Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/103

 

       2025           01            21                                    2025/ДШМ/103

 

Д.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

яллагдагч Д.А, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2800 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Д.А, түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын давж заалдах гомдлоор Д.Ат холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Д.А

            Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн.

           

            Яллагдагч Д.А нь 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Н.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Тд “Ш” ХХК-ийн өмч болох 2012 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн ... арлын дугаартай, ...улсын дугаар бүхий ...загварын 60,000,000 төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг худалдан борлуулж, бусдад их хэмжээний хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэрэгт,

            2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод иргэн М.Өд “Австрали улсын визэнд орж урилга авахын тулд урьдчилж дансандаа 140,000,000 төгрөг байршуулан, буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны ... тоот дансаараа 141,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах,

            2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд иргэн Н.Өын төрсөн хүү С.Аыг “Солонгос улс руу явуулна, виз гаргана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Ө, С.А нарыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг ...тоот гэртээ байхад нь цахим хэрэгсэл буюу фэйсбүүкчат ашиглан хуурч, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн ... дугаарын данс, Хаан банк дахь иргэн М.Бын эзэмшлийн 5946023051 дугаарын дансыг тус тус ашиглан 4 удаагийн гүйлгээгээр нийт 6,504,200 төгрөгийн шилжүүлэн авч залилах,

            2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Бор булан гэх газарт хохирогч Ц.Сг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 870 боодол 7,395,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах,

            2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд иргэн О.Мыг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5303222061 дугаарын дансаар 1,100,000 төгрөг, Худалд хөгжлийн банкны ... дугаарын дансаар 1,940,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй." гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан.

... Яллагдагчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан Д.Аын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэж, 3 дахь хэсэгт “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй.” гэж, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах эрхтэй.” гэж, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж тус тус заасан эрхийг хангаагүй гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, яллагдагч Д.Ат холбогдуулан “2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Бор булан гэх газарт хохирогч Ц.Сг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 870 боодол 7,395,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх боловч мэдүүлэг аваагүй, Өвөрхангай аймаг, Баянгол, Баянзүрх дүүрэг зэрэг хэд хэдэн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд хэрэг нэгтгэх ажиллагаа явагдсаны дараа яллагдагч Д.Аын өмнө гаргасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн хүсэлтийг хангаагүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг шалгаж тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, прокуророос 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор яллагдагч Д.Аын “2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо ... тоотод иргэн М.Өд “Австрали улсын визэнд орж урилга авахын тулд урьдчилж дансандаа 140,000,000 төгрөг байршуулан, буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжпийн банк”-ны ... тоот дансаараа 141,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэх үйлдэлд М.Өыг ямар үндэслэлээр хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй байна.

Тухайлбал, дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад анх “Е” ХХК-ийн санхүүгийн ажилтан Д.Д“Австрали улсын визэнд орох урилга авах зорилгоор 140 сая төгрөг шилжүүлсэн болно. Манай / Е/ ХХК-ийг төлөөлж Мягмар овогтой Ө Атай биечлэн уулзсан бөгөөд банкнаас тодорхойлолт хуулга авах ажлыг Ө биечлэн гүйцэтгэсэн болно. Л.Атай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эргэн уулзаж 140 сая төгрөгийг буцаахаар тохиролцсон боловч итгэл эвдэн холбогдохгүй болж оргон зайлсан” гэх өргөдлийг гаргасан, мөн “Е” ХХК-ийн менежер М.Н гэрчээр “… 140 сая төгрөгийг Д.Аын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. …компанийн санхүү хариуцсан Друу би Д.Аын Худалдаа хөгжлийн банкын дансыг нь өгч тухайн 140 сая төгрөгийг нь хийлгүүлсэн юм.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан юм..

… Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.С, Н.Ц нарт хэргийн материалыг 08 дугаар сарын 07, 17-ны өдрүүдэд танилцуулсан гэж мөрдөгч ижил утгатай тэмдэглэл үйлдсэн байх /5хх 150,153/ боловч хохирогч нар гарын үсэг огт зураагүй, мөн прокурор 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг /5хх157/ 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр буюу яллах дүгнэлт үйлдсэний дараа танилцуулсан /5хх 161-162/, мөн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн атлаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчид танилцуулсан хэмээн дээр дурдсан үндэслэлүүдээр яллагдагч Д.Ат холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Мөн яллагдагч Д.А нь шүүхээс дуудсан цагт удаа дараа ирээгүй болох нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан бүртгэлийн дэвтэр, өөрийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул урьд асван таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бөгөөд миний бие цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор, шүүхийн дуудсан цагт ирээгүй гэх үндэслэлээр намайг цагдан хорьсон. Надад 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ганцхан л мэдэгдэх хуудсыг Өвөрхангай аймгийн хаягаар ирүүлсэн байсан. Тухайн өдрөө шүүхээс над руу ярьж 2024 оны 11 дүгээр  сарын 07-ны өглөө 09 цагт бэлэн байна уу гэж мэдэгдсэн. Би 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагт шүүх дээр очсон. Шүүгчийн туслах З гэдэг хүн маргааш шүүх хуралдааны тов гарна. Товтойгоо ирж танилцаарай гээд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би шүүх хуралдааны товтой танилцаад гарын үсэг зурсан. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хурлыг товлосон байсан бөгөөд тэр өдөр нь би хэлсэн цагт нь очсон. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шуудангаар над руу мэдэгдэх хуудас явуулахдаа надад утсаар мэдэгдсэн байгаа. Уг мэдэгдэх хуудас нь Өвөрхангай аймгийн Уянга суманд түр оршин сууж байгаа хаяг дээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн. Намайг автобусаар хурал руугаа очиж байх хооронд шуудангийн хүн залгаж “Баянзүрх дүүргийн шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн байна” гэж хэлсэн. Би тухайн үед би маргааш шүүх хуралтай тул замдаа явж байгаа талаараа хэлсэн. Энэ талаараа тухай бүрд нь өмгөөлөгчдөө хэлж, зөвлөгөө авч байсан. Мөн намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд оршин суудаггүй гэх талаарх баримтыг цуглуулсан байсан. Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдрахаа болиод удаж байгаа. Миний албан ёсны хаяг Өвөрхангай аймгийн хаягаар явж байгаа. Миний биеийн байцаалтыг зөрүүтэй бичсэн байна. Би эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймагт 2020 оноос хойш амьдарч байгаа...” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “... яллагдагч Д.А нь шүүхээс дуудсан цагт удаа дараа ирээгүй болох нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан бүртгэлийн дэвтэр өөрийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.” гэжээ.

Миний үйлчлүүлэгчийг шүүхээс дуудсан цагт удаа дараа ирээгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн байдаг. Гэвч Д.Аыг хэзээ, ямар хаягаар, яаж дуудсан, тухайн дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг гардаж авсан эсэх, гардан авсан ч тухайн цаг хугацаанд шүүхэд хүрэлцэн ирэх бодит боломж байсан эсэх дээр анхан шатны шүүхийн шүүгч үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчид шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд байнга оршин суух хаяг гэдэгт Өвөрхангай аймаг, Уянга сум, 8 дугаар баг, ... тоот гэсэн хаягийг тэмдэглүүлсэн байхад шүүхэд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг авч хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүй гэж үзсэн нь туйлын тодорхой бус хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн байна.

Мөн миний үйлчлүүлэгчийг шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 8, 9, 11-ний өдрүүдэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн байдаг бөгөөд тухайн мэдэгдэх хуудсыг шуудангаар 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг, Уянга сум руу явуулсан байдаг. Харин шүүгчийн туслах утсаар дуудахад 2024 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдөр миний үйлчлүүлэгч ирж урьдчилсан хэлэлцүүлгийн тов дээр гарын үсэг зурсан байдаг.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх хөдөө орон нутаг руу шуудан хэд хоногт явдаг болохыг анхаарч үзээгүй, шуудангаас Д.А руу 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр залгасан бөгөөд тухайн үед Д.А нь Улаанбаатар хот руу урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор гарсан байсан. Өөрөөр хэлбэл, шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 08, 09, 11-ний өдрүүдэд хүрэлцэн ир гэдэг мэдэгдэх хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Уянга сум дахь шуудангийн салбарт хүргэгдсэн байхад 2024 оны 11 дүгээр сарын 08, 09, 11-нд ирэх бодит боломж байхгүй билээ.

... Цагдан хорих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад эрх чөлөөг нь мөрдөн байцаалтын тусгаарлах байранд албадан хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээний нэг бөгөөд Үндсэн хуулиар баталгаажуулсан “халдашгүй чөлөөтэй байх” үндсэн эрхийг хязгаарладгаараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгчдийн зүгээс туйлын нягт, хуулийн үндэслэлтэй хандахыг шаарддаг. Нөгөө талаас Д.А нь хохирогч нарын хохирлыг барагдуулах талаар байнгын санал, санаачилга гаргадаг бөгөөд өнөөдрийн хувьд түүнийг хорьсноор хохирол барагдуулах ажиллагаа зогсонги байдалтай байна. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын нэг нь хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх байдаг билээ. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гадуур шалгагдах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хуулийн дээрх зарчим, хэрэгжинэ.

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2800 дугаартай шүүгчийн захирамжийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хуульд зааснаар мэдэгдэх хуудасны хүрээнд хүрэлцэн ирэх үүргийг хүлээлгэж байгаа. Гэтэл бусад үед яллагдагч өөрийнхөө хаана байгаа газраа мэдэгдээд явж байгаа тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг өөр байдлаар авах боломж байсаар байтал цагдан хорьж байгаа үндэслэл шалтгаан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хувийн баталгаа авах ч юм уу, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах арга хэмжээ авах бүрэн боломжтой байхад цагдан хорино гэх хийсвэр шийдвэр гаргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ асуудлыг яллагдагчийн зүгээс хэлж байсан. Хурлын тов зарлагдах тохиолдолд 7 хоногийн өмнө мэдэгдээд өгнө үү гэж хүсэж байсан байдаг. Гэтэл хоёр өдрийн өмнө хурлыг товлочихоод ирсэнгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Заавал цагдан хорьж байж хэргийг шийдвэрлэх нөхцөл байдал үүсээгүй. Нотлох баримт гаргаж өгөх боломжгүй болгож байгаа нь субьектив санаатай шийдвэр гаргаж байна гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Иймд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

 

Прокурор З.Өлзийхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдолд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчөөгүй байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж байна. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар яллагдагч Д.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Яллагдагч Д.А нь 2024 оны 11 дүгээр сарын 8, 11-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирэх ёстой байсан боловч үүргээ биелүүлээгүй. Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй учраас шүүхээс дээрх шийдвэрийг гаргасан нь үндэслэлтэй болсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

 

            Прокуророос Д.Аыг 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Н.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөгийн үнэ бүхий авто ачигчийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, мөн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4 удаагийн үйлдлээр нийт 156,839,200 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай” талаар дүгнэж, Д.Ат холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан байх бөгөөд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатын шүүхээс тус захирамжаар яллагдагч Д.Аыг шүүхээс дуудсан цагт удаа дараа ирээгүй үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэн урьд түүнд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 8, 9, 11-ний өдрүүдэд ирэхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр монгол шуудангаар хүргүүлсэн гэх баримт авагдсан байх боловч яллагдагч Д.Ат оршин сууж буй хаягаар нь хүргүүлсэн эсэх, тэрээр хүлээн авсан эсэх, энэ талаар түүнд утсаар мэдэгдсэн эсэх талаар холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй буюу түүнийг цагдан хорих үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан заалтыг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дараах байдлаар өөрчлөлт оруулж, мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2805 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжийг хүчингүй болгож, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2800 дугаар шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Яллагдагч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэснийг “Яллагдагч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж өөрчлөлт оруулж, мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2805 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Доржийн А /.../-ыг нэн даруй сулласугай.

 

2. Яллагдагч Д.А болон түүний өмгөөлөгч М.Цэдэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

 

3. Д.А нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 69 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

 

 

                                              ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                             ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ