Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01786

 

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01786

 

 

Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01136 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол эм импекс концерн ХХК-д холбогдох,

 

Нэр төр сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах, гэм хорын хохиролд 7 367 986 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Мөнхзаяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Цолмонбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 5 дугаар сард тус компанид ажилд орсон. 2015 оны 11 дүгээр сард амаржиж амралтаа авсан. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр фарм хариуцсан менежерийн ажилд орсон. Би эмийн сангаар эм сольж явдаг, стандартын хэрэгжилтийг хянадаг ажил хийдэг.

Би 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Таван шарын эмийн санд өрөлт хийсэн. Гэртээ нэг удаа цүнхээ ухаж байсан лукол гэдэг эм гарч ирсэн. Би гайхаж байгаад цүнхэндээ буцаан хийсэн. Хэд хоногийн дараа Таван шарын эмийн сан дээр тооллого хийж байсан чинь лукол дутлаа гээд ярьсан. Яагаад миний цүнхэнд орсныг нь мэдэхгүй. Миний цүнхэнд байна гэвэл хулгай хийсэн гээд гүтгэх учраас лангуун дээр гаргаж тавиад "дутаад байсан эм чинь энэ байна шүү" гэж хэлсэн. Гэтэл энэ эм энд байх ёсгүй ш дээ гээд л шууд над руу хараад уурласан. Камераа шүүнэ гэсэн боловч шүүгээгүй. Дараа долоо хоногт өөр газар тооллого хийсэн чинь цүнх ухаж шалгасан. Миний цүнхнээс фарм 9-өөс худалдаж авсан байсан эмнүүд гарч ирсэн. Миний эм гаргаж тавьж байгаа бичлэгийг ашиглан ажлынханы дунд нэр хүндийг гутаасан.

З.Пүрэвсүрэн учрыг нь ололгүй ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, тухайн тараагдсан бичлэгийг хянуулахад намайг хулгай хийсэн эсэхийг тогтоож чадаагүй. Миний хулгай хийсэн эсэх асуудлыг тогтоогдоогүй тул миний нэр хүндийг сэргээж өгөхийг хүссэн ч хүний нөөцийн менежер З.Пүрэвсүрэн намайг хэл амаар доромжилж дарамталсан. н.Амарбаясгалан "дандаа хулгай хийж явж байсан юм билүү" гэж гүтгэж, ажил дээрээ ажиллах боломжгүй болгосон бөгөөд тус компанийн салбарын захирал н.Бауыржан "тэр эмийг гаргаж тавьсан чинь буруу" гэж, ёс зүйн доголдол гаргасан гэж менежментийн хурал дээр танилцуулж, өөрийн багаас хөөх тушаал гаргаж нэр хүнд унагасан.

Энэ асуудлаас болж энэ компанид байтугай салбартаа ч ажиллахад хэцүү болсон тул олон хоног сэтгэлээр унаж, нойр хоолноос гарч эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч явна. Иймд миний нэр төрийг сэргээж, хариуцагчид нийт ажилчдын өмнө уучлалт гуйхыг даалгаж, эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол 7 367 989 төгрөг гаргуулж өгнө үү.

Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөө аваад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эргэн ажилдаа орох хүсэлтээ өгсөн билээ. Хэд хэдэн удаа байгууллага дээрээ очиж асууж сурагласан боловч хүсэлтийг минь шийдэж өгөлгүй, хуучин ажилд чинь өөр хүн орсон тул ажил өгөх боломжгүй байна. Эсхүл захиалга хүлээн авагч гэх ажил байна гэж байсан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуудаж дефектар гэдэг ажил байна гэж Захиргаа, хүний нөөцийн газрын үүрэг гүйцэтгэгч М.Гэрэлбаатар хэлсэн. Хариуцагч нь ажилд эгүүлэн авах, ажлын байр хадгалах үүргээ биелүүлэхгүй байх тул салбар хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Мөнхзаяа нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс тус компанийн төслийн хэлтэст чанарын менежерээр ажилд орж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс жирэмсэний болон амаржсаны амралт авсан болно. Тэрээр 2016 оны 10 дугаар сард ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул ажилтны өргөдлийг үндэслэн Салбарын удирдлага зохицуулалтын газарт Салбар хариуцсан менежерээр буцаан ажиллуулсан болно.

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Таван шард байршилтай Фарммаркет 6 салбарт тооллого хийсэн бөгөөд тооллогын комисст менежер Г.Мөнхзаяа орж ажилласан. Тооллогын явцад Лукол эм нэг ширхэг дутаж улмаар 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хяналтын камерыг шүүхэд менежер Г.Мөнхзаяа нь тус эмийг лангуун дээр нууцаар гарган тавьж байгаа нь бичигдсэн байсан. Иймд энэхүү бодит үйл явдлыг үндэслэн Г.Мөнхзаяаг тус албан тушаалд ёс зүйн хувьд тэнцэхгүй гэж үзэн Дефектар албан тушаалд шилжүүлэн томилсон шийдвэрийг Компанийн удирдлагын зүгээс гаргасан. Тийнхүү шийдвэрлэсэн шийдвэр болон түүний шалтгаан зэргийг нийт ажилчдад албан ёсоор мэдэгдсэн, ажилчдын хурал, цуглааны үеэр мэдээлсэн үйл явдал болоогүй.

Түүнчлэн өөр албан тушаалд томилсон шийдвэр гарсны дараа Г.Мөнхзаяа нь хүүхэд асрах чөлөө хүссэн тул хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж, ажилласан хугацааных нь амралтын мөнгийг тооцож олгосон. Манай компани болон түүнийг төлөөлөх эрх бүхий удирдлагын зүгээс иргэн Г.Мөнхзаяагийн алдар нэр, нэр хүндийг гутаан доромжилсон, гүтгэн гүжирдсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Салбар хариуцсан менежерийн албан тушаалд ажиллаж байхдаа Г.Мөнхзаяа нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, ёс зүйн доголдол гаргасан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, логистикийн хэлтэст Дефектар албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан.

Г.Мөнхзаяа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан заалтыг Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогч хууль тогтоомж, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т "Ажилтан хөдөлмөрийн гэрээний 5.4-т заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр ажил олгогч дангаараа хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасны дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ түүнийг ажлаас чөлөөлсөн хэдий ч огт ажилгүй болгоогүй бөгөөд ажилтны ахуй амьдралыг бодоод өөр ажилд шилжүүлэн томилох шийдвэр гаргасан. Г.Мөнхзаяа нь ажлаа хийлгүй хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасныг тус компани хуулийн дагуу шийдвэрлэж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн "Монгол эм импекс" ХХК-д холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах, хохирол 7 367 989 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхзаяаг "Монгол эм импекс концерн" ХХК-ийн салбар хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, "Монгол эм импекс концерн" ХХК-аас олговорт 2 292 740 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнхзаяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн Г.Мөнхзаяагийн хүүхэд асрах чөлөөтэй байсан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговороос тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203 038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Монгол эм импекс концерн" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 51 634 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилд орох хүсэлт өгснийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр тооцсонд гомдолтой байна.

Хариуцагчаас 1 463 700 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс "Нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан тул хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан, түүнчлэн тэрээр анх 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "нэр төр сэргээлгэх" гэж тодорхойлсон шүүхэд хандсан ч нэхэмжлэлийн агуулгыг үзвэл тэрээр тушаалын үндэслэлийг эс зөвшөөрч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх агуулгаар гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, уг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн хэтэрхий нэг талыг барьсан, хууль буруу хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн.

Салбар хариуцсан менежерийн албан тушаал нь Фарммаркет, эмийн сангуудын үйл ажиллагаанд хяналт тавих, шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэтэл Г.Мөнхзаяагийн хувьд дээрх байдлаар хяналт тавих ёстой байтал эмийн дутагдал гаргаж хувьдаа завшихыг завдсан, үүнийгээ мэдэгдэхээр хяналтан дор нь ажиллаж буй хүмүүсээ гэмт хэрэгт холбогдуулан шалгуулах зэргээр хяналт хэрэгжүүлэх ажилтны хувьд байж болшгүй

мэргэжлийн болоод ёс зүйн алдаа гаргасан уг албан тушаалаас нь чөлөөлөх болсон. Үүнтэй холбоотойгоор Г.Мөнхзаяа ажлаасаа хүүхэд асрах чөлөөг авсан юм.

"Монгол Эм Импэкс Концерн" ХХК-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн "Өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалтай тухайн өдөр нь Г.Мөнхзаяа нь танилцаж гарын үсэг зурсан. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах боломжгүй гэж дүгнээд байгаа хугацаанд нь буюу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Нэр төрөө сэргээлгэх" нэхэмжлэл гаргаад шүүхэд хандаж гаргасан байхад "Салбар хариуцсан менежер ажилд эргүүлэн томилох" нэхэмжлэл гаргах боломжгүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, зөвхөн энэ байдлыг хаацайлахын тулд "нэхэмжлэлийн шаардлага нь тушаалын хүлээн зөвшөөрөхгүй агуулгатай" гэх дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч анхнаасаа шүүхэд энэ шаардлагыг гаргаагүй нь "дефектар" албан тушаалд ажиллахыг хүлээн зөвшөөрч байсных юм.

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь хууль зүйн фирмээс зөвлөгөө авсны үндсэн шүүхэд ямар нэхэмжлэлийн шаардлага гаргах вэ, түүний хууль зүйн үр дагаврыг сайтар ойлгож, өөрөө тодорхойлж гаргасан байгааг шүүх анхаарахгүй байна. Г.Мөнхзаяа нь анхнаасаа "Монголын эмийн салбар жижиг тул нэр төрөө сэргээлгэх" л зорилготой" болохоо ч хэлдэг.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Мөнхзаяа нь хариуцагч Монгол эм импекс концерн ХХК-д холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэр төр сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэм хорын хохиролд 7 367 989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г.Мөнхзаяа нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол эм импекс концерн ХХК-д төслийн чанарын менежерээр, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс салбар хариуцсан менежер, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс дефектароор тус тус томилогдон ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөө авсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 78 тоот тушаалаар Г.Мөнхзаяаг тус компанийн салбарын удирдлага зохицуулалтын газарт Салбар хариуцсан менежерийн албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, менежментийн зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус баримтлан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчин ёс зүйн доголдол гаргасан үндэслэлээр дефектарын албан тушаалд томилсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Ажил олгогчоос өөр ажилд шилжүүлэх тухай тушаалыг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан боловч ажилтан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүүхэд асрах чөлөө авч, тэрээр 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ гаргахад ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дефектарын ажилд орохыг мэдэгдсэн ба дээрх шийдвэрийг ажил олгогчоос ажилтанд мэдэгдсэн, танилцуулсан, гардуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолж, хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн ажил олгогчоос ажилтан Г.Мөнхзаяад сахилгын шийтгэл ногдуулахдаа албан тушаалыг нь бууруулж Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, улмаар ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн.

 

Харин анхан шатны шүүх хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг буруу тодорхойлсон байна. Учир нь Г.Мөнхзаяа нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилд орох хүсэлтээ өгсөн бөгөөд ажил олгогч түүний хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл шийдвэрлэлгүй, эрхийг нь зөрчсөн байх тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

 

2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааг тооцвол 52 хоног байх бөгөөд уг хугацааны цалинтай тэнцэх олговор 2 057 120 төгрөг боловч нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 463 700 төгрөгийг нэмж гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан тул талуудын зарчмыг баримтлан энэ хэмжээгээр хангасан өөрчлөлтийг оруулав.

 

Мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны шимтгэл нь зохих хуулийн дагуу, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цалинтай тэнцэх олговор гаргуулсан энэ хэмжээнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Нэр төр сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах, гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч гомдол гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх нэр төр сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгах, хохирол 7 367 989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01136 дугаар шийдвэрийн

2 дахь заалтын 2 292 740 төгрөг гэснийг 3 756 440 төгрөг гэж,

3 дахь заалтын 2018 оны 02 дугаар сарыг дуусталх гэснийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх гэж, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс гэснийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гэж,

4 дэх заалтын 51 634 төгрөг гэснийг 75 053 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 121 834 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА