Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/225

 

 

 

 

 

 

      2025           02            13                                       2025/ДШМ/225

 

Э.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджавын гаргасан давж заалдах гомдлоор Э.Х-т холбогдох 2409 00785 2009 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-ын Х, 1990 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Сүхбаатар дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 cap хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1021 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан;

Э.Х- нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 31, 2024 оны 01 дүгээр сарын 08, 02 дугаар сарын 01, 08, 15-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн эцэг Ч.Э-ад байнга догшин авирлаж, агсам согтуу тавьж, биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Х-ыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлд маргаагүй. Хохирогч гомдол, санал, хохиролгүй. Хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би өрх толгойлсон эцэг бөгөөд охин Х.А 9 настай, миний бие 50 хувийн группт, халамжид байдаг, манайх амьжиргааны түвшин доогуур айл юм. Эх маань тэтгэврийн насных, мөн 3 бага насны хүүхэд хардаг. Эцэг маань ажилгүй, группт байдаг. Эхнэр 2019 онд өвчний улмаас нас барсан. Миний зүүн нүд 2019 онд гэмтлийн улмаас хараагүй болж, удах тусам баруун нүдэнд нөлөөлж, хол, ойрын хараа эрс муудаж байгаа. 2025 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт холбоос таслах хагалгаанд орох ёстой. Улмаар нүднээс болж нүдний ухархай болон толгой маш ихээр өвдөж, муу нүднээс шингэн зүйл ихээр гарах болсон. Миний биеийн байдал болон эрүүл мэнд, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Х- нь 2021 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй болсон ба 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр ердийн өвчний жагсаалтын 1-5-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 36 сараар сунгаж шийдвэрлэжээ. Иймээс шүүгдэгч Э.Х- болон хохирогч Ч.Э- нарын хэн аль нь ердийн өвчний жагсаалтын 1-5-1 заалтаар (нүдний өвчин) хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэсний хууль тогтоогчийн хүсэл зориг, хууль зүйн агуулга нь гэмт хэргийн субъект ба хохирогчийн хүчний харьцааг хүндрүүлэн авч үзсэнтэй шууд холбоотой байх бөгөөд гэмт хэргийн субъект эрүүл мэндийн хувьд хохирогчоос илт давуу байдалтай боловч эрүүл мэндийн хувьд хүндэтгэх шалтгаантай хохирогчийн биед халдсан идэвхтэй үйлдлээр илэрдэг. Харин гэмт хэргийн субъект өөрөө ч хохирогчийн нэгэн адил эрүүл мэндийн хувьд хүндэтгэх шалтгаантай буюу хөгжлийн бэрхшээлтэй байгаа тохиолдолд хэргийн зүйлчлэлийг “хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эрх зүйн үр дагаварт хүргэсэн. Түүнчлэн хохирогч Ч.Э- нь 1966 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн тухай нотлох баримт хэргийн материалд авагдсан тул тэрээр шийтгэх тогтоол гарах үед 58 настай байжээ. Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан насны шаардлагыг хангахгүй байгаа тул шүүгдэгч Э.Х-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, тус хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Э.Х-ыг удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг буюу өөрийн төрсөн эцгээ байнга зодож, удаа дараа дарамт шахалт үзүүлдэг хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Учир нь, урьд Э.Х- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. Энэ нөхцөл байдлаас харахад, шүүгдэгч Э.Х- нь өөртөө ямар нэгэн дүгнэлт хийхгүй, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Удаа дараа эцэг, эхээ зоддог болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Э.Х- нь хөгжлийн бэрхшээлтэй гэх баримт хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч энэ талаар мэдүүлээгүй тул мөрдөгч уг асуудлыг мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал харагдаж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ түүний гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Ч.Э-ын: “...Хүү бид хоёр хамт барашик уугаад би согтсон байсан тул манай хүү намайг зодсон эсэхийг санахгүй байна. Эхнэрээсээ маргааш нь асуухад, “хүү согтуу үедээ цохьсон” гэж хэлсэн. Манай хүү өөрөө юу болсон талаар сайн санахгүй байна гэсэн. Хүүгийн маань эхнэр нь 6 жилийн өмнө нас барснаас хойш тэрээр архи уудаг болсон. Согтуу үедээ заримдаа зүгээр унтаад өгдөг, заримдаа гэртээ орилж чарлаад байдаг. Би хүү Э.Х-ыг согтуу үед нь гэрээс гараад гадаа амбаартаа, эсвэл хажуу талын засварын газар руу ороод унтсаных нь дараа гэртээ ордог. Э.Х- сая 6 сарын баривчилгаанд явсан байхад манайх тайван байсан. Манай хүү өмнө нь намайг согтуу үед зодож, цохиж байсныг дараа нь эхнэр маань хэлдэг байсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар улсаас халамж авдаг, халамжийн мөнгө маань cap бүрийн 15-ны өдөр буудаг болохоор өмнөх өдөр нь дэлгүүрээс жижиг архи зээлж аваад гэртээ ирээд Э.Х- байвал хамт уудаг, байхгүй бол ганцаараа уугаад унтаад өгдөг. Э.Х-тай хамт уусны дараа унтаад сэрэхэд нүүр хөндүүрлэсэн байдаг бол зарим үед зүгээр байдаг. Гомдол санал байхгүй...” гэх (хх 29-30),

-гэрч Б.Ө-ийн: “...Манай том хүү Э.Х- нь 2019 оноос архи уудаг болсноос хойш гэртээ агсам согтуу тавьж, аавыгаа зодож цохих болсон. Манай нөхөр Ч.Э- нь хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, 60 настай хөгшин хүн. Хүү маань согтуу үедээ аавыгаа зодож, гэр бүлийн бусад гишүүдээ хараан зүхэж, хэл амаар гутаан доромжилж, айлган сүрдүүлдэг. Би цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага, мэдээлэл өгч байсны дагуу арга хэмжээ авахуулж байсан боловч огт засраагүй. Аавыгаа өшиглөж, гараараа цохих гээд хаашаа нь ч хамаагүй цохиж зоддог. Гэр бүлийн бусад гишүүдээ цохиж зоддог зүйл байхгүй. Би гомдолтой байна. Манай хүү баривчилгаа болон эмчилгээнд яваад тус олоогүй болохоор хатуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх (хх 13-14, 36-37),

-насанд хүрээгүй гэрч Х.А-ын: “...Манай ах Э.Х- нь өглөө гэрээс зүгээр гарч яваад орой орж ирэхдээ согтуу ирээд эмээтэй хэрэлдээд, эгчийг хоол хий гэж загнаад, дүү бид хоёрыг загнаж, цохиод байдаг. Өөрөө архиа нуучихаад тэрийгээ олуулах гээд гэрээс хөөж гаргадаг. Архийг нь олохгүй болохоор “ээжээс мөнгө аваад дэлгүүрээс архи олж ир” гэж загнадаг. Согтуу үедээ өвөөтэй маргалдаад юм авч шидээд, цохиод байдаг. Уусан үедээ байнга эмээ рүү дайраад бас дүү бид хоёрыг зоддог...” гэх (хх 43-44),

-насанд хүрээгүй гэрч Х.А-гийн:“...Манай ах Э.Х- нь байнга архи ууж, гэрт тайван байлгахгүй орилж чарлаад байдаг. Согтуу үедээ унтаж амраахгүй, эмээтэй хэрэлддэг. Хичээл хийлгэхгүй орилж чарлаад, муухай үгсээр харааж доромжлоод гэртээ шээж баагаад байдаг. Архи уусан үедээ өвөөг унтаж байхад нь, эсвэл хамт архи уусан үедээ зодож байхыг олон удаа харсан...” гэх (хх 47-48) мэдүүлгүүд,

-хохирогч Ч.Э-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт (хх 39) зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Э.Х- нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 31, 2024 оны 01 дүгээр сарын 08, 02 дугаар сарын 01, 08, 15-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн ...дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хөгжлийн бэрхшээлтэй өөрийн төрсөн эцэг Ч.Э-ад байнга догшин авирлаж, агсам согтуу тавьж, биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Х-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджавын давж заалдах гомдолдоо хавсарган өгсөн баримтаас үзэхэд, Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар Э.Х-т ердийн өвчний жагсаалтын 1-5-1 дэх заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 36 сар сунгаж шийдвэрлэсэн байна.

Гэвч хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг гэмт хэргийн субъект өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байхаас үл хамааран, хохирогчийн хувийн байдалтай холбогдуулан хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн субъект өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх үндэслэл болохгүй бөгөөд субъект хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн бол энэ зүйл, хэсгээр зүйлчилнэ.

Иймд шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин мөн зүйл, хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийллийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Учир нь, Ахмад настны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “Ахмад настны эсрэг хүчирхийлэл гэж аливаа этгээд ахмад настны эрх, эрх чөлөөг зөрчиж, түүний амь нас, эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд болон ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасан хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”,

мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд “60, түүнээс дээш настай эрэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч Ч.Э- нь 1966 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг анх үйлдэгдэх үед 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 57 нас 10 сартай, сүүлийн үйлдэл гарсан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 58 настай байсан нь Ахмад настны тухай хуульд хамаарахгүй буюу ахмад настан гэж үзэхээргүй байна.

Иймд, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджавын давж заалдах гомдол үндэслэлтэй тул энэ хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу төрсөн эцэг Ч.Э-ад байнга догшин авирлаж, агсам согтуу тавьж, биед нь халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Ийнхүү цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Анхан шатны шүүхээс хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх ашиг, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Х-ын хорих ялыг өөр төрлийн ялаар солиулахаар гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджавын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Х- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 52 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн 2025/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Э.Х-ыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “Шүүгдэгч Э.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 52 (тавин хоёр) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН