| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0173/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/203 |
| Огноо | 2018-07-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.П холбогдох эрүүгийн 1838001140170 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Пнь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотод оршин суух иргэн Б.Эн байшинд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж 239.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.П нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн ... тоотод оршин суух иргэн Б.Эн байшинд нэвтэрч түлхүүр багажны ком, хөрөө, ямааны цул мах зэргийг хулгайлж 239.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Пмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Өнгөрсөн зун Этай байшин барилга барьж байхад Э багажаа байшингийнхаа дээвэр дээр хийдэг байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын сүүл, 2 дугаар сарын эхээр Эг хотод байхад нь согтуу гэрт нь очоод байшингийнх нь дээврээс хөрөө, багаж зэргийг авсан...Гудамжинд нэг саарал таксины жолоочид хөрөө, багаж хоёрыг 30.000 төгрөгөөр зарсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Эн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би гэр бүлийн хамт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу хүүхдээ үзүүлэх гээд гэрээ эзэнгүй орхиод явсан. Хотоос ирхэд манай гэрийн байшингийн дээвэр лүү ордог үүдний хаалга онгорхой байдалтай дээш гарахад миний багажны иж бүрдэл 25 кг-ын шуудайтай ямааны мах, орос дружба хөрөө зэрэг эд зүйл алга болсон байсан. Манай байшингийн дээвэр нь төмөр цоожтой байсан. Энэ цоожийг нь эвдээд онгойлгосон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Пнадад Мөнхөө ах гаръя гэхээр нь Сондор дэлгүүрийн гадаа гарахад жижиг тэрэгнээс багаж гаргаж ирээд намайг энэ багажийг авах уу би танд 20.000 төгрөгөөр заръя гэж хэлсэн. Тэгэхээр надад мөнгө байхгүй авч чадахгүй гэсэн. Пшаргал өнгийн материалаар хийгдсэн дээрээ бариултай уутан цүнхэнд хийсэн багажнуудыг зарна гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “…Би нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот руу яваад ирэхэд манай гэрээс багажны ком, дружба хөрөө, нэг ямааны цул мах алга болсон байсан. Ананд гэдэг цагдаатай очоод Сондор дэлгүүрийн камерийг шүүж үзлээ Сондорын камерт Баасанпүрэв цүнхтэй багажийг маань бариад явж байна гэсээр ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-23 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 25 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838001140170 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Б.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Пнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.П-г хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838001140170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР