| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2402003850247 |
| Дугаар | 2025/ДШМ/102 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/102
2025 01 21 2025/ДШМ/102
Ш.Э, Э.У нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор У.Анхжаргал,
шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа,
шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/797 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Г.Должинсүрэн, шүүгдэгч Ш.Э болон түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.У, Ш.Э нарт холбогдох эрүүгийн 2402003850247 дугаартай хэргийг 2025 оны 01 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.Э нь 2024 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Баас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бус бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бус бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Э.Ут өгсөн,
мөн Э.Утай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...-р байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай Ниссан Куба загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй 3 мл жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.У нь 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ...тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй 3 мл жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ш.Эаас олж авсан,
мөн Ш.Этай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70-р байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай Ниссан Куба загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй 3 мл жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Ш.Э, Э.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ш.Эыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Уыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 02 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Уыг 01 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасан.
Прокуророос Э.Уыг “ …Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг 70-р байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай Ниссан Куба загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан…” гэх үйлдэлд буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талууд тухайн асуудлаар буюу автомашинд хадгалсан эсэх асуудлаар л маргаж, мэтгэлцсэн байхад шүүх түүнийг “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 29 тоотод амьдарч байсан гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан …” хэмээн яллах, өмгөөлөх талын мэтгэлцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй асуудлаар буруутгасан байна.
Анхан шатны шүүх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээгүй, яллах дүгнэлтээр буруутгаагүй асуудал болох “...сэтгэцэд нөлөөлөх бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 29 тоотод амьдарч байсан гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан…” гэх үйлдэлд миний үйлчлүүлэгчийг буруутгасан нь “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчим болон мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтэд: “... Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Хууль бусаар олж авсан “ гэдэгт энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн хорих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ. … Түүнчлэн энэ төрлийн хэрэгт гэмт этгээдээс илрүүлсэн бодисын хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход нөлөөлөхгүй юм…” гэжээ
Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шатанд шинжлэн судалсан “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Лгийн 3082 дугаар шинжээчийн дүгнэлт, мөн уг шинжээч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгт "№1 гэж дугаарласан тосорхог зүйлээр бохирлогдсон хар өнгийн хуванцар сав, №3 гэж дугаарласан тариур 2 ширхэг тус бүрээс MDMB-4en-PINACA илэрч байна. №4 гэж дугаарласан бор өнгийн шил мэт зүйл, хуйлсан AS9569304 гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс Метафетамин /Methamphetamine/ илэрч байна..." гэсэн дүгнэлт, “...Эдгээр зүйл нь граммаар хэмжигдэхгүй, хоосон сав байсан…” гэх мэдүүлэг зэргээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын ІІ жагсаалтанд багтсан Метафетамин /Methamphetamine/, MDMB-4en-PINACA" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисууд байгаагүй харин уг бодис байсан сав, уг бодисыг хэрэглэхдээ ашиглаж байсан тариур, мөнгөн дэвсгэртүүд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 29 тоотод амьдарч байсан орон сууцанд байсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, бусдад өгсөн, олж авсан..." гэж тодорхойлсон байхад шүүх уг бодисыг хадгалагдаж байсан гэх хоосон сав, бодисыг хэрэглэхдээ ашигласан тариур, мөнгөн дэвсгэртийг "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан" үйлдэл хэмээн хуулийг буруугаар тайлбарласан нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" байх зарчмыг зөрчсөн байна.
Уг бодис хадгалж байсан сав, хэрэглэсэн тариур, мөнгөн дэвсгэртээс уг бодис илэрсэн болохоос уг бодис уг сав, тариурт 0.001 грамм ч байгаагүй юм.
Мөн "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаасан ойлголт юм.
Шүүхийн шатанд Ш.Э, Э.У нарын мэдүүлгээр Ш.Э нь уг бодисыг Баас 4,000,000 төгрөгөөр худалдан авч, хэрэглэх үедээ Э.Ут өгч гадаа цуг хэрэглэж байсан гэж мэдүүлсэн, Э.У нь уг бодисыг хэрэглэх үедээ Ш.Эаас авч цуг хэрэглэж байснаас уг бодисыг өөрөө захиран зарцуулах эрхтэй шилжүүлж авч байгаагүй болохоо мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл уг бодисыг Э.У олж авсан гэж үзэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан.
Э.Уыг шүүхээс “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах” үйлдэлд гэм буруутайд тооцохдоо Э.У, Ш.Э нарын “бид уг бодисыг хэрэглэсэн“ гэсэн мэдүүлэгт үндэслэн олж авсан гэж буруутгасан, өөрөөр хэлбэл Э.Уыг уг бодисыг олж авсан гэх ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад зөвхөн яллагдагч нарын мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцсон нь мөн дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/797 дугаартай шийтгэх тогтоолын Э.Ут холбогдох хэсгийг бүхэлд хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.”
Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие иргэн Баас MDMB-4-en-PINACA гэх нэршилтэй бодисыг худалдаж авсан нь үнэн. Харин “метамфетамин (Methamphetamine) гэх бодисыг иргэн Баас аваагүй, худалдаж аваагүй гэж урьдчилан хэлэлцүүлгийн үеэс хэлж ирсэн. №4 гэж дугаарласан бор өнгийн шил мэт зүйл, хуйлсан AS9569304 гэсэн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс Метафетамин /Methamphetamine/ илэрсэн. Үнэн хэрэгтээ би худалдаж аваагүй, эд мөрийн баримтаар хурааж авсан зүйлс минийх биш, өөрөөр хэлбэл манай гэрт найзууд орж гарж хонодог байсан. Тэд нар гэрт үлдээгээд хаялгүй явсан. Өөрийн аваагүй хэрэглээгүй зүйлийг авсан хэрэглэсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн намайг Ут өгсөн гэж үздэг. Ут өгсөн зүйл байхгүй. Надад байхад хамт хэрэглэж үзье гэж хэлээд хамт хэрэглэсэн. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Эрхэм шүүгч та бүхэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг ашиглаж гэм буруу ял шийтгэлийг маань хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ш.Эын өмгөөлөгч С.Дэлгэрмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ …Ш.Э холбогдсон хэрэгт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зарим нөхцөл байдлууд тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэсэн боловч ял оногдуулахдаа тухайн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бодитоор харгалзан үзээгүй байна.
Ш.Э хувьд MDMB-4-en-PINACA гэх нэршилтэй бодисыг интернэт орчноос мэдэж сониуч зандаа хөтлөгдөн хэрэглэж үзмээр санагдаад 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Н.Баас худалдаж аваад анх удаа хэрэглэж үзсэн нь өнөөдрийн үр дагаварт хүргэсэн. Үүндээ ч тэрээр чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа, үүнийгээ ч анхны байцаалтаасаа эхлээд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа илэрхийлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана.
Тэрээр уг бодисыг хэрэглэж үзээд буруу зүйл хийж байгаагаа ойлгож ухамсарлаад хэрэглэхээ больж түүнээс хойш огт хэрэглээгүй байгаа нь түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, мөн … Ш.Э 2024-5-16 гэж хаягласан шээсний дээжүүдээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй талаарх ШШЕГ-ын 3078 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогддог.
Мөн түүний холбогдон шийтгэгдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг болно. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл бүрэн тогтоогдсон.
Ш.Эыг Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгч саатуулсан даруйд тэрээр өөрт нь байсан сэтгэцэд нөлөөт бодис MDMB-4-en-PINACA гэх нэршилтэй бодисыг байгаа газрыг өөрийн сайн дураар зааж өгсөн. Энэ нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл”, түүний түрээслэн оршин суудаг байсан орон сууцанд “Нэгжлэг хийсэн тэмдэглэл”, /хх 12-14/, 20-65УБВ улсын дугаартай Ниссан Куба загварын тээврийн хэрэгсэлд “Нэгжлэг хийсэн тэмдэглэлд “ …миний түр унаж хэрэглэж байгаа … тээврийн хэрэгсэлд хууль бус мансууруулах бодис байгаа би өөрөө сайн дураараа зааж гаргаж өгнө ..”.” гэсэн /хх 18-20/ тэмдэглэлээр нотлогдоно. Ш.Эын хэлсний дагуу мөрдөгч түүний тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийж сэтгэцэд нөлөөт MDMB-4-en-PINACA гэх нэршилтэй бодисыг эд мөрийн баримтаар хурааж авсан байдаг. Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс хэргийн эд мөрийн баримтыг сайн дураар гаргаж өгөх нь төдийлөн түгээмэл биш бөгөөд Ш.Э нь өөрийн үйлдэлдээ гэмшсэн, хэргийн эд мөрийн баримтыг сайн дураар гаргаж өгч, хэргийн шалгалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбарчилсан гэж үзэхээр байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Анхан шатны шүүх Ш.Эыг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудсанд тусгасан боловч энэхүү дүгнэлт, шийдэл нь Ш.Эт хорих ял шийтгэл оногдуулах талаас нь харсан шинжтэй гэж үзэхээр байна.
Тухайлбал “... эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх … зорилготой…” гэж тогтоолд тусгажээ. Гэтэл энэ нь дангаараа Эрүүгийн хариуцлагын зорилго нь … цээрлүүлэх … гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Ш.Э өөрийн үйлдэлдээ чин санаанаас гэмшиж, удаа дараагийн байцаалтдаа ч, мөн шүүхийн хэлэлцүүлэгт ч гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн нь хэрэгт авагдсан мэдүүлэг баримтуудаар нотлогдоно. Түүнчлэн, Ш.Эт мансууруулах донтой, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй талаар Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчдийн 595 дугаартай дүгнэлтэд тодорхой тусгагдсан байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тоочин заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хариуцлага ногдуулах хуультай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан … эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “ …энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж хуульчилсан. Иймд Ш.Эт тухайн зүйл, хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэж байгаа юм. Гэтэл ийм төрлийн хэрэг учир ялыг биечлэн эдлүүлнэ гэж шийдэх нь хуульд болон хавтаст хэрэгт байж болох нотлох баримтад үндэслээгүй шийдвэр болно.
Иймд Ш.Э гэм буруугаа анхнаас нь хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/797 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.
Шүүгдэгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд тухайн бодисыг хэрэглэсэнтэй холбоотой маргаан байхгүй. Ш.Этай гадаа тухайн бодисыг хэрэглэсэн. Хэрэг үйлдэгдэх явцад Ш.Эын машинаас гарч ирсэн. Хаана хадгалагдаж байсан талаар мэдэхгүй. Ш.Эаас бодис авсан үйлдэл хийгээгүй. Өмгөөлөгчийн гаргасан гомдолтой санал нэг байна.” гэв.
Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ш.Э, Э.У нар 2017 оноос найз, нөхдийн холбоотой болсон. 2023 оны 12 дугаар сараас хамт байр түрээсэлж амьдарсан. Шүүгдэгч Ш.Э нь Баас MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй бодисыг 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ талаар Э.Уын мэдүүлгээр нотлогдсон. 2024 оны 04 дүгээр сарын үед худалдаж авсан. Шинжээчийн дүгнэлтээр “MDMB-4en-PINACA” болон “Butinaca” гэх бодисын дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгэж шүүгдэгч нарыг яллагдагчаар татсан. Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад “Butinaca” гэх бодис 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш “MDMB-4en-PINACA” гэх бодисоор шүүгдэгч нарыг ялласан. Шүүгдэгч Ш.Э, Э.У нарын амьдарч байсан байранд маш их хэмжээний тариур, болон бусад зүйлсийн талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг хавтаст хэрэгт байгаа. Хар өнгийн савд 0,1 мл грамм хүрэхгүй бодис байсан. Энэ талаар шинжээч дүгнэлт гарах боломжгүй гэж тайлбарласан. Шүүгдэгч Ш.Э нь Баас “MDMB-4en-PINACA” бодис авсан нь тогтоогдсон. Тухайн бодисыг гэртээ авч ирж 2-3 удаа хэрэглэж байсан талаар тогтвортой мэдүүлдэг. Анхнаасаа тус байранд хэрэглэж байсан гэдэг нь тогтоогдсон. Яллах дүгнэлтээр Ш.Эыг бусдаас олж авч Э.Ут өгсөн, “хадгалсан” гэх үндэслэлээр оруулсан. Энэ төрлийн гэмт хэрэг нь нийгэмд хор хөнөөл ихтэй гэмт хэрэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гомдолдоо дурдаж байна. “Сониуч зангаасаа болж” гэмт хэрэгт холбогдсон гэж байна. Тийм бол яагаад 1 сарын хугацаанд хэрэглээд байсан нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө ү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Э нь 2024 оны 04 дүгээр сард Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Баас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 29 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Э.Ут өгсөн,
мөн Э.Утай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай Ниссан Куба загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй 3 мл жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч Э.У нь 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 29 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй 3 мл жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Ш.Эаас олж авсан,
мөн Ш.Этай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70-р байрны гадна зогсоолд байрлуулсан ...улсын дугаартай Ниссан Куба загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “метамфетамин (Methamphetamine), MDMB-4en-PINACA” гэх нэршилтэй 3 мл жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Ш.Эын яллагдагчаар өгсөн “... миний сайн дураараа гаргаж өгсөн “дроб” гэх мансууруулах бодисыг би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Бтай телеграмаар чат бичиж 10 дугаар хороололд уулзаж 4,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би ажлаасаа хүнээс авлагатай байсан 4,000,000 төгрөгөө бэлнээр аваад 20 цагийн үед Бтай 10-р хорооллын байрны ойролцоо очиход Б ганцаараа гарч ирсэн ба гялгар уутанд боосон савтай “дробнуудаа” өгөөд мөнгө аваад явсан. Харин би тухайн дробыг аваад өөрийн түрээсэлж буй байр руу авчирсан. Би дробыг авсан өдрөөс хойш хэрэглэж байгаад үлдсэнийг нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цагдаа нарт баригдсан. Би тэр дробыг хадгалж байсан байрыг найз Утай хамт 2023 оны 11 дүгээр сараас хойш 1,500,000 төгргөөр түрээслэн амьдарч байна. У бид хоёр байрны түрээсийн мөнгийг хувааж төлдөг. ... У дробыг Баас авчирсан өдрөөс хойш мэдэж байсан ба тэр өдрөөс эхэлж У бид хоёр дробоо тугалган цаасанд дусааж байгаад доороос нь асаагуураар асаагаад утааг нь сорж хэрэглэдэг байсан. ... ”,
Э.Уын яллагдагчаар өгсөн “... би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр найз Этай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70 дугаар байрны 29 тоотод хамт байсан юм. ... тухайн бодисыг Э анх 2024 оны 04 дүгээр сарын эхээр нэг хүнээс аваад ирсэн байхаар нь Этай хамт тугалган цаасанд дусааж байгаад доороос нь асаагуураар асаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Өөр бас цахилгаан тамхины шингэн дээр дробоо хольж хэрэглэдэг байсан. Тухайн өдрөөс хойш Этай хамт хэрэглэж байгаад үлдсэнийг нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цагдаа нарт баригдсан. ” /1хх 113-114/ гэсэн мэдүүлгүүд,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэрийн 2 дугаар Туулын гол 70 дугаар байрны 29 тоот орон сууц, “Ниссан куба” загварын 20-65УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-22/,
Э.У, Ш.Э нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх23-26, 30-33/,
Э.У, Ш.Э нарын сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 27-29, 34-36/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 45/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 24-100 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 61-67/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Химийн шинжилгээний 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3084, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3082, Шүүх сэтгэц эмгэг судлалын 595, 666 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ш.Эыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн, хадгалсан, шүүгдэгч Э.Уыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ш.Э, Э.У нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эт 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ут 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Г.Должинсүрэн “... тухайн бодисыг олж авсан, хадгалсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул Э.Уын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Ш.Эын яллагдагчаар өгсөн “... би тухайн байрыг найз Утай хамт 2023 оны 11 дүгээр сараас хойш түрээслэн амьдарч байгаа бөгөөд сарын түрээсийн төлбөрийг бид хоёр хувааж төлдөг. Би Утай анх 2017 онд найзын гэрт танилцаж байсан ба тэрнээс хойш найзалж байгаа. ...У “дроб” гэх бодисыг анх Баас авчирсан өдрөөс хойш мэдэж байсан. Тэр өдрөөс эхэлж бид хоёр тухайн “дроб” гэх бодисыг тугалган цаасанд дусааж байгаад доороос нь асаагуураар асаагаад утааг нь сорж хэрэглэдэг байсан. ...” /1хх 109-110/, Э.Уын яллагдагчаар өгсөн “... тухайн бодисыг Э анх 2024 оны 04 дүгээр сарын эхээр нэг хүнээс аваад ирсэн байхаар нь Этай хамт тугалган цаасанд дусааж байгаад доороос нь асаагуураар асаагаад утааг нь сорж хэрэглэсэн. Өөр бас цахилгаан тамхины шингэн дээр дробоо хольж хэрэглэдэг байсан. Тухайн өдрөөс хойш Этай хамт хэрэглэж байгаад үлдсэнийг нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цагдаа нарт баригдсан. ...” /1хх 113-114/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч Э.У нь Ш.Этай 2023 оны 12 дугаар сараас хойш хамтран амьдарч байсан, мөн 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд тухайн байранд Ш.Эыг найзаасаа “дроб” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг авч ирсэн талаар мэдэж байсан, түүнчлэн сар гаруй хугацаанд цуг амьдарч, хамтдаа хадгалж, хэрэглэж байсан нь тогтоогдож байх бөгөөд өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гомдолд дурдсанаар “Э.У нь тухайн бодисыг Ш.Эаас олж аваагүй, мөн хадгалаагүй” гэх Э.Уын үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруу буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ш.Э болон түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Г.Должинсүрэн, шүүгдэгч Ш.Э болон түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Э, Э.У нар нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 74 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/797 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Уын өмгөөлөгч Г.Должинсүрэн, шүүгдэгч Ш.Э болон түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, Э.У нарын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 74 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ