| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 182/2020/01829/И |
| Дугаар | 210/МА2020/02219 |
| Огноо | 2020-11-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2020/02219
| 2020 оны 11 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2020/02219 |
Б.Г нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01953 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Г хариуцагч Ү ХХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Г нь Ү ХХК-д 2012 онд ажилтнаар орсон. Үүнээс хойш захирлын туслах, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн, ТУЗ-ын нарийн бичгийн дарга гэсэн хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2020 оны 05 сарын 06-ны өдрийн Ү ХХК-ийн захирлын Б51 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, компанийн дүрмийн 8.1, 8.19, хөдөлмөрийн дотоод журмын 9.1.6, 9.4, хөдөлмөрийн гэрээний 5.3.5 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Тухайн ажлаас чөлөөлөх үндэслэлд заасан үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн эсэх, шууд удирдах албан тушаалтнаас үүрэг даалгавар өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна. Ү ХХК-ийн дотоод хяналтын журамд ямар тохиолдолд дотоод хяналт шалгалт хийх, дотоод хяналт шалгалт ямар эрх, үүрэгтэй болохыг ТУЗ-ийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 7 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтад заасан. Тус журмыг баримтлан дотоод хяналт шалгалтын ажлын тайлан гарсан. Ажлын тайлан нь захирлын 2020 оны 03 сарын 09-ний өдрийн удирдамжаар гарсан. Гэтэл энэ удирдамжийг нэхэмжлэгч Б.Гд танилцуулаагүй. Б.Г нь захирлын тушаалаар корона вирустэй холбоотойгоор бага насны хүүхэдтэй учир 2020 оны 03 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл чөлөөтэй байсан. Гэтэл энэ хугацаанд шалгалт хийх удирдамж гаргаад, ажилтанд танилцуулах боломж олгохгүйгээр тайланг гаргасан. Энэ тайлан нь зөвлөмж хэлбэртэй бөгөөд байгууллагын дотоод хяналт шалгалтын газар нь Б.Г шууд удирдах албан тушаалтан нь биш юм. Б.Гээс ямар нэг байдлаар гарын үсэг аваагүй, дотоод хяналт хийж байгаа талаар танилцуулаагүй. Б.Г шууд удирдлага нь санхүү албаны дарга буюу дээд шатны албан тушаалтан н.Манлайбаатар гэх хүн байдаг боловч энэ хүнээс ямар нэг байдлаар бичгээр тайлбар аваагүй байж захирлуудын зөвлөлийн хурал хийсэн. Тушаалын үндэслэлд Б.Гийг эрхэлж буй албан үүрэгтээ хайхрамжгүй хандаж ажлын байранд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцаар баталгаажуулсан хүлээсэн үүргээ эс биелүүлж, хууль дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаагүй, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэх боловч баримтгүй. Тушаалд заасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан ноцтой зөрчил биш, харин дотоод аудитын дүгнэлтийг хуулбарлаж бичсэн. Иймээс 2020 оны 05 сарын 06-ны өдрийн Б/51 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Гийг урьд эрхэлж байсан архивын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Г нь 2020 оны 01 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж архивын ажилтнаар ажилласан. Өмнө нь хариуцагч байгууллагад худалдан авах ажиллагааг хариуцсан ажилтан, туслах, ТУЗ-ын нарийн бичиг зэрэг ажлыг хавсран гүйцэтгэж байсан. 2019 оны 09 сард хавсарч байсан ажлаас нь чөлөөлснөөр архивын ажилтнаар үлдсэн. Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлагдсанаар 2020 онд төлөвлөгөөт шалгалт орсон. Гүйцэтгэх захирал Б.Гийг өрөөндөө дуудаж архивын улсын үзлэг болох гэж байгаатай холбоотой төлөвлөгөө гаргах хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хариуцагч байгууллага Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 2019 оны 06 сард архив албан хэрэг хөтлөлтийн сургалт орсон. Үүнтэй холбогдуулан 07 сард үзлэг орохтой холбогдуулан төлөвлөгөө гаргах гэхэд Б.Г төлөвлөгөөг гаргаж өгөөгүй. Б.Гд дотоод хяналтын тайланг танилцуулсан бөгөөд удирдамжийг хуулбарлаж авсан нь захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдон. Харин шалгалтыг Б.Гийг ажилдаа орсны дараа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл Б.Гийг албан ажилдаа хайхрамжгүй хандаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй байгууллагын архивын үндсэн зааврыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. 2019 оны 07 сарын 09-ний өдөр байгууллагад архивын сургалт явуулж, гүйцэтгэх захирал Ж.Байгалмаагаас архивын ажилтан Б.Гд 2019 оны 09, 10 сард хийгдэх архивын улсын үзлэг тооллогод бэлтгэх тухай биечлэн үүрэг өгч архивын жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулж танилцуулах үүрэг даалгаврыг өгсөн боловч биелүүлээгүй. Шалгалтын тайланд дурдагдсан 225 ширхэг номын жагсаалтыг гаргаж өгсөн боловч 110 ширхэг архивын нэгжийг хүлээлцсэн тухай албан ёсны актгүй, нэгдсэн бүртгэл хөтлөөгүй зэргээр тоо баримт зөрүүтэй, стандарт бус жагсаалт хөтөлсөн нь холбогдох журмыг зөрчсөн. Компанийн алба, нэгжүүдээс байгууллагын архивын ажлын үндсэн зааврын 1.4 дэх заалтын дагуу архивт шилжүүлэх шаардлагатай баримт материалуудыг нэхэж, шаардаж аваагүй. Архиваас түр олгосон баримтуудад бүртгэл, хөтлөлт хийгээгүй. Б.Г нь Архивын тухай хууль, компанийн архивын журам, ажлын байрны тодорхойлолтод заагдсан архив хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, жагсаалтын дагуу архивт архивын нэгж хүлээж авах төлөвлөгөө, хуваарь гаргаж батлуулан, ажилтнуудаас бүртгэлээр хүлээн авах, архивын баримтыг нягтлан шалгаж, эмхлэн цэгцлэх тоо бүртгэл хөтөлж, хяналт тавьж ажиллах, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, эрэлт хайлт, ашиглалтыг сайжруулах, архивт нөхөн бүрдүүлэлт хийх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, архивын баримтын талаарх мэдээ тайланг заасан хугацаанд гаргаж, тайлагнах үүргээ огт хэрэгжүүлээгүй. Тагнуулын ерөнхий газраас баримт, мэдээлэл алдагдаж байгаа талаар манай нууцын эрхлэгчид удаа дараа мэдэгдсэн. Иймд Б.Гийг архивын ажилтны ажлыг хийх ёс зүйн чадамжгүй, үүрэгт ажлаа хийх мэдлэг чадваргүй, дотоод хяналтын нэгжээс 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 20-ны өдрүүдэд хийгдсэн 2019 оны баримтын архивлалт, архивын бүртгэл хөтлөлт, үйл ажиллагаанд хийх шалгалтын дүгнэлтэд тусгагдсан зөрчлүүдээс ажлын байрны тодорхойлолтын дагуу хариуцсан үүрэгт ажлаа биелүүлээгүй гэж үзэж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Гийг Ү ХХК-ийн Захиргаа, санхүүгийн албаны архивын ажилтнаар эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Ү ХХК-аас 4 443 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ү ХХК-нд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Ү ХХК-аас 86 042 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч Б.Гд хугацаатай үүрэг даалгавар өгөөгүй гэх боловч хариуцагч байгууллагаас 2019 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын талаарх тайланг танилцуулж гарын үсэг зуруулах гэсэн боловч Б.Г нь гарын үсэг зурахаас татгалзсан. Түүнчлэн Б.Гд шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг 14 хоногийн дотор арилгаж, тайланг танилцуулаарай гэсэн боловч хугацаандаа танилцуулаагүй. Б.Гийг дутуу ч гэсэн арилгасан зөрчил хийсэн зүйлээ танилцуулаач гэхэд хийсэн ажлаа хэвлэж байна гээд юу ч танилцаагүй. Б.Г нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд албаны дарга, гүйцэтгэх захиралд харьяалагддаг бөгөөд түүний хийсэн ажил үүрэгт нь хяналт тавих эрх бүхий албан тушаалтан нь гүйцэтгэх захирал болно. Шүүхээс хариуцагч талын дотоод хяналт шалгалтын журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх боловч энэ талаар албаны дарга нь Б.Гд танилцуулж, дотоод хяналтын нэгжид архивт хадгалагдаж буй жагсаалтыг өгч гарын үсэг зурсан. Шүүх нэхэмжлэгчийг ажилдаа ирсний дараа шалгалт эхэлсэн гэдгийг зохигчдын тайлбараар нотлогдсон гэдгээ няцаасан байх бөгөөд архивын баримтыг огт хөтлөөгүй, архивын баримтыг дутаасан нь яагаад ноцтой зөрчил биш болох, яагаад зөрчил гэм буруу хоёр хоорондоо шалтгаант холбоогүй болох талаар дүгнээгүй. Нэхэмжлэгч Б.Г нь хяналт шалгалтын удирдамжийг гардан авч хуулбарлан авч, удирдамж гэж мэдээгүй гэсэн нь хурлын тэмдэглэлд бичигдсэн. Хариуцагч байгууллагын хяналт шалгалт нь төлөвлөгөөт шалгалт бөгөөд уг хяналт шалгалтын талаар тайлан бичиж, тайланд заасан үйл ажиллагааг алба нэгжээр заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн. Байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гэсэн ойлголтод шүүх бүдүүлгээр хандаж, хэрхэн няцаалт өгсөн нь ойлгожгүй бас үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргаа, санхүүгийн албанд архивчаар, 2016 оноос худалдан авалт хариуцсан ажилтан, гүйцэтгэх захирлын туслахаар, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс худалдан авалт хариуцсан ажилтан, архивын ажлыг хавсран, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс архивын ажилтнаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/51 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх 8-9, 12, 94/
Хариуцагч байгууллага нь дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дугаар зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.4 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5 дахь заалт, дотоод хяналтын нэгжийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тайлан, захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг баримтлан нэхэмжлэгчийг эрхэлж буй ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан нууцын баталгаагаар хүлээсэн үүргээ эс биелүүлж, хууль, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг заасан байна. /хх 8-9/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын баталсан удирдамжийн дагуу томилогдсон Дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл хугацаанд 2019 оны баримтын архивлалт, архивын бүртгэл хөтлөлтийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан байх ба уг шалгалтаар нэхэмжлэгч Б.Гийг архивын үндсэн зорилт, чиг үүргийн дагуу архивт хүлээн авсан баримтад тоо бүртгэлийн үндсэн болон туслах баримт бичиг хөтлөөгүй, хөтлөгдөж дууссан хэргийг эмхлэн цэцэлж цаг хугацаанд нь архивт шилжүүлэхийг зохион байгуулалтын нэгж ажилтнаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, архиваас баримт түр олгохдоо Түр олгосон баримтын бүртгэл-ийг стандартын дагуу бус хөтөлж байгаа бөгөөд бүртгэл хөтлөлтөд архивын нэгж түр олгогдсон огноог бүртгээгүй гэх зөрчил гаргасан гэж үзжээ. /хх 65-67/
Дээрх тайланг үндэслэн хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудитор нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архивын ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай дүгнэлтийг захирлын зөвлөлд гаргасны дагуу ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх 77-79/
Хариуцагч байгууллагын 2019 оны баримтын архивлалт, архивын бүртгэл хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлангаар илэрсэн зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5-т эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэх шалтгаангүйгээр санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл гүйцэтгэхээс татгалзсан гэж заасан хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарахгүй байна. Түүнчлэн, уг тайланг нэхэмжлэгчид дотоод хяналтын журмын 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан журмын дагуу танилцуулаагүй тул түүнийг Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.6-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн зөрчлийг гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иймд нэхэмжлэгч Б.Г гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцааг шууд зогсоох, гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчилд агуулгын хувьд нийцэхгүй байх ба дээрх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2-т зааснаар тухайн зөрчилд нь тохирсон сахилгын арга хэмжээ авах боломжтой болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2020/01953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ