Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2025/01049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О овогт Ө.Г ,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Г  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие 1964 оны .............. оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад жолоочоор ажиллаж байгаад 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хувьчлалаар халагдсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн 1992-1996 оны цалингийн баримт архиваас гарч ирээгүй учраас учраас шүүхэд хандаж байна. Иймд Увс аймгийн Ачаа тээвэр ХК-д 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1996 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.Г, Т.С нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Г ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ө.Г  нь Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр баазад ажиллаж байгаад хувьчлагдаж Ачаа тээвэр ХК болоход үргэлжлүүлэн ажилласан юм. Гэтэл Ачаа тээвэр ХК-нд ажиллаж байсан хэсэг цалингийн баримт байхгүй тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Бусад хэсгийн нотлох баримтууд бүрэн байгаа. Иймд Ө.Г ийн Увс аймгийн Ачаа тээвэр ХК-нд 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү... гэжээ.

3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч Э.Лх 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ө.Г т өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Аво тээврийн 9-р баазын даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай Шилжиж ирсэн ажилтан ажилчдыг ажиллуулах тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Ачаа тээвэр ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай Бэлэг өгөх тухай тушаал, уг тушаалын хавсралт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан Ө.Г Тээврийг удирдах газарт 1987 оны 1, 4, 7-9, 12, 1988 оны 1, 4-5, 7-8, 10, 12, 1989 оны 2-7, 9, 11-12, 1990 оны 2-6, 10, 12, 1991 оны 1-4, 9, 11-12, 1992 оны 1-2, 5, 7, 10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай Ажилчин ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 174 дугаартай Ажилчид чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаал, Увс аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаартай Ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан тодорхойлолт, Т.С иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Г иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 770 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Т.С, Б.Г нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Г ийн Увс аймгийн Ачаа тээвэр ХК-нд 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ө.Г ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө.Г  нь Ачаа тээвэр ХК-ийн цалингийн баримт архивт байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Аво тээврийн 9-р баазын даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай Шилжиж ирсэн ажилтан ажилчдыг ажиллуулах тухай тушаалаар хавсралтад заасан нэр бүхий хүмүүсийг 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ачаа тээврийн хувьцаат компанид ажиллуулахаар томилсон бөгөөд уг тушаалын хавсралтын 31-рт Ө.Г ийн нэр бичигдсэн байна.

Увс аймгийн Ачаа тээвэр ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай Бэлэг өгөх тухай тушаалын хавсралтын 105-рт Ө.Г  гэжээ.

3.1. Шүүхээс гэрч Т.С, Б.Г нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.С Миний бие 1980-1994 онуудад Увс аймгийн Авто тээврийн 38 дугаар бааз, 9 дүгээр бааз, Ачаа тээвэр ХК-д тус тус жолоочоор ажиллаж байсан. Ө.Г  нь цэргээс халагдаж ирээд 1987 онд 9 дүгээр баазад 70-80 УВ гэсэн дугаартай машин авч жолооч болж байсан юмаа. Улмаар 1994 онд бааз хувьчлагдаж бид машинаа хүлээлгэж өгч ажлаас гарч байсан. Ө.Г  нь ажилдаа сайн, машин техник талдаа сайн хүн байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Ачаа тээвэр ХК-нд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Б.Готовсүрэн Миний бие 1977-1997 онуудад Увс аймгийн Авто тээврийн 9 дүгээр бааз, Ачаа тээвэр ХК-д тус тус жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Ө.Г  1980-аад баазад жолоочоор анх ажилд орсон. Улмаар 1990-д онд байгууллагын нэршил өөрчлөгдөж Ачаа тээвэр ХК болж өөрчлөгдөхөд Ө.Г  жолоочоор ажиллаж байгаад намайг гарахаас өмнө ажлаас гарсан байх. Би он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед Авто тээврийн 9 дүгээр баазын даргаар н.С гэх хүн байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Ачаа тээвэр ХК-нд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Ө.Г  нь Увс аймгийн Ачаа тээвэр ХК-нд 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Аво тээврийн 9-р баазын даргын 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай Шилжиж ирсэн ажилтан ажилчдыг ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Ачаа тээвэр ХК-ийн ерөнхий захирлын 1994 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай Бэлэг өгөх тухай тушаал, гэрч Т.С, Б.Г нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ө.Г ийн Увс аймгийн Ачаа тээвэр ХК-нд 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан Ө. Г Тээврийг удирдах газарт 1987 оны 1, 4, 7-9, 12, 1988 оны 1, 4-5, 7-8, 10, 12, 1989 оны 2-7, 9, 11-12, 1990 оны 2-6, 10, 12, 1991 оны 1-4, 9, 11-12, 1992 оны 1-2, 5, 7, 10 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1987 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дугаартай Ажилчин ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 174 дугаартай Ажилчид чөлөөлөх тухай тушаал, Увс аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 114 дугаартай Зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаал, Увс аймгийн Авто тээврийн 9-р баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаартай Ажилд шилжүүлэн томилох тухай тушаалуд нь хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Ө.Г  Увс аймгийн Ачаа тээвэр ХК-нд 1992 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОР