Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01816

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01816

 

 

 

Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/01530 дугаар шийдвэртэй, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Гүндалайд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37 172 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрхэмбаяр, С.Адьяахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрхэмбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь Х.Гүндалайтай 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр №ЗГ0303170076 дугаартай зээлийн гэрээ болон №ЗБ0303170076 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж,11 байр 65 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201025101 дугаартай, 44 59 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг Х.Гүндалайд удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Х.Гүндалайн зээлийн гэрээний үүрэгт, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 272 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6 900 000 төгрөг,үндсэн зээлийн төлбөрт 30 000 000 төгрөг, нийт 37 172 000 төгрөгийг гаргуулж, зээлдэгчийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Гүндалай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд нар шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Гүндалай нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-аас 30 000 000 төгрөгийг зээлдэн авсан. Засгийн газраас төслийн шугамаар зарцуулагдахад зориулагдсан зээл гэдгийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д хэлсэн. Зээлийн эргэн төлөлтийг төслийн хэрэгжилтээс олсон орлогоор төлнө гэдгээ илэрхийлж, зээлийг авсан. Х.Гүндалай нь 1 жилийн хугацаатай зээл авахыг хүссэн боловч нэхэмжлэгч байгууллага татгалзсан учир 6 сарын хугацаатай зээлийн өргөдөл гаргасан. Төслийн үйл ажиллагаа удааширсан тул хугацаа шаардлагатай гэж зээлдүүлэгч талд үргэлж мэдэгдэж байсан. Гэрээний 10.2 дах заалтад гэрээ дуусгавар болгох үндэслэлд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх мэт зүйлүүдийг тодорхой дурдсан байдаг. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлийн гэрээнд өмчийг ямар тохиолдолд шилжүүлэх тухай тодорхой заасан байх учиртай. Нэг талдаа хохиролтой байдлыг бүрдүүлсэн. Хугацааны тухайд зээлдэгч нь анхнаасаа 1 жилээр хүссэн байдаг. Гэрээ байгуулж зээл авсан, гэрээний хугацаа дууссан нь үнэн. Нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д учир байдлаа хэлсээр байхад шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг нь зөвшөөрөхгүй байгаа. Төслөөс мөнгө нь орж ирээгүй бөгөөд тухайн зээл төлөлт нь Х.Гүндалайгаас шалтгаалаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний Хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Гүндалайгаас 37 172 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгож, Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Гүндалай нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, Баянхошуу гудамж,11 байр 65 тоотод байрлах, 44.59 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201025101 дугаарт бүртгэлтэй хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414 010 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Гүндалайгаас улсын тэмдэгтийн хураамжид 414 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан гэрээний стандарт нөхцөлийн талаарх зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. гэж заасан. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна 202.2.10-т Санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон гэж заасан байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.4 дэх заалтад гэрээний санал гаргагч тал буюу зээлдүүлэгчийн шаардах эрхийг зээлдэгчид илтэд хохиролтойгоор тусгасан байсан бөгөөд үүнийг талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоогоогүй болно.

Иймд гэрээний дээрх хүчин төгөлдөр бус нөхцөлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь хариуцагч Х.Гүндалайд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 172 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь Х.Гүндалайтай 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр №ЗГ0303170076 дугаартай зээлийн гэрээ болон №ЗБ0303170076 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу гудамж,11 байр 65 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201025101 дугаартай, 44 59 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 7-12 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан. Зээлийн гэрээний 4.4-т Гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 4.9-т Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд ... хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна, 8.1-т Гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлөөгүй ... тохиолдолд төлөгдөөгүй зээл түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээнд заасан хөрөнгөөөр төлнө гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн болон гэрээний дээрх заалтуудыг зөрчөөгүй байна.

Шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд хариуцагч зээлийн төлбөрийн тооцоололд маргаагүй болно.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 6.2.4-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй юм.

Гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон боловч хариуцагч Х.Гүндалай нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үндсэн зээлийн үлдэгдэл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 6 900 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272 000 төгрөг нийт 37 172 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. /хх-ийн 5 дугаар тал/

Зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй, хүүгийн төлбөрт 1 780 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, харин зээлийн гэрээний зарим нөхцөл гэрээний стандарт нөхцөлийг хангасан эсэх, хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаантай байна. Хариуцагч зээлийн гэрээний 4.4, 10.2 дахь заалтуудыг талуудын зарчимд харш, зээлдэгчид илт хохиролтой, нэг бүрчлэн тохиролцож тогтоогоогүй гэх тайлбар, гомдол гаргажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4, 10.2-т зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглах, зориулалтаар ашиглаагүй тохиолдлын үр дагаврын талаар болон гэрээний үүрэгтэй холбоотойгоор гэрээг цуцлах нөхцлийг нэрлэн зааж тохиролцсон, гэрээний нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцжээ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болно.

Түүнчлэн зээлийн гэрээний дээрх нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 дахь хэсэгт зааснаар санал хүлээн авагч талд хохиролтой, хүчин төгөлдөр бус нөхцөл гэх хариуцагчийн тайлбар гомдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2018/01530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Б.НАРМАНДАХ