Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 110/ШШ2026/0107

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Б,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байдолдагийн Жанерке нарын хоорондын  нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Жанерке,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Жанбота нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Б.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Б.Бд 2026 оны 6 дугаар   сарын  15-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Б.Болортулгын өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас  татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын  дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд   гомдол гаргасан.

3. Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 5 дугаар  сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Б.Бд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох  боломжгүй”  гэж  шийдвэрлэснээр 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.          

            4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

“Миний бие Б.Б нь 2015 онд “Рысжан” ХХК-ийн Булган сумын салбарт нефть хангамжийн операторчноор томилогдож, 12 дахь жилдээ тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар буюу хортой нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авав. Тэгэхээр нь миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан юм. Гэвч Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор намайг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн байна.

         Угтаа бол, миний бие өнгөрсөн 11 жилийн хугацаанд өдөр, шөнөгүй ,халуун ,хүйтэн гэлтгүй нефть хангамжийн операторчноор буюу хөдөлмөрийн хортой нөхцөлд тасралтгүй ажиллаж ирсэн маань үнэн билээ.

        Өөрөөр хэлбэл, миний ажиллаж байсан албан тушаал буюу нефть хангамжийн операторчин нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дугаартай "Жагсаалт, журам батлах тухай" тушаалын нэгдүгээр хавсралтын хөдөлмөрийн хортой нөхцөлийн 2.19-ын бүлэгт зааснаар хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байгаа гэж үзэж байна.   Иймээс миний хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

       Иймд надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Б.Б намайг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б нь 1968 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 57 нас 8 сартай байсан. Б.Б нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласанд тооцогдсон байгаа. Өөрөөр хэлбэл, улсад 11 жил ажилласан байгаа.

Б.Б нь “Рысжан” компанид 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нефть хангамжийн операторчоор томилогдоод, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Түүний ажилласан жилийг тооцож үзэхэд 10 жил 10 сар, 15 хоног ажилласан байна. Дөрөвдүгээрт нь үйлчлүүлэгч Б.Б нь 1987 оны 10 дугаар сарын 15-аас 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар, иргэний байгууллагад ажиллаж шимтгэл төлсөн хугацаанд оруулж тооцож, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэж заасан. Үүний дагуу тооцоолж үзэхэд “Рысжан” компанид ажилласан хугацаанд нийлүүлээд тооцоолоход 12 жил, 8 сар, 6 хоног болж байгаа. 11 жилийг тооцоолсон байгаа гэж хэлсэн. Үүнтэйгээ нэмж нэгтгэхэд нийтдээ улсад 23 жил, 8 сар, 6 хоног ажилласан байна. “Рысжан” ХХК гэлтгүй бүх шатахуун түгээх станцын нефтийн хангамжийн операторчин нь өдөр тутамдаа шатахууны ууршилттай орчинд ажилладаг, шатахууны түгээлт хийдэг, шатахууны нөөцийн сав цэвэрлэдэг, шатахуун хадгалах савнуудад хэмжилт хийдэг зэрэг ийм ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Өдөр, шөнөгүй, өвөл хүйтэн, зун халуун орчинд, ийм хортой нөхцөлд ажилладаг онцлогтой албан тушаалтан байдаг. Тэгэхээр Б.Болортулгын хувьд ийм нөхцөлд 10-аас дээш жил ажилласан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой байна “ гэв.

5. Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын газрын  хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Нэхэмжлэгч Б.Б нь тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөлийн хуралд оруулж, холбогдох нотлох баримтыг танилцуулж, хурлаас хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй гэж шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн 2 дахь хэсэгт “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжлийг хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамааруулах эсэх талаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт“-ыг баримталж байна.

Уг жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/-ын “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил хамаарахгүй.

Иймд аймаг, дүүрэг, сумын шатахуун түгээх станцын “нефть хангамжийн операторчин”-аар ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй гэж зөвлөмжийг баримталсан болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Б.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Б.Бд 2026 оны 6 дугаар   сарын  15-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг  хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан. 

 

3.  Нэхэмжлэгч Б.Б  нь 1968 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 58 настай бөгөөд  1987-1989 онд хугацаат цэргийн алба хаасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 4,14 дэх  тал/  тогтоогдож байгаа ба  Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно: 23.1.3. Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа”, Цэргийн алба  хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж тус тус зааснаар нийтдээ 3 жилийг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор байна.

Мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012 он/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул  нэхэмжлэгч  Б.Болортулгын  ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр  /1990-2000 оныг дуустал/ нөхөн тооцсоныг  эрх бүхий этгээдээс баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн  6  дах тал/  тогтоогдсон болно.

 

4. Нэхэмжлэгч  Б.Б нь  2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 5 дугаар  сарын 15-ны өдрийг хүртэл “Рысжан” ХХК-ийн Булган сумын салбарын шатахуун түгээх станцад  нефть хангамжийн операторчноор ажилласан, үүнээс  10 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь “Рысжан” ХХК-ийн захирлын  тушаалууд,  хөдөлмөрийн гэрээ, 2026 оны 6 дугаар  сарын 15-ны өдрийн огноотой даатгуулагч Б.Болортулгын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар  /Хавтаст хэргийн  7-8,9-11,12-13 дах  тал/ тус тус тогтоогдож байна. 

5.Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Болортулгын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин буюу түгээгчээр ажиллаж,  шимтгэл төлсөн хугацаа 10 жил 10 сар,  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нөхөн тооцсон хугацаа 11 жил, цэргийн алба хааснаар  шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох хугацаа 3 жил,  нийт 24 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр  байна.

6. Хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Бд хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор,  хөдөлмөрийн хортой, халуун, хүнд  нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”–ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/-ын түгээгч, нефть хангамжийн операторчин ажил мэргэжил хамаарахгүй” гэж тайлбарласан.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох  бусад  болзлыг хангаж байгаа талаар  маргаагүй, тодруулбал, 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд хүрсэн  талаар, мөн   10-аас доошгүй жил  “Рысжан” ХХК-ийн шатахуун  түгээх станцад нефть хангамжийн операторчноор ажилласан талаар маргаагүй болно.

7. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг” 4.1.4-т “"түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг” гэж тус тус заасан.

“Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад  нефть хангамжийн операторчин, шатахуун түгээгчээр  ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн нөхцөлийг  “хэвийн бус”  гэж  тусгасан нь  Монгол улсад шатахууны худалдааны чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг бусад  хуулийн этгээдийн  шатахуун түгээх станцад ажилладаг нефть хангамжийн операторчны хөдөлмөрийн нөхцөлтэй ижил байх ба  шатахуун түгээх станцын  нефть хангамжийн операторчин нь “шатах  тослох материалыг  хүлээж авах,  хадгалах,  ачих , буулгах, түгээх, хэмжилт хийх, түгээгүүр, насосын хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээг хийх”   зэрэг ажил үүргийг гүйцэтгэдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 9-11,37-48 дах тал/  тус тус тогтоогдож байна.

Мөн шүүхээс нотлох баримт цуглуулах хүрээнд  тус аймгийн Нийгмийн даатгалын газраас  нэхэмжлэгч Б.Бтай  ижил нөхцөлд ажил хөдөлмөр эрхэлж байсан  иргэн И.Саяхатын тэтгэврийг хэрхэн тогтоосныг шалгахад  иргэн И.Саяхат нь “Рысжан” ХХК-ийн  шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор  ажиллаж байсныг  хөдөлмөрийн хортой нөхцөлд хамааруулан  үзэж, тэтгэврийг хөнгөлөлттэйгөөр  тогтоосон  болох нь  тогтоогдсон /Хавтаст хэргийн 43-51 дэх тал/ болно. 

8. Нэхэмжлэгч Б.Б нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 5 дугаар  сарын 15-ны өдрийг хүртэл  “Рысжан” ХХК-ийн шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчин, түгээгчээр ажилласан байх ба энэхүү ажил нь  тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил ,мэргэжилд хамаарах  эсэх нь  тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулийн  дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актаар  тус тус зохицуулагдана. 

1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн  6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ. 

Уг 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар   баталсан  “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан. 

Мөн  одоо хүчин төгөлдөр   мөрдөгдөж байгаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталжээ.

Уг жагсаалтын ““2.Хөдөлмөрийн хортой нөхцөл”  хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 8.Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/; 8.Нефть хангамжийн операторчин /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/, 13. Ачигч, агуулахын /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/ ;13.Шатахуун ачигч, 14.Шатахуун буулгагч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/ “ гэж  тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон  өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч, буулгагчийн ажил,  мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд   хамаарч байна. 

 Харин  дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар  баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын  “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  А/221 дүгээр  тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-өөс бусад хэсэгт нефть  буюу  шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.

Үүнээс үзвэл уг тушаалуудаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий “Шатахуун түгээх станц”-ын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус  зохицуулсан гэж үзнэ.

9. Дээрх  үйл баримтуудыг   холбогдох хууль , захиргааны хэм  хэмжээний актуудтай холбож үзэхэд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд  нефть хангамжийн операторчин, шатахуун ачигч, буулгагчийн  ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд  нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог  болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой  байнга, ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих,ачих, буулгах зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг”  нөхцөл байдалтай холбоотойгоор  хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад  хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр нь нефть, бензин зэрэг хортой шингэнтэй  шууд харьцдаг  хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахыг харгалзан үзэхгүйгээр  Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын дээрх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байна.

10. Иймд   нэхэмжлэгч Б.Б нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй,  хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторчны ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь  хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ. 

11. Дээрх байдлаар  нэхэмжлэгч Б.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. 

12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно”  гэж заасан.

Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагад өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан хугацаагаар бус, харин Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн  2026 оны 5 дугаар  сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор  гомдлыг шийдвэрлэсний дараа  буюу 2026 оны 6 дугаар  сарын 15-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, Б.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Б.Бд 2026 оны 6 дугаар  сарын  15-ны өдрөөс  эхлэн өндөр насны тэтгэвэр  тогтоож олгохыг   Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ