Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01428

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01428

 

 

Д.Бямбадолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00900 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бямбадолгорын хариуцагч Мистер пицца ХХК-д холбогдуулан гаргасан нөхөн төлбөрт 53 251 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Равдан, өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саандарь, өмгөөлөгч А.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Б.Санчирдорж нь Мистер пицца ХХК-д захиалга хүргэгчээр ажиллаж байсан. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хамгийн сүүлийн захиалгаа 23 цаг 17 минутад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн замын урд байрлах Стрийт 6З зочид буудалд хүргээд, ажлаа тараад явж байгаад 23 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Бичил хорооллын Энхбаярын зам руу эргэдэг уулзвар дээр автомашинд дайруулж, амь насаараа хохирсон. Хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Мистер пицца ХХК-ийг ОМ тогтоох байх гэж хүлээсэн боловч ослын акт тогтоох үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан ба ямар ч бүртгэл мэдээлэл хийхгүй, энэ асуудлыг үл хүлээн зөвшөөрсөн, үгүйсгэсэн байр суурьтай байсан учир Засгийн газрын 269 дүгээр тогтоолд заасан үүргээ биелүүлж, ослын акт тогтоож өгөх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 16-нд гаргасан ба 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүсэлтийн хариуг өгсөн. Хариу өгсөн албан бичигт ....Б.Санчирдорж нь зам тээврийн осолд өртөхдөө ажил үүргээ гүйцэтгэж яваагүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй байсан гэсэн нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж би үзсэн. Учир 269 дүгээр тогтоолын 2.1.5-д Ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтанд оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед ажлын цагт тооцож акт тогтооно гэж заасан. Улаанбаатар хотын Цагдаагийн гуравдугаар хэлтэст ОМ тогтоолгох, шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хэргийн байцаагч миний хүсэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч татгалзсан хариу өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бидний гаргасан Ослын акт тогтоолгох гомдол-д бичгээр ирүүлсэн хариунд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2 дах хэсэгт заасны дагуу Мистер пицца ХХК нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт тогтоох, 29.3 дахь хэсэгт заасны дагуу Үйлдвэрлэлийн ослын акт тогтоосны дараа Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус актыг хянан шийдвэрлэх болно гэсэн. Ингээд Мистер пицца ХХК нь цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй явсаар эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болж, шүүхийн 90 дугаартай Шийтгэх тогтоол гарсан. 269 дүгээр тогтоолын 7.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт дүгнэлт нөхөн гаргахгүй гэж заасан байгаа ба Мистер пицца ХХК нь ийнхүү 6 сарын хугацааг элдэв зальт арга хэрэглэн өнгөрөөхийг оролдож байна.

Ослын акт тогтоолгож, актын дагуу Засгийн газрын 269 дүгээр тогтоол, Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-т заасан эрхийг хангуулж, хуулиар олгогдох ёстой Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу хохирогчийн өмнөөс хуульд заасан нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон. Гэм хорын хохирлын төлбөрийг Мистер пицца ХХК-ийн ахлах нягтлан бодогч Д.Буяннэмэхийн тооцон гаргаж өгсөн, хохирогч талийгаач Б.Санчирдоржийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ажлын хөлсийг тооцон гаргасан цалингийн хавтгайг үндэслэсэн. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дуустал 13 өдөр ажилласныг энэ хугацаанд авсан нийт цалин 641 000 төгрөгт хувааж, 1 өдрийн дундаж цалин 49 307 төгрөгийг гаргасан бөгөөд 30 хоногоор үржүүлж, 1 сарын дундаж цалин 1 479 210 төгрөгийг, сарын дундаж цалингаа 12 сараар үржүүлж жилийн дундаж цалин 17 750 520 төгрөгийг, жилийн дундаж цалингаа 3 жилээр үржүүлж нийт 53 251 560 төгрөгийн төлбөрийг тооцон гаргасан.

Эрүүгийн хэргийн шүүх хохирогчийн хэргийг шийдээд 4 286 230 төгрөгийг шүүгдэгч н.Ганбаяр, хариуцагч н.Болдбаатараас гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Равданд олгосон бөгөөд сэтгэл санааны хохирол болон үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж эрхийг нь нээж өгсөн. Хариуцагч байгууллагаас манай байгууллага талийгаачтай хамтран ажиллах гэрээг байгуулж ажиллаж байсан гэж тайлбарласан. Гэтэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээ биш харин хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний агуулгыг тусгасан гэрээ байгуулан ажилласан. Автомопедыг байгууллагын зүгээс пицца хүргэгч нартаа хангалтаар өгдөг бөгөөд тухайн байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байдаг. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар Мистер пицца ХХК-ийг татсан. Компанийг төлөөлж н.Гантулга гэж хүн орсон бөгөөд түүнийг байцаахад ...тухайн авто мопедыг манай байгууллагынх, ...би жолооч бүрт код өгдөг бөгөөд кодын дагуу цалин хөлс бичигдэж, санхүүд очдог гэж хэлсэн байдаг. Талийгаач осолд ороход унаж явсан мопедыг өмнө н.Цогтбаяр гэж хүн унадаг байсан. Цагдаагийн байгууллагаас н.Цогтбаярын гэрчээр байцаахад ...би мопедыг унаж яваад байгууллагын менежер н.Гантулгад хүлээлгэж өгсөн, н.Гантулга талийгаачид өгсөн. Миний код 33 гэсэн тоотой байсан. н.Гантулга уг мопедыг талийгаачид өгөхдөө 133 гэсэн код өгсөн. Бид кодынхоо дагуу цалин хөлсөө авдаг... гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнээс үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Шүүхээс талийгаач гэр бүлтэй, хүүхэдтэй байсан эсэхийг бүрэн шалгасан. Талийгаачид олгогдох ёстой 36 сарын нөхөн олговрыг хохирогчийн ар гэр буюу ээж нь авах ёстой тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу нөхөн төлбөрт 53 251 560 төгрөгийг Мистер пицца ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Санчирдорж нь тус компанид 2014 онд түр хугацаагаар ажиллаж байхдаа ажлын хариуцлагагүй байдал гаргаж ажлаа орхиж явсан бөгөөд 2015 онд эргэж ажиллахдаа гэрээ байгуулахаас татгалзан, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны хооронд сар хүрэхгүй хугацаанд түр хугацаагаар хүргэлтийн ажил гүйцэтгэсэн байдаг. Бидний зүгээс хүргэлтийн үйлчилгээнд мопедоор үйлчилдэг жолооч нартай Автомопед түрээслэх гэрээ байгуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилладаг бөгөөд гэрээ байгуулагч нь мопедыг өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлтэйгээр лизингээр гэрээлж, пицца хүргэлтийн үйлчилгээг гүйцэтгэдэг. Хохирогч Б.Санчирдорж нь богино хугацаанд, түр ажиллахаар компанийн менежер А.Гантулгаас хэдэн хоног мөнгө хийх хэрэгтэй байна, гэрээ байгуулмааргүй байна гэж гуйн, тус компанийн хүргэлтийн жолооч н.Цогтбаярын нэр дээр гэрээтэй мопедыг компанийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр авч, хүргэлтийн үйлчилгээнд явсан. Хөдөлмөрийн гэрээний харилцаа бус хамтран ажиллах гэрээгээр жолооч өөрийн хувийн автомашинаар, эсвэл мопед лизингээр авах нөхцөлтэйгээр бүтээгдэхүүн хүргэх үйлчилгээг гүйцэтгэдэг тул Хөдөлмөрийн хуулийн 97.1.2-т заасан нөхөн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэлгүй. Хүргэлтийн жолооч нар өөрсдийн автомашин, мопедны засвар үйлчилгээ, техникийн бүрэн бүтэн байдал, шатахуун түлшийг 100 хувь хариуцан хамтран ажиллах гэрээний үндсэн шаардлага, эрх үүргийг хүлээж энэхүү харилцаанд оролцдог тул хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байдаг. Хөдөлмөрийн хуулийн ажил олгогчид ногдуулдаг хариуцлагыг нэхэмжлэлийн шаардлага болгосон нь үндэслэлгүй. Нөгөө талаар энэхүү хэрэгт Мистер пицца ХХК-ийн гэм буруугийн шинж нотлогдоогүй, хохирогчид шууд санаатай гэм хор, хохирол учруулсан гэж тогтоогдохгүй байхад ийнхүү нөхөн төлбөр шаардаж буй нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна.

Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 3.2, 1.9, 3.16-д тус тус зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй ажил, үүрэг гүйцэтгэгчийн осолтой холбоотой ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг ажил олгогч гаргадаггүй, зам тээврийн осолтой холбоотой үйлдвэрлэлийн осолд манай компани ОМ гаргах эрхгүй болох нь тодорхой тогтоогдож байгаа. Түүнчлэн тухайн осолтой холбоотой ослын дүгнэлтийг 21 хоногийн дотор судлах хуулийн хугацаа нь ч өнгөрсөн. Хэрвээ энэ тохиолдол нь зам тээврийн осол биш байсан бол бидний зүгээс нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж холбогдох акт, дүгнэлтийг гаргахад татгалзах зүйлгүй байсан. Гэтэл дээр дурдсан Засгийн газрын тогтоолын заалтуудын дагуу зам тээврийн осол болон хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээний дагуух үйлдвэрлэлийн ослын бүртгэл, дүгнэлтийг гаргах этгээд нь холбогдох төрийн байгууллагын комисс, ажилтан байгаа тул нэхэмжлэгч нь тэдгээрт хандах ёстой байсан гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн ослын даатгал, тэтгэмжийн асуудал бол компаниас шууд гардаг төлбөр биш, улсын нийгмийн даатгалын сангаас төлөгддөг асуудал бөгөөд манай компани нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг гаргахаас зайлсхийж, хугацаа хожсон, хохирогчийг чирэгдүүлж, залхаасан зүйл байхгүй.

Тухайн өдөр Б.Санчирдорж нь зам тээврийн осолд өртөхдөө ажил үүргээ гүйцэтгэж яваагүй, хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй байсан гэж үзэж байгаа. Мистер пицца ХХК-ийн хүргэлтийн жолооч нарын мөрдөж ажиллах журмын 14-т Хүргэлтийн жолооч нь тухайн өдрийн тээвэрлэн хүргэсэн бүтээгдэхүүнийхээ тооцоог ямар ч тохиолдолд тэр өдөртөө багтаан заавал хийж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд Хамтран ажиллах гэрээ-г цуцлах хүртэл шат дараалсан арга хэмжээг авна, 3.5-д Касстай тооцоо нийлж гарын үсгээр баталгаажуулснаар тухайн өдрийн ажил дуусах ба ажлаас бууж буй эсэхээ ээлжийн ахлахад албан ёсоор мэдэгдэж хасалт хийлгэн бүртгүүлнэ гэж тус тус заасан. Б.Санчирдорж нь осол болсон өдөр 23 цагт хүргэлтийн үйлчилгээ хийгээд тухайн өдрийн нийт орлого болох 138 500 төгрөгийг компанид тушаах ёстой байтал тушаахгүйгээр Өргөө кино театрын уулзвар буюу осол гарсан газрын зүг явсан байдаг.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д Б.Ганбаяр нь ...гэмт хэрэг үйлдэж бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай, мөн уг шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд Амь хохирогч Б.Санчирдоржийн ажил олгогч Мистер пицца ХХК-иар үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна. ...дээрх хохирлуудын асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж тус тус тэмдэглэсэн. Энэ нь хохирогч Б.Санчирдоржийн амь нас хохирсонд зам тээврийн осол гаргасан Б.Ганбаяр шууд гэм буруутай болохыг, мөн Мистер пицца ХХК гэм хор учруулсан гэх үндэслэлгүй болохыг баталгаажуулж байгаа юм.

Хохирогч Б.Санчирдорж нь Мистер пицца ХХК-ийн хүргэлтийн жолооч нарын мөрдөж ажиллах журмын 1.4-т заасныг зөрчиж, тухайн үед хамгаалах хэрэгслийг зүүгээгүй явсан өөрийнх нь гэм буруугийн асуудлыг энд мөн анхаарах шаардлагатай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.2-т зааснаар ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх; өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй байдаг. Б.Санчирдорж хамгаалах каскийг зүүж явах үүргээ биелүүлээгүй нь компанийн холооч нарын мөрдөх журмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Компанийн Автомопед түрээслэх гэрээ-нд Түрээслэгч нь түрээсийн мопедийг ашиглахдаа хамгаалалтын каск, хүргэлтийн үйлчилгээний хантааз, цүнхийг заавал ашиглах үүрэгтэй. Жолоочийн хариуцлага болон замын хөдөлгөөний үндсэн дүрмийг мөрдөж ажиллана, гарсан зөрчил болон аваар осолтой холбоотой асуудлыг түрээслэгч тал бүрэн хариуцах үүрэгтэй гэж, мөн Б.Санчирдоржтой 2014 онд байгуулж байсан Хамтран ажиллах гэрээ-нд Хүргэлтийн жолооч нь компанийн дотоод журам, хүргэлтийн жолоочийн мөрдөх журмыг хатуу мөрдөж ажиллах үүрэгтэй, Хүргэлтийн баримтан дээрх үнийн дүнг өөрчлөх, засварлах эрхгүй ба захиалгын дагуу хүргэсэн бүтээгдэхүүний төлбөр тооцоог тухайн өдөрт нь багтаан хийх үүрэгтэй гэсэн заалтууд байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгуй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд түүнд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй гэж заасан байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Равдангийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангахгүй байгааг шүүх анхаарч үзнэ гэж итгэж байна. Мистер пицца ХХК-ийн зүгээс хохирогч Б.Санчирдоржийг осолд орсонд гүнээ харамсч буйгаа албан ёсоор илэрхийлж, ар гэрт нь сэтгэлийн хандив болгон 200 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Нөгөө талаар, энэ хэрэг явдлаас шалтгаалан манай компани ч өөрөө хохирсон бөгөөд талийгаачид болсон явдлыг хүндэтгэж үзээд, энэ хохирлын талаар нэхэмжлээгүй. Үйлдвэрлэлийн ослыг бид бүртгэхгүй. Үйлдвэрлэлийн ослыг манайх бүртгэх ёстой байсан боловч тухайн осол ажлын байранд болоогүй. Уг зам тээврийн ослыг Замын цагдаагийн газар хариуцаж бүртгэх ёстой байсан. Манайх ослын акт тогтоох субъект биш. Нэхэмжлэгч тал гомдол гаргах ёстой байсан бол замын цагдаагийн газрын байцаагчтай ярих байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Мистер пицца ХХК-иас 36 150 408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 101 152 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 338 702 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ойлгомжгүй байсан төдийгүй хариуцагч талаас удаа дараа гаргаж өгсөн тайлбарууд, нотлох баримтуудыг огт үнэлэлгүй нас барсан этгээд болон Мистер пицца ХХК-ийн хооронд ямар хэлцэл, гэрээ байгуулагдсан болохыг, мөн ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг огт тогтоолгүйгээр шууд Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хуулийг хэрэглэж, хариуцагчийг буруутгасан шийдвэр гаргасан нь шүүх буруу хуулийг хэрэглэсэн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.2-т "ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг" гэж тодорхойлсон байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх Мистер пицца ХХК болон иргэн Б.Санчирдорж нарын хооронд хөдөлмөрийн, эсхүл иргэний эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоогоогүй, мөн үүнтэй холбоотойгоор тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй учраас Хамтран ажиллах гэрээг байгуулдаг тухай хариуцагч талын хангалттай нотолгоо, үндэслэлийг харгалзаж үзэлгүй Мистер пицца XXK-ийг "ажил олгогч", иргэн Б.Санчирдоржийг "ажилтан" болгон тус тус үзэж, хөдөлмөрийн харилцаа мэтээр тусган Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг хэрэглэснийг шүүх хэргийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй, нөхцөл байдлыг тодорхой нягтлан шалгаагүйн улмаас буруу хуулийг хэрэглэж, хариуцагч талыг хэлмэгдүүлэн хариуцлага тооцсон гэж үзэхэд хүргэж байна.

Монгол Улсын Дээд шүүхээс 2012.06.15-ны өдөр гаргасан "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал"-ын талаарх Зөвлөмжийн 4 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бусад ойролцоо төрлийн гэрээнээс ялгаж үзэх тухай тусгасан. Хөлсөөр ажиллах үндсэн үүргийг гүйцэтгэж, пицца хүргэсэн хүргэлтийн тооноос шалтгаалан ажлын хөлсөө авдаг зэрэг нь үндсэн гэрээний нөхцөлийг тогтоож байгаа. Б.Санчирдорж болон Мистер пицца ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа бус Иргэний хуулиар зохицуулагддаг хуулийн этгээд болон иргэний хоорондын харилцаа үүссэн байтал шүүх хөдөлмөрийн харилцаа үүссэн мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байна. Бидний хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хир зохистой байсныг шүүх хайхарч үзсэнгүй. Тиймээс, анхан шатны шүүхээс Мистер пицца ХХК-ийг Хөдөлмөрийн хуулийн "ажил олгогч" гэж үзэн Хөдөлмөрийн тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд дээрх ажил олгогчтой холбоотой хариуцлагуудыг оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар, шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28,1.15 дахь хэсэгт заасныг баримталсан байна. Иргэн Б.Санчирдорж нь хөдөлмөрийн чадвараа алдсан этгээд биш бөгөөд зам тээврийн ослын улмаас нас барсан этгээд болно.

...Анхан шатны шүүх, нэгдүгээрт Мистер пицца ХХК-ийг уг хэргийн хувьд Хөдөлмөрийн хуулийн үйлчлэлд хамаарах "ажил олгогч" мөн эсэхийг хангалттай үндэслэлтэй тогтоогоогүй, хоёрдугаарт энэхүү хэргийн хувьд "үйлдвэрлэлийн осол" мөн эсэхийг болон үйлдвэрлэлийн ослын дүгнэлт, акт гаргах үүрэгтэй этгээд чухам хэн болохыг хууль тогтоомжид үндэслэн нарийн шалгаж тогтоогоогүй хэрнээ "Мистер пицца"-ийг буруутгасан, гуравдугаарт зам тээврийн хэргийн улмаас нас барсан Б.Санчирдорж нь Хөдөлмөрийн хуулийн үйлчлэлд хамаарах "нас барсан ажилтан" мөн эсэхийг тогтоогоогүй, дөрөвдүгээрт "ар гэрт үчирсан хохирлыг нөхөх зорилгоор" гэсэн үндсэн нөхцөлийн дагуу нэхэмжлэгч талд ямар хэмжээний хохирол учирсныг тогтоогоогүй атлаа Мистер пицца ХХК-ийг шууд "ажил олгогч" гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн хариуцлагыг тулган ногдуулж, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус, хэлмэгдүүлсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

...Шүүх талийгаач ажлаасаа буцаж явсан буюу гэртээ харьсан гэж шууд тогтоосон нь үндэслэл муутай юм. Учир нь Мистер пицца ХХК-ийн хүргэлтийн жолооч нар нь сүүлийн захиалгыг хүргэсэн тохиолдолд тухайн өдрийн хүргэлтийн мөнгөнүүдийг компанид заавал хүргэж тушаах журамтай бөгөөд талийгаач нь өмнөх өдөр нь мөнгөө тушаагаагүй, осол гарсан тухайн өдөр ч мөн мөнгөө тушаалгүй шууд Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр Бичил хороолол руу явсан нь ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй гэж үзэх бүрэн үндэслэлийг бий болгож байгаа юм. Талийгаач Б.Санчирдорж нь компанийн дүрэм жүрмыг зөрчиж, өөрийн дураар явж байх уедээ зам тээврийн осолд өртсөн болохоос дээр дурдсан шиг хөдөлмөрлөх үүргээ биелуулэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөн зүйл" байхгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шууд үйлдвэрлэлийн осол гэж үзсэн нь учир дутагдалтай.

"Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 3.2, 1.9, 3.16-д зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй ажил, үүрэг гүйцэтгэгчийн осолтой холбоотой ОМ буюу үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг ажил олгогч гаргадаггүй, зам тээврийн осолтой холбоотой үйлдвэрлэлийн осолд манай компани ОМ гаргах эрхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх нь энэхүү нарийвчилсан зохицуулалтыг үл хэрэгсэн шууд Мистер пицца ХХК-д бүх гэм бурууг тохож, ажил олгогчийн үүргийг ногдуулан, хариуцлага хүлээлгэж буй нь үндэслэлгүй, шударга бус шийдвэр болсон төдийгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Талийгаач Санчирдорж нь тус компанид бүтэн нэг cap ч ажиллаагүй ердөө 11 хоног хүргэлтийн үйлчилгээ хийж ажилласан. Хүргэлт хийсэн тоонд үндэслэн бэлнээр олгосон "ажлын хөлс"-ийг Хөдөлмөрийн хуулийн 47-р зүйлд заасан "цалин хөлс"-тэй адилтган тооцсон нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн хуулийн 47.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж заасан бөгөөд цалин хөлсийг Хөдөлмөрийн гэрээгээр талууд бичгээр харилцан тогтоодог. Анхан шатны шүүх талийгаач Б.Санчирдоржийн нэг өдрийн цалинг тогтоохдоо ямар хууль тогтоомж, дүрэм журмыг үндэслэсэн нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрт тусгаагүй. Хэрвээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг баримталсан гэвэл энэ нь хөдөлмөрийн харилцаа бус тул шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, Мистер пицца ХХК-ийг болсон хэрэг явдлын гол буруутан мэтээр дүгнэсэнд болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, үндэслэл болон нотлох баримтуудыг огт хэрэгсээгүй, үндэслээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.5 дах заалтыг хангуулах хүсэлт гаргаад байна" гэсэн хэсгийг шүүх нэхэмжлэлийг шаардлага гэж үзсэн эсэх нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй асуудлыг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Бямбадолгор нь хариуцагч Мистер пицца ХХК-д холбогдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн төлбөр 53 251 560 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч нас барагч болон хариуцагч байгууллагын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Бямбадолгор нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны гэр бүлд учирсан хохирлыг арилгахад чиглэсэн нөхөн төлбөр гэж тодорхойлсон байхад шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт гэм хорын хохиролд гэж хэлэлцэж байгаа хэргийн агуулгыг буруу тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрт Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол энэ талаарх гомдлыг хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 29.5 дах хэсэгт заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь Б.Санчирдоржийн нас барсан шалтгааныг үйлдвэрлэлийн осол мөн болохыг тогтоолгох тухай бие даасан нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад шүүх ажилтан Б.Санчирдорж Мистер пицца ХХК-ийн хүлээн авсан захиалгыг хүргэж өгөөд буцаж явах замдаа амь насаа алдсан үйл явдлыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үйлдвэрлэлийн осол тогтоогдсон талаар заагаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг хэрэглэсэн нь буруу болжээ. Р.Санчирдоржийн нас барсан шалтгаан үйлдвэрлэлийн осол гэж тогтоогдсон тохиолдолд хуулийн уг заалтыг хэрэглэх ёстойг шүүх анхаараагүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг хэрэглэх эсэх асуудлыг дүгнэх шаардлагатай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Мистер пицца ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 702 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ