Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/226

 

 

 

 

 

 

      2025           02            13                                       2025/ДШМ/226

 

Т.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ө.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/839 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Т.Э-д холбогдох 2410 02955 1199 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ын Э, 1983 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн мэргэжилтэй, ам бүл 4, Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Т.Э- нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотын үүдэнд байрны өмчлөлийн маргааны улмаас Г.Х-ыг тус байранд оруулахгүй гэж түүний цээж болон хүзүү хэсэгт түлхэж, багалзуурдаж, хүзүүнд зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан баримтуудаас харахад, Г.Х- нь үнэлгээчин гэх Д.М-ын хамтаар ажлын бус цагаар нялх хүүхэдтэй айлд ирж үнэлгээ хийлгэнэ гээд оруулахыг шаардаж, улмаар гэрт орохоор давшилж, хэрүүл маргаан үүсгэсэн. Энэ үед Т.Э- нь Д.М-, Г.Х- нарт хандаж “та үнэлгээчин юм бол бичиг баримтаа үзүүл, шүүгчийн захирамжаа үзүүл, мөн ажлын цагаар ирж үнэлгээгээ хийлгэ” гэсэн шаардлага тавьж гэртээ оруулахаас татгалзаж, тохойгоороо хааж зогссон болох нь гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогддог.

Тухайлбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүх, арбитр болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийг хэлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-т “шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргана”, 8 дугаар зүйлд “шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тoo бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж тус тус заасан.

Тухайн үед Г.Х-, Т.Э- нарын хооронд эд хөрөнгийн маргаан үүсэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Хуулийн дээрх заалтаас харахад, шинжээч, буюу үнэлгээ хийлгэх асуудлыг оролцогчдын хүсэлтээр шүүгч захирамж гаргаж томилохоор хуульчилсан. Гэтэл Г.Х-ын дагуулж ирсэн Д.М-ыг үнэлгээчин гэдгийг нотолсон баримт тухайн үед байгаагүй бөгөөд шинжээч томилсон шүүгчийн захирамж ч байгаагүй.

Хэдийгээр тус байрны хувьд өмчлөлийн маргаантай байгаа хэдий ч тус байранд оршин сууж байгаа хүний хувьд Т.Э-ын тавьсан шаардлага хууль ёсных байсан. Харин шүүгчийн захирамжгүйгээр үдэш оройн цагаар бусдын амьдарч байгаа орон байранд дайрч орохыг завдаж, хэрүүл маргаан үүсгэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Г.Х-ын хувьд оршин суугч зөвшөөрөхгүй байхад орон байранд нэвтрэхээр хүч хэрэглэж довтолсон бөгөөд оршин суугч Т.Э- нь хаалган дээрээ хашиж, тохойгоороо чагталж зогсоосноор Г.Х-ын гэмт үйлдэл туйлдаа хүрэлгүй таслан зогсоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирогч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэх гэм хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж байна. Т.Э- нь Г.Х-ын биед халдах ямар нэгэн зорилго байгаагүй бөгөөд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн гэр бүл, оршин суугаа орон байраа хамгаалах зорилгоор аргагүйн эрхэнд хаалт хийж тохойгоороо чагталж зогссон. Хүч түрж орох гэж дайрсан учраас түлхэж аюулыг холдуулсан болох нь гэрч Д.М-, шүүгдэгч Т.Э-, хохирогч Г.Х- нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байна.

Шүүх шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтэд “Г.Х-ын хүзүүнд зүсэгдсэн шархыг хурц ир үзүүртэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ. Гэтэл Т.Э-ын гарт ямар ч хурц ир, үзүүртэй зүйл байсан тухай баримт, мэдүүлэг хавтаст хэргийн материалд байхгүй. Тэгэхээр энэ гэмтэл хаана үүссэн болох тодорхойгүй байхад Т.Э- үүсгэсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй.

Хохирогч Г.Х- “тохойгоороо багалзуурдаж боосон” гэж мэдүүлдэг. “Багалзуурдах” гэсэн үгийг тайлбар толиос харахад, багалзуураас зууран ноцох, багалзуурын тус газраас зуурахыг хэлнэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогч Г.Х-ын багалзуураас зуурсан зүйл байхгүй бөгөөд хохирогч Г.Х-ын дайрч орох гэсэн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор тохойгоороо чагтлан зогсоход өөрөө орон байранд орох зорилгоор хоолойгоороо түлхэж, уг гэмтлийг өөрөө үүсгэсэн болох нь харагдаж байна. Түүнээс биш гадаа зогсож байхад нь Т.Э- хохирогч Г.Х- дээр хүрч очоод биед нь халдаж хоолойг нь шахаж түлхээгүй. Миний үйлчлүүлэгч гарцаагүй байдал, аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Э-ыг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус өдөр миний зүгээс “шүүгчийн бичгээ аваад ир”, мөн нялх хүүхэдтэй байсан тул “ажлын цагаар хүрээд ир, бичиг баримтаа үзүүл” гэх шаардлага тавиад оруулаагүй. Гэтэл учиргүй орилж, чарлаж, дайраад эхэлсэн...” гэв.

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Г.Х-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Э-ын түүний хоолойг боосон үйлдлийн улмаас үүссэн гэдэг нь тогтоогдсон. Шүүгдэгчийн уг үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа гэмт үйлдэл мөн. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгчийн зүгээс аргагүй хамгаалалт хийсэн гэж тайлбарладаг боловч аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ түүний гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Т.Э-ыг байрны өмчлөлийн маргааны улмаас Г.Х-ыг тус байранд оруулахгүй гэж түүний цээж болон хүзүү хэсэгт түлхэж, багалзуурдаж, хүзүүнд зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болсон байна.

Учир нь, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Г.Х-ын: “...2024 оны 07 дугаар сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад хөрөнгийн үнэлгээчин Д.М- гэх залуугийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотод үнэлгээ хийлгэхээр очтол манай үеэл ах уг байрандаа оруулахгүй, “шүүхийн шийдвэрийн хуудсаа авч ир” гэж хэлсэн. Би “өөрийн өмчлөлийн байраа үнэлүүлмээр байна” гэж хэлэхэд оруулахгүй байсан тул орохыг завдахад шууд тохой хэсгээрээ миний хоолойг боож, “оруулахгүй” гээд 2 удаа хоолой руу түлхэж, тохойгоороо боогоод “чамайг ёстой алчих юм сан” гээд шүдээ зуугаад өширхөөд байсан. Тэгтэл цаанаас эхнэр нь хүүхдээ тэврээд гараад ирсэн. Би “маргаанаа болиод гарч ярилцъя, жоохон хүүхэд байна” гэж хэлээд дагуулаад гарсан...” гэх (хх 15-16),

-гэрч Д.М-ын: “...Байранд зах зээлийн үнэлгээ хийж өгөхөөр болоод Хан-Уул дүүргийн ... дүгээр хороололд нэг байранд 21 цагийн үед очсон. Уг эмэгтэй хаалга тогшоод “дурангаар харчихаад намайг байвал хаалгаа тайлахгүй, та зогсож байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би зогсож байхад нэг залуу хаалга онгойлгосон. Би “үнэлгээ хийх гэсэн юм” гэхэд “шүүхээс бичгээ авч ир” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “оръё” гэж хэлэхэд “оруулахгүй” гээд хаалгаа хаах гэтэл уг эмэгтэй хаалганы завсар нэг хөлөө тавьчихаад хаалгыг нь хаалгахгүй байсан. Хаалган дээр тэр хоёр маргалдаж, нэг нь орох гээд нөгөөх нь оруулахгүй гээд түлхэлцсэн, уг залуу тохойгоороо цааш нь түлхээд оруулахгүй байсан...” гэх (хх 23-24),

-шүүгдэгч Т.Э-ын: “...Би Г.Х-ын цээж хэсэгт огт хүрээгүй, манай гэр рүү дайрч орох гээд байсан учраас оруулахгүй гээд гэрийнхээ хаалгыг хагас онгойлгож, хаалгаа тохойгоороо хааж зогсож байхад манайх руу орох гээд хүзүүгээ шахаад дайраад байсан. ...Би оруулахгүй гээд хамгаалаад байж байхад “аллаа, хядлаа” гээд орилоод байсан, хүзүүг нь боосон зүйл огт байхгүй...” гэх (хх 40-41) мэдүүлгүүд,

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9969 дүгээр “...Г.Х-ын биед хүзүүнд зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх 28-29),

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх 32) зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч Т.Э- нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотын үүдэнд байрны өмчлөлийн маргааны улмаас Г.Х-ыг тус байранд оруулахгүй гэж түүний цээж болон хүзүү хэсэгт түлхэж, хүзүүнд зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн хэсэг, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Гэвч Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодод гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг зайлшгүй тогтоосон байх учиртай.

Хэрэгт авагдсан хохирогч Г.Х-ын: “...оруулахгүй байсан тул орохыг завдахад шууд тохой хэсгээрээ миний хоолойг боож оруулахгүй гээд 2 удаа хоолой руу түлхэж, тохойгоороо боосон...” гэх,

шүүгдэгч Т.Э-ын: “...оруулахгүй гээд гэрийнхээ хаалгыг хагас онгойлгоод хаалгаа тохойгоороо хааж зогсож байхад манайх руу орох гээд хүзүүгээ шахаад дайраад байсан. ...Би оруулахгүй гээд хамгаалаад байж байсан...” гэх,

гэрч Д.М-ын: “...Хаалган дээр тэр хоёр маргалдаж нэг нь орох гээд нөгөөх нь оруулахгүй гээд түлхэлцсэн, уг залуу тохойгоороо цааш нь түлхээд оруулахгүй байсан...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд;

хохирогч Г.Х- нь шүүгдэгч Т.Э-ын гэрийн хаалганы гадна байхдаа гэрт нь орохоор хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн байх ба харин Т.Э- түүнийг гэртээ оруулахгүй гэх санаа зорилгоор гэрийнхээ хаалгыг гараараа хааж зогсох явцдаа түүний биед хөнгөн гэмтэл учруулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Э- нь хохирогч Г.Х-ын эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгоор хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ...Иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол ... ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд, орон байрны халдашгүй байдал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү эрхийг Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалсан тул хүн өөрийн оршин суугаа байрыг бусдын хууль бус довтолгоон, нэвтрэлтээс хамгаалах эрхтэй юм.

Иймд хохирогч Г.Х- нь шүүгдэгч Т.Э-ын гэр рүү орохоор завдах үед Т.Э- өөрийн орон байрны халдашгүй байдлыг хамгаалахаар гэрийнхээ хаалганы нээлттэй хэсгийг гараараа хаахад тэрээр гэр рүү довтолсон хөдөлгөөн хийх явцдаа түүний гарын шуу, тохой хэсэгт өртөж, биедээ хөнгөн гэмтэл авсан байх тул Т.Э-ыг бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан гэж үзэхгүй.

Шүүгдэгч Т.Э- нь хохирогч Г.Х-д хөнгөн гэмтэл учруулах болсон гол хүчин зүйл, шалтаг шалтгаан нь Г.Х-ын хуулиар хамгаалагдсан “орон байрны халдашгүй эрх”-д халдахыг завдсан үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас Т.Э-ын сэтгэхүйд хариу үйлдэл хийх нөхцөл байдал, зорилго зайлшгүй үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хохирогчийн бусдын гэрт дайран орох гэсэн хууль бус үйлдлийн шууд нөлөөнд шүүгдэгч Т.Э- автаж, түүнийг нь эсэргүүцэн, өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ. 

Эрх зүй нь аливаа этгээдийн хууль бус үйлдлийг ямагт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үүний эсрэг хүний хийж болох хамгаалалтыг зөвтгөж байдгийг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарах шаардлагатай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийгддэг.

Хэрэгт авагдсан баримтаар тухайн хэргийн газарт байсан хүмүүсийн хэн алины амь нас, эрүүл мэндэд хууль бус довтолгоон тулгарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Т.Э- нь өөрийн орон байрны халдашгүй байдлыг хамгаалах зорилгоор үйлдэл хийсэн байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар эд хөрөнгөө хамгаалахын тулд хийгдсэн үйлдлийг “Аргагүй хамгаалалт”-ын шинжид хамруулаагүй болно.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батбаярын “Т.Э- нь аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/839 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Э-ыг цагаатгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/839 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Т.Э-д Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.Э-ыг цагаатгасугай.

2.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН