| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0303/Э |
| Дугаар | 303 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Марал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч А.Марал,
Шүүгдэгч, хохирогч Г.Т, М.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт М.Б, А.овогт Г.Т нарт холбогдох 1805015200380 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1991 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй А.овогт Г.Т
Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн инженерийн алба мэргэжилтэй, А овогт М.Б
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл” бааранд иргэн М.Бийг зодож эрүүл мэндэд /хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар хамрын угалзад зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 01 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл” бааранд иргэн Г.Тийг зодож эрүүл мэндэд /хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын угалзад зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Г.Т: 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл бааранд Д, Н, Мууда нарын хамт орсон.
00 өрөө орохоор явах замдаа Бтэй мөрөөрөө шүргэлцээд маргалдах үед найз Д ирж салгасан ба Б нь Дтэй маргалдахаар нь би Бийг түлхсэн. Тэгтэл найз Муудаа ирээд Бтэй маргалдахаар нь би дахин Бийг түлхэхэд намайг цохихоор нь би буцаагаад Бийг цохьсон. Бөд гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хохирогч М.Б: 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл бааранд найз Үтай уулзахаар орсон ба Ү явах болоод Г.Эыг дуудсан бөгөөд тэр хоёрыг орж ирсний дараа 00 орох замдаа Ттэй шүргэлцээд маргалдсан ба эвлэрээд эргээд харах гэхэд нүүр лүү цохьсон. Тэгээд нэг мэдсэн 00 өрөөнд хамраас цус гарсан байж байсан.
Тэд гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Тийн: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл бааранд Д, Н, Мууда нарын хамт орсон. Бааранд ороод нэг хүний 2 шил пиво авч уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад би ариун цэврийн өрөө рүү ганцаараа яваад, эргээд суудал руугаа бүжгийн талбайн захаар явж байтал 1 залуу миний баруун талын цээж рүү мөрлөчихөөд намайг яагаад мөрлөөд байгаа юм гэхээр нь би яасан юу болсон юм гээд толгойгоороо тулаад дайраад байсан. Д ирээд дундуур орж салгатал Дтэй маргалдаад байсан. Би дундуур нь ороод боль гэтэл Муудаатай бас маргалдаад духаараа мөргөөд дайраад байхаар нь би түлхээд холдуултал миний хамар луу гараараа цохичихоор нь би буцаагаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. ...Анх надтай маргалдсан Б гэх залуу эхэлж хамарлуу маш хүчтэй цохисон” гэх мэдүүлэг /хх 13-14 хуу/
Хохирогч М.Бийн: “2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 02 цагийн үед хороололд гражид юм хийж байтал найз Ү Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл бааранд байна хүрээд ир гэхээр нь найз Э, Гүен 2-ыг дуудаад 02 цаг 30 минутын үед яваад очтол Ү нэг эмэгтэйтэй байсан ба тэр 2 удалгүй явлаа гээд яваад өгсөн. Би 2 шил пиво уугаад сууж байтал Э, Гүен 2 ирээд хамт ариун цэврийн өрөө орохоор явж байхдаа би бүжгийн талбайн захад нэг залуутай шүргэлцсэн. Би эргэж хараад нөгөө шүргэлцсэн залуутай маргалдаад яахав гээд гар бариад хойшоо нэг хоёр алхатал гэнэт миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад байхаар нь би доошоо хараад суутал Э Гүен 2 миний хоёр талаас түшээд ариун цэврийн өрөө орсон” гэсэн мэдүүлэг /хх 17-18/
Гэрч О.Гүенгийн: “2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Бтэй хороололд уулзаад явж байтал Б 2 найзтайгаа уулзах болчихоод чи яваад Эыг аваад ир гэсэн. Би Эыг аваад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл бааранд очиход Б ганцаараа пиво уугаад сууж байсан. Бид 3 ариун цэврийн өрөө орохоор бүжгийн талбайн урдуур ба би түрүүлээд арай урд нь явж байсан. Ариун цэврийн өрөөний үүдэнд 4-5 залуугийн 1 залууг Б мөрлөчихсөн. Тухайн үедээ уучлаарай гээд гар бариад салсан. Э Б 2 эргээд бүжгийн талбайруу бүжиглэх гээд явсан. Тэгтэл нөгөө мөргүүлсэн залуу одоо өргөдөл гаргаад байгаа Т Бийн нүүр лүү цохиод бужигналдаад зодолдоод байхаар нь гүйгээд очтол хамгаалагч нар бас очоод салгасан” гэсэн мэдүүлэг /хх 19 хуу/
Гэрч Б.Дгийн: “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цаг 30 минутын үед Т, Н, Э болон танихгүй 3 охинтой хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал бааранд очсон. Тэнд хүний 1,1 шил пиво аваад ширээн дээр тавиад надаас бусад нь бүжиглэсэн. Нилээн сууж байтал Н ирээд Т, Э хоёртой хүн маргалдаад байна очьё гэхээр нь хамт бүжгийн талбай дээр очоод одоо больцгоо гээд дундуур нь ороод зогстол Ттэй маргалдаж байсан шар хүрэмтэй залуу намайг түлхтэл Т намайг хоош нь татсан. ...нөгөө залуу Тийн нүүр лүү гараараа нэг удаа цохитол Т зөрүүлж нүүр лүү нь гараараа цохисон...Тийн хамраас цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 49-50 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3397 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Т-н биед хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх 30 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3390 дугаартай дүгнэлтэнд: 1.М.Б-н биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын угалзад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх 26 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37,38 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42,46/
Гомдол саналгүй гэх баримт /хх 51-52/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл” бааранд иргэн М.Бийг зодож эрүүл мэндэд /хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар хамрын угалзад зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристалл” бааранд иргэн Г.Тийг зодож эрүүл мэндэд /хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын угалзад зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Б /хх 17-18/, О.Гүен /хх 19/, Б.Д /хх 49-50/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3397 /хх 30/, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 3390 дугаартай дүгнэлт /хх 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37, 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42,46/, гомдол саналгүй гэх баримт /хх 51-52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Т, М.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, хэн алиндаа гомдол саналгүй гэснийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Т, М.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэн алиндаа гомдолгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.овогт Г.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт М.Бийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар, А.овогт Г.Тийг 470 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 470.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Г.Т нар нь торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч М.Б, Г.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.