| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0109/З |
| Дугаар | 110/ШШ2026/0110 |
| Огноо | 2026-09-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 110/ШШ2026/0110
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Е,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яайн Сьезд,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байдолдагийн Жанерке нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “А.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Ед 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч А.Еы өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газраас татгалзсан хариу өгснөөр уг шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан.
3. Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “А.Ед хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэснээр 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я. Сьезд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Өлгий сумын иргэн А.Е би одоо 52 настай, улсад 20-иас доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хортой нөхцөлд буюу цэнэглэгч болон технологийн машины жолоочоор 10-иас доошгүй жил ажилласан байна.
Тухайлбал А.Е би “НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн газрын даргын 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаар тушаалаар шатахуун тээврийн жолоочийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус компанийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
Дараа нь А.Е би худалдаа үйлчилгээний “Тэс петролиум” ХХК-ны захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 2/2019/0070 дугаар тушаалаар автоцистерний жолоочоор томилогдон ажиллаж байгаад “ТИ ЭМ ОЙЛ ТРАНС” ХХК-ийн захирлын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн № 5/2026/038 дугаар тушаалаар үүрэгт ажпаас чөлөөлөгдсөн юм. Ингээд А.Е би нефть хангамжийн байгууллагад цэнэглэгч болон технологын автмашины жолоочоор 10-иас доошгүй жил ажилласан байна.
Иргэн А.Е би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан юм. Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэсэн байна.
Миний өндөр насны тэтгэвэр авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн А.Е надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, надад 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.
5. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрын хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч А.Е нь тус газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан. Уг өргөдлийн дагуу 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зөвлөлийн хуралд оруулж, холбогдох нотлох баримтыг танилцуулж, хурлаас хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзолыг хангахгүй гэж шийдвэрлэсэн.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.
Уг жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 196-д заасан 8332-16 кодтой “нефтийн цэнэглэгч автомашины жолооч” ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/ буюу нэхэмжлэгчийн “НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбар болон худалдаа үйлчилгээний “Тэс Петролиум” ХХК-д нефтийн цэнэглэгч автомашины жолоочоор ажилласан жил нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад хамаарахгүй болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн “А.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Ед 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгах” шаардлагатай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4.нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй” гэж заасан.
3. Нэхэмжлэгч А.Е нь 1973 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 53 настай бөгөөд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012 он/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул нэхэмжлэгч А.Еы ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жил 6 сараар /1991 оны 7 дугаар сараас 2000 оныг дуустал/ нөхөн тооцсоныг эрх бүхий этгээдээс баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /Хавтаст хэргийн 14, 29 дэх хуудасны ар тал/ тус тус тогтоогдсон болно.
4. Нэхэмжлэгч А.Е нь 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дах нефть хангамжийн салбарт шатахуун цэнэглэгч машины жолооч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл “Тэс Петролиум” ХХК, “Ти Эм Ойл Транс” ХХК-д цэнэглэх машины жолоочоор ажилласан, үүнээс 14 жил 1 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн болох нь “НИК” ХК-ийн Баян-Өлгий аймаг дах нефть хангамжийн газрын даргын 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр тушаал, НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дах нефть хангамжийн салбарын даргын 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар тушаал, “Тэс Петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/2019/0070, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/2023/0817дугаар тушаалууд, “Ти Эм Ойл Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7/2023/005, 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5/2026/0038 дугаар тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны даалгавар, 0013661,01299498 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүд, даатгуулагч А.Еы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанууд зэрэг нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 5-6,7-10,11-16,37,38-43,44-63,64-82,86-87,88-89 дэх тал/ тус тус тогтоогдож байна.
5.Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч А.Еы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг тооцоход, “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дах нефть хангамжийн салбар, ”Тэс Петролиум” ХХК, “Ти Эм Ойл Транс” ХХК-д шатахуун цэнэглэх машины жолоочоор ажиллаж, шимтгэл төлсөн хугацаа 14 жил 1 сар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нөхөн тооцсон хугацаа 9 жил 6 сар, нийт 23 жил 7 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.
6. Хариуцагч талаас нэхэмжлэгч А.Ед хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”–ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 196-д заасан 8332-16 кодтой “нефтийн цэнэглэгч автомашины жолооч” ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын цэнэглэгч автомашины жолооч ажил мэргэжил хамаарахгүй” гэж тайлбарласан.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох бусад болзлыг хангаж байгаа талаар маргаагүй, тодруулбал, 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 насанд хүрсэн талаар, мөн 10-аас доошгүй жил “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дах нефть хангамжийн газар, “Тэс Петролиум” ХХК, “Ти Эм Ойл Транс” ХХК-д цэнэглэх машины жолоочоор ажилласан талаар маргаагүй болно.
7. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:4.1.1 "газрын тосны бүтээгдэхүүн" гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг, 4.1.2."тоног төхөөрөмж" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах, чанарын шалгалт хийхэд ашиглах шахуурга, түгээгүүр, хэмжих, тохируулах, ачих, буулгах хэрэгсэл, хадгалах сав, дамжуулах хоолой, хаалт зэрэг механик болон автомат ажиллагаатай техник хэрэгслийг;4.1.3."агуулах" гэж газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, савлах, бөөний худалдаа эрхлэхэд зориулсан байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолборыг;4.1.4."түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг; 4.1.6.“бүх төрлийн шатахууны бөөний худалдаа” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан бүтээгдэхүүнийг энэ хуулийн 4.1.3-т заасан агуулахаас борлуулахыг;4.1.7.“бүх төрлийн шатахуун” гэж боловсруулах үйлдвэрт технологийн дагуу боловсруулагдсан эцсийн бүтээгдэхүүн буюу автобензин, дизель түлш, онгоцны түлш, шатдаг хий болон керосин, дайвар бүтээгдэхүүн;4.1.8.“бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан бүтээгдэхүүнийг түгээх станц, зориулалтын цэгээс борлуулахыг” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан шатахууны худалдаа эрхэлдэг хуулийн этгээдийн цэнэглэх машины жолоочийн хөдөлмөрийн нөхцөлийг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод “хэвийн бус” гэж тусгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 46-51,56-63 дах тал/ тус тус тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч А.Е нь 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дах нефть хангамжийн салбар, “Тэс Петролиум” ХХК, “Ти Эм Ойл Транс” ХХК-д цэнэглэх машины жолоочоор ажилласан байх ба энэхүү ажил нь тэтгэврийг “хөнгөлөлттэй” нөхцөлөөр тогтоох ажил ,мэргэжилд хамаарах эсэх нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон уг хуулийн дагуу гарсан эрх зүйн хэм хэмжээний актаар тус тус зохицуулагдана.
1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж тусгайлан эрх олгосны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ыг баталжээ.
Уг 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 14-т “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан.
Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг баталжээ.
Уг жагсаалтын ““2.Хөдөлмөрийн хортой нөхцөл” хэсгийн 2.19. Нефть боловсруулах үйлдвэрийн: 9.Жолооч, цистерний /Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил, мэргэжлийн жагсаалт/; 9.Цэнэглэх машины жолооч /Дүйцүүлэн хэрэглэх ажил, мэргэжлийн жагсаалт/” гэж тус тус заасан байна.
Өөрөөр хэлбэл, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн болон өмнө нь үйлчилж байсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын аль алинд нь зааснаар цэнэглэх машины жолоочийн ажил, мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарч байна.
Харин дээрх 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн хэсгийн 14, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын 2.19-өөс бусад хэсэгт нефть буюу шатахуунтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийн жагсаалтыг заагаагүй байна.
Үүнээс үзвэл уг тушаалуудаар Монгол улсад “нефть”-ийн төрлийн бүтээгдэхүүнтэй харьцдаг хамгийн түгээмэл, нийтэд илэрхий шатахууны худалдаа эрхэлдэг хуулийн этгээдийн шатахууны агуулах, шатахуун түгээх станцын бүх ажлын байрны ажил, мэргэжлийг “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж үзсэн, эсхүл тухайн тушаалуудаар зохицуулахгүй орхигдуулсан гэж ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй бөгөөд тухайн тушаалуудаар “нефть буюу шатахуун” гэх “хортой” нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг 14, 2.19-т зааснаар тус тус зохицуулсан гэж үзнэ.
9. Дээрх үйл баримтуудыг холбогдох хууль , захиргааны хэм хэмжээний актуудтай холбож үзэхэд Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд цэнэглэх машины жолоочийн жил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох “бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга, ойр харьцдаг, түүнийг хүлээн авах, хүлээлгэн өгөх ,тээвэрлэх, ачих, буулгах,шатахууны торхны бүрэн бүтэн байдлыг хангах, хянах зэргээр шатахууны ууршилттай орчинд ажилладаг” нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн “хортой” нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн цэнэглэх машины жолооч хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байр нь нефть, бензин зэрэг хортой шингэнтэй шууд харьцдаг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахыг харгалзан үзэхгүйгээр Монгол улсад байхгүй /төслийн шатанд байгаа/ “нефть боловсруулах үйлдвэр”-ийн ажилтнуудад хамааралтай гэж “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ын дээрх хэсгийг явцууруулан хэрэгжүүлж “хортой” нөхцөлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь дээрх хууль, тушаалын зорилгод нийцээгүй, хууль бус шийдвэр байна.
10. Иймд нэхэмжлэгч А.Е нь “10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан” гэх болзлыг хангасан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн “Зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн цэнэглэгч автомашины жолоочийн ажлын байр нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
11. Дээрх байдлаар нэхэмжлэгч А.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг зөрчсөн, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн “хөнгөлөлттэй” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
12. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сарыг дуустал олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагад өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан хугацаагаар бус харин Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А.Ед өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, А.Ед 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ