Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 305

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Б.У, М.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.овогт Б.У, Ч.овогт М.С нарт холбогдох 1805011530358 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,1985 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ж.овогт Б.У

 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй

 Ч.овогт М.С 

 

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 88 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр С гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.С нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 88 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн нөхөр Б.Уыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор Б.У мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 19-ний орой 00 цагийн үед халамцуу залгахаар нь чи хол байгаа юм байна наанаа хоно гэж хэлсэн. Тэгтэл шөнө хаалга нүдээд орж ирээд би яагаад гэртээ хонож болохгүй юм гээд чи намайг яагаад ирүүлдэггүй юм гээд нүүр цээж рүү цохиод байхаар нь би гарыг нь барьж хориглоод тайвшруулах гээд 2-3 удаа алгадсан. Тэгээд явна гэхээр нь хувцасыг нь тайлаад утсыг нь аваад машин түлхүүрийг нь аваад унтуулсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоор М.С мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 19-ний орой цэргийн госпиталийн ахмадыг хүлээн аваад 00 цагийн үед залгахад гэрт оруулахгүй гэсэн. Гэртээ ирээд хаалгаа тогшоод орох гэтэл шатны уруу түлхээд унагаах гээд байсан. Тэгээд намайг заамдаад хэд хэдэн удаа цохьсон. Тэгэхээр нь би чамд зодуулмааргүй байна гээд явах гэхэд явуулахгүй гээд шөнөжин хэл амаар доромжилсон. Би хүнд зүгээр зодуулахыг хүсээгүй тул маажсан. Өглөө нь би цагдаад өргөдлөө өгсөн” гэв.

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 3-6 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2759 дугаартай дүгнэлтэд: 1. С биед хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун цавинд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацрын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх 24 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 00-ны өдрийн 2803 дугаартай дүгнэлтэд: 1. Б.У нь  долоовор хуруунд шарх, баруун зүүн хацар, хамрын нуруу, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх 25 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 31, 32 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 35/ зэрэг болно.

Хоорондоо эвлэрсэн, гомдол саналгүй гэх баримт /хх 53-54/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 88 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр С гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.С нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 88 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн нөхөр Б.Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 53, 54/ байх тул тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч, хохирогч М.С, Б.У нар нь мөрдөн байцаалтад хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 53, 54 хуу/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

Шүүгдэгч, хохирогч М.С, Б.У нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч, хохирогч М.С, Б.У нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2759, 2803 дугаартай дүгнэлтүүд /хх 24, 25 хуу/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул М.С, Б.У нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.С, Б.У нарт 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.овогт Б.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Ч.овогт М.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.овогт Б.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Ч.овогт М.Сог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С, Б.У нар нь торгох ялыг 2019 оны 11 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч М.С, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.С, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ