Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/212

 

  2025            02             06                                          2025/ДШМ/212

 

А.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар  даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.А-т холбогдох 2403 00387 0849 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.А, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 00 настай эрэгтэй, дээд боловсролтой, 00 мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо 00-00тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг: Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 112-р зүйлийн 3-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 37-р зүйлийн 1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд багтаан, нийт 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар 08 cap, 27 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаа дууссан хувийн байдалтай.

Шүүгдэгч А.А нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны орой 23 цаг 18 минутын орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваа Жимс ногооны бөөний төвийн зүүн замд “00-00” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А-ыг шүүхээс тогтоосон 8.028.405 төгрөгийг 6 сарын хугацаанд багтаан хохирогч Б.Т-т төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон энэ хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.А-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь хохирогч Б.Т-ын эмчилгээний зардалд 4.600.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд 10.958.489 төгрөг, тус тус нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч А.-Ааас 8.028.405 төгрөг гаргуулж, хохирогч Б.Т-т олгож, хохирогч Б.Т нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, 2024 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны дутуу авсан цалин хөлс, мөн сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Ааас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.А намайг өвчтэй байхад холбогдож байгаагүй. Шүүх хурлын өмнөх өдөр ирээд машин дотор нэлээн уйлсан. Мөн тухайн өдрийн  орой нь бид хоёр уулзахад “хохирол гомдолгүй гэж хэлээд өг” гэж хэлсэн. Мөн аав болон найз нөхдөөр яриулсан. Миний хувьд дахин нурууны бэртэл, гэмтэл илэрсэн бөгөөд байнгын өвчин намдаах хамгийн хүчтэй эмийг уудаг бөгөөд тухайн эмээс илүү нөлөөлдөг эм хэрэглэх шаардлагатай болвол сэтгэцэд нөлөөлдөг эмүүдийг хэрэглэдэг болно. Мөн өвчин намдаах эмийг бага дозоор ээлжлээд зохицуулж уудаг. Мэдрэлийн гаралтай өвдөлтүүд илэрсэн бөгөөд гомдолтой байна. Цаашдаа нуруундаа MRI хийлгэвэл хагалгааны заалт орно гэсэн бичигүүд байгаа. Мөн зөвхөн жороор олгодог ийм гэж “тухайн эмүүдийг гаргаж ирж үзүүлэв”. Мөн би хувьдаа компанитай хувиараа хөдөлмөр эрхэлдэг цалингийн зөрөө мөнгийг миний таван жилийн дунджаар тооцсон. Таван жилийн дунджаар тооцоход асар бага бөгөөд гэм хорыг арилгахад 8,000,000 төгрөг хүрэхгүй бөгөөд тухайн хохирол 8,000,000 төгрөгийг надад өгөөгүй. Би дөрвөн зээлийн аппликэйшнд өртэй бөгөөд хүүтэй мөнгө зээлсэн. Хүнтэй ярих чадвар болон олон нийттэй харьцах чадварууд надаас байхгүй болсон. Сэтгэцээс учирсан хохирлыг би 45.99 хувиар тогтоолгох саналтай байна. Мөн цалингийн зөрүү мөнгийг ажиллаж байсан компанийнхаа тодорхойлолтоор тогтоолгомоор байна. Мөн би улсын эмнэлэгт хагалгаанд ороход хүндрэлтэй байгаа хоёр өдөр коридорт очерлож хэвтэж байгаад хагалгааны орон дээр хэвтээд, паладны орон дээр хэвтээд л хагалгааны орон руу шилжээд хоёр өдрийн дараа гараад дахин сэргээх хагалгаанууд хийгддэг тул хувийн эмнэлэгт хагалгаанд ороход надад мөнгө, төгрөг байхгүй. Мөн би компаниар олж байсан орлогуудын талаар огт тусгагдаж өгөөгүй. Би хоол хүнсний зардлыг яллагдагчаас огт нэхэж шаардаагүй. Гэр бүлийн байдал хүнд байгаа бөгөөд миний эхнэр “өвчтэй, зовлонтой хүнтэй хамт амьдрахад хэцүү, харж чадахгүй байна” гэсэн. Тухайн ослоос болж миний хувийн байдал байна. Надад ирээдүйн зорилго, мөрөөдөл гэж  байхгүй болсон. Би зохион бүтээх цолтой, урсгал шугам өөрөө үйлдвэрлээд зах зээл дээр 10 ширхгийг, дан зуурагчаас олныг борлуулж байсан яг хэдийг борлуулснаа мэдэхгүй байна. Би зарим жилдээ 7 үйлдвэрийн дунд засвар хийдэг бөгөөд механик инженер мэргэжилтэй. Би үйлдвэрийн автоматжуулалтыг хийдэг ийм залуу байсан. Гэтэл одоо мэргэжлээрээ ингээд ажиллах болон цахилгаан гагнуурын зургаадугаар зэрэгтэй бөгөөд ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулна гэж байгаа боловч хүнд хөдөлмөрийн чадварыг сэргээж авахад надад асар хүндрэлтэй маш их цаг хугацаа орно.  Одоогийн байгаа нөхцөл байдал тэгээд одоогийн байгаа нөхцөл байдал нь санхүү мөнгөний асар их дарамттай байна. Сэтгэцэд учирсан гэм хорыг дээд хэмжээгээр тогтоолгож, ажил хийж байсан үе буюу тухайн албан байгууллагатай гэрээ хийсэн цалингийн зөрөө мөнгийг тогтоож өгнө үү. Мөн шүүгдэгч А.А анхан шатны шүүх хурлын дараа надтай холбогдоогүй. Миний бие 2024 оны 06 дугаар сарын 08-нд авто осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн 2024 оны 06 дугаар сарын 09-нд яаралтай хагалгаанд орж зүүн шилбэндээ ил “Биксадар” тавиулсан. Эмнэлгээс гараад амбулаторын хяналтад байхад баруун хөл өвдөж 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Мэлтэс мед” эмнэлэгт MRI хийлгэж дурангийн хагалгаанд орсон. 2024 оны 08 дугаар сарын 28-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд зүүн шилбэнд тавиулсан ил “Биксадар”-аа авхуулж түгжээт хадаас хийлгэх хагалгаанд орсон. Нийт 3 удаа амь насанд эрсдэл үүсэж хагалгаа хийлгэсэн. Намайг өвчтэй байхад 5,469,970 төгрөгийн зээл хэвийн төлөгдсөн. Мөн надаас эмчилгээний зардал гарч байсан. Шүүхээс шүүгдэгч А.А-аас 8,028,405 төгрөг гаргуулсан. 6,281,184 төгрөгийн цалингийн зөрүү мөнгө нь миний нийгмийн даатгал төлсөн 5 жил буюу 60 сарын дундаж болох 1,173,432 төгрөгнөөс тооцсон. Энэ тооцооллын дунд миний 5 жилийн хөдөлмөр, хувийн компанийн татварын хоцролт, 60 сарын 51 сард 9 нийгмийн даатгал төлөгдөөгүй байдал тооцогдоогүй. Мөн А ах зөвхөн эмчилгээний зардалд 1,747,221 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Энэ дунд би дандаа өр зээл хийж эмчилгээний зардлаа өөрийн хураасан мөнгө, банк бус санхүүгийн байгууллагаас 3,9%-ийн хүүтэй мөнгө зээлж санхүүгийн дарамтад орсон. Шүүхийн шийдвэрт сэтгэцэд учирсан гэм хор, ирээдүйд авах цалин хөлсийг 1,173,432 төгрөгөөр тооцсон нь миний эрүүл мэндийг сайжруулах мөнгөн дүнгийн үнэ цэнийг унагаасан. Миний бие зохион бүтээгч цолтой, цахилгаан ба хийн гагнуурын хамгийн өндөр зэрэг болох 6 дугаар зэрэгтэй. Даралтад сав, шугам хоолойтой харьцаа зөвшөөрөлтэй “Мультипликатор машин” ХХК-ний үүсгэн байгуулагч, татварын тайлан гаргаж өгдөг билээ.  “Мультипликатор машин” нь 2024 оны 6 дугаар сар, 9 дүгээр сарын цалингийн тайлан 3 удаа буцаасан байгаа. Миний бие сэтгэл санаанд учирсан гэм хорыг шалгуулахаар хүсэлт гаргасан. Мөрдөгч шалгах явцад мөрдөгчийн буруутай үйлдлийн улмаас шалгуулаагүй, над руу залгаагүй /над руу залгасан дугаарын жагсаалтыг хавсаргав/. Цаашид би хагалгаанд орж зүүн өвдөг MRI хийлгэх боломжтой болж хагалгаанд орно. Дээрх хагалгаанууд амь насанд эрсдэл үүсгэнэ. Улсын эмнэлэгт хагалгаанд орох нь  цаг хугацаа их зарцуулж, оочирлож хүндрэл ихтэй байдаг. Санхүүгийн байдлаа тогтвортой болгож хувийн эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Групп-д орсон нь би 2 хөл хугарал, чагтан холбоосны гэмтэлтэй бөгөөд 2-уулаа 50 50 хувийн групп-ын заалттай ч хавсаргасан зүйл байхгүйн улмаас 2024 оны 12 дугаар сарын 11-нд дахин магадлах хурлаар орж S 82,2 буюу зөвхөн зүүн шилбэний гэмтлээр орсон. Миний хөдөлмөрийн чадвар 50%-иар тогтсон нь надад давхар хохирол учруулж байгаа. Иймд шүүхээс миний цалингийн зөрүүг үнэн зөвөөр тогтоож, сэтгэцэд учирсан хор уршгийг тооцож өгнө үү. …” гэв.

Хохирогч Д.Т-ын өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ял эдлэх бүсийг Хан-Уул дуургийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоох, хохирогчийн эмчилгээний зардалд 1,697,221 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 16,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-т олгох...” дүгнэлт гаргасан, хохирогчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн “улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна” гэснийг тус тус дурджээ.

Гэвч шүүх оролцогчдын эдгээр эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт, саналд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийг зөрчсөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм. Ийнхүү ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хуний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй. Тухайлбал энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан /шинжээчийн 7807, 842 дугаартай дүгнэлт/, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй /8,028,405 төгрөгийг 6 сарын хугацаанд багтаан төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах/ талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т дурдсан атлаа шүүгдэгчийн бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг нь хохирогчийн эрүүл мэнд бүрэн эдгэрээгүй буюу дахин 2 удаагийн хагалгаанд орох заалттай, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учир авах ёстой байсан цалин орлогоороо хохирсон төдийгүй банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн /Авто зогсоолын худалдах, худалдан авах гэрээний дагуу жилийн 7 хувийн хүү тооцож, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох хх-102-104, цалингийн зээл /барьцааны гэрээ, баталгааны гэрээ хх-105-107/ тул олон апплейкешны зээлүүд авч банкны зээлүүдээ төлж байсан, эхнэр, ойр дотны хүмүүс 6 сарын хугацаанд хохирогчийг сахиж цалин, орлогоо алдсан зэрэг бөгөөд эдгээрээс зөвхөн өөрийн авч байсан цалингийн зөрүү, зарцуулсан эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримт болон хууль, журамд нийцүүлэн нэхэмжилсэн байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хуний хувийн байдлын талаар шийтгэх тогтоолын биеийн байцаалтад дурдсан байх ба Увс аймаг дахь Сум дундын шүүх, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болон шүүгдэгч А.А-ын гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага /хохирогчтой санаачлагаараа холбогдож биеийн байдал асууж байгаагүй, эмчилгээний зардлын ихэнх хувийг шүүх хуралдааны урд орой хүртэл төлж барагдуулах арга хэмжээ аваагүй, хурд хэтрүүлсэн талаар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн, зөвхөн эдийн бус сэтгэл санааны дэм өгч, уучлал хүсэж байгаагүй/ нь зөвхөн өөрийн эрх ашгийг нэн түрүүнд тавьж буйгаар илэрхий байхад ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй юм.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч Б.Т-т сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгт танилцуулсныг /1хх 21/ үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй юм” гэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовиур, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан ба эдгээр журам, аргачлал зэргээр нэрлэн заасан 6 төрлийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахгүйгээр хүснэгтэд заасан зэрэглэлийг тогтоож, мөрдөгч, хохирогчид танилцуулснаар шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр зохицуулсан байхад анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг заавал шинжээч томилж тогтоолгохоор дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал хийлгэх шинжилгээ биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүнд хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах ба хохирогчийн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн бусад баримтуудаар тухайн зэрэглэлийн шалгуур давхар тогтоогдсон болно.

3. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1 5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна’’ гэжээ. Шүүхийн энэхүү дүгнэлт нь дээр дурдсанаар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд түүнчлэн шүүх шийтгэх тогтоолыг танилцуулахдаа давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохиролыг хүснэгтээр гаргах боломжгүй гэж үзэж шүүхийн практик тогтоож буй талаар дурдсан юм. Харин шүүх хууль болон журам, аргачлалыг ийнхүү тайлбарлаж хэрэглэх нь тодорхой байсан бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ/ шинжээч томилох боломжтой байхад хохирогчийн эрхийг зөрчиж шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлж байна. Мөн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13/6588 дугаартай албан тоотод “...хохирогч Б.Т-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хүлээн авч, мөрдөгчид шинжлүүлэгч Б.Т-ыг 09 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлж үзүүлэхийг хүсэхэд өнөөдрийг хүртэл үзүүлээгүй тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна” /хх-144,152 дахь тал/ гэжээ. Энэхүү албан тоотод дурдсан мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг эрүүгийн хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэг нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл болохгүй байхад шинжээч дүгнэлт гаргаагүй нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тодруулбал шинжээчийн дурдсан хуулийн 19 дүгээр зүйл нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах талаар зохицуулсан зүйл боловч 19.1 дэх хэсэгт шинжээч дараах үндэслэл байвал шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж болох нөхцөлийг дурдаж 19.1.6 дахь хэсэгт “шинжилгээний объект нь энэ хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлага хангахгүй бол” гэж хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд “Шинжилгээний объектод тавих нийтлэг шаардлага”, 33 дугаар зүйлд “Шүүх эмнэлгийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага”-ыг хуульчилсан нь шинжлүүлэгчид хамааралгүй байх ба 12 дугаар зүйлийн тайлбарт "шинжилгээний объект" гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, хүрээлэн байгаа орчны бүрэлдэхүүн хэсэг, баримт бичиг, цахим технологийн техник, программ хангамж, цахим хэлбэрт байгаа мэдээлэл, гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, амьтан, ургамал, хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан шинжлэх хэв загвар, дээж, хэргийн бусад материалыг ойлгоно гэж заасан байна. Эндээс харахад шүүх шинжилгээний ерөнхий газрын албан тоотод дурдсанаар шинжлүүлэгч Б.Тыг шинжилгээний объекттой адилтган үзэж шинжилгээ хийхээс татгалзах үндэслэлгүй болох нь дээрх хуулийн тайлбараас харагдаж байна. Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага’’-ыг хуульчилсан ба 39.1.8 дахь хэсэгт энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршигт шинжилгээ хийнэ. Тус шинжилгээг хийхдээ мөн зүйлийн 39.7 дахь хэсэгт зааснаар “Гэрч, хохирогчийг сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт байршуулж, сэтгэцийн шинжилгээ хийх боломжгүй хүндээр өвчилсөн, гэмтсэн тохиолдолд шинжээч, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн хамт тухайн этгээдийн байгаа газарт очиж шинжилгээ хийж болно” гэж тусгайлан зохицуулсан байхад шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэлгүй юм. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авч хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

4. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...хохирогч Б.Т-ын 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй...” гэжээ. Гэтэл хохирогчийн зүгээс “Тавин ус фарм”-ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” захирлын тушаал, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт /албан ёсны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан/, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгосон тухай тодорхойлолт, Нийгмийн даатгалын газрын “Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас”, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг холбогдох бүх нотлох баримтыг шүүхэд өгсөн боловч шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Тодруулбал хохирогчийн ажиллаж байсан “Тавин ус фарм”-ын цалингийн тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг нь түүнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилд томилогдон ажиллаж байсныг нотолж байхад шүүх хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал зэрэг баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр татгалзсан нь юуг нотлох, энэ хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй байгаа нь ойлгомжгүй юм.

5. Шүүхийн шийдвэрийн мөн хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагаас хохирогч Б.Тын Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсанд сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1.173.432 төгрөгөөр тооцсон...” учир шүүх энэ дүнгээр дундаж цалинг тооцжээ. Гэвч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1-д “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” тооцно гэсэн журмын дагуу шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болсон юм. Мөн түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчээс “...хохирогч Б.Т-ын цалин хөлсний зөрүү болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх үү” гэсэн асуултад төлнө гэж хариулсан нь иргэний эрх зүйн хувьд шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд шийдвэрлэх боломжтой байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А тус шүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүхийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хохирогчийн гаргасан гомдолд сэтгэцэд учирсан хохирлыг дүгнэсэнгүй гэж тайлбарласан. Энэ талаар шүүхээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасныг баримталж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаагч хүснэгтээр зэрэг тогтоосныг шинжээч тогтоох ёстой гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна. Хор уршиг арилаагүй байхад анхан шатны шүүх 8,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдсэн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 12,958,489 төгрөг, хохирогч Б.Т-ын эмчилгээний зардалд 4,600,000 төгрөг төлж хохирол төлбөргүй гэдэг байдлаар орсон. Шүүх хуралдаанд оролцож нэмэлт тайлбар, баримтууд гаргасан. Шүүгдэгч А.А нь хохирол төлбөрөө илэрхийлсэн. Хор уршигтай холбоотой ирээдүйд гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдсэн. Сэтгэцэд учирсан хохирол, эрүүл мэндэд учирсан хохирол мөн ажилгүй байсан хугацааны зардлыг багаар тооцсон байна гэсэн. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар хуудсанд “техникчээр ажиллаж байсан  1 сарын 2,373,000 төгрөгийн цалинтай гэх тодорхойлолт нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт дээр тусгагдсан цалин хөлстэй тохирохгүй байгаа учраас энийг дүгнэх боломжгүй байна” гэж дурдсан. Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтад тулгуурлаад цалинтай холбоотой тооцооллыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилгүй байх хугацааны дундаж цалин хөлс буюу нийт 6,281,184 төгрөгийг төлүүлэхээр шийдсэн. Энэ талаар хохирогчийн зүгээс маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээний зардалд баримтаар тогтоогдсон бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдэх ёстой бөгөөд хохирогчийн гаргаж өгсөн баримтынх нь хүрээнд 1,747,221 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан учраас хангаж шийдэх нь зүйтэй гэж шүүхээс үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг ба нийт 8,028,405 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчоос хөдөлмөрийн чадвараа тавин хувийн алдалттай гэдэг баримт болон бусад баримтуудыг гаргаж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн баримтыг өгсөн учраас тухайн баримтад үнэлэлт, дүгнэлт өгснөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож гаргасан гэж шүүх дүгнэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин цалингийн зөрүүтэй байдлыг нотлох баримтаа гаргаад иргэний журмаар нэхэмжлэх эрх нь шүүхээс нээлттэй үлдээсэн байгаа учраас хохирогчийг хохироосон хохирол төлбөрийг арилгахгүй нөхөн сэргээ сэргээх эрх нь одоо зөрчигдсөн байдлаар одоо анхан шатын шүүх шийдвэрээ гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тайлбар, дүгнэлт гаргасан гэж үзэж  байна. Мөн хохирогчийн зүгээс хэрэгт авагдсан баримтуудаар буюу тухайн хэргийн газрын үзлэг нөхцөл байдлаас харахад хохирогчийн тодорхой хэмжээний буруутай үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж шүүх дүгнэсэн. Энэ нь хохирол төлбөрийн хэмжээнд нөлөөлөөгүй ч гэсэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тодорхой хэмжээгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзсэн байх гэж үзсэн гэж үзэж байна. Учир нь, хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Шүүгдэгч А.А-ын зүгээс өөрийн үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа ч гэсэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж шийдэх тогтоолоо гаргасан, зөв дүгнэсэн гэж үзэж байна. Хохирогчид цаашид гарах зардлыг төлөх боломжтой. ...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хүний сэтгэцэд учирсан гэм хорын хор уршгийн хохирлыг Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тушаалаар батлагдсан. Хор уршгийг арилгах нөхөн төлбөр тооцох журмын 2.3 дугаар зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайдын а/267 тушаалын хавсралтаар батлагдсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч хохирогчид танилцуулж тухайн маягтын загварт гарын үсэг зуруулна” гэсэн  журмын дагуу мөрдөгч тухайн сэтгэцэд учирсан хор уршгийг талаарх хүснэгтийг хохирогч Б.Т-т  танилцуулсан. Хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг дөрөвдүгээр зэргээр тогтоосныг хохирогч Б.Т танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Мөн шинжилгээний байгууллагаар тогтоолгох хүсэлт гаргаагүй. Иймээс тухайн журмын дагуу хүснэгтэд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 23-аас 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн хэлбэрээр олгоход “татгалзах зүйлгүй” гэж хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Иймд хохирогчид учирсан хохирлыг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосноор хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг олгох нь улсын яллагчийн зүгээс зүйтэй гэж үзсэн. Учир нь, явган зорчигч нь өөрийн буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Иймд хохирогчийн буруутай үйлдлийг харгалзаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,180,000 төгрөгөөр хохирогчид олгуулах нь зүйтэй байна гэж үзсэн. Энэ нь өвчин шанлал, зовуурь, цаашлаад эмчилгээний зардал зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Мөн нийгмийн даатгалын байгууллагаас хохирогчид сарын одоо дундаж цалин хөлс буюу хөдөлмөрийн чадвар алдсан зэргийг тогтоогоод зөрүү мөнгийг олгосон. Энэхүү зөрүү мөнгөтэй холбоотой зардалыг шүүхээс тогтоогтоож өгсөн нь үндэслэлтэй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “сүүлийн гурван сарын хугацаагаар нь тогтоосон” гэж хэлсэн бөгөөд бодитой хэдэн төгрөг болсоныг гараагүй байна. Нийгмийн даатгалын байгууллагаас хуульд заасны дагуу тогтоогдогдсон журмын шүүх шийдсэн гэж үзэж байна. Харин хохирогч цаашид гарах зардлуудын нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны орой 23 цаг 18 минутын орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваа Жимс ногооны бөөний төвийн зүүн замд “0000” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Т: “....2024.6.08-ны өдөр аав, ээжийн хамт хоол хийж идчихээд Алтан говь нэртэй пиво уучхаад орой гэртээ харих гээд төв зам руу алхаж ороод замын нөгөө талаас такси барих гэж байгаад осолд орсон. ...Би осол гарах үед зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг хараад хол байхаар нь тайван алхаж яваад мөргүүлсэн. ..Явган хүний гарч гарам байгаагүй. ...” /1хх 20/,

гэрч Х.Б /хохирогчийн аав/: “...Манай хүү зорчих хэсгийн эсрэг урсгалд нь буюу баруунаас зүүн явах чиглэлд нь, автомашин урсгал сөрөөд манай хүү Т-ыг мөргөчихсөн байдалтай байсан. ...” /1хх 118/,

гэрч Г.Х /хохирогчийн ээж/: “...Би замын эхний эгнээг гарч дуусах гэж байхад тухайн мөргөдөг машин хол даваа дөнгөж давж байгаа машины гэрэл харсан. ..Манай хүү 1 шил пиво уугаад гарсан. ...” /1хх 121/,

гэрч М.Г: “...2024.6.08-ны өдөр Хан-Уул дүүргийн Морингийн даваа уруудаад Шувуу орох гээд явж байхад миний машины ремен тасраад зам дээр зогсож байхад замын хойд талаас 3 согтуу хүн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч яваад 2 хүн нь шууд зам хөндлөн гараад нэг хүн нь зам дээр хоёр тийшээ гуйвж явж байгаад зүүнээс баруун чиглэлтэй явсан 00-00 маркийн 00-00 000 улсын дугаартай машинд мөргүүлсэн. ..Тухайн тээврийн хэрэгслийн жолооч осол гарах үед зогсоох арга хэмжээ аваад хажуу тийш нь жолоогоо эргүүлсэн боловч нөгөө согтуу хүн яг дарсан тал руу нь гуйваад мөргүүлчихсэн. ...Би машин дотроо сууж байхад яг миний машины урдуур тухайн согтуу хүн зам хөндлөн гарах гээд гуйваад замын голоор алхаж байгаа нь харагдаж байсан. ...” /1хх 124/,

шүүгдэгч А.А гэрчээр: “...Морингийн даваа уруудаад явж байхад ямар ч гэрэл болон явган хүний гарцгүй газраар 3 явган зорчигч гарч ирсэн. ....Би явж байсан талынхаа зүүн тал руу дарахад нэг нь урд талаар гүйгээд ороод ирсэн. ...Би осол гарах үед ойролцоогоор 50 км/ц хурдтай явж байсан. ...Тухайн мөргүүлсэн явган зорчигч согтуу байсан бөгөөд зам дээр 2 тийшээ найгаж алхаад би хаашаа явах гэж байгааг нь мэдэхгүй хажуугаар нь тойрч гарах гэсэн боловч яг миний явж байсан тал руу гүйгээд машины урдуур ороод ирсэн. ...” /1хх 127/,

шүүгдэгч А.А яллагдагчаар: “...Замын хойноос урагш чиглэлтэй согтуу хүмүүс гарч ирсэн. Гэрэлтүүлэггүй зам байсан болохоор миний машины гэрлийн тусгалд орж ирэхэд л харсан.. ..Тухайн хүмүүс драгер багаж үлээх чадваргүй үлээж чадахгүй байсан. ..Хүн мөргөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлгүүд /1хх 195/,

шинжээч эмчийн 2024.6.18-ны өдрийн 7807 дугаартай: “...Б.Т-ын зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, шилбэний шарх, баруун өвдөг, шагай, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 130-131/,

шинжээч эмчийн 2024.8.28-ны өдрийн 842 дугаартай: “...Шинжээчийн 7807 дугаартай дүгнэлтэд Б.Т-ын зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, шилбэний шарх, баруун өвдөг, шагай, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэжээ. Энэ нь тухайн үедээ үндэслэлтэй байна.

Мэлтэс Мед эмнэлгийн 2024.7.19-ний өдрийн Мөдчийн MRI шинжилгээ болон “Авецина” эмнэлгийн 2024073113 дугаартай өвчний түүхэнд баруун өвдөгний арын чагтан холбоосны доод хэсэг, гадна дагуу холбоосны бүрэн тасрал гэмтэл шинээр тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун өвдөгний арын чагтан холбоосны доод хэсэг, гадна дагуу холбоосны бүрэн тасрал гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Б.Т-ын биед учирсан зүүн шаант, тахилзуу ясны ил хугарал, шилбэний шарх, баруун өвдөг, шагай, тавхайд зулгаралт, баруун өвдөгний арын чагтан холбоосны доод хэсэг, гадна дагуу холбоосны бүрэн тасрал гэмтлүүд нь  амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...” /1хх 138-141/,

Автотээврийн шинжээчийн 2024.7.31-ний өдрийн 2352 дугаартай: “...00-00” маркийн 00-00 000 улсын дугаартай автомашин нь 64,3 км/цаг хурдтай явсан байх үндэслэлтэй байна. Мөргөлтийн цэгээс өмнө тоормосны мөр үүссэн байх тул зогсоох арга хэмжээ авсан байх үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлтүүд /1хх 156-157/,

дуудлага лавлагааны хуудас /1хх 06/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын бүдүүвч зураг /хх 08-09/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 205-217/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

2. Анхан шатны шүүхээс А.А-ын үйлдлийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бий болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт зааснаар оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

гэрч Х.Б /хохирогчийн аав/: “...Манай хүү зорчих хэсгийн эсрэг урсгалд нь буюу баруунаас зүүн явах чиглэлд нь, автомашин урсгал сөрөөд манай хүү Т-ыг мөргөчихсөн байдалтай байсан. ...” /1хх 118/,

гэрч Г. /хохирогчийн ээж/: “...Би замын эхний эгнээг гарч дуусах гэж байхад тухайн мөргөдөг машин хол даваа дөнгөж давж байгаа машины гэрэл харсан. ..Манай хүү 1 шил пиво уугаад гарсан. ...” /1хх 121/,

гэрч М.Г: “...2024.6.08-ны өдөр Хан-Уул дүүргийн Морингийн даваа уруудаад Шувуу орох гээд явж байхад миний машины ремен тасраад зам дээр зогсож байхад замын хойд талаас 3 согтуу хүн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч яваад 2 хүн нь шууд зам хөндлөн гараад нэг хүн нь зам дээр хоёр тийшээ гуйвж явж байгаад зүүнээс баруун чиглэлтэй явсан 00 маркийн 00-00 000 улсын дугаартай машинд мөргүүлсэн. ..Тухайн тээврийн хэрэгслийн жолооч осол гарах үед зогсоох арга хэмжээ аваад хажуу тийш нь жолоогоо эргүүлсэн боловч нөгөө согтуу хүн яг дарсан тал руу нь гуйваад мөргүүлчихсэн. ...Би машин дотроо сууж байхад яг миний машины урдуур тухайн согтуу хүн зам хөндлөн гарах гээд гуйваад замын голоор алхаж байгаа нь харагдаж байсан. ...” /1хх 124/,

шүүгдэгч А.А гэрчээр: “...Морингийн даваа уруудаад явж байхад ямар ч гэрэл болон явган хүний гарцгүй газраар 3 явган зорчигч гарч ирсэн. ....Би явж байсан талынхаа зүүн тал руу дарахад нэг нь урд талаар гүйгээд ороод ирсэн. ...Би осол гарах үед ойролцоогоор 50 км/ц хурдтай явж байсан. ...Тухайн мөргүүлсэн явган зорчигч согтуу байсан бөгөөд зам дээр 2 тийшээ найгаж алхаад би хаашаа явах гэж байгааг нь мэдэхгүй хажуугаар нь тойрч гарах гэсэн боловч яг миний явж байсан тал руу гүйгээд машины урдуур ороод ирсэн. ...” /1хх 127/ зэргээс үзэхэд хохирогч Б.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэх дүрмийн заалтыг зөрсөн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

3. Шүүгдэгч нь 2000, 2010 онуудад ял шийтгэгдсэн боловч эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /1хх 218, 223/ урьд шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. 

Хохирол төлбөрийн хувьд; Хохирогч Б.Т-ын сарын дундаж цалин 1,173,432 төгрөгөөс хөдөлмөр чадвар алдсаны тэтгэвэр 650,000 төгрөгийг хасаж тооцоход зөрүү 523,432 төгрөгийг 2024.9.25-ны өдрөөс 2025.9.25-ны өдрийг хүртэлх 12 сараар тооцож 6,821,184 төгрөг дээр  хохирогчийн эмчилгээний зардлаас төлөгдөөгүй үлдсэн 1,747,221 төгрөгийг нэмж, нийт 8,028,405 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогч Б.Тын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /хх 21-22/ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй болно.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, дутуу авсан цалин хөлс, сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуулийн шаардлага хангасан, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.

Шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Д.Т-т төлөх 8,028,405 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг төлсөн баримтыг тус шүүхэд гаргасан байна.

Ийм дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/863 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Шүүгдэгч А.А нь шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Д.Т-т төлөх 8,028,405 /найман сая хорин найман мянга дөрвөн зуун таван/ төгрөгөөс 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                                Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                Д.МӨНХӨӨ