Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 110/ШШ2026/0113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ногооннуур сумын Засаг дарга М.Т,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Айсауле нарын хоорондын   сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэртэй холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч  аймгийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Айсауле, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Айгерим нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Нэхэмжлэгч М.Т  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн Б/13 дугаар “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох”-оор маргаж байна.

             2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.2, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ногооннуур сумын Засаг дарга М.Тд үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

             3. Уг аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн Б/13 дугаар  захирамжийг  эс зөвшөөрч  нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

 4. Нэхэмжлэгч М.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

            “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 

Засаг даргын дээрх шийдвэр нь миний хууль ёсны ашгийг зөрчиж байгаа учир эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Засаг даргын захирамжид дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээг хангуулах  тухай” А/666 дугаар захирамжаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд сумын өвс тэжээлийн аюулгүй байдлын нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр А/666 дугаартай захирамжийн дагуу тус аймгийн Ногооннуур Засаг даргын тамгын газрын даргын захирамж гарч, орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг Ногооннуур сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудад бэлтгэл ажлыг хангуулж ажилласан. Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 32 дугаар тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн 2026 оны хөрөнгийг хуваарилахдаа Гамшгийн сангийн зардалд 17.0 сая төгрөг, тэжээлийн нөөц авах зардалд 44.0 сая, өвсний нөөц бүрдүүлэх зардалд 11.0 сая төгрөг тус тус хуваарилуулан батлуулсан.  2026 он гарсны дараа Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Аймгийн Төрийн сангаас Сангийн яамд хүргүүлж, Сангийн яамнаас баталж ирсний дараа хуульд зааснаар тендер зарлаж гэрээ хийж бэлтгэл ажлаа хийсэн. 20,000,000 төгрөгөөс доош тохиолдолд шууд гэрээ байгуулж болдог ба шууд гэрээ байгуулах замаар 11,000,000 төгрөгөөр 1000 боодол өвс худалдаж авч бэлтгэл ажлаа хийсэн. Дээрх тогтоолын дагуу 1000 уут хивэг авах тендерийг зарласан.  Үнэлгээний хороо байгуулагдаж, тендер зарлагдаж, хуульд зааснаар гэрээ хийгдэж бэлтгэл ажлыг хангасан.

Аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нарын хооронд 2026 онд байгуулсан гэрээний холбогдох заалтуудыг хангаж ажиллаж байгаа бөгөөд захирамжид дурдсан заалтууд нь нэг удаагийн үйлчлэлтэй биш жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллах заалтууд юм. Үүнийг хэрэгжүүлэх хугацаа болоогүй байхад намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цахим группт сумын багийн Засаг дарга нарыг бүртгэлжүүлэх ажлыг цаг хугацаанд шуурхай зохион байгуулаагүй, бүртгэл хийгдээгүйтэй холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газраас 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дотор уг ажлыг дуусгаж, илтгэх хуудсаар танилцуулахаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлээгүй асуудлын тухайд Ногооннуур сумын хэмжээнд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл багийн Засаг дарга нарыг сонгох ээлжит сонгууль явагдсан. Тухайн үед багийн Засаг дарга нарыг бүртгүүлэх боломжгүй байсан. Ихэнх багуудын сонгуулийн дүнгийн талаар маргаан гарсан, шүүх дээр хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, зарим нь олонхын санал аваагүй учир дахин санал хураалт явагдсан, олонхын санал авсан нэр дэвшигч нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулж томилсон зэрэг шалтгаануудын улмаас тухайн цаг хугацаанд багийн Засаг дарга нарыг бүртгэлжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хамгийн сүүлд багийн Засаг дарга нар 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр томилогдсон” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Засгийн газрын 2025 оны 56 дугаартай тогтоол болон аймгийн Засаг даргын 2025 оны А/666 дугаартай захирамжаар өгсөн үүрэг даалгаврыг хүрээнд өвс, тэжээлийн нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлээгүй гэх асуудал яригдаж байна. Тухайн үед Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж сумуудад хүргэгдсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой хэмжээгээр төсвийг баталсан байна. Тухайн баталж өгсөн төсвөөр дээрх тогтоосон өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн хөрөнгийн хэмжээнд асуудлаа шийдвэрлэнэ. Илүү мөнгө гаргаж нөөцөө бүрдүүлэх боломжгүй. Батлагдсан төсвийн хүрээнд 2026 оны 02 дугаар сард өвс, тэжээл бэлтгэх гэрээ байгуулж, тендер зарлаж холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийг өвс, тэжээлийг тогтоосон хэмжээнд бүрдүүлээгүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй. Хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой, мөнгөний асуудал нь шийдэгдэж уг ажиллагааг хийж гүйцэтгээгүй бол хариуцлага тооцох асуудал яригдах ёстой. 

2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр багийн Засаг дарга нарын ирцийг сүлжээнд холбож хүргүүлэх тухай асуудал яригдсан. Тухайн үед багийн Засаг дарга нарын сонгууль явагдаж байсан. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаартай захирамжаар “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар, 3 сар хүртэлх хугацаагаар буруулах” сахилгын шийтгэл оногдуулсан. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3.2 дахь заалтад “үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтад дээрх байдлаар зохицуулсан. 

Үндсэн цалинг 20 хүртэлх хувиар, 3 сар хүртэлх хугацаагаар буруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.” гэж зааснаар шийдвэрээ гаргах ёстой. Сонгох боломжийг хэрэгжүүлэхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан. Аймгийн Засаг даргын сахилгын шийтгэл оногдуулсан захирамжид зааснаар байгууллагын санхүү нь 3 сарын үндсэн цалинг 20 хувиар хасах уу?, 1 сарын үндсэн цалинг 20 хувиар хасах уу? дээрх захирамжийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байгаа тул хүчингүй болгох үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.5..зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжтой” гэв. 

5.Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Айсауле шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хэмжээг 8 дугаар хүснэгтээр баталсан хэмжээнд хүргээгүй. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээг хангуулах  тухай” А/666 дугаар захирамжаар өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлээгүй нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гамшгаас хамгаалах болон орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах” гэснийг , мөн аймгийн Засаг дарга болон сумын Засаг дарга нарын хооронд 2026 онд байгуулсан гэрээний 2.2.2-т “Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтэд хяналт тавьж, баг, байгууллагуудыг арга зүй, зохион байгуулалтын шуурхай удирдлагаар хангаж, гэрээний хавсралтад заасан ажил үйлчилгээг тоо, чанар, шалгуур үзүүлэлт бүрээр хэрэгжүүлэх ажиллагааг өөрийн суманд зохион байгуулж, үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцна”, 2.2.3-т “Албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлж, төрийн ажил үйлчилгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлийн явц үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулж , хууль тогтоомж зөрчсөн, зөрчил дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлнэ”, 2.2.7-д “Гамшгаас хамгаалах арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс бүрэн хариуцаж гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах”, 2.2.28-т “Өвөлжилтийн бэлтгэл ажил болон өвс тэжээлийн нөөцийг хуваарийн дагуу бүрдүүлж, аймгийн Засаг даргад бодит мэдээлэл хүргэх” гэснийг зөрчсөн, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цахим группт сумын багийн Засаг дарга нарыг бүртгэлжүүлэх ажлыг хугацаанд нь шуурхай зохион байгуулаагүй, бүртгэл хийгдээгүйтэй холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газраас 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дотор уг ажлыг дуусгаж, илтгэх хуудсаар танилцуулахаар өгсөн үүрэг, даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй аймгийн Засга даргатай байгуулсан гэрээний 2.2.-20-т “Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг нэр мөр хэрэгжүүлэн ажиллах бөгөөд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын удирдлагуудаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг ягштал биелүүлж, цаг алдалгүй хэрэгжүүлж, заасан хугацаанд хэрэгжилтийг тайлагнаж ажиллана” гэж заасныг зөрчсөн. 

Ногооннуур сумын Засаг дарга нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Ты  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн Б/13 дугаар “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлтэй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.3.2, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний 6.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээг хангуулах  тухай” А/666 дугаар захирамжаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд сумын өвс тэжээлийн аюулгүй байдлын нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлээгүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цахим группт сумын багийн Засаг дарга нарыг бүртгэлжүүлэх ажлыг цаг хугацаанд нь шуурхай зохион байгуулаагүй, бүртгэл хийгдээгүйтэй холбогдуулан аймгийн Засаг даргын тамгын газраас 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дотор уг ажлыг дуусгаж, илтгэх хуудсаар танилцуулахаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Ногооннуур сумын Засаг дарга М.Тд үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 59.1.23.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно: 65.1.3.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн”, 65.3-т “Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 65.3.1.сануулах;  65.3.2.үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах” гэж тус тус заасан байна. 

3.Маргаан бүхий захиргааны актад заасан “Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоол болон аймгийн Засаг даргын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээг хангуулах  тухай” А/666 дугаар захирамжаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд сумын өвс тэжээлийн аюулгүй байдлын нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлээгүй” гэх үндэслэлийн хувьд:

3.1.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний  тухай” тогтоолын 1 дэх заалтаар Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн  аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралтаар баталсан байх ба хавсралтад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум нь бүдүүн тэжээл  122 тн,  хүчит тэжээл 105 тн,  эрдэс  0.2 тн  гэж  тус тус заасан байна.

Мөн уг тогтоолыг үндэслэн гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/666 дугаар “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээг хангуулах  тухай” захирамжийн “2025 онд бэлтгэх хадлан тэжээл, аюулгүйн нөөцийн хэмжээ”-г баталсан 4 дүгээр хавсралтад Ногооннуур сум нь өвс   122 тн,   тэжээл 105 тн,  эрдэс  0.2 тн   тус тус бүрдүүлэхээр  заажээ.

3.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 109 дүгээр “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” тогтоолын 6 дугаар заалтаар 2026 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан байх ба  Ногооннуур сумын хувьд 596,242.2 мянган төгрөг батлагдсан.

Уг тогтоолыг үндэслэн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар “Сумын 2026 оны төсөв батлах тухай” тогтоолын 1 дэх заалтаар  сумын 2026 оны төсвийн  орлогын нийт дүнг 1,255,663.5 мянган төгрөгөөр, үүний дотор орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 596,242.2 мянган төгрөгөөр баталсан.

Улмаар Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар  тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан байх ба  уг жагсаалтад зааснаар сумын хэмжээнд тэжээлийн нөөц авах арга хэмжээнд  44 сая төгрөг, өвсний нөөц бүрдүүлэх арга хэмжээнд  11 сая төгрөг тус тус тус батлагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 7-9, 224-230, 2 дах хавтаст хэргийн 22-28 дах тал/ тус тус тогтоогдож байна.

Мөн аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/33 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтаар орон нутгийн хөгжлийн сангаас сумдын хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн сар, улирлын хуваарийг баталсан, үүний дагуу 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 30 сая, 4 дүгээр сарын 03-ны өдөр 28 сая төгрөг тус тус Ногооннуур сумын орон нутгийн  хөгжлийн санд  шилжүүлсэн болох нь хэргийн нотлох баримтаар /1 дэх хавтаст хэргийн 231-239 дах тал/  тус тус тогтоогдсон. 

3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улс, орон нутгийн төсөв болон захиалагчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 4 дүгээр зүйлийн 4.1.23-т “худалдан авах ажиллагаа" гэж бараа худалдан авах, түрээслэх, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ авах ажиллагааг төлөвлөх, тендер шалгаруулалтын аргыг сонгох, үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулалт зохион байгуулах, тендер шалгаруулалтын үр дүнд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, мэдээлэх ажиллагааг ойлгоно”,  10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиалагч ерөнхий гэрээний аргаар худалдан авахаас бусад тохиолдолд хуульд заасан төсөвт өртөгт үндэслэн тендер шалгаруулалтын дараах аргын аль нэгийн дагуу зохион байгуулна: 31.1.2.харьцуулалт”, 34.1.Захиалагч нийт төсөвт өртөг нь харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг харьцуулалтын аргаар цахим системд үнийн санал дуудаж зохион байгуулж болно” тус тус заасан.

Ногооннуур сумын Засаг даргаас 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Улаан хадын бүргэд” хоршоотой  өвсний нөөц бүрдүүлэх ажлын шууд худалдан авалтын   гэрээ байгуулсан, улмаар Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар байгуулсан өвсний нөөц бүрдүүлэх ажлын гэрээний биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хүлээн авах ажлын хэсэг 917  боодол өвсийг хүлээн авснаар 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11 сая төгрөгийг шилжүүлсэн.

Мөн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас 44 сая төгрөгийн төсөвт өртөгтэй  “Тэжээлийн нөөц авах”  буюу 1000 шуудай хорголжин тэжээл худалдан авах тендер шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр харьцуулалтын аргаар үнийн санал дуудаж  зохион байгуулахаар цахим системд нийтэлсэн, оролцогчдын тендерийг хянаснаар шаардлага хангасан гэж үзсэн  “Баян Ангар” ХХК-д сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/63 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 109,113-124, 219-223, 2 дах хавтаст хэргийн 4-7 дах тал/ тус тус тогтоогдсон болно. 

3.4.Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 35.1.9.Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гүйцэтгэлийг батлах”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:  59.1.4.сумын төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;59.1.5.сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх” гэж,

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “"орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг”,14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:14.2.1.жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг боловсруулах; 14.2.3.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 64 дүгээр зүйлийн 64.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 64.1.2.тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх”, 66 дугаар зүйлийн  66.1-д “Сум, дүүргийн Засаг дарга орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 66.1.1.тухайн шатны төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Зөвлөлд тайлагнах” гэж тус тус заасан. 

3.5. Дээрх байдлаар Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад   сумын өвс, тэжээлийн   нөөц бүрдүүлэх арга хэмжээнд нийт 55 сая төгрөг буюу тэжээлийн нөөц авах арга хэмжээнд  44 сая төгрөг, өвсний нөөц бүрдүүлэх арга хэмжээнд  11 сая төгрөг тус тус тус баталсан, улмаар сумын Засаг даргаас шууд худалдан авах гэрээ байгуулан  11 сая төгрөгөөр 917  боодол өвс худалдан авсан, 44 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тэжээл худалдан авах тендер шалгаруулалтаар “Баян-Ангар” ХХК шалгарч  гэрээ байгуулсан, мөн аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас Ногооннуур сумын орон нутгийн хөгжлийн санд 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн  4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд  58  сая төгрөг шилжүүлсэн үйл баримт  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

3.6.Иймд Ногооннуур сумын Засаг даргын хувьд  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсвийн хүрээнд, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу Ногооннуур сумын орон нутгийн хөгжлийн санд орлогын шилжүүлэг хийгдсэн хугацаанд сумын өвс, тэжээлийн  нөөцийг  бүрдүүлэх арга хэмжээг авсан, мөн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх  арга хэмжээнд   баталсан 55 сая төгрөгт 18 гаруй тн өвс, 50 гаруй тн  тэжээл бэлтгэхээр байгаа бөгөөд Засгийн газрын тогтоол болон   аймгийн Засаг даргын дээрх захирамжид заасан  хэмжээний өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төсөв батлагдаагүй буюу санхүүжилтийн эс үүсвэр байхгүй байх тул сумын өвс тэжээлийн аюулгүй байдлын нөөцийг тогтоосон хэмжээнд бүрдүүлээгүй гэсэн үндэслэлээр 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна  гэж дүгнэлээ.

4. Маргаан бүхий захиргааны актад заасан ”Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн үүрэг, чиглэлийн дагуу цахим группт сумын багийн Засаг дарга нарыг бүртгэлжүүлэх ажлыг цаг хугацаанд нь шуурхай зохион байгуулаагүй, бүртгэл хийгдээгүйтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дотор уг ажлыг дуусгаж, илтгэх хуудсаар танилцуулахаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй”  гэх үндэслэлийн  хувьд:

4.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  “Засгийн газраас мэдээлэл хүргүүлэх Facebook messenger мэдээллийн чат линкийг  сум, багийн Засаг дарга нарт хүргэж, бүртгүүлэх ажлыг зохион байгуулах” үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад  өгсөн, аймгийн Засаг даргын Тамгын газрын орон нутаг , дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нь Тамгын газрын даргаас өгсөн үүргийн дагуу мөн өдөр тус  аймгийн сумын Засаг дарга нарын  бүртгэлтэй “Сумын Засаг дарга нар” нэртэй Facebook messenger групп чатад дээрх мэдээллийг байршуулсан.

Улмаар 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад дээрх ажлыг эрчимжүүлэх гэсэн үүрэг өгснөөр орон нутаг , дотоод ажил хариуцсан мэргэжилтнээс  мөн өдөр “Сумын Засаг дарга нар” нэртэй Facebook messenger групп чатад  “сум, багийн Засаг дарга нарын хамрагдалт манай аймагт маш муу байна” гэсэн мэдээлэл байршуулсан, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас дээрх групп чатад “...сумдын удирдлагууд багийн Засаг дарга нарын бүртгэлийг бүрэн хангуулж, явцыг шуурхай зохион байгуулах,…маргааш гэхэд бүрэн дуусгаж, илтгэх хуудсаар танилцуулах, дуусгаж чадаагүй сумын Засаг дарга нарт хариуцлага тооцох болно” гэсэн мэдээллийг байршуулсан, 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Ногооннуур сумын 12 багаас 3 багийн Засаг дарга нар бүртгүүлээгүй, бусад  нь бүртгүүлсэн байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 82-85,94-98,157-161,162-180 дах тал/ тогтоогдож байна.

4.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 131-147 дах тал/ Ногооннуур сумын  багуудын Засаг даргыг сонгох    иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 11-ээс  02 дугаар сарын 13-ны  өдрүүдэд зохион байгуулагдсан, 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 4 багт дахин санал хураалт  зохион байгуулагдсан, Авлигатай тэмцэх газраас  багийн Засаг даргад нэр дэвшигчдийн  хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  хянасан мэдэгдлийг 2026  оны 3 дугаар сарын 11-ээс 2026 оны 3 дугаар сарын 24-ний хооронд гаргаж мэдэгдсэнээр сумын Засаг даргаас  тус сумын  багуудын Засаг дарга нарыг 2026 оны 3 дугаар сарын 18-аас 3 дугаар сарын 30-ны хооронд томилсон шийдвэр гаргасан болох нь тус тус тогтоогдсон.

4.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус зохицуулсан.

 Дээрх байдлаар Ногооннуур сумын  багуудын Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанууд нь  2026 оны 02 дугаар сарын 11-ээс  02 дугаар сарын 23-ны хооронд  зохион байгуулагдсан, багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн  хувийн ашиг сонирхлын  урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас 2026  оны 3 дугаар сарын 11-ээс 2026 оны 3 дугаар сарын 24-ний хооронд хянаж мэдэгдэл хүргүүлснээр багийн Засаг дарга нарыг томилох шийдвэр 2026 оны 3 дугаар сарын 18-аас 3 дугаар сарын 30-ны хооронд гарсан байхад тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр “аймгийн Засаг даргын Тамгын газраас  цахим группт сумын багийн Засаг дарга нарыг бүртгэлжүүлэх  ажлыг   2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дотор дуусгаж, илтгэх хуудсаар танилцуулахаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь   үндэслэлгүй, бодит нөхцөлд байдалд тохироогүй байна гэж үзлээ.

5. Мөн маргаан бүхий захиргааны актад “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэсэн байгаагаас үзэхэд  үндсэн цалинг хэдэн хувиар, хэдэн сарын хугацаагаар  бууруулах сахилгын шийтгэл  ногдуулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасныг зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

6. Иймд  Ногооннуур сумын Засаг даргад  сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны акт нь  үндэслэлгүй, бодит нөхцөлд байдалд тохироогүй,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн  65.3,65.3.2-д заасантай  тус тус нийцээгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй  болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 65.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/13 дугаар  “Ногооннуур сумын Засаг дарга М.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаруулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                     С.ЕРКЕШ