Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2026/0111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Л.Т,

            Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Набиханы Тамырлан нарын хоорондын  барилгын ажлын зөвшөөрөл, барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Бахытбек нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Л.Т нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос татгалзсан болон уг барилгыг  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгох, үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг  тус тус даалгах” -аар маргасан.

            Нэхэмжлэгч анх “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгыг ашиглалтад оруулах комисс  ажиллуулахыг  даалгах” шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохыг даалгах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

2. Нэхэмжлэгч Л.Таас аймгийн Засаг даргад гаргасан Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс томилон ажиллуулах тухай өргөдөлд Засаг даргын Тамгын газрын  2026 оны 3 дугаар сарын 09-ний  өдрийн 6/534 дүгээр албан бичгээр “...лифт төлөвлөгдөөгүй нь барилгын норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй байгаа, ...зөрчлийг арилгаж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний дараа дахин хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэж  хариу өгсөн.

            3. Аймгийн Засаг даргын барилгыг  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан татгалзал үндэслэлгүй,  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

            4. Нэхэмжлэгч  Л.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Миний бие Л.Т нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмшил газарт үйлчилгээтэй орон сууцны барилгыг барихаар төлөвлөж, зураг төслийг “Премиум проект” ХХК-иар хийлгэхээр гэрээ байгуулсан.Тус компани нь үйлчилгээтэй орон сууцны зураг төслийг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд боловсруулж хянан батлуулахаар Барилгын хөгжлийн төвд хүргүүлсний дагуу тус төвөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1089/2022 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гаргаж нэгтгэн бүртгэлийн дугаар олгосон. Дээрх дүгнэлтээр гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулан холбогдох байгууллагуудтай зөвшилцөн магадлал хийлгэх шаардлагатай гэсний дагуу “Элекбий” ХХК-тай гэрээ байгуулж, үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг хийлгэхээр болсон. Тус компани орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд боловсруулж Барилгын хөгжлийн төвтэй 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ байгуулж, хянан батлуулахаар явуулсны дагуу тус төвөөс 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2141/2025 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гаргаж нэгтгэн бүртгэлийн дугаар олгосон.

Би 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргаас БЭЗ-83-16/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр нь байгуулах ажлыг “Эл эм ланд” ХХК-иар хийлгэсэн.Тус компани тухайн өдөр 2022/06.28 дугаартай барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан акт үйлдэж хүлээлгэж өгсөн.Үүний дараа барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй “Эй Ар Эн Эй”, “Нурбах” ХХК-иудтай гэрээ байгуулж барилгын ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Барилгын ажлыг хийж гүйцэтгэж дууссаны дараа 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газардуулгын байгууламжийн эсэргүүцлийг шалгах ажлыг Цахилгаан шугам сүлжээний газраар хийлгүүлж акт гаргуулсан. Дараа нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр барилга байгууламж, шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар шалгуулсан.Тус газраас 2025/28г дугаартай акт үйлдэж барилга байгууламж, шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж мэдээллийн санд хүлээн авсан. Тус үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийг хийж, магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан “Премиум проект” ХХК нь комисс ажиллуулахад татгалзах зүйлгүй талаар зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргасан.

Барилгын ажил бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн болох үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өмнө нь барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгож, барилгын ажлыг гүйцэтгүүлсэн мөртлөө ашиглалтад орох болоход 6 давхар барилга нь лифтгүй төлөвлөгдсөн нь заавал мөрдөх барилгын норм ба дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр бидний ажилд саад учруулсан. Энэ хооронд тухайн орон сууцнаас байр захиалсан иргэд байранд орох хугацаа болсон гэх үндэслэлээр комисс ажиллуулахаас өмнө байранд орсон.Энэ асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч Б.Шындаулет шалгаж 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0074999 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Би дээрх шийтгэлийн мөнгийг тухайн өдөр Төрийн сангийн холбогдох дансанд төлсөн.

Үүний дараа миний зүгээс комисс ажиллуулж өгөх талаар аймгийн Засаг даргад хандсан боловч 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6/534 дугаартай албан бичгээр барилгын зураг төсөл болон холбогдох баримт бичгийг хууль тогтоомж, барилгын норм дүрмийн шаардлагад нийцүүлэн зөрчлийг арилгаж, шаардлагатай бичиг баримт бүрдүүлсний дараа дахин хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн.

Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зүгээс 6 давхар барилга учир лифт төлөвлөгдөөгүй нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэх үндэслэлээр комисс ажиллуулахаас татгалзаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх барилгын зураг төслийг “Премиум проект” ХХК зохиохдоо тухайн барилгыг лифтгүйгээр төлөвлөсөн байсан. Тус зураг төсвийг Барилгын хөгжлийн төв хянаж магадлалын дүгнэлт гаргахдаа дээрх зураг төслөөр баталсан. Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дээрх зураг төсөл, магадлалын дүгнэлтийг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 06- ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Миний бие дээр дурдсан зураг төсөл, магадлалын дүгнэлт, барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд орон сууцны барилгыг бариулж ашиглалтад оруулахад бэлэн болгосон. Орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ зураг төсөлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Эхнээсээ орон сууцны барилгын зураг төслийг лифтгүй төлөвлөсөн, тухайн зураг төсөвт магадлалын дүгнэлт гаргасан, эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл олгосон, үүний дагуу бүх ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулахад бэлэн болгосон байхад лифтгүй төлөвлөгдсөн нь хууль, дүрэм, журам зөрчсөн гэж комисс ажиллуулахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын зүгээс хууль бус үндэслэл зааж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажилдуулахгүй байгаа нь миний болон захиалагч оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

Иймд миний нэхэмжлэлийг зохих хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж иргэн Л.Т миний барьж ашиглалтад оруулсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

Мөн гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийн магадлалын дүгнэлт гарсны дараа тухайн барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг эхлэх зөвшөөрөл авахаар аймгийн Засаг даргад хандсан. Миний хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хянаад тус газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны 1/40 дугаартай албан бичгээр “орон сууцын барилга нь лифтгүй төлөвлөгдсөн нь заавал мөрдөх барилгын норм ба дүрмийг зөрчсөн учраас уг асуудлыг шийдвэрлэх хүртэл барилгын ажлын зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэгэнт тухайн орон сууцны бүх ажил хийгдэж, ихэнх захиалагчид тухайн байранд орсон учир барилгын ажил эхлэх зөвшөөрөл нөхөж авах шаардлагагүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй байсан юм. Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж авахгүйгээр тухайн барилгыг ашиглалтад оруулах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг “Иргэн Л.Т миний барьж ашиглалтад оруулсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай үйлчилгээтэй орон сууцны барилгад гадна инженерийн шугам сүлжээний ажлын барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, зөвшөөрөл нөхөн олгохыг хариуцагчид даалгах тухай“ гэж нэмэгдүүлж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчээс захиалгаа өгч, зураг төсвийг гаргуулж Барилгын хөгжлийн төвд оруулсан байгаа. Барилгын хөгжлийн төв нь зураг төсвийг хянаад Барилгын тухай хууль, холбогдох дүрэм, нормативыг зөрчсөн гэвэл тухайн үедээ буцаах боломжтой байсан. Гэтэл Барилгын хөгжлийн төв үүнийг шууд баталгаажуулж өгсөн. Нэгэнт магадлалын дүгнэлт гарсан тул барилгаа барих боломжтой болсон гэсэн үг юм. Магадлалын дүгнэлт гарсны дараа 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөл авахаар хандсан байгаа. Тэгэхэд зөвшөөрч, барилгын ажлын зөвшөөрлийг олгосон. Барилгын хөгжлийн төв нь зөрчлийг илрүүлж чадаагүй байлаа гэхэд дараа нь барилгын зөвшөөрөл олгохоос өмнө нь хянаж үзээд зөвшөөрөл олгохгүй гэвэл нэхэмжлэгч барилгын зураг төсвөө дахин гаргуулж явах боломжтой байсан. Барилгын зөвшөөрлийг олгоод нэхэмжлэгч уг зөвшөөрлийн дагуу барилгаа бүрэн барьж дуусгасан.

Барилгын тухай хуульд зааснаар захиалагчийн хяналтыг Барилга, хот байгуулалтын газар хэрэгжүүлж байгаа. Нэгэнт барилга баригдаад явж байхад тэр хяналт хаана байсан юм бэ гэх асуудал яригдана. 2025 онд гадна инженерийн шугам, сүлжээний ажлаа хийе гээд магадлалын дүгнэлт гаргуулсан. Тэгэхэд таны барилга лифтгүй баригдсан байна,холбогдох хууль, дүрмийг зөрчсөн байна гээд өмнө нь өөрсдөө гаргаж өгсөн зөвшөөрлийг үгүйсгэсэн байдалтай хариу өгөөд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа.

Захиалагчийн хяналтын дүгнэлтийн хувьд аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “өмнө нь лифтгүй төлөвлөсөн” гэх зүйлийг дурдаж байсан бол энэ удаад “захиалагчийн нэгдсэн дүгнэлт гараагүй байна,тиймээс уг дүгнэлтийг бид гаргах боломжгүй”  гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг Барилгын тухай хуульд зааснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гаргах ёстой. Тухайн үед энэ асуудлаар амаар хандаж байсан,лифтгүй төлөвлөсөн тул үүнийг бид нар гаргах боломжгүй гэх байдлаар хариу өгч байсан. Нэгэнт захиалагчийн хяналтын дүгнэлт байхгүй гэсэн тул дахин Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан. Тэгээд тухайн газраас 3 удаа дүгнэлт гаргасан байдаг. Тэгээд сүүлд тус барилгад улсын комисс ажиллах боломжтой гэх дүгнэлт гарсан.

 Нэхэмжлэгч нь батлагдсан зураг төслийн дагуу олгосон зөвшөөрөл, магадлалын хүрээнд барьсан байгаа. Ямар нэгэн байдлаар зураг төсвийг өөрчилсөн зүйл байхгүй. Нэгэнт барилгаа барьчхаад гадна шугам, сүлжээний ажил дээр орж ирэнгүүт ингээд татгалзаад байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байгаа. Тухайн барилга дээр бүх хөрөнгө оруулалтаа нэхэмжлэгч өөрөө хийсэн байгаа. Мөн банкнаас их хэмжээний зээл авч, зээлийн хүү хугацаа хэтрэлтэд ороод байгаа. Захиалагчийн хувьд  ийм хуулийн заалтыг зөрчсөн гэх буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Захиалга өгсөн олон айлууд байна, энэ хүрээнд нийтийн эрх ашиг яригдаж байгаа. Мөн захиалга өгч, тэнд орсон айлуудаас лифтгүй төлөвлөсөн байна,бидний эрх ашиг зөрчигдөж байна гэх гомдол гараагүй байгаа. Тухайн хүмүүс анхнаасаа барилгыг лифтгүй төлөвлөсөн гэдгийг мэдсэн. Тиймээс өөр гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэв.

5. Хариуцагч аймгийн Засаг дарга хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн барьсан 6 давхар орон сууцны барилга нь лифтгүй төлөвлөгдсөн нь Монгол Улсад мөрдөгдөж буй Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-01-10/-ийн 4.9 дэх заалтыг шууд зөрчиж байна. Тус заалтаар 5-аас дээш давхар орон сууцны барилгад лифт төлөвлөх нь зайлшгүй бөгөөд энэ нь иргэдийн аюулгүй, тухтай орчинд амьдрах эрхийг хангах үндсэн норм юм.

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Барилгын зураг төсөл эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх” шаардлагатай бөгөөд уг зураг төслийг мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 39.5-д заасанчлан зураг төсөл зохиогч болон магадлал хийсэн эксперт нь норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэх үүрэгтэй . Хэдийгээр "Премиум проект" ХХК болон Барилгын хөгжлийн төв нь тухайн үед алдаатай (лифтгүй) зургийг баталж, дүгнэлт гаргасан ч энэ нь барилгыг хүлээн  авахдаа хууль бус нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй.

2022 оны 1089/2022 дугаартай Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд "Гадна инженерийн  шугам сүлжээний зурагт магадлал хийлгэх шаардлагатай" гэж заасан. Нэхэмжлэгч 2026 оны 01 дүгээр сард энэхүү зөвшөөрлийг авах хүсэлтийг цахим системээр гаргасан боловч барилга нь лифтгүй гэх үндсэн зөрчилтэй байсан тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас цахим системээс хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учраас буцааснаар гадна инженерийн шугам сүлжээний ажилд зөвшөөрөл олгогдоогүй болно. Мөн лифтгүй төлөвлөгдсөн зөрчлийн улмаас захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гараагүй байна. Энэ нь ашиглалтад оруулах улсын комисс томилоход Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан ашиглалтад оруулах хүсэлтийн хамт бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл бүрэн бус байгааг нотолно. 

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно" гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч барилгаа улсын комисст хүлээлгэж өгөөгүй байж оршин суугчдыг оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнд нь эрх бүхий байгууллагаас 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дурдсан тус орон сууцны барилгын ажлын зураг төслийн улсын магадлалын ерөнхий дүгнэлтэд гадна инженерийн шугам, сүлжээний ажилд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг тусгайлан авах шаардлагатай талаар тусгасан байна. Гэвч Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-д заасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу урьдчилан аваагүй нөхцөлд барилгын гадна инженерийн шугам, сүлжээний ажлыг эхлүүлсэн болох нь тогтоогдож байна. Тус дүрмийн 7.1-д барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй тохиолдолд тухайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглохоор, 7.2-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглосон байдаг.

Түүнчлэн тухайн барилга байгууламжийн зураг төсөлд 5-аас дээш давхар орон сууцны барилгад лифт төлөвлөх шаардлагыг хангаагүй, гадна инженерийн шугам, сүлжээний ажилд холбогдох зөвшөөрөл аваагүй зэрэг барилгын норм, нормативын болон хууль тогтоомжийн зөрчил илэрсэн бөгөөд эдгээр зөрчил нь барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардагдах баримт бичгийн бүрдэл, холбогдох дүгнэлтүүд бүрэн гарах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Иймд тухайн барилга байгууламжид илэрсэн зөрчлүүдийг бүрэн арилгаж, зураг төсөл, гүйцэтгэсэн ажил, инженерийн шугам сүлжээ болон холбогдох баримт бичгийг Монгол Улсын хууль тогтоомж, барилгын норм, нормативын шаардлагад нийцүүлсний дараа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон холбогдох журмыг үндэслэн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой.

Одоогийн байдлаар  барилгын норм, нормативын шаардлага хангаагүй,ашиглалтад оруулахад шаардагдах баримт бичгийн бүрдэл дутуу байгаа учраас  улсын комисс томилохоос татгалзсан нь Захиргааны ерөнхий хууль болон Барилгын тухай хуульд нийцсэн шийдвэр тул иргэн Л.Ты нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх” гэж заасан. Үүний дагуу Барилгын хөгжлийн төв болон зураг төсөв хийсэн байгууллагаас авсан хариу тайлбарын дагуу мэргэжлийн байгууллагууд ямар шийдвэр гаргахыг авч үзмээр байна. Дүрмийн 4.9-т заасны дагуу лифттэй байх нь зүйтэй гэх тайлбар яваад байгаа. Зүйтэй гэхээр заавал байх ёстой эсэх нь шүүхээр тогтоогдоно гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос татгалзсан болон уг барилгыг  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах,  гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохыг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 

2. Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнаас боловсруулж, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсанаар  уг үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийн ажлыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний дагуу “Премиум проект” ХХК гүйцэтгэсэн.

Энэхүү “Премиум проект” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг төсөлд “зоорьтой, 6 давхар,12 айлын орон сууцны зориулалтай” барилга гэж  цахилгаан шатгүйгээр /лифт/ төлөвлөж боловсруулсан, уг барилгын ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөс хянаад 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1089/2022 дугаартай   магадлалын дүгнэлт гаргасан байна.

Үүний дараа  аймгийн Засаг даргаас  уг барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БЭЗ 83-16/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байх ба уг гэрчилгээнд “орон сууцны зориулалттай, 18х12 м.кв  хэмжээтэй, 6 давхар, дунд төвөгшилтэй барилга” гэж тусгагдсан, улмаар  Л.Т нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Эй Ар Эн Эй“ ХХК-тай  барилга угсралтын  ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 02  дугаар сарын 05-ны өдөр “Нурбах” ХХК-тай барилгын гадна шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ тус тус  байгуулсан.

Улмаар  тухайн үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж дуусгаснаар аймгийн Газрын харилцаа, барилга,  хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.Ты 6 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламж, шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж, мэдээллийн санд хүлээн авсан, үүнээс өмнө  тус газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0074999 дугаартай  шийтгэлийн хуудсаар “дуусаагүй,байнгын ашиглалтад ороогүй барилгад үйл ажиллагаа эрхэлсэн” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.11 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулснаар Л.Т нь мөн өдөр 500 000 төгрөгийн торгуулийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 6-8,15-16,17-23,24,31,38,61-63,68-78,102-103 дах тал/  тус тус тогтоогдож байна.

Мөн дээрх  2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн  1089/2022 дугаартай “Иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг төсөл”-ийн магадлалын  дүгнэлтэд  “гадна инженерийн шугам сүлжээний ажлын  зураг төслийг  боловсруулан, холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөн магадлал хийлгэх шаардлагатай”  гэж тусгасны дагуу “Элекбий” ХХК нь тухайн орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулж, улмаар  ажлын зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Барилгын хөгжлийн төвтэй байгуулснаар “Иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын  зураг төсөл”-д  2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2141/2025 дугаартай магадлалын дүгнэлт   гарсан болох нь /1 дэх хавтаст хэргийн 9-11,12-14,119-123 дах тал/  тус тус тогтоогдсон.

3.Барилгын ажлын захиалагч болох нэхэмжлэгч Л.Таас барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах талаар  2026 оны  02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 6/534 дүгээр албан бичгээр, 2026 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн  1/431 дүгээр албан бичгээр болон аймгийн Засаг даргын 2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1872 дугаартай албан бичгээр тус тус татгалзсан

хариу өгсөн, мөн барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл авахаар гаргасан хүсэлтэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  1/40 дүгээр албан бичгээр  татгалзсан хариу өгсөн болох нь /1 дэх хавтаст хэргийн 40,57,229, 2  дах хавтаст хэргийн 3-4,8-27,39-40 дэх тал/ тус тус тогтоогдож байна.

Хариуцагчаас  иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос татгалзсан болон уг барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан  үндэслэлээ “Нэхэмжлэгчийн барьсан 6 давхар орон сууцны барилга нь лифтгүй төлөвлөгдсөн нь Монгол Улсад мөрдөгдөж буй Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД /31-01-10/-ийн 4.9 дэх заалтыг шууд зөрчиж байна. Тус заалтаар 5-аас дээш давхар орон сууцны барилгад лифт төлөвлөх нь зайлшгүй бөгөөд энэ нь иргэдийн аюулгүй, тухтай орчинд амьдрах эрхийг хангах үндсэн норм юм” гэж тодорхойлсон.

4. Барилгын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг; 4.1.15."барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг;4.1.16."барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:12.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”,  25 дугаар зүйлийн 25.1-д “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ”, 25.2.Магадлалыг дараахь зураг төсөлд хийнэ:25.2.1.газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт”, 25.4-т “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 26 дугаар зүйлийн  26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:26.1.1.барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:27.3.1.хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй;27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ”, 39.4-т “Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ”, 39.5-д “Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт;48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна”, 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана:48.7.1.энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй;48.7.2.захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан;48.7.3.энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэж  тус тус заасан .

Мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар  тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт"/БНбД 31-01-10/-ын 4.9 -д “Нэгдүгээр давхрын шалны тэмдэгтийн түвшингээс дээд давхрын шалны түвшин нь 11.2 м өндөр байх орон сууцны барилгад заавал мөрдөх 3 дугаар хавсралтад заасан цахилгаан шат тавих нь зүйтэй. Давхрын тоо нь янз бүр орон сууцны барилгад тоноглогдвол зохих зорчигчдын цахилгаан шатны тооны доод хэмжээг 3 дугаар хавсралтад заасан ёсоор тооцож төлөвлөнө.Ашиглагдаж байгаа таван давхар орон сууцны барилга дээр нэг давхар нэмж барих тохиолдолд цахилгаан шат төлөвлөхгүй байхыг зөвшөөрнө. Цахилгаан шат бүхий барилгад давхар нэмэх тохиолдолд нэмсэн давхарт нь цахилгаан шатны зогсоол хийхгүй байж болно” гэж,

Засгийн газрын 2021 оны 213 дугаар  тогтоолын хавсралтаар баталсан  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2-т “Захиалагч нь барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг хавсаргасан байна”, 5.1-д “Зөвшөөрөл олгох байгууллага дараахь үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана: 5.1.1. баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн;  5.1.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй”, 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж,

Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” -ийн 2.1-т “Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна”, 2.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, хавсаргасан байна”, 4.1-т “Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна”  гэж  тус тус заажээ.

5. Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай,  үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын захиалагч болох нэхэмжлэгч Л.Т нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтдээ Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.5-д заасан баримт бичгийг  бүрдүүлж өгсөн, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” -ийн 2.1-т зааснаар үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан буюу 2026 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын  нэгдсэн дүгнэлт, 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ЗХНД-26/10_02 дугаартай захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг  дахин гаргуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 33-36,40,111,210-211,230-231,232-235 дах тал/ тус тус тогтоогдсон ба  хариуцагч талаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах хуульд заасан  баримт бичгийн бүрдэл хангагдсан талаар маргаагүй болно.

Уг 2026 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын  нэгдсэн дүгнэлт болон 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ЗХНД-26/10-012 дугаартай захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд “иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын байнгын ашиглалтад оруулах комисс ажиллах боломжтой” гэж дүгнэсэн байна.

 

6. Дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай,  иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны 6 давхар барилгын зураг төслийг  барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий зураг төсөл зохиогч “Премиум проект” ХХК нь цахилгаан шатгүйгээр төлөвлөж боловсруулсан, цахилгаан шатгүйгээр төлөвлөж боловсруулсан үйлчилгээтэй орон сууцны 6 давхар барилгын ажлын зураг төсөл,технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл нь хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж,  эрх бүхий этгээдийн магадлалын дүгнэлт гарсан,  улмаар  үйлчилгээтэй орон сууцны 6 давхар барилгын ажлыг магадлал хийгдсэн зураг төслийн дагуу гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас  барилгын ажлын зөвшөөрөл олгосон үйл баримт  тус тус тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн  тухайн үйлчилгээтэй орон сууцны 6 давхар  барилгын  магадлал хийгдсэн  ажлын зургийг баталсан,  барилгын ажлын зөвшөөрлийг боловсруулсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Н.Таас  шүүх хуралдаанд “Тэр үед би цахимаар “legalinfo.mn” сайтад орж, 6 давхар барилга лифттэй байх ёстой юу гэдгийг нь шалгасан байгаа. Тэгэхэд 5-10 давхар хүртэл барилгад цахилгаан шат төлөвлөх нь зүйтэй гэх заалттай байсан. Хуульд зүйтэй гэх заалттай байсан тул  6 давхар барилга нь лифтгүй байж болно гэж үзсэн. Тэгээд магадлалаар баталгаажиж ороод ирсэн зураг дээр өөр юм яриагүй” гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

7. Иймд захиалагч Л.Т нь  Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах баримт бичгийг  бүрдүүлж өгсөн, Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авснаар зохиогчийн хяналтын  нэгдсэн дүгнэлт, захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гарсан  болох нь тогтоогдож байгаа бөгөөд  зураг төсөл зохиогчийн  боловсруулсан,  магадлалын дүгнэлтээр батлагдсан  барилгын ажлын зураг төслийн дагуу эрх бүхий этгээдээс олгосон  барилгын ажлын зөвшөөрлийг үндэслэн  барьж гүйцэтгэсэн  үйлчилгээтэй орон сууцны 6 давхар барилгыг  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас “барилга лифтгүй төлөвлөгдсөн нь заавал мөрдөх барилгын норм дүрмийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр татгалзсан хариуцагчийн татгалзал нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5,48.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”,  4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах  тусгай зарчмуудтай  тус тус нийцээгүй байна гэж үзлээ.

Мөн иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын  зураг төсөлд  магадлал хийлгэснээр  магадлалын дүгнэлт   гарсан болох нь тогтоогдсон ба хариуцагч талаас  барилгын ажлын зөвшөөрөл авахад бүрдүүлэх  баримт бичгийн бүрдэл хангагдсан талаар маргаагүй, олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон  зүйл байхгүй тул “барилга лифтгүй төлөвлөгдсөн нь заавал мөрдөх барилгын норм дүрмийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр барилгын  гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос татгалзсан  нь Барилгын тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.4, 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай  тус тус нийцээгүй байна.

Иймд дээрх  байдлаар Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Л.Ты  үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос болон уг барилгыг  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хуульд нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 48 дугаар зүйлийн 48.5,48.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5,4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Л.Ты үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос татгалзсан болон уг барилгыг  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллуулах,  гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохыг тус тус Баян-Өлгий аймгийн Засаг даргад  даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 


ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ