчил гаргаагүй, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.  2016 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсон тул Сонгуулийн тухай хуулийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасны дагуу ажлаас түр чөлөөлөгдөх хүсэлтээ Засаг даргад гаргаж, 2016.5.09-ний өдөр түр чөлөөлөгдөж ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа  аймгийн Засаг даргын 2016.7.04-ний өдрийн Б/386 дугаар  захирамжаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа  эгүүлэн томилогдсон. Гэтэл шинэ Засаг дарга 2016.8.02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Үүнд: Б/440 захирамжид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Аймгийн Засаг дарга 2016.8.02-ны өдрийн Б/440 дугаартай захирамжид Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг баримталсан. Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасан ёсоор ажил олгогч буюу аймгийн Засаг дарга намайг тус сургуулийн захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн  80.1-т заасныг үндэслэн түр чөлөөлсөн ба миний бие нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш сонгуулийн үр дүн гарах хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй болно. Харин миний ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасны дагуу хэвээр хадгалагдсан ба сонгуулийн үр дүн гарсны дараа ажил олгогч уг хуулийн дээрх заалтыг баримтлан намайг урдах ажилд буцаан томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1-т "Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болгоно." 37.1.4 "хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан" гэж тус тус хуульчилж өгсөн. Гэтэл Аймгийн Засаг дарга "Захирамж хүчингүй болгох тухай" Б/440 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасныг үндэслэж миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ойлгомжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар ямар байгууллага хэзээ, хэрхэн шаардлага хүргүүлсэн нь тодорхой бус байна. Мөн аймгийн Засаг дарга захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны акт гаргах, захирамж хүчингүй болгох талаар надад мэдэгдээгүй болно.Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/440 дугаартай захирамжийн "аймгийн Засаг даргын 2016.7.04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашимийг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашим нь 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших болсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдсөн байна. Х.Ашим нь сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон байна. Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино" гэж заасан ба сонгуульд нэр дэвшсэн бол ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн  30.1.15 дахь заалтад "Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх" гэж заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байсан. Х.Ашимийг захирлын ажилд эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн  36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхцөлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр  545 дугаартай шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргад  холбогдох Х.Ашимийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна. 

Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 212/МА 2016/00051 дугаар магадлал гаргаж мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сонгуулийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд зөвхөн сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах нь тодорхой бөгөөд үүгээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, улмаар шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан буюу тус иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 154.4-т заасныг буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх гэсэн хуулийн зохицуулалтыг гол үндэслэл болгож, "...түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ажилтны санаачилгаар цуцлагдах буюу ажилтан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байхыг ойлгоно." гэж дүгнээд уг хэргийг Сонгуулийн хуулийг баримтлан шийдвэрлэснийг шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39.1-д заасан "хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл" гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр, хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар  цуцлах  үндэслэлийг  илүү  нарийвчлан  зохицуулжээ.  /Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 14 дэх хэсэг/ Төрийн албаны тухай хуулийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан орон нутгийн сонгуульд нэр дэвших бол өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр биш сонгуулийн хорооны шаардлага гарч, Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх заалттай зөрчилдсөн гэж үзэхээр байна.Давж заалдах шатны шүүх уг маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 3.3-т зааснаар төсөөтэй харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглээгүй, Сонгуулийн тухай хуулийн заалтыг хэрэглэснийг төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Иргэний хууль болон Хөдөлмөрийн хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй. Ажил олгогчийн Б/440 дүгээр захирамжаар нэг талаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасныг баримтлан өмнөх Засаг даргын Б/386 дугаар захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон боловч нөгөө талаас хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэр буюу захирамжийг хүчингүй болгож, хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар таслан зогсоосон байна.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж хууль тогтоомжийн бусад акт /Улсын Дээд шүүхийн 2016.04.10-ны өдрийн 08 дугаар тогтоол 18 дахь заалт/-аар зохицуулсан байхад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс "...Засаг даргын 2016 оны Б/440 дүгээр захирамжид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасныг баримталсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа ба аймгийн Засаг дарга Б/440 дүгээр захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн хэрэг байна.Мөн Төрийн албаны тухай хуулийн 11.5 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 Хариуцагч гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 154.4 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлөгдсөн ба сонгуулийн дараа урьд эрхэлж байсан ажилдаа хууль зөрчин эгүүлэн томилогдсон.Сонгуулийн тухай хуулийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг заагаад өгсөн ба мөн хуулийн 40.1.6-д "сонгуульд ажиллах болсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар хуульчилж өгсөн ба ажил олгогч уг заалтыг баримтлан бүр мөсөн чөлөөлөх ёстой байсан боловч хууль зөрчиж эгүүлэн томилж буруу шийдвэр гарсан.Сонгуульд нэр дэвшихэд заавал ажлаас чөлөөлөгдсөн байх ёстой байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх заалтад хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсанаар гэсэн заалттай юм. Х.Ашимийг эгүүлэн томилоход Хөдөлмөрийн тухай хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн.Сонгуульд нэр дэвшихэд түр, бүр чөлөөлөн гэсэн заалтгүй тул нэр дэвшсэн тохиолдолд ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, Боловсролын тухай хуулийн 30.1.15-т заасны дагуу дахин сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой байсан.Мөн ажилтан ажил олгогчийн хороонд үүсэн хөдөлмөрийн суурь харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39 дүгээр зүйлд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах журмыг тусгасан боловч Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хуульд заасан тохиолдолд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан ба Сонгуулийн тухай хуулийн 154.4, 154.5, 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.3.6-д заасан агуулгаас үзвэл, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал эрхэлдэг иргэн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол түүнд төрийн жинхэнэ албан хаагчтай нэгэн адил ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг хуульчилсан тул захирлын албан тушаалаас бүр мөсөн чөлөөлөгдсөн байх ёстой.Учир нь Х.Ашимийн Сонгуульд нэр дэвшихээр өөрөө хүсэлт гаргаж. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно гэж заасан ба хэдий хугацааны чөлөө олгох тухай тодорхой заагаагүй юм. Х.Ашимийг захирлын ажилдаа эгүүлэн томилоход хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.3 дахь заалтыг үндэслэж хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Ажлын байр нь хэвээр хадгалагдах нөхөлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн тул уг заалт нь сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй заалт бөгөөд нэгэнт сонгуульд нэр дэвшсэн бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Х.Ашим нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/440 дүгээр захирамжийн "аймгийн Засаг даргын 2016.7.04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Х.Ашимийг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох /хх 1/ шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй /хх 16/ маргажээ. 

Анхан шатны шүүх Х.Ашимийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар 128.1.2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Шийдвэр болон магадлалыг  тус тус хүчингүй болгож, Х.Ашимийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Х.Ашим шүүхэд  нэхэмжлэл гаргахдаа 2 шаардлага тавьсны нэг нь “...Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016.8.02-ны өдрийн Б/440 дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох...” тухай байх бөгөөд орон нутгийн иргэдийн Хурлын сонгуульд нэр дэвших  болсонтой нь холбогдуулан нэхэмжлэгчийг ажлаас нь түр чөлөөлөх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/275, урьд эрхэлж байсан ажилд нь томилох 2016 оны Б/386, 2016 оны Б/386 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай 2016 оны Б/440 дугаар захирамжийг шүүхэд гаргаж өгчээ. /хх 5-7/

Нэхэмжлэлийн үндэслэл болсон эрхийн актыг үзвэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2016.8.02-ны өдөр Б/440 дүгээр захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-г баримтлан “...сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд ажлаасаа чөлөөлөгдөхөөр холбогдох хууль тогтоомжид заасныг зөрчсөн...” гэсэн үндэслэл дурдсан байх ба Х.Ашимийн нэхэмжлэл нь “...Засаг дарга захирамжаа өөрөө хүчингүй болгох бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж Б/440 дүгээр захирамжийг гаргасан...” гэх агуулгатай байх бөгөөд нэхэмжлэлд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар дурдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх”-ээр зааснаас үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актад холбогдсон иргэний гомдол, нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээргүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох “...2016 оны Б/440 дүгээр захирамжийн “аймгийн Засаг даргын 2016.7.04-ний өдрийн Толбо сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн  захирлыг томилсон Б/386 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох...” Х.Ашимийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 545 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 212/МА2016/00051 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг баримтлан Х.Ашимийн   нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                         ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ