Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/158

 

             2025            01            30                                       2025/ДШМ/158

 

Б.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/925 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Жгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2402000940328 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Ж

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 588 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын сарын 03-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

 

            Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/, “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Жд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа боловч 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг дахин харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд өөрийн буруутай үйлдлийг маш сайн ойлгож гэмшиж байна. Миний аав Ц.Б, ах Б.А-ийн биеийн байдал маш муу байгаа, ээж Ж.Ө нь 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хагалгаанд орсон. Иймд 10 настай эмэгтэй дүүг маань асран хамгаалж хичээл сургуульд нь надаас өөр зөөж хүргэж өгөх хүнгүй байгаа тул 1 жилийн хорих ялыг маань зорчих эрх хягаарлах ял болгож өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Жгийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Жгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхэд хорооны тодорхойлолт болон аавынх нь бие хүнд өвчтэй гэх баримтыг гаргаж өгсөн. Уг тодорхойлолтуудыг харгалзан үзэж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Прокурор Р.Энх-Оюун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Ж “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/, “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокуророос шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг санал болгосон. Анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дараах дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.Ж сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан үйл баримт тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Харин тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жг гэм буруутайд тооцохдоо сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэж дүгнэсэн. Прокуророос үүнийг ноцтой зөрчил биш техникийн шинжтэй алдаа гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/, “Сэтгэцэд нөлөөт Бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан MDMA болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчий 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1233, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1234 дугаартай дүгнэлтүүд,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаартай дүгнэлт,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-12, 42-45/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 12-13, 46-48/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Жг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.  

           

Шүүгдэгч Б.Жгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Жгийн “... надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг билээ.

 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.

 

Өөрөөр хэлбэл, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхийн тулд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Б.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тус гэмт хэргийн объектив шинжээс өөр байдлаар гэм буруутайд тооцсон нь буруу болжээ.

 

Тодруулбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцдэг бөгөөд прокуророос яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд Б.Жгийн үйлдлийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан” хэмээн оруулж ирсэн байхад анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт тус гэмт хэргийн “худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан” гэх хоёр шинжээр гэм буруутайд тооцсоныг зөвтгөн дүгнэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ж нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 71 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/925 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “... сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “... сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

                                      ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ