Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/247

 

 

 

 

 

      2025           02            19                                          2025/ДШМ/247

 

Т.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

хохирогч Т.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,  

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1334 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Т.С-т холбогдох эрүүгийн 2406047352415 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ын С, 1953 онд төрсөн, 71 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэр тогтоогдсон, ам бүл 2, Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);  

Т.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хүргэн Т.Б-ийг шалтгаангүйгээр цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж, биед нь зүүн хөхний доогуур цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс нэвт хатган зүрхний баруун тосгуурт хүрч төгссөн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би сэжигтэн, яллагдагчаар татагдсан үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирсэн. Миний эх 95 насандаа өөд болж, энэ үеэс эхлэн сэтгэл гутралтай байж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэнийхээ биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдаж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр өөрийн саналаа гаргаж байсан. Миний хувьд насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 3 жил 4 сар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах тухай саналыг танилцуулахад би зөвшөөрсөн. Би мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байтал шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн асуудлаар мэтгэлцэж байгаа нь онолын хувьд эсрэг байр суурийг илэрхийлсэн учир шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Өмгөөлөгчийн хууль хэрэглээний мэтгэлцсэн дүгнэлт нь надад хамааралгүй гэж үзэж байна. Миний бие 72 настай, биеийн эрүүл мэндийн байдал хүнд, өндөр даралттай. Бага охин минь нас барсан. Өнчин хоцорсон 2-10 насны 3 хүүхдийг байнгын тусалж явдаг хувийн амьдралыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан надад оногдуулсан ялыг 3 жил 4 сар болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.С-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Т.С- нь сэжигтэн, яллагдагчаар татагдсан цагаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ирсэн талаар нотлох баримтаас дурдвал, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31, 33, 38/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 110/, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй /хх 117/, Т.Б-ийн “хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх 121, 124/, Эрүүл мэндийн даатгалын санд Т.С-аас 6,291,642 төгрөг төлсөн баримт /хх 123/, прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 374 дүгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх 125/, прокурорын санал /хх 127/ зэрэг болно. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.С- “Би хийсэн хэргээ хүлээж, маш их гэмшиж байна. Хуулийн доод ялыг оногдуулж өгнө үү” гэжээ. Мөн тус шүүх хуралд иргэдийн төлөөлөгч нь Т.С-ыг гэм буруугүй гэж үзсэн дүгнэлт гаргасан. Т.С- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаанаас хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжиж ирсэн байтал шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн асуудлаар мэтгэлцэн оролцож байгаа нь онолын хувьд эсрэг байр суурийг илэрхийлэх учир шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.10-д заасан шүүхийн хэлэлцүүлэгт оролцох бүрэн эрхийг хязгаарласан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул шийтгэх тогтоол илтэд үндэслэл муутай болсон. Өмгөөлөгчийг саналыг шүүгдэгчийн санал хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай ойлголт нь шүүгдэгчид байх хуулийн хэрэглээ юм. Т.С-ын сайн дураар хэргээ хүлээн зөвшөөрсөнтэй холбож хийсэн шүүхийн дүгнэлт буруу болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Т.С-т оногдуулсан ялыг 3 жил 4 сарын хорих ял болгон хөнгөрүүлж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 13 дахь талын доороосоо 7 дахь мөрөнд энэ шүүх хуралдаанд хохирогч тал зүйлчлэлийг өөрчилж, цочрон давчидсан гэдэг байр суурьтай мэтгэлцэж оролцсоны төлөө онолын хувьд эсрэг байр суурьтай гэж үзсэн нь өмгөөлөгчийн өмгөөлөх эрхэд  халдсан үйлдэл юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалттай. Цочрон давчидсан гэдэг үгийг хэллээ гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн  нь үндэслэлгүй. ...” гэв.

Хохирогч Т.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгох, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй гэсний дагуу хохирогчийн өмгөөлөгч миний бие нь анхан шатны шүүх хуралд гэрч Ц.Ч-гийн мэдүүлгүүд зөрүүтэй байх тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлгийн зөрүүтэй байдлыг тодруулан, бодит нөхцөл байдлыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх гэрчийн зөрүүтэй мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь маш их эргэлзээг бий болгож байна. Хохирогчийн зүгээс саяхан эхнэр нь нас барсан 3 хүүхдийн хамтаар амьдарч байгаа, хадам эцэг нь шоронд ял эдлэх болсон нөхцөл байдал, өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ туйлаас их харамсаж байгаа. Хохирогч Т.Б- “чиний эх чинь нас бараад шороонд булагдаа л биз дээ” гэдэг үгийг хэлсэн нь ямар ч хүнд сайхнаар тусахгүй, хүлээж авахгүй нь тодорхой. Хохирогч Т.Б-ийн дээрх үгэнд шүүгдэгч Т.С-ын санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах болсон гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой эсэх, гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд сэдэлт нь субьектив талын заавал харах ёстой нөхцөл байдал байх ба шууд шүүгдэгчийг буруутгасан нь хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хохирогч Т.Б-ийн хэлсэн үгийг мөрдөн байцаалтын шатанд аваагүй шалтгааныг өмнөх өмгөөлөгч байсан шүүгдэгчийн өмгөөлөгчидтэй холбож үздэг болно. Мөн тухайн үед анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Т.С-ыг гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Тус хэргийн хохирогч Т.Б-ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгч байгаа мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй болж байгаа нөхцөлд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвийг олж тогтоох байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг баримтлан Т.С-т ял оногдуулахдаа энэ гэр бүлийн амьдралын нөхцөл байдлыг бодит талаас нь харгалзан үзээгүй. Хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоохоос илүү хамаарал бүхий гэдэг дээр ач холбогдол өгч шийдвэр гаргасан.

Хохирогч “миний буруутай, хууль бус, зүй бус үйлдэл байсан. Шууд хамааралтай нөхцөл байдал байсан” талаар хэлсэн. Хохирогчийн гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоохоос илүү хамаарал бүхий гэдэг дээр ач холбогдол өгч шийдвэр гаргасан. Цочрон давчдах нөхцөл байдал тухайн үед үүссэн. Шүүгдэгч, хохирогч хоёрын хооронд тухайн үед юу болсон талаар тодруулаагүй гэв.

Миний  үйлчлүүлэгч “Миний хууль бус үйлдэл байсан. Миний үг, үйлдлийн дараагаар намайг гэмтээх үйлдэл гарсан учраас шууд хамааралтай асуудал байна” гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Анхан шатны шүүх хамаарал бүхий гэж дүгнэсэн. Хамаарал бүхий байдал нь болсон нөхцөл байдлыг үгүйсгэх нөхцөл болохгүй. Хамаарал бүхий учраас мэдүүлэг зөрүүтэй байх боломжтой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд үнэн бодит байдлыг мэдүүлсэн. Энэ талаар нэг ч асуулт асуун тодруулж, сэргээн тогтоогоогүй. ...” гэв.

Хохирогч Т.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үнэхээр харамсаж байна. Аав маань миний 3 хүүхдийг харж, ажил хийхэд тус болдог. Тэрээр даралт ихтэй, цагаан мах нь эргэдэг бие муутай хүн юм. Өдий 70 нас хүрсэн хүн ийм газарт байгаад санаа их зовж байна. Надад санал, гомдол байхгүй. Миний бие бүрэн эдгэрсэн. Тиймээс түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч Ц.Ч-гийн мэдүүлэгт болсон үйл явдлыг тодорхой дурдсан. Хохирогчийн хэлсэн үг, өгүүлбэрээр шүүгдэгчийг цочрон давчидсан гэж үзэхгүй тул Т.С-т 5 жилийн хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Т.С-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч Т.Б-ийн: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 20 минутын үед манай хадам аав Т.С- гэрээсээ 0.75 литрийн архины талыг барьж орж ирээд тэрийг нь хувааж уугаад би дэлгүүр ороод дахиад 0.75 литрийн архи 1 шилийг аваад хадмын гэрт ороход аав мах идээд сууж байсан. Архинаасаа бага зэрэг ууж байгаад гэрийнх нь зүүн талд байх орон дээр сууж байхад Т.С- мах идэж байсан хутгаа аваад миний цээж рүү 1 удаа хутгалсан. Би болсон асуудлыг бүгдийг санаж байна. Хадам аав нэлээд согтсон байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр бас архи уусан байсан. Би хадам аав Т.С-тай маргалдаж, муудалцаагүй. Надад ямар нэг санал, гомдол байхгүй. Миний биеийн байдал одоо хэвийн, бүрэн эдгэрсэн...” гэх (11-12, 14-15),

-гэрч Ц.Ч-гийн: “...Манай нөхөр Т.С- 10 цагийн үед өчигдөр ууж байсан хагас шил архиа бариад хажуу талд байх хүргэн Т.Б-ийн гэрт орсон. Тэр 2 нэг, нэг лаазтай пиво барьж орж ирээд маргалдаж байгаад гал тогооны тавиур дээр байсан шар цагаан өнгийн иштэй хутгыг аваад хөргөгчийн хажууд байсан хүргэн Т.Б-ийн зүүн хөхний дээд хэсэгт хутгалсан. Тэгээд би 102, 103-т дуудлага өгсөн. Т.С- нэлээн согтсон, юу хийж байгаагаа санахгүй, ойлгохгүй байх шиг байсан...” гэх (хх 19, 27-28),

-гэрч С.А-ын: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 20 минутын үед манай аав Т.С- тал шил архи барьж орж ирээд манай нөхөр Т.Б-той хувааж уугаад тэр 2 хамт гараад явсан. Би аавын гэр рүү ороход манай нөхөр Т.Б- орон дээр суусан цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд ээж 103 дуудсан. Манай аавын ээж нас бараад удаагүй байсан тул аав сэтгэл санаагаар унасан, тогтворгүй, хааяа архи уугаад хэцүү байсан. Би тухайн хэрэг гарах үед байгаагүй болохоор Т.Б-ийн биед хэн гэмтэл учруулсныг хараагүй. Намайг ороход аав Т.С-, ээж Ц.Ч-, нөхөр Т.Б- нар байсан. Аав гэрийн баруун талд орон дээр сууж байсан. Мах идэж байсан ширээ нь гэрийн хойд талд байсан. Миний ойлгосноор Т.С- нь Т.Б-ийг хутгаар хатгаж гэмтээсэн байна лээ...” гэх (хх 1-22, 24),

-шүүгдэгч Т.С-ын: “...10 цагийн үед босоод авдарт байсан “Тайга” нэртэй 0.75 литрийн архи, 0.75 литрийн вискиг хүргэн Т.Б-ийг дуудаад гэртээ хувааж уусан. Юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Намайг цагдаа ирээд аваад явсан байсан. Би согтуу тасарсан байсан. Гаргасан үйлдлээ санахгүй байна. Нэг мэдэхэд охин С.А, эхнэр Ц.Ч- нар орилоод “чи юу хийчих вэ” гэхээр нь харсан чинь хүргэн Т.Б- гэрийн зүүн орон дээр суусан байдалтай байсан. Т.Б-ийн цээж хэсэгт би согтуудаа хутгалсан байсан. Бид 2 архи уугаад наадмын талаар ярилцаад сууж байсан. Гэрийн зүүн талд шалан дээр байсан савтай махан дээр байсан хутгыг би авсан. Би хийсэн хэргээ хүлээж, гэмшиж байна, миний буруу. Өөр болсон асуудлын талаар би огт санахгүй байна. Бид хоёр тухайн үед хэрүүл маргаан хийгээгүй...” гэх (хх 96-97) мэдүүлгүүд,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 928 дугаар “Т.Б-ийн биед зүүн хөхний доогуур цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс нэвт хатган зүрхний баруун тосгуурт хүрч төгссөн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл, цээжний хөндийд хурсан цус авч, шарх цэгцлэх мэс тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар үүссэн байна. Амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт (хх 48-50),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 4-5),

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хх 4-8) зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хүргэн Т.Б-ийг шалтгаангүйгээр цээж хэсэгт нь хутгаар 1 удаа хатгаж, биед нь зүүн хөхний доогуур цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс нэвт хатган зүрхний баруун тосгуурт хүрч төгссөн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.С-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуульд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шинж, онцлог, түүнийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон тусгасан.

Шүүгдэгч Т.С-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл тул түүнийг “зэвсэг” гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар нэг мөр тогтсон ойлголтод хүрсэн билээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Т.С- нь хохирогч Т.Б-ийг мах идэж байсан хутгаараа цээжин тус газарт нь 1 удаа хутгалсан талаар хохирогч, гэрч нар болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, эдгээр мэдүүлгийг давхар нотолсон шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогч Т.Б-ийн биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.С-ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ. Энэ шийдвэрт прокурор, оролцогч гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж заасан.

Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн Т.С-т холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан ердийн журмаар хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Т.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинж нь анагаах ухааны бус, харин хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд хийгдэх үнэлэмжээр тодорхойлогддог ойлголт бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, орон зай, ахуй орчин, гэм буруутай хүн болон хохирогч нарын хоорондын биеийн хүчний харьцаа, хүйсийн байдал, хохирогчийн өдөөн турхиралтын шинж чанар зэргийг тооцоолохоос гадна ийм нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсарт хүний сэтгэхүйн байдлын боломжит түвшинг харгалзан хэрэг тус бүрт тухайлан хийгдэх эрх зүйн үнэлэмжээр илэрхийлэгдэх ухагдахуун юм.

Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочирсон үед сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурч, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүйд хүрэх ба улмаар Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана.

Санаа сэтгэлийн хүчтэй цочрол, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болон үүсэх бөгөөд гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтой.

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаас дүгнэхэд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

-хохирогч Т.Б-ийн: “...Би болсон асуудлыг бүгдийг санаж байна. Хадам аав нэлээд согтсон байсан...” гэх (11-12, 14-15),

-гэрч Ц.Ч-гийн: “...Т.С- нэлээн согтсон, юу хийж байгаагаа санахгүй, ойлгохгүй байх шиг байсан...” гэх (хх 19, 27-28),

-шүүгдэгч Т.С-ын: “...Юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Би согтуу тасарсан байсан. Бид 2 архи уугаад наадмын талаар ярилцаад сууж байсан. Өөр болсон асуудлын талаар би огт санахгүй байна...” гэх (хх 96-97) мэдүүлгүүдээс үзвэл, шүүгдэгч Т.С- нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул  болсон үйл явдлын талаар санахгүй байсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч, гэрч нар анх мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн байх бөгөөд хохирогч Т.Б- нь өмгөөлөгч авсныхаа дараа шүүхийн шатанд “чиний эх чинь нас бараад шороонд булагдаа л биз дээ гэж хэлсэн” гэж байгаа нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдоогүй, түүнийг үнэлэх боломжгүй.

Иймд шүүгдэгч Т.С- нь согтуурсан, болж өнгөрсөн зүйлсийг санахгүй байх үедээ Т.Б-ийг хутгалсан нь санаа сэтгэлийн хүчтэй цочрол, давчдалд автсан гэж үзэхгүй.

Харин шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн ба ингэхдээ хувийн байдал болон хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй зэрэг нөхцөлүүдийг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.С-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.С- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 79 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/1334 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Т.С-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 79 (далан ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН