| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2309000002784 |
| Дугаар | 2025/ДШМ/211 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/211
2025 02 06 2025/ДШМ/211
Б.Т, О.О, М.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Бат-Оргил,
шүүгдэгч Б.Т, О.О, тэдгээрийн өмгөөлөгч С.Даваасүрэн,
шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Э.Ариунсайхан,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Э.Ариунсайхан, шүүгдэгч Б.Т, О.О, тэдгээрийн өмгөөлөгч С.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т, О.О, М.Э нарт холбогдох 2309 00000 2784дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
2. О.О, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, 00 суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт 00дүүргийн 00 дугаар хороо 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
3. М.Э, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 0оюутан, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт 00дүүргийн00 дугаар хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгч Б.Т, Б.Н, М.Э нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна хохирогч С.Т-ийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Ай фоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О нь Э.Э-тэйй бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна О.С-н өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Айфоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж дээрэмдэн авч 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч О.С-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож баруун нүдний гадна булан, дээд, доод зовхи, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын цус хуралт, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Э, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, О.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Э, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн, мөн бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жил хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан, шүүгдэгч О.О-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял авсан. Хэрэг гардаг өдөр 17 настай байсан бөгөөд одоо 19 нас хүрсэн. Энэ хугацаанд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож, ахин ийм буруу зүйл хийж болохгүй гэдгийг ойлгож засарсан. Тус хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө тухайн үед 17 настай байсан хохирогч С.Т-ийн биед заналхийлсэн үг, үйлдэл байгаагүй гэдгийг бид илтгэж байгаагүй. Түүнчлэн хоёр жилийн хугацаанд хугацаанд гэм буруугаа ойлгож, нэг жилийн хугацаанд үйлчилгээний байгууллагад ажиллаж ээж, хоёр дүүдээ авсан цалингаараа тус дэм болдог. Хорих 461 дүгээр ангид ял эдэлж эхэлснээс хойш өөрийн гэм бурууг хүлээж гэмшиж байна. Мөн дахин энэ төрлийн гэмт хэрэг холбогдохгүй. Энэ хугацаанд хүрээллээ 100 хувь сольж, ээж, 2 дүүдээ тусалж ажил хийж зөв шударгаар амьдарч байгаа. Цаашид ч миний бие сурч боловсорч, алдаа дутагдлаа нөхөж нийгэмд өөрийн зөв байр суурийг олж, нийгэмд хэрэгтэй үлгэр дуурайлал болж амьдрахыг хүсэж байна. Хэрэг үйлдсэнээс хойш миний бие алдаа дутагдал ерөөсөө гаргаагүй, ойлгож ухаарсан гэдгээ баталж харуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022.8.13-наас 14-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн гар утсыг булаан авсан гэмт хэрэгт 2022.9.16-ны өдөр яллагдагчаар татагдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Уг хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Хэрэгт холбогдсон өдөр 18 нас 9 сар 15 хоногтой байсан. Уг хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэрлэлтээ батлуулаагүй ч эхнэр, 2 настай хүүтэй зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэхийг хүсэж байна. Би өөрийн холбогдсон хэргийн хувьд бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглээгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хамт зүйлчлэлийн хувьд маргасан. Гэвч анхан шатны шүүх зүйлчлэл зөв байна гэж дүгнэсэн. Тухайн үед болсон бодит байдал, хохирогчийн мэдүүлгээс үзвэл хохирогчийн гар утсыг авахаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн талаар үйл баримт тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж, зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022.8.13-наас 14-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн бусдын гар утсыг булааж авсан ба уг хэрэгт 2022.9.16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан. Дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг нэмсэн. Миний бие гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Уг хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн. Хэрэгт холбогдсон өдөр би 15 нас 9 сар 8 хоногтой байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, 15 настай байсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна.
Шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнтэй маргахгүй, харин 2022.8.13-наас 14-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэхдээ 15 нас, 9 сар, 8 хоногтой байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хүртэл буюу 1 жил 1 сарын хугацаатайгаар хорих ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байгаа тул хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хойшлуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Т, О.О нарын өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Т болон О.О нарт 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн бусдын гар утсыг дээрэмдэж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2209022111617 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж уг хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татагдсан юм. Миний хоёр үйлчлүүлэгч анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон ба уг хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан юм.
А. Шүүгдэгч Б.Т-гийн хувьд хохирогчид хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан материалаар тогтоогдоогүй тул зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэх нь зүйтэй гэсэн байр сууринаас маргаж прокурорын шатанд хүсэлт гаргаж, шүүх хуралдаан дээр мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон юм. Гэвч анхан шатны шүүх зүйлчлэл зөв байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж гомдол гаргаж байна. Уг хэрэгт холбогдсон өдөр Б.Т 18 нас 9 cap 15 хоногтой байсан юм. Хавтаст хэрэгт авагдсан материал, тухайн үед болсон бодит байдал, хохирогчийн мэдүүлгээс үзвэл хохирогчийн гар утсыг нь авахаар айлган сүрдүүлж. хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн талаар үйл баримт тогтоогдоогүй, хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
Б. Шүүгдэгч О.О-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2209022111617 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь хэсэгт заасан зүйл ангийг нэмсэн юм.
2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр О.О яллагдагчаар татагдсанаас хойш 2 жил гаруй хугацаанд 1 холбогдогч хилээр гарсан гээд таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, 2 холбогдогчийн хэрэг тусгаарлах зэргээр мөрдөн шалгах, шүүхэд шилжүүлэх ажил удааширч маш их хугацаа алдаж О.Оын эрх зүйн байдал дордсон буюу 18 нас 1 сартай болсны дараа шүүх хурал болж хоригдоод байна.
Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх 8 дугаар бүлгийн зорилго, зорилт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үр дүн хоорондоо зөрчилдөж хэрэг үйлдэх үед 15 нас 9 сартай өсвөр насны хүүхэд байсан О.О хорих ял аваад байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Уг хэрэг үйлдэх үед миний үйлчлүүлэгч О.О 15 нас 9 cap 08 хоногтой байсан юм. Шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхдээ өсвөр насны 15 настай байсан О.О-т ял оногдуулаад байна уу, шүүх хурал болсон өдөр 18 нас 1 cap хүрсэн О.От ял оногдуулаад байна уу. Миний бодлоор өсвөр настай байхдаа гэмт хэрэгт холбогдсон О.О-ыг гэм бурууг шүүхээр тогтоож, О.О-ын ялыг хойшлуулах нь Эрүүгийн хуулийн 8 бүлгийн зорилго, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.О-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь үндэслэлтэй боловч мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлахгүй харин 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байсан гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч М.Э-тай хамт нэг үйлдэлтэй. Тухайн үед хэрэг үйлдсэн талаар шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүхээс Эрүүгийн хэрэгтэй холбоотой 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг үндэслэсэн. Хохирогчид одоо айдас түгшүүр төрүүлсэн, бий болгосон гэдэг асуудлыг шүүхээс авч үзсэн. Энэ нь хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг илэрхийлсэн байна гэж тайлбарласан. Өмгөөлөгч Э.Ариунсайханы тайлбартай холбоотой шүүгчээс асуусан “Рэйгби үстэй залуу цохих гэж дайраад байсан” гэдэг хүн нь Э.Э-тэй энэ хэрэг үйлдэлд Б.Т, О.О, Нямсүрэн гэсэн гурван хүнтэй хамааралгүй тусдаа явж байсан хүн бөгөөд тухайн хүн цохих гэж дайрахад нь шүүгдэгч М.Э болиулсан бөгөөд Нямсүрэн болон М.Э, Б.Т нарын зүгээс хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал байхгүй. Энэ талаар хохирогч Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харж болно гэж үзсэн. Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхгүйгээр тус ангийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх боломжтой байсан. 2019 оны Улсын Дээд шүүхийн тогтоол тайлбараас гадна 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 41 дугаартай тогтоол байдаг. Тухайн тогтоолд хүч хэрэглэх гэж юу хэлэх вэ, хүч хэрэглэхээр заналхийлэх гэж юу хэлэх вэ гэж заасан. Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно, энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно гэж заасан. Мөн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор мөн адилхан заналхийлсэн, довтолсон, идэвхтэй үйлдлийг илэрхийлнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны шинэчлэн найрлуулагдсан хуулиар “булаах” гэсэн зүйлчлэл байхгүй ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулгаар илэрхийлж байгаа. Иймээс тус ангид зааснаар зүйлчлэх боломжтой байсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Т нь тухайн хэргийг үйлдэх үедээ 18 нас 9 сар 15 хоногтой байсан. Иймээс зүйлчлэлийг нь хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлахыг ял болгож өөрчилж өгнө үү. Шүүгдэгч О.О нь хэргийн зүйлчлэлийн талаар маргадгүй. Түүний хувийн байдалтай холбоотойгоор хэрэг үйлдэх үедээ 15 байсан. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар татагдсан. Би хоёр үйлчлүүлэгчдээ хоёуланд “та хоёр болсон бүх зүйлээ үнэн зөвөөр хэл” гэсэн бөгөөд энэ нь хэргээ хурдан шийдвэрлүүлэх зорилготой байсан. Яллагдагчаар татагдсанаас хойш хоёр жил гаруй хугацаанд хэрэг нь шүүхийн шатанд шилжихгүй мөрдөн байцаалтын шатанд шалгагдсаар байгаад шүүгдэгч О.О нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18 нас хүрсэн бөгөөд анхан шатны шүүхээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч О.О-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд наймдугаар бүлэгт зааснаар ял шийтгэл оногдуулах тусгай бүлэг зохицуулалт байдаг. Шүүхээс 18 насанд хүрсний дараа хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Мөн прокуророос санал болгосон ялыг 2 жил 2 сарыг 1 жил 1 сар багасгаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс тухайн үед шүүгдэгч О.О нь хэрэг үйлдэх үедээ 15 настай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдаж байна. Хэрэв шүүхээс шүүгдэгч О.Оыг 18 насанд хүрсэн гэж үзээд ял оногдуулах гэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэс журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай алба арга хэмжээг шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтууд байдаг. Шүүгдэгч О.О нь тухайн үед хэрэг үйлдэхдээ 15 нас 9 сар 8 хоногтой байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хойшлуулж хөнгөрүүлж, Б.Т, О.О нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье. …” гэв.
Шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгч Э.Ариунсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Шүүгдэгч Б.Т, М.Э нар бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 13-наас 2022 оны 8 дугаар сарын 14-ний шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 47 дугаар байрны гадна хохирогч С.Т-ийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Ай фоне икс эс загварын гар утсыг дээрэмдэн авч 725.000 төгрөгний хохирол учруулсан.
Шүүгдэгч О.О нь Э.Э-той бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 13-наас 2022 оны 8 дугаар сарын 14-ний шилжих шөнө 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, 47 дугаар байрны гадна хохирогч О.С-ын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох Ай фоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж дээрэмдэн авч 1.550.000 төгрөгний хохирол учруулсан.” хэрэгт прокуророос миний үйлчлүүлэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс М.Э-т холбогдох Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан. Дээрх шүүхийн шийдвэр нь хэргийн бодит, нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Тухайлбал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Э, Б.Т нарын үйлдэл нь “хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг агуулсан. Энэхүү үйлдэл нь хохирогчийг тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдарын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болох бол энэхүү заналхийлэх шинж тогтоогдож байна.”
Өөрөөр хэлбэл, хүч хэрэглээгүй тохиолдол бүрийг хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Б.Т, М.Э нарын үйлдэл буюу олуулаа хохирогчийг бүсэлж авсны улмаас хохирогч С.Т-ийн сэтгэл зүйд айдас, түгшүүр бий болж улмаар хохирогч нь өөрийн биед байгаа гар утсыг гаргаж өгч байгаа нь хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг бүрэн хангасан байна гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар шүүх дүгнэхдээ улсын яллагчийн дүгнэлтэд тусгагдсан яллах талын баримт буюу хохирогч С.Т-ийн “үл таних 7 залуу ирээд миний гар утсыг дээрэмдэж авсан" гэх мэдүүлэгт үндэслэсэн.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогч С.Т дээр үл таних 7 залуу ирсний улмаас хохирогчид сэтгэл зүйн айдас, түгшүүр бий болж өөрийн гар утсаа гаргаж өгсөн, энэ нь “хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” үйлдэлд хамаарна гэж үзсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дээр дурдсан үндэслэлийг эс хүлээн зөвшөөрч байна.
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Үндэслэл нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийн хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог. Шүүгдэгч М.Э, Б.Т нар нь хохирогч С.Т-ийн эд хөрөнгийн дээрэмдэн авахдаа хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлээгүй, хүч хэрэглэхээр заналхийлж сэтгэл зүйн дарамтанд оруулаагүй болох нь хохирогчийн “.... 173 см орчим өндөртэй туранхай өндөр залуу ирээд утасныхаа кодыг тайл гэж хэлэхээр нь би тухайн залууд утасныхаа кодыг тайлж өгсөн...” гэх хх-57 дахь талд байгаа мэдүүлгээс харагдана. Гэмт хэрэг гарах болсон дээрх нөхцөл байдлаас үзэхэд хохирогч тухайн үед сэтгэл зүйн дарамт айдас, түгшүүрт байдалд автаагүй, шүүгдэгч нартай харилцан ярилцаж байсан, шүүгдэгч нарт өөртөө байгаа пиво-ыг өгөхөөр санал болгосон, түүнчлэн шүүгдэгч нар хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон үйлдлийн шинжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн шинж, хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг илүүтэйгээр агуулсан. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх" гэмт хэргийн хувьд эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авсан шинжтэй үйлдэл хамаардаг.
Хохирогч С.Т-ийн “...Тухайн үед 173 см орчим өндөртэй залуу ирээд миний утсыг авахдаа утасныхаа кодыг тайл гэж хэлэхээр нь тухайн залууд тайлж өгсөн..." гэх мэдүүлэг 1хх-57, гэрч Б.Н-гийн "... О, О тэр 2 байрны хойд талаар согтуу бүдүүн залуу руу явсан. Харин Т, У бид 3 байрны урд талаар явсан. Би байрны буланд зогсож байхад Улака, Т 2 байрны урд талаар очиж нөгөө согтуу хүний Айфон X загварын гар утсыг дээрэмдсэн.” гэх мэдүүлэг 1хх-63
Дээрх мэдүүлгээс үзэхэд хохирогч С.Т-ийн араас 7 залуу очиж, бүсэлж айлган сүрдүүлсэн үйлдэл байхгүй. Шүүгдэгч нар тус бүртээ 2 болон 3-аараа салж явсан. Хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хэрэглэхээр заналхийлэхгүйгээр, өөрт нь утас байгаа эсэхийг асууж, утсыг нь ил аргаар авсан. Хохирогч өөрөө утасныхаа кодыг тайлж өгсөн байдлаас үзэхэд сэтгэл санааны айдас, түгшүүрт өртсөн нөхцөл байдал үүсээгүй. Шүүгдэгч М.Э-ын гэрчээр өгсөн "... Нямаа, Т бид 3 тэр ахаас очиж эхлээд тамхи асуусан, танд юу байна утас байна уу гэж асуусан. Тэр ах кодтой утсаар яахав дээ гээд байсан, О, О 2 хохирогч О.С-ыг дээрэмдсэн хажуу талаас орж ирээд кодыг нь хэлүүл гээд зодох гээд байсан. Тэгэхээр нь би болиулаад Айфон XS загварын гар утсыг нь бид 3 аваад явсан..." гэх мэдүүлэг 1хх-78
Үүнээс үзэхэд шүүгдэгч нар анхнаасаа хохирогчийн бие махбодын болон сэтгэл санааны айдас түгшүүрт нөхцөл байдалд оруулах санаа зорилгогүй байсан бөгөөд зөвхөн түүнд байгаа эд хөрөнгийг авах санаа зорилготой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхой заасан байна гэж хуульчилсан.
Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1124 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч тус бүрийн үйлдлийг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э, Б.Т нарын гэмт хэрэг хийсэн үйлдэл, хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан байдал ялгамжтай байна. Гэмт хэргийн үйлдэл өөр өөр байхад түүнийг тодорхойлгоогүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ...” байх хуулийн шаардлагатай. Шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шийдвэрлэсэн ч шүүгдэгч нарын үйлдлийг тус бүр нарийн тодорхойлоогүй байна. Гомдолд дурдагдсан дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс зүйлчлэлтэй холбоотой асуудлаар маргаж байна. Давж заалдах гомдолдоо шүүгдэгч М.Э-ын өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлтэй холбоотой нотлох баримтуудыг дурдсан. Энэ талаар хохирогч С.Т болон Н-ийнн гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Э-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн шинж байхгүй гэж гомдолдоо дурдсан. Гэтэл мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлох баримтуудаар эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан болох нь тогтоогдож байна. Учир нь, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэг нь гэм буруутай этгээд тухайн үедээ хохирогчид шууд хүч хэрэглэхээр халдаагүй боловч шаардсан эд хөрөнгийг авах зорилгоор тухайн мөчид хохирогчийн амь, бие, эрүүл мэндэд хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж идэвхтэй үйлдэл хийснийг ойлгоно. Сүрдүүлэг нь тодорхой шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд хэрэгжих боломжтой байхыг хэлдэг. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлсэн шинж нь хожим хойно бус одоо шаардсан эд хөрөнгийг тэр даруйд нь өгөхгүй бол тухайн мөчид хохирогчийн амь, бие, эрүүл мэндэд нь аюултай, хүч хэрэглэх нөхцөл байдал бүрдсэн байдгаараа онцлог. Хэргийн үйл баримтын хувьд тухайн хохирогч Т-г шүүгдэгч нар нь тухайн газарт олуулаа тойрч зогсохдоо бүслэх зэргээр үйлдэл хийсний улмаас хохирогч нь шүүгдэгч нарын эсрэг ямар нэгэн хариу үйлдэл хийсэн тохиолдолд өөрт нь аюул учирна, биед нь хохирол учирна гэдгийг ухамсарлах хэмжээнд хүрсэн бөгөөд хохирогчийн биед зарж борлуулж үнэ хүрэх эд зүйл байгаа эсэхийг тодруулан гар утсыг өөрөөс нь кодыг хэлүүлж авч байгаа үйлдэл нь хүч хэрэглэн хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг гэмт хэргийн нийгмийн явдлын шинж чанар хэм хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж тухайн ял шийтгэлийг бол оногдуулсан нь хууль ёсны гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн үйл баримтыг зөв сэргээн дүрсэлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн анхан шатын шүүхийн шийдвэрийг эргэлзээтэй гэж үзсэн үндэслэл тогтоогдоогүй. Иймээс шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатын шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Б.Т, Б.Н, М.Э нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна хохирогч С.Т-ийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Ай фоне икс эс” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авч 725,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Б.Т яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...М.Э /шүүгдэгч/, Э /энэ хэрэгт тусгаарлагдсан/, О.О /шүүгдэгч/, Н /шүүгдэгч/ бид нар 2 литрийн том пиво нэгийг хувааж уучаад хүн зодож мөнгөтэй болох уу мөнгийг нь аваад зугтаана гэж ярьсан. ...Тэгээд хүүхдийн 100 тэнд 2 согтуу ах байхаар нь цохичих уу гэж ярилцсан. ..Тэгээд тэр 2 ах байрны 2 талаар салаад явахаар нь бид нар хуваагдаж ар араас нь явахаар болоод би М.Э /шүүгдэгч/, Н /тусгаарлагдсан/ 2-той хамт туранхай пиджактай өндөр ахын араас явж байхад тэр ах эргэж хараад байсан. ...М.Э яасан хараад байна уу гэж тэр ахад хээлэхэд тэр ах юм хэлэхгүй байсан. ...Тэгээд М.Э бид 2 тэр ахын араас очсон ба Н байрны ард буланд үлдсэн. ...М.Э тэр ахын халаасыг тэмтэрч үзээд “энд утас байна” гэж надад хэлэхээр нь би гар утсыг нь халааснаас нь аваад шууд М.Э-т өгсөн. ...Тэр ахад би “утасныхаа кодыг хэлчих” гэхэд тэр ах “код хийгээд нээсэн ч ID-тай утас та нарт хэрэггүй гэж хэлсэн. …Тэгээд О.О, Э.Э нарын явсан талд хүн аймар орилох чимээ гарсан. ...Тэгээд О.О, Э.Э нар гүйгээд ирсэн. ...О.О гартаа гар утас барьчихсан байсан ба Э.Э бид нарын уулзаж байсан ахыг зодох гээд дайрахаар нь М.Э болиулаад бүгд тэр газраас зугтаасан. ...Би О.О, Э.Э нараас тэр ахын утсыг яаж авсан бэ гэхэд “О.О тэр ахаас цаг хэд болж байна утсаараа 1 яриулчих гэж хэлэх хооронд Э.Э тэр хүнийг цохиод унасан гар утсыг нь О.О аваад, гар утасны кодыг нь Э.Э эзнийг нь цохиж байгаад хэлүүлсэн гэж хэлсэн. ... Би гар утсыг авахдаа хүч хэрэглэсэн зүйл байхгүй. ...” /1хх 08-10/,
яллагдагч Б.Н /энэ хэрэгт тусгаарлагдсан/: “...Э.Э “энэ 2 хүнийг дээрэмдээд хэдүүлээ мөнгөтэй болъё” гэхээр нь бид нар за гээд хуваагдаж очиж дээрэмдэхээр болсон. ...Тэгээд би Т, М.Э нарын хамт туранхай пиджактай хүний араас дагаад явсан ба би Т, М.Э 2-т хандан “би жоохон байгаад байна энд хүлээж байя” гээд байшингийн буланд үлдсэн. ...Тэгээд нөгөө талд хүн орилох чимээ гарахад би Т, М.Э 2 дээр очоод тэнд хүн орилоод байна гэж хэлсэн. ...Намайг тэр 2 дээр очиход Т тухайн хүний гар утсыг барьчихсан зогсож байсан. ....Тэгээд нөгөө талд явж байсан Э.Э, О.О 2 тэр ахыг зодох гээд дайраад байсан. ...Т М.Э нарын авсан утас нь /ай фоне икс эс/ кодтой утас байсан болохоор Т тэр утсыг эвдлээд хаясан. ...Нөгөө утсыг миний иргэний үнэмлэхээр 1,100,000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...” /1хх 21-23, 62-63/,
шүүгдэгч М.Э яллагдагчаар: “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. ...Би Т, Н нарын хамт туранхай пиджактай ахын араас явсан. ...Бид 3 тэр ахын араас очоод Т тэр ахаас “Тамхи байна уу” гэж асуухад тэр ах хариулахгүй байсан ба Т дахиж ойртож очоод “Тамхи байна уу” гэж чанга асуухад “тамхи байхгүй” гэж хэлсэн. ....Тэгээд би тэр ахад хандаж “та наад утсаа өгчих” гэж хэлсэн чинь тэр ах “болохгүй шүү дээ ахын дүү нар бөөн асуудал болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Т надад хандаж “юугаа асуугаад байгаа юм утсыг нь аваач” гэж надад хэлэхээр нь би тэр ахын халааснаас гар утсыг нь авсан. ...Тэгээд О.О, Э.Э нар гүйж ирээд миний гар утсыг нь авсан ахыг Э.Э цохих гээд дайраад байхаар нь Н, Т нар болиулсан. ...О.О, Э.Э нар дагаж явсан ахыг цохиод халааснаас нь гар утсыг нь авсан гээд “ай фоне 11 про макс” загварын гар утас гаргаж ирсэн. ....Тэр 2 хэлэхдээ гар утасны кодыг нь зодож байгаад хэлүүлсэн гэж ярьсан. ...Н, Т бид 3-ын авсан утас /Ай фоне икс эс макс/ кодтой байсан болохоор Т тэр утсыг эвдлээд хаясан. .... “ай фоне 11 про макс” загварын гар утсыг ломбарданд 1,000,000 төгрөгөөр тавиад бид 5 тэнцүү хувааж авсан. ... Тэр ахын гар утсыг Т намайг ав гээд байхаар нь би авсан. ...” /1хх 45-47/,
хохирогч С.Т /ай фоне икс эс утсаа дээрэмдүүлсэн гэх/: “.... 173см орчим өндөртэй туранхай шар царайтай залуу нь над дээр ирээд миний утсыг авахдаа “утасныхаа кодыг тайл” гэж хэлэхээр нь би тухайн залууд тайлж өгсөн ба 18-20 насны залуу шиг харагдсан. ...Өмсөж явсан хувцас нь цагаан фодволк, хар шорттой байсан санагдаж байна. ...Сүүлд намайг ирж цохих гэж оролдсон залуу нь буржгар “реги” шар үстэй байсан. ...” гэх мэдүүлгүүд /1хх 57/,
шүүгдэгч Б.Т-гийн нас тоолсон тэмдэглэл Хэрэг гарсан өдөр буюу 2022.8.14-ний өдрийн байдлаар 18 нас, 9 сар, 15 хоногтой байна /2хх 117/, шүүгдэгч М.Э-ын нас тоолсон тэмдэглэл Хэрэг гарсан өдөр буюу 2022.8.14-ний өдрийн байдлаар 17 нас, 1 сар, 22 хоногтой байна /2хх 118/, хохирогч С.Т-ийн гар утсанд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 87-88/, шүүгдэгч С.Т хохирогч С.Т-т 365,000 төгрөгийг хохиролд төлсөн баримт /2хх 178/, шүүгдэгч М.Э-аас хохирогч С.Тт 370,000 төгрөгийг хохиролд төлсөн баримт /2хх 179/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
1.1 Анхан шатны шүүх нь прокуророос шүүгдэгч Б.Т, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
1.2 Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нар нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан хэмээн давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр” дээрэмдэх гэмт хэрэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж” дээрэмдэх гэмт хэрэг нь объектив шинжээрээ буюу үйлдлийн аргаараа ялгагдана.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан заналхийлсэн шинжтэй үйлдэл хамаардаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т, М.Э, Б.Н, Э.Э, О.О нар нь хохирогч С.Т-ийг дээрэмдэх талаар үгсэн тохиролцсоны үндсэн дээр М.Э, Б.Т нар нь хохирогч С.Т-ийн араас дагаж яван түүнийг бүсэлж авсны улмаас түүний сэтгэл зүйд айдас түгшүүрт байдал үүсч улмаар өөрийн биед байгаа утсыг гаргаж өгсөн, Э.Э /энэ хэрэгт тусгаарлагдсан/ нь хохирогчийг зодох гэж дайрсан, гар утсыг аваад зугтаасан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа нь дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
1.3 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч О.О, Э.Э /энэ хэрэгт тусгаарлагдсан/ нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 дугаар байрны гадна О.С-ын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох “Айфоне 11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэж, довтолж дээрэмдэн авч 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-54/,
шүүгдэгч Б.Т яллагдагчаар: “...Би О.О, Э.Э нараас тэр ахын утсыг яаж авсан бэ гэхэд “О.О тэр ахаас цаг хэд болж байна утсаараа 1 яриулчих гэж хэлэх хооронд Э.Э тэр хүнийг цохиод унасан гар утсыг нь О.О аваад, гар утасны кодыг нь Э.Э эзнийг нь цохиж байгаад хэлүүлсэн гэж хэлсэн. ... /1хх 08-10/,
шүүгдэгч О.О яллагдагчаар: “....Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Бид нар энэ ах нарыг дээрэмдэж мөнгөтэй болъё гэж ярилцсан. ...Бид нар хуваагдаж явсан. ...Би Э.Э-тэй хамт махлаг бүдүүн ахын араас явсан. ..Би тэр ахын араас очоод цаг асуухад “цаг байхгүй гэхээр нь “ахаа ядаж утсаараа нэг яриулчих” гэсэн чинь “ахад нь гар утас байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Э.Э тэр ахын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод тэр ахыг газарт унагаахад халааснаас нь гар утас нь унахад би гар утсыг нь авахад утас нь кодтой байна гэж Э.Э-д хэлэхэд Э.Э-д тэр ахыг “кодоо хэл” гэсэн чинь тэр ах санахгүй байна гэхэд Э.Э тэр ахын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон ба би тэр үед тэр ахын толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. ...Тэгээд тэр ахаар кодыг хэлүүлээд Т, Н, М.Э 3 дээр очсон. ...Бид 2-ыг очиход Э.Э тэр ахыг “утасны кодоо хэл лалар минь” гээд цохих гэхэд М.Э болиулсан. ... Ай фоне 11 утсыг ломбарданд 1,100,000 төгрөгөөр тавиад таксины ахад 100,000 төгрөг өгөөд үлдсэн 1,000,000 төгрөгийг бид 5 200,000 төгрөгөөр хуваагаад авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1хх 31-33/,
хохирогч О.С: /ай фоне 11 промакс утсаа дээрэмдүүлсэн гэх/: “...Алхаад явж байхад ардаас 16-18 насны 2 үл таних залуу юм асууя гээд дуудсан. ...Тэгээд эргээд харахад нэг залуу нь миний нүүр лүү цохиж унагаасан. ...Унаад хэвтэж байхад нэг нь нүүрэн тус газар луу өшиглөж байхад нөгөө залуу нь миний гадуур хувцасны халааснаас гар утсыг авсан. ...Тэгээд утас авчаад кодыг нь асууж нүүрэн тус газар дахиж өшиглөсөн. ...Тэгээд найз руугаа очиход найз бас дээрэмдүүлсэн байсан. ... /1хх 59/,
яллагдагч Э.Э /энэ хэрэгт тусгаарлагдсан/ яллагдагчаар 2022.10.27-ны өдөр: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Бид нар тэр 2 хүнийг дээрэмдье гэж ярилцаад байж байхад тэр 2 хүн 2 тийшээ салаад авахаар нь Т “О.О та хоёр тэр махлагдуу ахын араас яв” гэхээр нь бид 2 араас нь дагаад явсан. ...Харин нөгөө ахын араас Т, М.Э, Н 3 явсан. ..Тэгээд араас нь дагаж яваад О.О тэр ахаас цаг асуугаад нөгөө ах цаг алгаа гэж хэлсэн. ...Тэгээд О.О толгойгоороо дохиод байхаар нь би тэр ахын араас очоод толгойноос нь татаж унагаасан ба О.О тэр үед тэр ахын халааснаас “ай фоне 11 промакс” гар утсын авсан. Тэгээд О.О тэр ахыг утасныхаа кодыг хэл гээд О.О тэр ахын нүүр рүү 1-2 удаа өшиглөсөн. ...Тэгээд бид нар “ай фоне 11 промакс” гар утсыг 1,000,000 төгрөгөөр ломбарданд тавиад мөнгө 5 хувааж авсан. ...Дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгүүд /1хх 71-72, 118-120/,
Шүүгдэгч О.О-ын нас тоолсон тэмдэглэл: Хэрэг гарсан өдөр буюу 2022.8.14-ний өдрийн байдлаар 15 нас, 9 сар, 08 хоногтой байна /2хх 116/, шүүгдэгч О.О-аас хохирогч С.С-д хохирол төлбөрт 1,550,000 төгрөг төлсөн баримт /2хх 182/, хохирогч О.С-ын гар утсанд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 87-88/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2.1 Анхан шатны шүүх нь прокуророос шүүгдэгч О.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
2.2 Харин прокурор болон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангиар зохицуулагдсан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт тавигдах нийтлэг үндэслэл журмыг зөрчсөн байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1 /Хүнийг алах/, 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 /Хүчиндэх/, 17.1 /Хулгайлах/, 17.2 /Дээрэмдэх/, 17.8 /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1 /Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3 /Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8 /Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч О.О нь тухайн хэрэг гарсан өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 нас, 9 сар, 08 хоногтой байсан нь мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсан байна. /2хх 116/
Гэтэл прокуророос шүүгдэгч О.О-ыг Э.Э /энэ хэрэгт тусгаарлагдсан/-той бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа О.С-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж буруутган яллах дүгнэлт үйлдэж, улмаар анхан шатны шүүх дээрх зүйл, заалт, хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн шийдвэр болсон байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1124 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлын талаар;
3.1 Хавтаст хэргийг үзэхэд хэргийн үдэлт, дэс дараалал, логик утга агуулгын хувьд эмх замбараагүй байгааг тэмдэглэж байна.
3.2 Шүүгдэгч нар нь хохирогч О.С-ын “Ай фоне 11 про макс” гар утсыг дээрэмдэн авч улмаар түүний гар утсыг ломбарданд тавьж мөнгөө тэнцүү хувааж авсан талаар хэн аль нь мэдүүлсэн байна.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн гар утсыг ломбарданд тавьж мөнгөө тэнцүү хувааж авсан талаарх холбогдох баримтыг дутуу үнэлсэн, гар утасны үнэлгээний баримт, тухайн гар утсыг ломбарданд тавьсан зөрүү мөнгөний талаар үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй, эргэлзээгүй бөгөөд хангалттайгаар нотолж тогтоогоогүй тохиолдолд хийсвэрлэн таамаглах байдлаар тэдний эрх зүйн байдлыг дордуулан дүгнэн, шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
3.3 Яллагдагч Б.Н /энэ хэрэгт тусгаарлагдсан/-гийн сэтгэц эмгэг судлалын 2022.11.11-ний өдрийн 1102 дугаартай дүгнэлт /2хх 04-05/ дүгнэлтийг яагаад Б.Н-д танилцуулалгүй шүүгдэгч Б.Т-д дээрх шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан /1хх 216/,
хохирогч С.Т-ийн гар утсанд 2022.8 сард “Дамно” хөрөнгийн үнэлгээний газраас гаргасан үнэлгээг хохирогчид танилцуулаагүй, гарын үсэг зурагдаагүй /1хх 217/,
шүүгдэгч О.О, яллагдагч Э.Э /энэ хэрэгт тусгаарлагдсан гэх/ нарын хохирогч О.С-ын утсыг дээрэмдэж, улмаар дээрэмдэх явцдаа зодсон үйлдлийг ЭХЕА 3.7-1 ЭХТА 17.2.2, 10.1.2.2.11-ээр 2022.12.08-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол 1хх 205-207 /Шүүгдэгч О.О-т танилцуулаагүй/,
шүүгдэгч О.О, яллагдагч Э.Э /энэ хэрэгт тусгаарлагдсан гэх/ нарын хохирогч О.С-ын утсыг дээрэмдэж, улмаар дээрэмдэх явцдаа зодсон үйлдлийг ЭХЕА 3.7-1 ЭХТА 17.2.2, 10.1.2.2.11-ээр 2022.12.08-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол 1хх 208-210 /яллагдагч Э.Энх-Орчлонд танилцуулаагүй/
Б.Н-д холбогдох хэргийг тусгаарласан тогтоол /2хх 146/ авагдсан байна. Дээрх хэргийн тусгаарласан тогтоолыг О.О Б.Т нарт танилцуулсан атлаа хамт үйлдсэн М.Э-т дээрх тогтоолыг танилцуулаагүй алдаа зөрчлүүд гаргасан хэдий ч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс дээрх алдаа зөрчлүүдийг анхааруулах байдлаар тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Т, М.Э, О.О нарын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1124 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч О.О-т холбогдох:
1 дэх заалтын: “....Шүүгдэгч О.О-ыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг хуулийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн. ...” гэснийг,
2 дахь заалтын: Шүүгдэгч О.О-ыг ”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар. ...” гэснийг,
3 дахь заалтын: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар. ...” гэснийг,
4 дэх заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, О.О, М.Э нарын тус бүр цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялд тус тус оруулан тооцож, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ