| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00856/И |
| Дугаар | 304/ШШ2025/00657 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 304/ШШ2025/00657
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 929,423 /есөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М******* ББСБ ХХК нь Д.О*******тай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 140000700265 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Уг гэрээний дагуу Д.О******* нь М******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ........ дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6% хүүтэй зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй.
М******* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, утсаар холбоо тогтоож зээлийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан зөвшилцсөн хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй харилцаа холбоо тасарсан болно.
2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөр Д.О*******ын зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 442,786 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,637 төгрөг нийт 929,42 төгрөг байна. Иймд Д.О*******аас зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 929,423 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 929,423 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Д.О*******т холбогдуулан 929,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй, Д.О*******т холбогдох 929,423 /есөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,856 /хорин зургаан мянга найман зуун тавин зургаа/ төгрөгөөс 13,428 /арван гурван мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 13,428 /арван гурван мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг, хариуцагч Д.О*******аас 13,428 /арван гурван мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ