Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 64

 

Ц.Ад холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 89 дүгээр магадлалтай, Ц.Ад холбогдох 1818006620301 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ц.А нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Аг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Ц.Агаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 15.1 м.куб нарсан зах банзыг худалдан борлуулж орлогыг улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.744.045 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн хяналтын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 9 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэрэгт үлдээж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн прокуророос Ц.Аг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц Аг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 15.1 м.куб нарсан зах банзыг Ц.Ад буцаан олгуулж, Ц.Ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хэлэлцээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 89 тоот магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Аг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн 15.1мЗ хэмжээний нарсан зах банз модыг буцаан олгохоор шийдвэрлэснийг шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд "... эдгээр нотлох баримтуудаас үзвэл Ц.А өөрөө зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд харин Ц.А нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээдээс тэдний эрхийн дагуу бэлтгэсэн модны хаягдал, зах банз худалдаж авсан үйлдлийг нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл мод бэлтгэх тусгай зөвшөөрөл, эрхтэй хуулийн этгээдээс худалдаж авсан нь гэмт хэрэг биш байх тул түүнийг гэм буруутайд тооцсон нь бодит байдалтай нийцэхгүй байна” гэж дүгнэснийг хуулийн зүйл, хэсэг, заалтыг илт буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэсэн шинжийг агуулахаар заасан бөгөөд энэ хэргийн хувьд шүүгдэгч Ц.А нь гарал үүслийн гэрчилгээнд заасан хугацааг хэтрүүлэн мод тээвэрлэж явсан үйлдэл нь гарал үүслийн гэрчилгээгүйд тооцогдох бөгөөд, мод, модон материалыг өөр аймаг, орон нутагт тээвэрлэхдээ заавал гарал үүслийн гэрчилгээг зохих журмын дагуу авч тэээвэрлэх шаардлагыг хангаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Мод, модон материалыг зохих эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн боловч, түүнийг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй явах талаар Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж, улмаар Ойн тухай хуулийи 37 дугаар зүйлд “ ... эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй., ... мод, модон материалын худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг худалдаа, үйлчилгээ явуулж байгаа газартаа оруулахыг хориглоно” гэж тус тус заасан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох агуулгатай заалт  хуульчлагдсан байна. Эдгээр хуулийн заалтуудаас гадна “Байгаль орчин ногоон хөгжлийн яам”-ны сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2.1.2. мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /цаашид “гарал үүслийн гэрчилгээ” гэх/ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг... ” гээд мөн журмын 2.1.4 -т “мод, модон материал” гэж гуалин, шургааг, бэлдэц, зүсмэл материал /дүнз, дүнзэнцэр, банз, брус, дранк/ түлээг;” ойлгоно хэмээн зааж өгсөн байна.

Дээр дурьдсан хууль, журмын холбогдох заалтаас үзэхэд хэдийгээр зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн мод, модон материал байлаа ч түүнийг өөр орон нутаг руу тээвэрлэх, бусдад шилжүүлэх, худалдах зэрэг тохиолдолд тухайн мод, модон материал нь хууль бусаар бэлтгэгдээгүй буюу мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэгдсэн, түүнийг тээвэрлэн явах, худалдан авах, худалдах эрхийг нотолж өгсөн “Гарал үүслийн гэрчилгээ”-тэй байхыг шаардаж байгаа ба энэ шаардлагыг зөрчсөн бол 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Мөн Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба прокуророос шүүгдэгчийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 15.1м3 хэмжээний нарсан зах банз модыг тээвэрлэсэн үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн модыг худалдан авсан үйлдэлд нь дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 89 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 342 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргав” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гарсан. Хэрэгт цугларсан баримтуудаар тусгай зөвшөөрөлтэй “Хүдэр тамир” ХХК мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон. Ц.Аг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Ц.А Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан. Шүүх Ц.Аг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө албадлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн мод худалдан авсан үйлдэлд нь дүгнэлт хийж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэлд нь дүгнэлт хийлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Хэдийгээр шүүгдэгч зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн мод, модон материал авсан боловч өөр хот, сум, суурин газар луу тээвэрлэхдээ Ойн тухай хууль, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2013 оны “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-д заасны дагуу гарал үүслийн гэрчилгээг заавал авах үүрэгтэй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Ц.Аг  ашиг олох зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас иргэн Ч.Агийн өмчлөлийн 37-83 ДАХ улсын дугаартай "Fuso” маркийн ачааны автомашинаар СБА серитэй, 1823393 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний хугацааг 27 хоног хэтрүүлж буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 15.1 мЗ нарсан зах банз модыг тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Агийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцээд, түүнийг 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 15.1 мЗ нарсан зах банз модыг 37-83 ДАХ улсын дугаартай "FUSO” маркийн автомашинаар хууль бусаар тээвэрлэсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, Ц.Аг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  улмаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Аг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Ц.А нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх тусгай зөвшөөрөл бүхий “Хүдэр тамир” ХХК-иас 15.1 м3 нарсан зах банзыг худалдаж авсан болох нь “2018 онд ойгоос бэлтгэх модны төрөл, хэмжээ, хуваарийг батлах тухай” Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоол /хх-33/, “Хүдэр тамир” ХХК-д олгосон мод бэлтгэх эрхийн бичиг /хх-34/, гэрч П.Бны өгсөн:

“…Манай “Хүдэр тамир” ХХК нь ойд үйлдвэрлэлийн ашиглалт, ойд арчилгаа, цэвэрлэгээ, мод үржүүлгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг юм. Одоо ч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 2018 онд манай компани нь ойд үйлдвэрлэлийн огтлолоор 300 м.куб, цэвэрлэгээний огтлолоор 300 м.куб, цэвэрлэгээний ажлаар 100 м.куб, нийт 700 м.куб мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан. …А 2018 оны 8 дугаар сарын дундуур 99373783 дугаараас над руу залгаж “Би хашаа барих гэсэн юм. Хашааны хэдэн банз худалдаж авмаар байна” гэсэн. Би тэгэхэд нь “Тэг тэг, машин байвал явуулчих. Манай хөрөө раманд хашаа барьчих муусайн банзнууд байгаа. Ирээд ялгаад аваад ачаад явчих” гэж хэлсэн. Тэгээд Фусо маркийн амбаартай машин явуулсан байна лээ. Ариунтуяа өөрөө ирээгүй. Би ачиж өгөөд явуулсан… Ц.Агийн авсан банз нь үйлдвэрлэлийн огтлолоос зүсмэл материал гаргаад түүнээс гарсан хаягдал банзнууд байсныг 2 метрээр тайрч ялгаж ачсан банз байсан юм” гэх мэдүүлэг /хх-76/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Ц.Агийн үйлдлийн улмаас ойн санд хууль бусаар хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

Түүнээс гадна прокуророос Ц.Аг гарал үүслийн гэрчилгээгүй 15.1 мЗ нарсан зах банз модыг хууль бусаар тээвэрлэсэн гэж буруутгасан боловч тухайн модыг Ц.А биечлэн тээвэрлэж яваагүй, харин түүний хүсэлтээр Б.Т, Ц.О, Л.Б нар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж, “Хүдэр тамир” ХХК-ийн бэлтгэсэн модноос 15.1 мЗ нарсан зах банз модыг 37-83 ДАХ улсын дугаартай "FUSO” маркийн автомашинаар тээвэрлэж яваад Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт цагдаад журамлагдсан болох нь тогтоогджээ.

Гэтэл зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн модоо иргэдэд худалдан борлуулж, тээврийн хэрэгсэлд ачиж явуулахдаа холбогдох гарал үүслийн гэрчилгээ олгоогүй “Хүдэр тамир” ХХК-ийн захирал П.Б, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан Б.Т, Ц.О, Л.Б нарын үйлдэл Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж шийдвэрлээгүй, харин Дархан-Уул аймгаас нарсан зах банз худалдан авах талаар “Хүдэр тамир” ХХК-ний захирал П.Бтай утсаар ярьж тохирон, улмаар Б.Т, Ц.О, Л.Б нарыг гуйж мод тээвэрлүүлсэн Ц.Ад эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж хийгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн диспозицод заагдсан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэнүйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн мод, модон материал нь ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн эсэхийг зайлшгүй давхар шалгаж, зохих зөвшөөрлийн дагуу ойд бэлтгэгдсэн, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдвол тухайн мод, модон материал тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Агийн “Хүдэр тамир” ХХК-иас худалдан авсан 15.1 м.куб модыг иргэн Б.Т, Ц.О, Л.Б нар 37-83 ДАХ улсын дугаартай "FUSO” маркийн автомашинд ачиж, улмаар гарал үүслийн бичиггүйгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Дархан-Уул аймаг руу тээвэрлэн явсан нь тогтоогдсон боловч тэдгээр мод нь зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэгдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Энэ талаар давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Ц.Аг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүдэр сумын нутаг дэвсгэрээс 2018 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээний, түлээний мод бэлтгэх хуваарийн дагуу эрх олгогдсон тус сумын П.Батсайхан захиралтай “Хүдэр тамир” ХХК-иас тус компанийн бэлтгэсэн үйлдвэрлэлийн материал бэлдээд түүнээс гарсан хаягдал, нарсан зах банз худалдаж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин давж заалдах шатны шүүх Ц.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх тул магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Түүнээс гадна давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 15.1 м3 нарсан зах банзыг Ц.Ад буцаан олгохоор шийдвэрлэсэн атлаа уг модыг битүүмжлэх тухай Дархан-Уул аймгийн хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул прокурорын 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 89 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Дархан-Уул аймгийн хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

                                       

                                     ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР