| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0713/З |
| Дугаар | 128/ШШ2026/0819 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Хариуцагч: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З*******,
Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н*******,
Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******,
Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******,
Нэхэмжлэгч ******* ХХК болон нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ хоорондын Барилга, байгууламж барьж, ашиглалтад оруулах-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1.1. Манай ******* ХХК /*******/ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, тэдгээрийн харьяа байгууллагуудыг хотын төвөөс Яармаг дэд төвд шилжүүлэн байршуулах ажлын хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Улмаар тус гэрээний үндсэн дээр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 03/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний ажлын алба, харьяа байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захиалагчийн ажлын алба болон түүний харьяа байгууллагуудын барилгыг барих ажил, тус барилга байгууламжийг барихтай холбоотой шугам сүлжээ, орчны тохижилтын ажлыг манай компани хийж гүйцэтгэн Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан.
1.2.Тус гэрээний гол нөхцөлөөр нэхэмжлэгч барилгын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч санхүүжилтийг шийдвэрлэх буюу төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байдаг.
1.3. Тодруулбал, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээний 3.1.4.1-д Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын шинэ барилга байгууламжийг барихтай холбоотой гарах бүх зардлын санхүүжилтийг Нийслэл хариуцна. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д Гэрээний үнийн дүнд өөрчлөлт орох тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ, 2.10-д Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасан санхүүжилтийг гэрээний дагуу шилжүүлэхийг Нийслэлээс шаардах гэж тус тус зааснаас үзвэл гэрээний нөгөө тал болсон хариуцагч нар нь төслийн санхүүжилтийг бүхэлд нь хариуцах нь тодорхой байгаагаас гадна 2018 оноос хойш дээрх гэрээнүүдэд заасны дагуу төслийн бүхий л санхүүжилтийг манай компанид олгож ирсэн байдаг.
1.4.2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 03/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/19 дүгээр Барилга угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг байгуулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн холбогдох санхүүжилтийг авч ирсэн байдаг. Манай компани төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар тушаалаар Барилгын ажилтны тариф цалингийн жишиг-ийг шинэчлэн баталсан байдаг. Тус тушаалын ач холбогдол, хууль зүйн үр дагаврын хувьд барилгын ажил гүйцэтгэхэд ажиллаж буй ажилчдын цалингийн доод хэмжээг тогтоож, тухайн тогтоосон цалингаас доош хэмжээний цалин барилгын салбарт ажиллаж буй ажилтанд олгохыг хориглосон агуулгатай тушаал юм.
1.5.Тус тушаал батлагдсантай холбогдуулан манай компанийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гүйцэтгэсэн ажлын ажиллах хүчний зардлын зөрүүг тодорхойлуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/7332 дугаар Цалингийн жишиг шинэчлэл хийх тухай хүсэлтийг Барилгын хөгжлийн төвд хүргүүлснээр Барилгын хөгжлийн төвөөс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 88-0024/2025 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтээр манай компанийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хийж гүйцэтгэсэн ажлын ажиллах хүчний зөрүү нь нийт 7,293,350,752 төгрөг болохыг тодорхойлж, тус дүгнэлтийг Нийслэлийн Засаг дарга болоод Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүрэн хүлээн зөвшөөрсөн.
1.6.Үүнээс хойш Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/337 дугаар захирамж гарч, дээр дурдсан 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88-0024/2025 дугаар магадлалыг үндэслэн. хавсралтаараа манай ******* ХХК-д 7,293,350,752 төгрөгийг олгохыг шийдвэрлэсэн. Улмаар 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас манай компанид 01/2417 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай гэх албан бичгээр санхүүжилт 7,293,350,752 төгрөгийг олгох агуулгатай мэдэгдэл ирсэн. Бид тус санхүүжилт олгох асуудал шийдэгдлээ гэж бодон хүлээж байсан боловч 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээний тал болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ΟΗӨΑΑΤΥΓ-т 03/3589 дүгээр албан бичгээр ******* ХХК-д санхүүжилт олгохгүй гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлж, улмаар тус албан бичгийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас манай компанид 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 01/2816 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
1.7.Өөрөөр хэлбэл нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлын ажиллах хүчний зардал 7,293,350,752 төгрөг болох нь тодорхой, тус дүн дээр талууд маргаан байхгүй, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус санхүүжилтийг олгоно гэх гэрээг байгуулсан атлаа үндэслэлгүйгээр татгалзаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байгаа юм. Манай компанийн зүгээс хариуцагч байгууллагаас хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авах хүсэлт гаргасан атал санхүүжилтийг олгохоос хууль бусаар татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
1.8.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
Хоёр.Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
2.1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026.06.02-ны өдрийн 03/3589 дугаар шийдвэр, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/2816 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дад төвийн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга ажлын үлдэгдэл санхүүжилт 7,293,350,752 төгрөгийг олгохгүй. Байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тус ажлын санхүүжилт 7,293,350,752 төгрөгийг ******* ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан, Талууд нь Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж нэг төвтэй хотоос олон төвт, суурьшлын оновчтой тогтолцоонд суурилсан хот байгуулах зорилгоop нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг дэд төвд шилжүүлэхээр 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Барилгын ажил гүйцэтгэх 03/01 дүгээр гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/04 дүгээр Барилгын угсралтын ажлыг санхүүжүүлэх гэрээг тус тус байгуулсан.
2.2.Тус гэрээний дагуу Барилгын ажил гүйцэтгэх 03/01 дүгээр гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 03/04 дүгээр Барилгын угсралтын ажлыг санхүүжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээгээр гэрээний үнийн дүн нь 91,000,000,000 төгрөг байсан. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/19 дүгээр Барилга угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний 2.3 дах заалтаар Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1545/2020 дугаар Магадлалын нэгтгэсэн дүгнэлт-д зааснаар А, Б блок барилгын нийт төсөвт өртөг 93,687,645,790 төгрөг, Гадна шугам сүлжээ, тохижилтын ажлын төсөвт өртөг 13,31,056,055 төгрөг буюу нийт төсөвт өртөг 107,058,701,846 төгрөг болгож гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан.
2.3.Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018-2022 онд 91,385,784,046 төгрөгийг олгосон бөгөөд Улсын төсвийн хөрөнгөөр 15,672,917,800 төгрөгийг санхүүжүүлэхээр талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04/65 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний 1.2 дахь заалтаар тохиролцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 9,943,070,170 төгрөгийг гүйцэтгэлээр санхүүжүүлсэн. Үлдэгдэл санхүүжилт нь тухайн онд олгогдоогүй тул улсын төсөвт буцаан татагдсан.
2.4.2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус ажилд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээ байгуулж, гэрээний үнийн дүнг 111,460,959,147 төгрөг болгон нэмэгдүүлж, материалын үнийн өсөлтөд 4,398,593,241.0 төгрөгийг нийслэлийн төсвийн хүрээнд олгосон.
2.5.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжихээр батлагдсан Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвийн нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/ ажлын үлдэгдэл санхүүжилт төсөл, арга хэмжээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.1.4 дэх заалтын дагуу ******* ХХК-тай гэрээ шууд байгуулахаар гэрээний төслийг албажуулахаар ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4-д нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно гэж зохицуулсан.
2.6.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 26/59 дүгээр тогтоолын дагуу Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1010 дугаар захирамжаар тус арга хэмжээний санхүүжилтийг зогсоосон. Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 95 дугаар тушаалаар тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсан боловч санхүүжилт эх үүсвэрийн асуудлыг хэрхэн зохицуулах зохицуулалтгүй.
2.7.Мөн тус тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан бөгөөд тус компанид 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн санхүүжилтийг олгосон одоогоор нэмэлт олгох санхүүжилт байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны бүхэлд нь татгалзаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гурав.Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
3.1.Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.
3.2.Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/337 захирамжийн хавсралтаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг баталсан байдаг. Тухайн төсөл арга хэмжээг зохион байгуулах үнэлгээний хороо 2026 оны 05 сарын 04-ний өдрийн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын даргын А/49 дүгээр тушаалаар байгуулагдсан.
3.3.Тус үнэлгээний хороо Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/337 захирамжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвийн нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор барилга (УБ хот, ХУД ажлын үлдэгдэл санхүүжилт)-ын ажилд ******* ХХК-ийг шалгарсан болохыг мэдэгдэж гэрээ байгуулах эрх олгохыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т /цаашид НХОГ гэх/ зөвлөж, үнэлгээний хорооны зөвлөмжийг ирүүлсэн.
3.4.НХОГ-ын 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/2601 дүгээр албан бичгээр гэрээг баталгаажуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ буцаах тухай 03/3589 албан бичиг ирүүлж гэрээ байгуулах боломжгүйг мэдэгдсэн. Иймээс НХОГ-оос шалгарсан ******* ХХК-д гэрээ буцаагдсан тухай мэдээллийг хүргүүлсэн болно.
3.5.Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Дөрөв.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
4.1.Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/1010 дугаар захирамж хэрэгт нотлох баримтаар ирсэн байна. Манай компанид нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 7,293,350,752 төгрөгийг олгох хэд хэдэн шийдвэр гарч байсны нэг болох Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/337 дугаар захирамж юм.
4.2.Гэтэл тус захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/1010 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/1010 дугаар захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд буюу манай ******* ХХК-д огт мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа огт хийгээгүй юм.
4.3.Манай компанийн хувьд нэгэнт гэрээгээр тохирон баталгаажуулан хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардаж байгаа атал тухайн нэгэнт хийгдсэн ажлын хөлсийг олгох шийдвэрийг хэмнэлт нэрийн дор хүчингүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Тав.Хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:
5.1.Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Барилгын ажил гүйцэтгэх 03/01 дүгээр гэрээний хугацаа нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 04/25 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацаа сунгах гэрээгээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан.
5.2.Тус гэрээний 2.3-т Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Барилгын ажил гүйцэтгэх 03/01 дүгээр гэрээний хугацаа энэхүү гэрээний хугацаатай хамт дуусгавар болно гэсэн зохицуулалттай. Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээ 04/65-НӨ дугаар гэрээгээр барилгын ажлыг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр материалын үнийн өсөлтийг олгосон. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон.
5.3.Монгол Улсын Сангийн сайдаас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/5252 дугаар Хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусах гэж 13.1.2 дахь заалтад энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох, гэж тус тус заасан.
5.4.Сангийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/5252 дугаар албан бичгийн хүрээнд хэмнэлтэд тооцогдсон төсөл арга хэмжээний төсвийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 26/59 дүгээр төсвийн тогтоолоор тодотгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1010 дугаар захирамжаар 2026 оны А/377 дугаар Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамжийг хүчингүй болгосон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болсон, эсхүл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тохиолдолд энэ хуулийн 30.4 дэх хэсэг хамаарахгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны бүхэлд нь татгалзаж байна.
5.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч ******* ХХК-аас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/3589, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/2816 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулж, Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төв, төвийн нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга-ын ажлын үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус ажлын санхүүжилт 7,293,350,752 /долоон тэрбум хоёр зуун ерэн гурав сая гурван зуун тавин мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг ******* ХХК-д олгохыг нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/1010 дугаар захирамжийн 4 дэх заалтаар нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлын зохион байгуулах тухай А/337 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах-аар ихэсгэсэн.
4.Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ хийж гүйцэтгэсэн барилгын ажлын ажиллах хүчний зардлыг олгоно гэсэн атлаа үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж, хариуцагч нараас улсын төсвийн гүйцэтгэлээр нь олгох ёстой санхүүжилтийг олгосон, үлдэгдэл санхүүжилт нь тухайн онд олгогдоогүй тул улсын төсөвт буцаан татагдсан, одоогоор нэмэлт олгох санхүүжилт байхгүй, нэхэмжлэгчийн асуудал нь дахин ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцаа биш гэж тус тус тайлбарлан маргасан.
5.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
5.1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын шинэ барилга байгууламжийг байгуулах талаар хамтран ажиллах тухай санал гаргасныг ******* ХХК хүлээн авч, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулжээ.
5.2.Үүнтэй холбогдуулан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 9.5 га талбайг ашиглахыг зөвшөөрсөн 2015/122 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ-нд үндэслэн, Нийслэлийн нутгийн захиргааны төвийн цогцолбор, 16 давхар хүртэл /зоорьтой/ барилга барих ******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үйлдсэн.
5.3.Улмаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ******* ХХК болон Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар харилцан тохиролцож, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 03/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ,
2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 03/04 дүгээр Барилгын угсралтын ажлыг санхүүжүүлэх гэрээ,
2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 03/01-02 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ,
2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/19 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ,
2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 04/47 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацаа сунгах гэрээ,
2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04/65 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ,
2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 04/77 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацаа сунгах гэрээ,
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 04/112 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацаа сунгах гэрээ,
2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 04/25 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацаа сунгах гэрээ,
2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 03/258 дугаар Барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ******* ХХК-тай харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 07/38 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацаа сунгах гэрээ,
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 04/65-НӨ дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээ-г тус тус байгуулсан.
5.4.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн БА-031/2022 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд, өндөр төвөгшилтэй ангиллын, зоорьтой, 4, 8, 11 давхар хүчин чадал бүхий нийслэлийн Нутгийн захиргааны төв цогцолбор барилгын А блок барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзэн ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.
5.5.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Засаг дарга барилгын ажлыг ******* ХХК-аар гүйцэтгүүлэхээр 2018 онд гэрээ байгуулсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай 95 дугаар тушаал баталсны дагуу магадлал хийлгэхээр Барилгын хөгжлийн төвд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Цалингийн жишиг шинэчлэл хийлгэх тухай 03/7332, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/4195 дугаар албан бичгүүдээр тус тус хандсан.
5.6.Нийслэлийн Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/740 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ-г буюу Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвийн нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг/-ын 2024 оны материалын үнийн өсөлтийн санхүүжилтийг 4.100.000.000 төгрөгөөр баталж, ******* ХХК-д олгосон.
5.7.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88-0024/2025 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын дүгнэлтийн нэгтгэл-ээр Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилгын тарифт цалингийн өөрчлөлтийн зөрүүг 7,293,350,752 төгрөгөөр тогтоосон.
5.8.Мөн нийслэлийн Засаг дарга 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Цалингийн үнийн өөрчлөлт тооцуулах тухай А/1578, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/377 дугаар захирамжуудаар барилгын ажлын 2025, 2026 онуудын санхүүжилтийг 7.293.400.000 төгрөгөөр баталж, уг төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж, холбогдох хууль, журамд нийцүүлэн, зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т даалгасан.
5.9.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Гэрээ баталгаажуулах тухай 01/2601 дүгээр албан бичгээр гүйцэтгэгч ******* ХХК-ийн 7.293.350.752 төгрөгийн нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх ажлын гэрээний бүрдлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.
5.10.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/3589 дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.1.4 дэх заалтын дагуу ******* ХХК-тай гэрээ шууд байгуулах гэрээний төслийг ирүүлсэн нь нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол гэсэн байгаа нь уг гэрээнд хамаарахгүй гэх үндэслэлээр гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т буцаасан.
5.11.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/2816 дугаар албан бичгээр нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга-ын ажлын үлдэгдэл санхүүжилт, ажил гүйцэтгэх гэрээ батл*******гүй болох-ыг ******* ХХК-д мэдэгдсэн.
5.12.Нийслэлийн Засаг дарга 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/1010 дугаар захирамжийн 4 дэх заалтын холбогдох хэсгээр нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлын зохион байгуулах тухай А/337 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
6.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
6.1.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-д төсвийн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах үүрэгтэй болохыг хуульчилсан.
6.2.Мөн уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар тодорхой үүрэг хүлээхийг заасан бөгөөд 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, 41.2.6-д төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх гэж тус тус заасан нь төсвийн хэрэгжилтийг хуульд нийцүүлэн зохион байгуулах, санхүүжилтийг гэрээний нөхцөл, төлбөрийн хуваарийн дагуу хийх үүрэгтэй.
6.3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ******* ХХК-ийн хооронд 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээний 3.1.3.3-д Нийслэл нь компанийг ажил үүргээ хэвийн явуулах бололцоо нөхцөлөөр хангаж, улс төрийн аливаа хүчин зүйл, нөлөөллөөс ангид байлгах бөгөөд нийслэлийн удирдлага, эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдөх, солигдохоос үл хамааран гэрээний үйлчлэл хэвээр үйлчилнэ, 3.1.4.1-д Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын шинэ барилга, байгууламжийг барихтай холбоотой бүх зардлын санхүүжилтийг Нийслэл хариуцна, 5.1-д Талуудын эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно гэж зохицуулжээ.
6.4.Гэрээний дээрх заалтуудаас үзэхэд нийслэл нь ******* ХХК-ийн үйл ажиллагааг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, барилга байгууламжийн зардлыг бүрэн хариуцаж, гэрээний хүчин төгөлдөр байдал нь эрх бүхий албан тушаалтны баталгаажуулалтаар тогтоогдох нөхцөлтэй болох нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд талуудын эрх, үүрэг нь тодорхой байна.
6.5.Хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчийн барилгын ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор Барилгын угсралтын ажлыг санхүүжүүлэх, ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ, хугацаа сунгах, материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээ зэрэг гэрээнүүдийг байгуулсан, тухайн нэмэлт гэрээнүүдийн үр дүнд нэхэмжлэгчийн барилгын ажлын гүйцэтгэл хангагдаж, тус цогцолбор барилгын А блокийг хариуцагч байгууллага хүлээн авсан байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон холбогдох баримтаар тогтоогдсон.
6.7.Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн барилгын ажлыг санхүүжүүлэн гүйцэтгүүлж, А блокийг хүлээн авсан нь гэрээний хэрэгжилт бодитоор хангагдсан болохыг харуулж байна. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, бодит биелэлтэд хүрсэн болохыг нотолж байна.
6.8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Захиалагч дараах нөхцөлд нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж болно, 36.1.4-д нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол гэж заасан.
6.9.Хуулийн дээрх зохицуулалтаас харвал нээлттэй тендерийн аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тухайн ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх шаардлага гарвал дахин тендер зарласан ч илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн тохиолдолд шууд гэрээ байгуулах боломжтой болохыг хууль тогтоогч тодорхойлсон.
6.10.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах гэж заасан.
6.11.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нийслэлийн Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/740 дүгээр захирамжаар (1 дэх хавтасны 242 дахь тал) барилгын материалын үнийн өсөлтийн санхүүжилтийг ******* ХХК-д олгож байсан, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1578 (2 дахь хавтасны 41 дэх тал), 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/377 (2 дахь хавтасны 44 дэх тал) дугаар захирамжуудаар цалингийн үнийн өөрчлөлтийг тооцуулж, хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн,
6.12.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/2601 дүгээр албан бичгээр (1 дэх хавтасны 60 дахь тал) гэрээ баталгаажуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсан.
6.13.Гэвч хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 03/3589 (1 дэх хавтасны 41 дэх тал), Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/2816 (1 дэх хавтасны 42 дахь тал) дугаар албан бичгүүдээр гэрээг буцааж, гэрээ батл*******гүй болохыг мэдэгдсэн нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д нийцээгүй, хууль бус байна.
6.14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нийслэлийн Засаг даргын агентлагууд хоорондын алдаатай байдлаас болж хугацаа алдсан гэх тайлбарлана.
6.15.Гэвч хариуцагч өмнө нэхэмжлэгчид удаа дараа цалингийн үнийн өөрчлөлтийг тооцуулж, хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэж байсан атлаа төсөв буцаан татагдсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас бус, харин хариуцагч төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, зохион байгуулалтын алдаанаас үүдэлтэй болох нь тогтоогдож байна.
6.16.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.
6.17.Хариуцагч төрийн захиргааны байгууллага Монгол Улсын Их Хурлын 2009 оны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай 64, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай 2013 оны 23 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.1-д заасныг хэрэгжүүлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэж, Яармаг дэд төвд шилжүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр төрийн байгууллагад ажил, үйлчилгээ үзүүлэх төр, хувийг хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
6.18.Үүнийг үндэслэн хариуцагч нийслэлийн Засаг даргын хүсэлтийг нэхэмжлэгч ******* ХХК хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 03/01 дүгээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулсан, тухайн гэрээний харилцаа дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа нөхцөлд нэхэмжлэгчээс барилгын тарифт цалингийн өөрчлөлтийн зөрүүг хариуцагч нараас гаргуулах хүсэлт гаргасан, улмаар Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88-0024/2025 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын дүгнэлтийн нэгтгэл-ээр уг зөрүүг 7,293,350,752 төгрөгөөр тогтоосон.
6.19.Ийм нөхцөлд уг маргаан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн журмаар худалдан авсан ажлын нэмэлт, давтан ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцаанд хамаарахгүй бөгөөд харин нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт, санхүүгийн тооцооны асуудал байна.
6.20.Үүнээс үзвэл хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд хуулийн тухайн харилцаанд хамааралгүй заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтээс татгалзсан нь хууль бус байна.
6.21.Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 263, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 217 дугаар тушаалуудаар тус тус Тарифт цалингийн жишиг шинэчлэн баталсан бөгөөд 2019 оны 217 дугаар тушаалын 3-д Тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө барилга байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл, арга хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг хэвээр мөрдөж ажиллах-аар зохицуулсныг Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар тушаалаар хүчингүй болгожээ.
6.22.Энэхүү зохицуулалтаас үзвэл нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч ******* ХХК-тай 2018 онд байгуулсан гэрээний хүрээнд эхэлсэн барилгын ажилд Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 95 дугаар тушаалаар шинэчлэн баталсан тарифт цалингийн жишиг үйлчлэхгүй, харин 2009 оны 263 дугаар тушаалаар баталсан тарифт цалингийн жишгийг мөрдөх эрх зүйн үндэслэлтэй.
6.23.Иймд энэ талаар хариуцагчийн Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 95 дугаар тушаалаар тарифт цалингийн жишгийг шинэчлэн баталсан боловч санхүүжилт эх үүсвэрийн асуудлын талаар зохицуулалтгүй, одоогоор нэмэлт санхүүжилт байхгүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
6.24.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус заасан.
6.25.Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө тухайн шийдвэрээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн байр суурь, тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй.
6.26.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нийслэлийн Засаг даргын тайлбараас үзвэл хариуцагч нийслэлийн Засаг дарга 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/1010 дугаар захирамжийн 4 дэх заалтаар нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлын зохион байгуулах тухай А/337 дугаар захирамжийг хүчингүй болгох-доо нэхэмжлэгчид хуульд заасан дээрх тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй нь тогтоогдсон бөгөөд энэ нь дээрх хуулийн заалтуудад нийцэхгүй байна. Энэ нь маргааны бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болно.
6.27.Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзлээ.
6.28.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.
6.29.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ улсын тэмдэгтийн хураамжид нэмж төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгөөс 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас тус тус 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР