| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00499/И |
| Дугаар | 304/ШШ2025/00659 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2025/00659
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.М*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Э.М*******ийн 27,774,427.43 төгрөгийн хуримтлалтай Хас банкны ....... тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшлийг шилжүүлж өгөхийг М.М*******т даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00499/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б*******,
Хариуцагч М.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч М.М*******т холбогдуулан Э.М*******ийн 27,774,427.43 төгрөгийн хуримтлалтай Хас банкны .... тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшлийг шилжүүлж өгөхийг М.М*******т даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тодруулсан бөгөөд дараах байдлаар тодорхойлж байна.
2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Э. М*******д төрөөс олгодог хүүхдийн мөнгийг хадгалахаар анх хадгаламж нээлгэж Э.М*******д 13 жилийн турш төрөөс олгогдсон бүх мөнгө энэ дансруу ордог байсан. Мөн Э.М******* нь өвчний улмаас асаргаанд байдаг ба асаргааны мөнгө, төрөөс олгодог хувьцааны мөнгө бүгд охины дансанд ордог. Гэтэл энэ хугацаанд миний охины данснаас хадгаламж барьцаалсан зээл авсан гэж надад хэлсэн бөгөөд хэрвээ төлөгдөхгүй бол суутгагдах эрсдэл цаашлаад мөнгийг нь цуцалж авах ч эрсдэл үүсэх юм.
Би охиноо асарч байх хугацаандаа асаргааны болон хүүхдийн мөнгөний хэрэгцээ шаардлага гардаг байсан ч охиныхоо ирээдүйн төлөө гэж өмсөж, зүүх, идэх хоолоо хэмнэж амьдарсаар ирсэн. Гэтэл энэ хугацаанд миний охины ирээдүйд зарцуулах мөнгийг хууль ёсны дагуу асран хамгаалагч биш хүн эзэмшиж байгаа нь хууль бус байна. Мөн өмнө нь нэхэмжлэл гаргахдаа охиныхоо хадгаламжны данс болон хуримтлагдсан мөнгийг мэдэхгүй байсан учир ерөнхий байдлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо ийнхүү тодруулж шаардлагаа гаргаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж заасан бөгөөд хууль ёсны асран хамгаалагч тогтоолгох шаардлага үүсэж байгаа юм. Иймээс Э.М*******ийн 27,774,427.43 төгрөгийн хуримтлалтай Хас банкны ..... тоот хадгаламжий дансны хамтран эзэмшигчийг Б.Баярцэцэт шилжүүлж өгөхийг М.М******* даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч М.М******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зээ охин Э.М******* нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. Тухайн үед ирээдүйн саятан гэдэг хадгаламжид 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хадгаламж нээсэн. Хүүхдийн 20,000 төгрөгийг Б*******ээс авч хийдэг хадгаламж руу хийж байсан. 2020 оны 6 дугаар сараас эхэлж хүүхдийн мөнгө 100,000 төгрөгийг данс руу хийдэг. Зээ охинд маань төрөөс асрамж тогтоогдоод 307,200 төгрөг, хувьцааны 500,000 төгрөг гээд мөнгийг хүүхдийн данс руу хийдэг байсан. Одоо сардаа 200,000 төгрөгөөс 210,000 төгрөгийн хүү бодогддог. Манай охин энэ мөнгийг авъя гэхээр нь өгөхгүй гэж хэлсэн. Энэ үйл явдлаас хойш өвгөн бид 2 мөнгө хийгээгүй. Манай зээ охин уушгины өвчтэй гэх үед нь хүүхдийн хадгаламжид хүрэхгүй хангалттай мөнгө өгөөд явуулдаг байсан. Авах шаардлагатай гэвэл төрөөс орсон мөнгийг авъя гэвэл би мөнгийг нь тооцоод бодоод өгье гэж хэлж байсан. Энэ мөнгө над дээр шилжээд орно биз. Үхэхэд оршуулгын минь зардал болно биз. Хорвоогийн жамаар үхэх нас нь ойртож байна. 2030 он болоход би нас барахад энэ хадгаламж зээ охинд маань шилжиж очно. 18 нас хүртэл нь сургалтын төлбөрт нь зориулна гэж бодож байгаа. Шүүхийн шийдвэрийг дагана гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-охин Э.М*******ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,
4.Хариуцагчаас хариу тайлбар гаргаж өгсөн.
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хас банк ХК-ийн Булган салбараас Э.М*******ийн нэр дээрх хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулан авсан болно. /хэргийн 23-29-р хуудас/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч М.М*******т холбогдуулан Э.М*******ийн 27,774,427.43 төгрөгийн хуримтлалтай Хас банкны ....... тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшлийг шилжүүлж өгөхийг М.М*******т даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Э.М******* нь өвчний улмаас асаргаанд байдаг ба асаргааны мөнгө, төрөөс олгодог хувьцааны мөнгө бүгд охины дансанд ордог. Охины эмчилгээнд мөнгө хэрэг болдог бөгөөд миний охины ирээдүйд зарцуулах мөнгийг хууль ёсны дагуу асран хамгаалагч биш хүн эзэмшиж байгаа нь хууль бус байна. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж заасан тул хадгаламжийн дансны хамтран эзэмшлийг өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч М.М******* нь татгалзлын үндэслэлээ ...Манай зээ охин уушгины өвчтэй гэх үед нь хүүхдийн хадгаламжид хүрэхгүй хангалттай мөнгө өгөөд явуулдаг байсан. Авах шаардлагатай гэвэл төрөөс орсон мөнгийг авъя гэвэл би мөнгийг нь тооцоод бодоод өгье гэж хэлж байсан. Харин миний нэмж хийсэн мөнгө над дээр шилжээд орно. Төрөөс олгосон мөнгийг нь өгнө, харин өөрийн нэмж хийсэн мөнгийг өгөхгүй гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э.М*******ийн төрсөн цагаасаа эхлэн төрөөс олгогдох хүүхдийн мөнгө, асаргааны тэтгэмж, хувьцааны ногдол ашиг болон нийгмийн бусад халамжийн орлого нь 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээгдсэн Ирээдүйн саятан хадгаламжийн дансанд тогтмол төвлөрч ирсэн түүнчлэн хариуцагч М.М******* өөрийн зүгээс мөнгө нэмж хийснээр уг дансанд нийт 27,774,427.43 төгрөг хуримтлагдсан нь Хас банкны ..... тоот хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. Уг хадгаламжийн хамтран эзэмшигч нь хариуцагч М.М******* бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин хариуцагч нь төрөөс олгодог мөнгөнөөс гадна би өөрөөсөө сард тодорхой хэмжээний мөнгө нэмж хийдэг байсан тул уг мөнгийг өгөхгүй харин төрөөс олгож ирсэн мөнгийг тооцож, хүүг нь бодуулан нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
4.1. Монгол Улс Хүүхдийн мөнгөн тэтгэмж-ийг 2005 оноос хойш өнөөг хүртэл 0-18 нас хүртлэх насны хүүхдэд сар бүр олгож байгаа.
Э.М******* нь 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд төрсөн цагаас эхлэн Монгол Улсын Засгийн газраас олгож буй Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эрх нь үүссэн байна.
Охин Э.М******* нь төрсөн цагаасаа эх Б.Б*******ийн асрамжид байгаа, түүнчлэн Б.Б*******ийг гэрлэлт цуцлуулахад охин Э.М*******ийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэсэн байна. Харин охинд төрөөс олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хүнд олгох зохицуулалттай тул эмээг нь буюу хариуцагч М.М*******ийг хууль ёсны асран хамгаалагчаар тогтоолгосон болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд одоо хүүхдийн асаргааны тэтгэмжийг нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болохоо тайлбарлаж, хариуцагч уг тайлбарыг үгүйсгэсэн мэдүүлгийг гаргаагүй болно.
Охин Э.М*******ийн нэрээр 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хас банк ХК-ийн ..... тоот хадгаламжийн данс нээлгэж хамтран эзэмшигчээр М.М******* бүртгэгджээ. /хх-ийн 23-29/
Э.М*******ийн Хас банк ХК-ийн ...... тоот хадгаламжийн дансанд хуримтлагдсан Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж нь тухайн хүүхдийн нэрийн өмч бөгөөд хүүхдийн хэрэгцээ, амьжиргаанд зориулагдсан тэтгэмж юм.
4.2. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ., мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж тус тус заасан бол Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаандаа хүүхдийн язгуур эрхийг нэн тэргүүнд хангасан байхаар хуульчилжээ.
Нэхэмжлэгч Б.Б******* нь Э.М*******ийг өдөр тутамд асарч, хоол, эмчилгээ, хувцас болон бусад хэрэгцээг хангаж, бодитоор хууль ёсны асран хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байгаа хууль ёсны асран хагаалагчийн хувьд тул хүүхдийн өмч хөрөнгийг хамгаалах эрхтэй байна.
Харин хариуцагч М.М******* нь хүүхдийн болон асаргааны тэтгэмж зэрэг төрөөс олгож буй мөнгөн тэтгэмжийг хадгаламжийн дансанд хуримтлуулж байсан боловч хүүхдийн бодит амьдралд шаардагдах зардалд оруулсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хүүхдийг эмчилгээнд явахад хариуцагч өөрсдөө өгдөг байсан гэж мэдүүлсэн ч энэ нь хүүхдийн хадгаламжийг хамгаалах хууль ёсны үүргийг өөрт авах үндэслэл болохгүй юм.
4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хадгаламж барьцаалсан зээл авсан талаар тайлбар гаргаж болзошгүй эрсдэлийн талаар тайлбарласан боловч хариуцагч нь хадгаламж барьцаалж зээл авсан болох нь хадгаламжийн дансны хуулгаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэвч хадгаламжийн данс хүүхдийн өмч хөрөнгө бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн нэр дээрх хадгаламж, төрөөс олгосон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түүний эрх, ашиг сонирхолд нийцүүлэн хадгалах, хуримтлуулах, аюулгүй байлгах үүргийг түүний хууль ёсны асран хамгаалагч буюу эх Б.Б******* хэрэгжүүлэх нь хуульд нийцнэ.
Түүнчлэн хадгаламжийг хариуцагч дангаар эзэмших явдал нь хүүхдийн өмч хөрөнгийн ашиглалтыг нэхэмжлэгчийн зүгээс хянан зохицуулах боломжийг хааж, хүүхдийн эрх ашгийн баталгааг хөндөж болохоор байна.
Иймд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хадгаламжийн дансны хамтран эзэмшлийн эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар Э.М*******ийн 27,774,427.43 төгрөгийн хуримтлалтай Хас банк ХК-ийн ........ тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшлийг нэхэмжлэгч Б.Б*******т шилжүүлэхийг хариуцагч М.М*******т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.М*******ээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ