| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0029/З |
| Дугаар | 110/ШШ2026/0108 |
| Огноо | 2026-09-04 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 110/ШШ2026/0108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЭНД” ХХК,
Хариуцагч:Ногооннуур сумын Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Хатраны Бакен,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нарын хоорондын төр, хувийн хэвшлийн гэрээг цуцалсан шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЭНД” ХХК-ийн захирал Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Х.Х, гишүүн М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “ЭНД” ХХК нь Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан “Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/85 дугаартай “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01.2023 дугаартай, Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг цуцалсан” шийдвэрийг хүчингүй болгох”,
Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан, “Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах“ -аар маргаж байна.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25/50 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэл анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсэн болно.
2. Нэхэмжлэгчээс гэрээ цуцалсан шийдвэр болон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга , Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус гомдол гаргасан байна.
3.Аймгийн Засаг даргаас 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/235 дугаартай албан бичгээр хариу өгснөөр 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ногооннуур сумын Засаг даргад холбогдуулан , Эрчим хүчний зохицуулах хорооноос 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 09/163 дугаар албан бичгээр хариу өгснөөр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдуулан тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус тусдаа захиргааны хэрэг үүсгэжээ.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШЗ2026/0366 дугаар захирамжаар нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид холбогдуулан гаргасан уг хоёр хэргийн үйл баримт нь хоорондоо холбоотой, нэг нэхэмжлэгчтэй хэргүүд гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэгтгэсэн байна.
4. Нэхэмжлэгч “ЭНД” ХХК-ийн захирал Ж.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Манай компани нь Ногооннуур сумын Засаг даргатай 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01.2023 дугаартай “Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээний биелэлттэй холбоотой дараах ажлыг хэрэгжүүлж байсан. Халаалтын шугамын ажил гүйцэтгэдэг “Зээгт” ХХК-тай хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 23-аас эхлэн 2 жилийн хугацаагаар эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авсан.
2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийлгүүлсэн. Мөн Ногооннуур сумын 11 дүгээр багт байрлах 83120001854 нэгж талбар бүхий 3000 м.кв газрыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар 15 жилийн хугацаатай Ногооннуур сумын Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/089 тоот захирамжаар эзэмшүүлсэн. Аймгийн ерөнхий архитектораас 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр АТД-83-0020/24 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулсан. Цахилгаан шугам сүлжээний газраас 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №24/28 дугаартай техникийн нөхцөл авсан. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ЗТ42-869/19 дугаартай инженер геологийн судалгааг тусгай зөвшөөрөлтэй “Эл эм ланд” ХХК-аар хийлгэж, магадлалаар баталгаажуулсан ба загвар зургийг аймгийн ерөнхий архитектораар баталгаажуулсан. 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10-15-02/132/26 дугаартай аймгийн Эрүүл мэндийн газрын дүгнэлт, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 04/085/037 дугаартай аймгийн Онцгой байдлын газрын дүгнэлтийг тус тус гаргуулсан.
Зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий “Уран үзэг” компаниар зураг төсөл хийлгэж, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1570/2024 дугаартай Барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлуулсан УҮ-02/2024 дугаартай ажлын зураг гаргуулсан. Мөн гадна дулааны шугам, халаалтын зуухны барилга угсралтын ажлын нэгдсэн төсөв гаргуулсан. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлж 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн БАЭҮЗ-83-0007/24 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг аймгийн Засаг дарга олгосон. “Эл эм ланд” ХХК-аар 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр №2024/22 дугаар бүхий инженерийн шугам сүлжээний улаан шугам тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан акт тавиулсан. Зөвшөөрлийн дагуу 3000 м.кв газарт хашаа татсан, халаалтын зуухны барилга 90%-тай баригдсан, “Өлгий дриллинг” ХХК-аар инженерийн хийцтэй гүний худаг гаргасан болно. Тэгээд бид нар тэр жилдээ тэртэй тэргүй амжихгүй болохоор 09 дүгээр сард дараа жил буюу 2025 онд эхэлье гээд тэр ажлыг зогсоосон байсан. 2025 оны 04 дүгээр сард эртхэн эхлээд ажлаа гүйцэтгээд явъя гэхэд тухайн үед барилгын ажлыг мөн төрөөс, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн, орлогч К.Бахытжан нар халаалтыг бид нар боломж байвал тохиролцож авъя гэсэн, тэгээд хүлээлттэй болсон. Тухайн үед хажууд нь Нурбек гэдэг хүн байсан ба газар дээр нь очиж үзсэн байсан. Ерөнхийдөө “Бид нар үүнийг авбал авъя, та 07 дугаар сар хүртэл хүлээж бай” гэж хэлсэн. Тэгээд би тэр ажлыг 2025 оны 07 дугаар сар хүртэл хийгээгүй. 07 дугаар сар дөхөөд ирэхээр нь “Би үүнийг яах вэ, одоо хугацаа өнгөрөөд байна. Эрчим хүчний барилга барих зөвшөөрлийн хугацаа 10 дугаар сард дуусах ёстой. Тэрнээс өмнө хариу хэлээрэй” гэхэд “Ер нь хэрэггүй юм байна. Бид нар тохиролцож чадахгүй юм байна” гэсэн.
Би 2025 оны 07 дугаар сарын 08,09-ний өдөр бүх материалаа бүрдүүлээд, эрчим хүчний барилга барих зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг хүсэж, Эрчим хүчний зохицуулах зөвлөлд албан тоотоор хандах гэсэн боловч тухайн үед зөвлөлийн дарга Харлыгаш нь “Би амаржсаны амралттай байгаа, Дауренбек даргад аваачаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би албан тоотыг зургийн хамт бүх материалаа Дауренбек даргад авч очсон. Гэтэл “Энд би авахгүй ээ. Энд олон хүмүүс орж гарах юм болохоор тухайн хүний өөрт нь аваачаад өгөөрэй” гэсэн. Тэгээд би буцаад гарч, утсаар холбогдож “Энийг яах вэ?” гэсэн чинь “манай хажууд байгаа Пленум гэдэг хүний дэлгүүрт материалаа бүгдийг нь тавьчих, би завтай үед очиж авъя” гэж хэлсэн учраас би материалыг хүлээлгэж өгөөд явчихсан. Дараа нь 10 дугаар сард зөвшөөрлийн хугацаа дуусах дөхөхөөр нь “Зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөөч” гэхэд “Та нарын материалыг аваагүй, би мэдэхгүй” гэсэн. Тэгээд би дахиж албан тоотоор хандсан. Дараа нь би дахиж материал өгсөн боловч “Сунгах боломжгүй” гэсэн хариу өгсөн.
Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25/50 дугаартай манай компанийн Ногооннуур сумын эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрлийг цуцалсан мэдэгдэлд “Ногооннуур сумын Засаг дарга 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 01/85 тоот албан бичгээр сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01.2023 дугаартай сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг цуцалсан” гэж бичсэн байна. Гэрээ цуцалсан гэх мэдэгдлийг тухайн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үзэж хараагүй, манай компанид мэдэгдээгүй байсан.
Уг мэдэгдлийн гол үндэслэл нь хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй гэх үндэслэл байгаа. Гэтэл тухайн халаалтын ажлыг гүйцэтгэх ажлын графикт нийт 20 хүн халаалтын нэгдсэн зуухны барилга болон шугамын ажлыг 467 хоног гүйцэтгэж, 2026 оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар баталж өгсөн. Ажлын графикт заасан хугацаа болоогүй байхад сумын Засаг дарга гэрээ цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа.
Иймд Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/85 тоот төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг цуцалсан шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож өгнө үү.
Мөн Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дугаар “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайп шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ гэрээг шууд цуцалж, тусгай зөвшөөрлийг нь сунгаж өгөхгүйгээр цаашид ямар ч хамааралгүй болгосон тохиолдолд компанийн болон нийтийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүсэхээр байна.
“ЭНД” ХХК 15 жилийн хугацаатай сумын Засаг даргатай байгуулсан гурван талт гэрээ байгаа. Гол зорилго нь сумын төрийн болон төрийн бус байгууллага, цаашлаад айл өрхүүдийн нэгдсэн халаалтын системийг бий болгож, халаалт, эрчим хүч түгээж, түгээлтийн зардлыг нөхөн авч, гаргасан зардлаа нөхөхийн зэрэгцээ тодорхой хэмжээний ашиг олох зорилготой харилцаа байгаа. Гэхдээ гэрээ байгуулахдаа компанийн үүрэгтэй холбоотой заалтад маш богино хугацаанд, гурван сар хүрэхгүй хугацаанд бүхэл бүтэн халаалтын системийг барьж байгуулан ашиглалтад оруулах тухай тусгасан байна. Гэхдээ энэ нь биелэгдэх боломжгүй хугацаа гэж үзэж байна. Үүргийн зарим хэсгийн хувьд дээрх хугацааг заасан боловч нийтлэг үүрэг нь 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр байгаа. Тиймээс гүйцэтгэгч компанид боломжгүй хугацаа заасан учраас ердийн боломжит хугацаагаар нь авч үзэх шаардлагатай. Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан үүргийн харилцаатай холбоотой. Боломжит хугацааг тооцохдоо, нэгдүгээрт, бусад эрх бүхий байгууллагын зөвшөөрөл шаардагдах тохиолдолд тухайн зөвшөөрөл авах хугацаа, дээрээс нь барилгын үргэлжлэх хугацаа болон ашиглалтад оруулах хугацааг харгалзан үзэх нөхцөл байдал харагдаж байна.
Зохицуулах зөвлөлийн зүгээс 22.3 дахь заалтыг гол үндэслэл болгож байгаа. Гэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 22.3 дахь заалт одоо хүчингүй болж, өөрчлөгдсөн байгаа. Одоо Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар нэг сарын өмнө буюу 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргана гэж үүрэг болгосон байгаа.
Сумын Засаг даргын хувьд гэрээгээ цуцлахдаа гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлэхийг шаардах үүрэгтэй байгаа, Засаг даргын хувьд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл шууд гэрээг нь цуцалсан гэж байгаа. Хамгийн гол нь сумын Засаг дарга байгуулсан гэрээг цуцлах гэж байгаа тохиолдолд ядаж эхлээд шууд гэрээг цуцалснаар тухайн талд ямар хохирол, хор уршиг учрах гэж байгаа, цаашид үргэлжлүүлэн барьж чадах эсэхтэй холбоотой тайлбар авах, мэдэгдэх ёстой. Гэтэл ямар нэгэн тайлбар аваагүй, мэдэгдээгүй шууд цуцалсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан сонсох, мэдэгдэх, тайлбар авах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Эрх ашгийг нь зөрчсөн сумын Засаг даргын цуцалсан шийдвэр хүчингүй болох юм бол нөгөө талаас Зохицуулах зөвлөлийн хувьд гэрээ хүчин төгөлдөр болсон тохиолдолд дахин хүсэлт гаргасны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг сунгах эсхүл шинээр олгох боломжтой гэсэн тайлбар гаргаж байгаа нь харгалзан үзэх зүйл байна.
Мөн салбар зөвлөлийн хувьд 6 сарын хугацааг үндэслээд тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Графикийн дагуу энэ барилга 2026 онд бүрэн хийгдэж дуусахаар төлөвлөгдсөн. Энэ нь зураг төсөв болон эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон. Иймд үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын хариу тайлбартаа:
“Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газар “ЭНД” ХХК-уудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 01.2023 дугаартай "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулагдаж байсан нь үнэн. Тухайн гэрээг сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Есболат, “ЭНД” ХХК-ийн захирал Ж.С нар баталж, захиалагч талуудыг төлөөлж Ногооннуур сумын Засаг даргын Тамын газрын дарга Т.Ертай, сумын 1 дүгээр ахлах сургуулийн захирал Ш. Рая, сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч К.Аукетай, сумын Соёлын төвийн эрхлэгч М.Асылхан, сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Бахытгул, 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Гүлмазат, “ЭНД” ХХК-ийн нягтлан бодогч М. Толганай нар гарын үсэг зурж баталгаажуулж байсан.
Гэрээний 3 дахь хэсэг "ЭНД" ХХК-ийн эрх үүргийг тодорхойлсон ба 3.6-д "Төвлөрсөн халаалтын зуухыг 2023 оны 10 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулах ба цаашид ашиглалтын явцад засвар үйлчилгээг зохистой хэмжээнд хийж, хүчин чадал, техникийн үзүүлэлт тоног төхөөрөмж, үйлчилгээний чанарыг алдагдуулахуй байна" , 3.7-д "Төвлөрсөн халаалтын зуухыг 2023 оны 10 дугаар сараас өмнө ашиглалтад оруулах ба өөрийн буруутай үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт саатсан зэрэг шалтгаанаар төслийг хугацаанд нь оруулахгүйгээс үүсэх эрсдэлийг бүрэн хариуцна" гаж тус тус зааж өгсөн.Гэрээний дээрх заалтуудад зааснаар тус компани нь төвлөрсөн халаалтын зуухыг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулан ажиллах үүрэгтэй. “ЭНД” ХХК нь гэрээний дагуу эзэмшил газарт хашаа татаж, зуухны байрыг хагас дутуу барьснаас өөр ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй.Анх гэрээ байгуулсан үед гэрээнд гарын үсэг зурсан сумын захиргааны байгууллагуудаас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сумын Засаг даргад гэрээ цуцлах талаар санал ирүүлсэн.
Сумын Засаг даргаас дээрх хэрэглэгч байгууллагуудаас ирүүлсэн санал, гэрээний заалтуудыг нэгтгэн дүгнээд "ЭНД" ХХК нь тухайн ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй учир гэрээний 5.1-д “гэрээ байгуулсан аль нэг тал нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон дутуу биелүүлсэн, зөрчил гаргасан гэж үзвэл гэрээгээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах, гэрээг цуцлах санал гаргаж болно” гэж заасныг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1/85 дугаартай албан бичгээр Ж.Ст гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдлийг Засаг даргын тамгын газрын жолооч өөрийн биеэр Ж.Ст хүргэж өгсөн.Нэхэмжлэгч компани нь гэрээнд заасан болон аймгийн Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй тул гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.
Хариуцагч Ногооннуур сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Гэрээг цуцалсантай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн үү гэдэг тал дээр бас маргаантай байна гэж өмгөөлөгч бид нар үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д зааснаар тус шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд гаргаснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх байгаа. Сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага мөн. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар захиргааны гэрээ захиргааны үйл ажиллагааны хэлбэрт хамаарч байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд захиргааны гэрээ гэж ямар гэрээг ойлгох талаар тодорхой хуульчилж заасан байгаа. 52.2.3 гэдэг заалт байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглалттай холбоотой харилцаанд захиргааны гэрээг хэрэглэхээр зохицуулсан. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ нь захиргааны гэрээний харилцаанд хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж заасан. Тухайн үед харьяаллын бус захиргааны хэрэг үүсгэх ажиллагаа хийгдсэн байж болно. Мөн хуулийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан. Тэгэхээр ийм үндэслэл байгаа эсэхийг шүүхээс анхаарч үзэж шийдвэрлэхийг хүсье” гэв.
6.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл хариу тайлбартаа:
“Тус компанид 2023 оны 10 дугаар сарын 23-нд 2 жилийн хугацаатай буюу 2025 оны 10 дугаар сарын 23-нд дуусгавар болохоор эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг олгосон. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлэх, эрчим хүчний барилга байгууламж барьж дуусгах тухай удаа дараа шаардлага албан бичгээр болон албан бусаар тавьж ирсэн. Гэвч тус байгууллага өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар барилга байгууламжаа барьж дуусгаагүй бөгөөд тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаандаа ирүүлээгүй болно.
Зохицуулах зөвлөлийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 01-нд 25/19 тоот албан бичгээр Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтад “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана” иймд хүсэлтээ ирүүлэх, хүсэлтийн хамт барилга байгууламж барих магадлалаар баталгаажсан зураг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тайлан ирүүлэх тухай албан тоотыг хүргүүлсэн.
Тус компанийн зүгээс 2025 оны 6 дугаар сард Барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлуулсан, барилгын хянуулсан зураг төслийг ирүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тайлан болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 25/34 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, тусгай зөвшөөрлийн хугацаандаа үйл ажиллагаа эхлэх тухай албан тоотыг хүргүүлсэн. Үүний дагуу 2025 оны 10 дугаар сарын 14-нд тус компаниас тайлан ирүүлсэн. Тайланд барилгын ажил 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа тухай байсан боловч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ ирүүлээгүй байсан. Ирүүлсэн материалыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зохицуулах зөвлөлийн хурлаар оруулж “ЭНД” ХХК-ийн Ногооннуур сумд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, барилга байгууламжаа барьж дуусгаагүй шалтгаан тодорхой бус, тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй зэргийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 23-нд дахин албан тоот хүргүүлсэн. Уг албан тоотын хариуг 2025 оны 11 дүгээр сарын 04-нд ирүүлсэн. 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зохицуулах зөвлөл дахин хуралдаж бүрдүүлсэн бух материалуудыг хянаж үзэн Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1, 11.3.2 дахь заалтад заасан эрх, үүргийн дагуу Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалт “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан”, 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалт “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана”, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3 дах заалт “зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон”, 6.2 дугаар зүйлийн 1.2 дах заалт “зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй”, аймгийн зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “ЭНД” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудын 4.1, 4.2 дахь заалтууд “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах, тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх” , Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталсан 43 дугаар тогтоолын 3.12.2, 3.12.5, 3.12.7 дах заалтууд, Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/139 тоотоор ирүүлсэн албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11-15-02/017/17 тоот дүгнэлт зэргийг тус тус үндэслэн аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “ЭНД” ХХК-ийн 23/17-20 дугаартай Ногооннуур сумын төвд эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, Ногооннуур сумд дулааны эрчим хүчний төвлөрсөн зуух, шугам сүлжээ барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлж эргэж хандах тухай албан тоотыг хүргүүлсэн байгаа” гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Х.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Эрчим хүчний зохицуулах хороо нь цахимжиж, цахимаар үйл ажиллагаа явуулдаг дотоод зохицуулалттай. Тэр утгаар бүх компаниуд цахимаар холбогддог. Ж.С гуайгаас “Та компанийнхаа цахим хаягийг өгөөрэй” гэхэд “Цахим хаяг байхгүй, би хүүхдийнхээ цахим хаягийг өгчихье, тийшээ албан тоотоо явуулж бай” гэдэг тайлбарыг өгсөн. Дараа нь би албан тоотуудаа Ж.С гуайн хүүхдийн цахим хаягт явуулдаг байсан. Албан тоот юм уу, бичиг цаас өгөхөд хугацаанд нь ирүүлчихсэн тохиолдол нэг ч байхгүй.
Миний бие амаржсаны амралттай, дөнгөж нярайлсан байсан. Тусгай зөвшөөрөл авах үед зураг нь байхгүй байсан. Би тэр зургийг нэхсэн, тэр зургийг 04 дүгээр сарын 01-ний өдөр авчирч өгсөн. 10 дугаар сарын 14-ний өдөр “ЭНД” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах зөвлөлд “Бичмэл тайлан хүргүүлэх тухай” гэсэн албан тоот ирсэн. Тэгээд Эрчим хорооны зохицуулах зөвлөлөөс 10 дугаар сарын 20-нд хуралдсан. Зөвлөлөөс хуралдаад ямар шийдвэр гарсан бэ гэхээр тус компани маань тайлангаа ирүүлсэн байна, гэхдээ хугацаа сунгуулах хүсэлтийг ирүүлээгүй. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан, компанийн зүгээс хүсэлтээ өгөөгүй. Бид нарт “энэ компани маань 90 хувийн гүйцэтгэлтэй тайлангаа ирүүлчихсэн юм байна, тусгай зөвшөөрлийг нь сунгаад өгчихье” гэх боломж байхгүй. Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийн сунгахыг зөвхөн хүсэлтээр шийдвэрлэх үүрэгтэй. Тэрнээс гадна 90 хувийн гүйцэтгэлтэй байна гэж компани тайлан ирүүлсэн байсан тул Эрчим хүчин зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн М.Д Ногооннуур сумд очиж ажилласан. Очиж ажиллахад 90 хувийн гүйцэтгэлтэй биш, 15 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаад ирүүлсэн байгаа. Ногооннуур сумаас тайлбар авахаар манайхаас албан тоот явуулсан. Үүний дагуу гэрээгээ цуцалсан талаарх хариу тайлбарыг ирүүлсэн “ гэв.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн М.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“10 дугаар сард газар дээр нь очиж бодит байдлыг үзэж шалгасан. Манайхаас “ЭНД” ХХК-аас зураг шаардсан бөгөөд тус зургийг захирал Ж.С надад авчирч өгсөн. Зургийг авсан шалтгаан нь тухайн газар дээр ямар ажил хийгдсэн байгааг зурагтай тулгаж үзэх, мөн зурагт тусгагдсан ажлууд ямар хэмжээгээр хийгдсэн, ямар ажил хийгдээгүй байгаа болон үүний шалтгааныг тодруулах зорилготой байсан. Ингээд газар дээр нь очиж, зурагт тулгуурлан шалгахад зураг дээр байгаа бүх ажлыг дэс дарааллаар нь гаргаж үзсэн бөгөөд нийт 14 ажил байсан. Үүнээс аль нь хийгдсэн, аль нь хийгдээгүй талаар ерөнхий дүгнэлт гаргасан. Тухайн үед 10-15 хувийн хэмжээнд байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭНД” ХХК-ийн “Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/85 дугаартай “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01.2023 дугаартай, Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг цуцалсан” шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ”Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:11.1.1.захиргааны акт;11.1.2.захиргааны гэрээ;11.1.3.захиргааны хэм хэмжээний акт”, 52 дугаар зүйлийн 52.1-т “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно:52.2.1.төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд;52.2.2.захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд; 52.2.3.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд; 52.2.5.хуульд заасан бусад харилцаанд” гэж,
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 5.1.11. "төр, хувийн хэвшлийн түншлэл" гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй байгуулсан түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг”, 5.1.20."түншлэлийн гэрээ" гэж төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талуудын хооронд түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын эрх, үүрэг болон холбогдох бусад асуудлыг тодорхойлж байгуулсан иргэний эрх зүйн гэрээг”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулах гэрээнүүд нь тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний эрх зүйн гэрээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарна” гэж тус тус заажээ.
Дээрх байдлаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг ба энэхүү захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарах захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь захиргааны акт,захиргааны гэрээ,захиргааны хэм хэмжээний акт гэсэн хэлбэртэй байхаар хуулиар зохицуулсан.
1.2. Захиалагч талууд /сумын Засаг даргын Тамгын газар, 1 дүгээр ахлах сургууль,Эрүүл мэндийн төв,Соёлын төв,Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг/-ыг төлөөлж Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газар болон “ЭНД” ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 01.2023 дугаартай “Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г 15 жилийн хугацаагаар байгуулсан, уг гэрээг сумын Засаг даргын баталсан байх ба уг гэрээний зорилгыг “Ногооннуур сумын төвийн дулаан хангамжийг сайжруулахын тулд “ЭНД” ХХК нь өөрийн хөрөнгөөр Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барьж, өмчлөх, ашиглах, захиалагч тал хяналт тавих, үнэ тарифын зохицуулалт, газар олгох, чөлөөлөх гэх мэтээр бусад дэмжлэг үзүүлэхээр замаар хамтран ажиллахтай холбогдсон талуудын хоорондын харилцааг зохицуулахад оршино” гэж тусгасан байна.
Мөн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 340 дүгээр “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “сумын төвийг нэгдсэн халаалтад холбох” ажлын хувийн хөрөнгө оруулагчийг буюу түншлэгчийг сонгохоор зарласан, зарын дагуу 3 компани материал ирүүлснээс “ЭНД” ХХК-аар тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр сонгосон, үүний дагуу дээрх гэрээг байгуулсан болох нь /1 дэх хавтаст хэргийн 39-41,55-56 дах тал / тогтоогдсон.
1.3. Ногооннуур сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон “ЭНД” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 15 жилийн хугацаагаар байгуулсан “Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих” гэрээнд Ногооннуур сумын Засаг дарга, Тамгын газар нь “төвлөрсөн халаалтын зуухны зориулалтаар газар эзэмшүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авах, одоогийн хэрэглэгчдийг төсөлд бүрэн хамруулах , орон нутгийн өмчийн гүний цэвэр усны худгийг үнэ төлбөргүй ашиглуулах, аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөр дулааны үнэ тарифыг бодит түвшинд тогтоолгох,уг үнэ тарифыг хэрэглэгчдээр мөрдүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллах”, “ЭНД” ХХК нь “төвлөрсөн халаалтын зуухыг зохих стандарт, дүрмийн дагуу барьж байгуулах, уг халаалтын зуухыг өмчлөх, дулааны шугам сүлжээг ашиглах, дулаанаар хангах үйлдвэрлэлийг горимын дагуу явуулах” зэрэг эрх, үүрэгтэй байхаар заажээ.
1.4. Ногооннуур сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон “ЭНД” ХХК-ийн байгуулсан “Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-ний нийтлэг үндэслэл, зорилго, гэрээний талуудын эрх, үүрэг, гэрээний хугацаа зэргээс үзэхэд нийтийн зориулалттай дэд бүтцийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах агуулга бүхий дэд бүтцийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэх гэрээ байна гэж дүгнэлээ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэх дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохгүй бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарахаар дээрх хуулиудаар зохицуулсан тул 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01.2023 дугаартай “Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г захиргааны гэрээ гэж үзэх үндэслэлгүй, харин тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний эрх зүйн гэрээ гэж үзэх үндэслэлтэй юм.
1.5.Иймд “Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ”-г захиргааны гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрээг цуцалсан тухай Ногооннуур сумын Засаг даргын шийдвэр буюу 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/85 дугаартай албан бичгийн талаарх маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “ЭНД” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах“ нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23/10-19 дугаартай тогтоолоор “ЭНД” ХХК-д Ногооннуур сумын төвийн аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг төвлөрсөн зуухаар хангах 1,4 мВт хүчин чадалтай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2023 оны 10 дугаар сарын 23-аас эхлэн 2 жилийн хугацаагаар олгож, мөн өдөр 23/10-19 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.
Мөн аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23/17-19 дугаартай тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтыг үндэслэн “ЭНД” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хавсралтаар баталсан байх ба уг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.1-д “Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах“ гэж заажээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1,11.3.2, 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3 , 6.2 дугаар зүйлийн 1.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолын 3.13.2, 3.12.5, 3.12.7 дах заалт, эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11-15-02/017/17 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн “ЭНД” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон, үүнээс өмнө 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25/40 дугаартай албан бичгээр “ЭНД” ХХК-д тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй тухай мэдэгдсэн байна.
2.2. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрлийн хугацаа 5-25 жил, эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа 5 хүртэл жил, бусад тусгай зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл жил байна”, 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана”, 22.3-т “Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана” гэж,
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг зөвшөөрөл эзэмшигчид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэнэ”, 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана”, 10-т “Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргана” гэж тус тус заасан.
2.3. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 25/19 дүгээр албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 10 дугаар сарын 23-нд дуусах талаар, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тайлан, барилга байгууламжийн магадлалаар баталгаажсан ажлын зургийг ирүүлэх”-ийг тус тус мэдэгдсэн, үүний дараа “ЭНД” ХХК-аас “Сумын төвийн гадна дулааны шугам болон тогооны барилга”-ын ажлын магадлал хийгдсэн зураг төслийг хүргүүлсэн, зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 25/34 дүгээр албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах материалуудаа ирүүлэх” талаар мэдэгдсэн, “ЭНД” ХХК-аас 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр гүйцэтгэсэн ажлын талаар тайлан ирүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 114-115,116,117,140,141-175,195-198 дах тал/ тус тус тогтоогдож байна.
Улмаар аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар “ЭНД” ХХК-ийн Ногооннуур сумын төвд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцээд “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй ,тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй” гэсэн үндэслэлээр “тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй” гэж шийдвэрлэж, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 25/40 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах боломжгүй тухай мэдэгдсэн.
Үүний дараа “ЭНД” ХХК-аас 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9 дугаартай албан бичгээр “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай” хүсэлт гаргасан байх ба Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар “ЭНД” ХХК-ийн Ногооннуур сумын төвд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул хүчингүй болгож, тус компанид дулааны эрчим хүчний төвлөрсөн зуух, шугам сүлжээ барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлж, эргэж хандах шаардлагатайг мэдэгдэх” гэж шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 118,176, 204-206, 207-211 дэх / тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25/03 дугаартай албан бичиг, мөн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25/04 дугаартай албан бичгээр /1 дэх хавтаст хэргийн 99,102-103 дах тал/ тус тус тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх албан бичгүүдийг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд гаргасан , хүргүүлсэн нь нотлогдохгүй байгаа, хариуцагч Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс нотлох баримтаар ирүүлсэн “ЭНД” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг нь дугааргүй, “Бичмэл тайлан хүргүүлэх тухай” гэсэн гарчигтай болох нь тогтоогдсон /1 дэх хавтаст хэргийн 140 дэх тал/ болно.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн ““Ногооннуур сумын төвийн гадна дулааны шугам болон тогооны барилга”-ын ажлын зураг төслийн дагуу хийгдэх ажлуудаас халаалтын зуухны барилгын хананы өрлөг, худаг, хашаа баригдсан буюу 15 хувийн ажил хийгдсэн” гэсэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11-15-02/017/17 дугаар дүгнэлт гарсан ба нэхэмжлэгчээс “халаалтын зуух болон шугамын ажил хийгдээгүй” гэсэн тайлбар шүүх хуралдаанд гаргасан болно.
2.4.Дээрх байдлаар “ЭНД” ХХК нь 2 жилийн хугацаагаар олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан, мөн “ЭНД” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4.1-д “эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах“ гэж заасныг зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэргийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймээс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “ЭНД” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2,10-т заасантай тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах“ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
2.5. Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3, 6.2 дугаар зүйлийн 1.2 дах заалтыг тус тус үндэслэн маргаан бүхий захиргааны актаар “ЭНД” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон ба хариуцагч талаас “тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй буюу барилга байгууламжийг барьж дуусгаагүй, дулаанаар хангах үйл ажиллагааг эхлээгүй” гэж тайлбарласан.
2.6.Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна: 11.3.1.энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох; 11.3.2.тухайн орон нутагт олгосон тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянах”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Тусгай зөвшөөрөл олгогч нь тусгай зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.2, 6.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно” гэж,
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд дараах тохиолдолд зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ: 1.3.зөвшөөрөл олгосноос хойш хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон”, 2-т “Эрх бүхий этгээд энэ зүйлийн 1-д заасан үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана”, 3-т “Энэ зүйлийн 2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол зөвшөөрлийг түдгэлзүүлнэ”, 4-т “Эрх бүхий этгээд зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ажлын хоёр өдрийн дотор бичгээр, эсхүл энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 10-т заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ”, 6.2 дугаар зүйлийн 1-д “Зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 1.1.зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;1.2.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй;1.3.зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;1.4.зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;1.5.зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан болон бусад хэлбэрээр шилжүүлсэн;1.6.зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;1.7.зөвшөөрөл эзэмшигч иргэн бол иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээд бол дампуурсан, эсхүл татан буугдсан;1.8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй;1.9.хуульд заасан бусад” гэж тус тус заасан.
Тодруулбал, Эрчим хүчний тухай хуулийн 24.3.1-24.3.6 гэсэн заалтуудтай 24.3 дах хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлээр “Тусгай зөвшөөрөл олгогч нь тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2, 6.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно" гэж өөрчлөн найруулсан байна.
2.7. Дээрх байдлаар “ЭНД” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 23-аас эхлэн 2 жилийн хугацаагаар олгосон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д заасантай тус тус нийцэхгүй байна гэж үзлээ.
Мөн аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолоор Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3, 6.2 дугаар зүйлийн 1.2 дах заалтыг тус тус үндэслэн “ЭНД” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрх бүхий этгээд болох аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “ЭНД” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдож байгаа.
Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаагүй мөртлөө Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр “ЭНД” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь мөн хууль бус байна.
2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д тус тус зааснаар маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгохоор зохицуулсан, өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх үр дагавар үүсгэх учиртай.
Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 6-д “Эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн зөвшөөрөл эзэмшиж байсан этгээдээс зургаан сарын дотор тухайн зөвшөөрлийг дахин хүссэн өргөдлийг хүлээж авахгүй” гэж заасан бөгөөд “ЭНД” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон дээрх 2025 оны 25/21 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор тусгай зөвшөөрөл хүчинтэй гэж үзэх үндэслэл болохгүй хэдий ч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тогтоол нь дээрх үр дагаврыг үүсгэхээр байна.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоол нь хууль бус бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй үр дагаврыг үүсгэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭНД” ХХК-ийн “Ногооннуур сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/85 дугаартай “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01.2023 дугаартай, Ногооннуур сумын төвд шинээр төвлөрсөн халаалтын зуух барих төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээг цуцалсан” шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2,10, 6.2 дугаар зүйлийн 1, 6.4 дүгээр зүйлийн 6 дах заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах“ шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ