Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 110/ШШ2026/0114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.Ю,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

            Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Е нарын хоорондын  барилгын ажлын зөвшөөрөл, барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Манар  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Ж.Ю нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 104б хаягт байршилтай иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгохоос татгалзсан, мөн уг барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахыг  тус тус даалгах” -аар маргасан. 

2. Нэхэмжлэгч Ж.Югаас аймгийн Засаг даргад гаргасан “Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, худалдаа үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, барилгыг ашиглалтад оруулах комисс томилон ажиллуулах тухай” хүсэлтэд аймгийн  Засаг дарга 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/1345 дугаар албан бичгээр “..шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зөвшөөрөл олгох болон ашиглалтад оруулах үндэслэл  бүрдсэн тохиолдолд холбогдох шийдвэр гаргах боломжтой” гэж  хариу өгсөн.

            3. Аймгийн Засаг даргын барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгох,  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан татгалзал үндэслэлгүй,  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

4. Нэхэмжлэгч Ж.Ю нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Ж.Ю нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай, нийт 3408 м/кв талбай бүхий өөрийн эзэмшлийн газарт 3 давхар худалдаа, үйлчилгээний газар барихаар төлөвлөж, зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий компани болох “Өлзий-Иш” ХХК-тай гэрээ байгуулсан. Тус компани нь “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгын зураг төслийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу боловсруулан гүйцэтгэж Барилгын хөгжлийн төвөөр хянуулан барилга байгууламжийн зураг төслийн магадлалын 1158/2021 дугаартай ерөнхий дүгнэлт гаргуулсан Мөн “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг барилгын зураг төслийн “Премиум проект”ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, барилгын гадна шугам сүлжээний зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр хянуулсан.Мөн “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр барилга барих тусгай зөвшөөрөл бүхий “Классиксолюшн” ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсэн юм. 

Анх барилгын ажил эхлэх үед барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад шаардлагатай бүх баримт, бичиг бүрэн байсан бөгөөд миний бие барилга барих газрын гэрчилгээ, инженер геодезийн дүгнэлт зэрэг бичиг баримтуудыг гээгдүүлэн дээрх бичиг баримтуудыг зохих журмын дагуу гээгдсэн гэж зарлуулах, хүчингүй болгуулах, дахин гаргуулах, дахин магадлал хийлгэх зэрэг ажлуудыг хийх явцад төрийн байгууллагуудын ажлын ачаалал, газрын харилцааны холбогдох цахим сүлжээний доголдол, гээгдсэн газрын гэрчилгээг хүчингүй болгож шинээр гаргах цахим системийн доголдолд засвар хийх, шинэчлэл хийх зэрэг төрийн байгууллагын ажлын онцлогоос хамааран хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа алдаж барилга эхлүүлэх зөвшөөрөл хугацаандаа авч чадаагүй юм.

Энэ хооронд барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан компани үргэлжлүүлэн гүйцэтгэж, барилгын ажлыг дуусгасан бөгөөд эхлэх зөвшөөрөлгүй барилга барьж ашигласан гэх үндэслэлээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналтын улсын байцаагч шалгаж Зөрчлийн тухай хуулиар 1.000.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Би дээрх торгуулийг заасан хугацаанд холбогдох дансанд төлж барагдуулсан.

Үүний дараа миний бие өөрийн үйлчилгээний зориулалт бүхий эзэмшил газарт хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж байгаа Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 1046 хаягт байршилтай 3 давхар “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгад дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, мөн тухайн барилгад гадна инженерийн шугам сүлжээний барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж олгох болон тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулж өгөхийг хүсэж аймгийн Засаг даргад хандсан боловч аймгийн Засаг даргын зүгээс 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 1/1345 тоот албан бичгээр барилгын ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос болон ашиглалтад оруулах комисс томилон ажиллуулахаас татгалзсан хариу өгсөн. 

Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж авахын тулд итгэмжлэгдсэн техникийн хяналтын байгууллагаар барилгад экспертиз хийлгэн тайлан гаргуулах шаардлагатай “ гэж хэлж зөвлөсний дагуу барилгын зөвлөх үйлчилгээний итгэмжлэгдсэн техникийн хяналтын байгууллага болох “Бүүвэй цагаан барс” ХХК-иар тус барилгад 11 сая төгрөг төлж мэргэжлийн шинжээчээр эксперт хийлгэн иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга нь барилгын норм, стандартад бүрэн нийцнэ, ашиглалтын шаардлага хангана гэсэн дүгнэлт гаргуулан авсан.Нэгэнт холбогдох хууль, журам, дүрмээр энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр шийдвэрлэхээр зохицуулсан тул шүүхэд хандаж байгаа юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 104б хаягт байршилтай 3 давхар “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, мөн гадна инженерийн шугам сүлжээний н ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж олгохоос болон тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилгад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, мөн гадна инженерийн шугам сүлжээний ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж олгох болон тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

 

5. Хариуцагч аймгийн Засаг дарга хариу тайлбартаа: 

“Нэхэмжлэлд дурдсан Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн талаар нөхцөл байдлыг судлан үзэхэд, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-д заасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг урьдчилан аваагүй нөхцөлд барилгын ажлыг эхлүүлж, гүйцэтгэсэн. Мөн уг барилгын зураг төслийн Улсын магадлалын ерөнхий дүгнэлтэд гадна инженерийн шугам, сүлжээний ажилд ажил эхлүүлэх зөвшөөрлийг тусгайлан авах шаардлагатай талаар тусгасан байна. Тухайн барилга байгууламжийг Улсын комисс ажиллуулан, ашиглалтад оруулаагүй байхад үйл ажиллагаагаа эхэлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх дүрмийн 7.1-д барилгын ажлын зөвшөөрөл болон гадна инженерийн шугам,сүлжээний ажлын эхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй тохиолдолд тухайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглохоор, мөн дүрмийн 7.2-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглохоор тус тус зохицуулсан байдаг. Түүнчлэн Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т ашиглагдсан нь тогтоогдсон барилга байгууламжид ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хориглож, тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах зохицуулалттай байхаар заасан болно.

Иймд захиалагч (гүйцэтгэгч)-д барилгын ажлын зөвшөөрөл, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудал нь зөвхөн шүүхийн журмаар шийдвэрлэгдэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд тухайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл болон барилгыг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 

“Нэхэмжлэгч Ж.Югийн барилгын зураг төсөл нь холбогдох журмын дагуу магадлалд хамрагдаж, баталгаажсан боловч барилгын ажлыг эхлүүлэх зохих зөвшөөрлийг урьдчилан аваагүй байхад барилгын ажлыг эхлүүлж, улмаар барилгын ажлыг гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн тухайн барилга нь улсын комиссоор хүлээн авч, ашиглалтад оруулаагүй байхад худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Дээрх зөрчилтэй холбогдуулан барилгын техникийн хяналт хариуцсан улсын байцаагч Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу арга хэмжээ авч, торгууль ногдуулсан. Түүнчлэн зөрчлийг арилгуулах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх талаар хугацаатай албан даалгавар өгсөн. Албан даалгаврын дагуу нэхэмжлэгч талаас холбогдох баримт бичгийг бүрдүүлж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан аймгийн Засаг даргад хандаж, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Гэвч Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор барилгын ажлыг зохих журмын дагуу зөвшөөрөл авч эхлүүлээгүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглосон бөгөөд ийнхүү зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлын зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нөхөн олгох зохицуулалттай байна.

Тухайн барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн тул барилгын ажлын явцад мэргэжлийн байгууллагаас хууль, журмын дагуу хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх нөхцөл боломж бүрдээгүй байна. Харин захиалагч талаас тухайн барилга нь батлагдсан зураг төсөлд нийцэж байгаа эсэх, барилгын ажлын гүйцэтгэл нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх, холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагыг мөрдсөн эсэхийг тогтоолгохоор хөндлөнгийн мэргэжлийн эксперт, шинжээчээр дүгнэлт гаргуулсан байна. Уг шинжээчийн дүгнэлтээр тухайн барилгын ажлын гүйцэтгэл болон зураг төслийн нийцэлд үнэлэлт өгч, үндсэн шаардлагыг хангаж байгаа талаар дүгнэсэн бөгөөд цаашид хэрэгжүүлэх зарим зөвлөмжийг тусгасан байна. 

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох баримт бичиг, хөндлөнгийн мэргэжлийн эксперт, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг үндэслэн тухайн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олгох боломжтой гэж үзэж байгаа талаарх тайлбарыг гаргаж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 104б хаягт байршилтай иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг  нөхөн олгохоос татгалзсан, мөн уг барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох,  барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахыг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь үндэслэлтэй байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 10-11,12,13-14,38-54, 56-75, 80-83, 126-127, 171 дэх тал/ захиалагч иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний  төвийн барилгын инженер геологийн судалгааны ажлын ба техникийн даалгаврыг  2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар “Эл Эм Ланд” ХХК нь 2020 оны 6 дугаар сард  Өлгий сумын нутаг дэвсгэрт баригдах Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний  төвийн барилгын талбайн инженер-геологийн судалгааны  дүгнэлт гаргасан, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр барилгын   ажил гүйцэтгэх гэрээг “Классиксолюшн” ХХК-тай   байгуулсан,  2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 25/2020 дугаартай барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнаас боловсруулснаар  аймгийн ерөнхий архитектор баталсан, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Өлзий-Иш” ХХК-тай худалдаа, үйлчилгээний  төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан,  2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10/2021 дугаартай “Өлгий сумын 11 дүгээр багт баригдах иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний төвийн барилгын зураг төсөл боловсруулах даалгавар”-ыг  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн боловсруулж, тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга баталгаажуулсан, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Өлзий-Иш” ХХК-аас барилгын ажлын зураг төслийг хүлээлгэн өгсөн,  барилгын ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөс хянаад 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн  1158/2021 дугаартай магадлалын дүгнэлт гаргасан болох нь тус тус  тогтоогдож байна.

Уг магадлалын дүгнэлтэд  “гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг  боловсруулан, холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөн магадлал хийлгэж баталгаажуулах шаардлагатай”  гэж тусгасны дагуу   гадна инженерийн шугам сүлжээний  ажлын зураг төслийг хийлгэж, улмаар гадна инженерийн шугам сүлжээний  ажлын зураг төслийг  Барилгын хөгжлийн төвөөс хянаад 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн  1490/2026 дугаартай магадлалын дүгнэлт /2 дах хавтаст хэргийн 12-14,46-69 дэх тал/ гаргасан.

Мөн  барилга байгууламжийн байршил, газрын  мэдээлэл, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт,  гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт, барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг  баримт бичгүүдээс гадна  2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 07/25 дугаартай  барилга угсралтын ажлын талаарх зохиогчийн нэгдсэн дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 1 дэх хавтаст хэргийн 7-9,84-87,88-89,90-95,128-140,141-143,144-148,149-150,172-177,178-202,203-227 дах тал/ тус тус тогтоогдож байна.

3.Улмаар  тухайн  худалдаа, үйлчилгээний барилгыг барьж дуусгаснаар аймгийн Газрын харилцаа, барилга,  хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний зориулалттай  барилга байгууламж, шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж, мэдээллийн санд хүлээн авсан, үүнээс өмнө  тус газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1071927 дугаартай  шийтгэлийн хуудсаар “ажлын зөвшөөрөл аваагүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т  зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулсан,  мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар “зохих зөвшөөрөл авч, байнгын ашиглалтад оруулах хүртэл барилга угсралт, ашиглалтын үйл ажиллагааг  түр зогсоох”  арга хэмжээ авсан, Ж.Ю нь мөн өдөр 1000 000 төгрөгийн торгуулийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 2 дах хавтаст хэргийн 76-78, 94-95 дах тал/  тус тус тогтоогдсон. 

Түүнчлэн  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “тухайн барилгын ажлын зураг төсөл нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагаас зураг төслийн төлөвлөгөөний хэсгийг дахин боловсруулан хянуулан баталгаажуулах шаардлагатай“ гэснээр зураг төслийн ерөнхий  төлөвлөгөөний гадна тохижилтын хэсгийг дахин боловсруулснаар гал түймрийн хяналтын улсын байцаагч,  орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар зөвшөөрч гарын үсэг зурж, аймгийн ерөнхий архитектораас баталснаас гадна  тухайн барилга нь байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн нотлох баримтаар / 2 дах хавтаст хэргийн 118,128-129,136-146 дах тал/ тогтоогдсон болно.

4.Барилгын ажлын захиалагч болох нэхэмжлэгч Ж.Югаас уг худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах талаар  гаргасан хүсэлтэд аймгийн Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/1345 дугаартай албан бичгээр, 2026 оны 8 дугаар сард гаргасан хүсэлтэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн  1/432 дугаар  албан бичгээр болон аймгийн Засаг даргын 2026 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 2/1785 дугаартай албан бичгээр тус тус татгалзсан хариу /1 дэх хавтаст хэргийн 5, 2  дах хавтаст хэргийн 147-148,149 дэх тал/ өгсөн  байна.

5.Хариуцагчаас  иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан  үндэслэлээ “”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.1-д барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй тохиолдолд тухайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглохоор, мөн дүрмийн 7.2-т  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглохоор тус тус заасан. ...”Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т ашиглагдсан нь тогтоогдсон барилга байгууламжид ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хориглож, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах зохицуулалттай” гэж тайлбарласан.  

6. Барилгын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг; 4.1.15."барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг; 4.1.16."барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг”, 25.4-т “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 26 дугаар зүйлийн  26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:26.1.1.барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйлийн 27.1.Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно: 27.1.3.энэ хуулийн 27.1.1-д зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга”, 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:27.3.1.хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй;27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон”,  37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.4.барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт;48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж  тус тус заасан .

Мөн Засгийн газрын 2021 оны 213 дугаар  тогтоолын хавсралтаар баталсан  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2-т “Захиалагч нь барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг хавсаргасан байна”, 5.1-д “Зөвшөөрөл олгох байгууллага дараахь үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана: 5.1.1. баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн;  5.1.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй”, 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж, 

Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” -ийн 2.1-т “Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна”, 2.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, хавсаргасан байна”, 4.1-т “Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна”  гэж,

Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 1.1-д “Энэхүү дүрмийн зорилго нь Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг зохих зөвшөөрөл, зураг төсөл, стандарт, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгүүлэх болон барилгын ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулах,хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2.8-д “Захиалагч Барилгын тухай хуулийн 37.1.4-т заасан барилгын үе шатны ажилд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилон ажиллуулна” гэж тус тус заажээ.

7. Дээрх байдлаар  Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын  болон гадна шугам сүлжээний ажлын зураг төсөл нь хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж,  эрх бүхий этгээдийн магадлалын дүгнэлт гарсан,  барилгын баримт бичгүүд нь  хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан,  мөн олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон  зүйл байхгүй, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчөөгүй болох нь  тус тус тогтоогдож байна гэж үзлээ. 

 Иймд   захиалагч болох нэхэмжлэгч Ж.Ю нь барилгын ажлын зөвшөөрөл олгоход шаардлагатай хууль, дүрэмд заасан  баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн нь хэргийн нотлох баримтуудаар тогтогдсоноос гадна хариуцагч талаас хууль, дүрэмд заасан барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдэл хангагдсан талаар маргаагүй,   Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах  үндэслэл байхгүй болох нь тогтоогдож байгаа тул  хариуцагч аймгийн Засаг даргаас тухайн  барилгын болон  гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос татгалзсан  нь Барилгын тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.4, 27 дугаар зүйлийн 27.2,27.3 дах хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д  заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудтай тус тус нийцээгүй байна. 

8. Харин нэхэмжлэгч Ж.Ю нь тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтдээ Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах баримт бичгүүдээс захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг өгөөгүй, өөрөөр хэлбэл,  эрх бүхий этгээдтэй захиалагчийн хяналтын гэрээ байгуулаагүй, захиалагчийн хяналт хийгдээгүй, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гараагүй болох нь  тус тус тогтоогдсон.

Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гараагүй энэ тохиолдолд  тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан хариуцагчийн татгалзал нь  Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.5.4, 48.6-д заасантай  тус тус нийцсэн, үндэслэл бүхий  байна гэж дүгнэлээ.

9.Иймд Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай,  иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын  болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хуульд нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, харин тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан хариуцагчийн татгалзал нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 27 дугаар зүйлийн 27.2,27.3, 48 дугаар зүйлийн 48.5,48.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 104б хаягт байршилтай иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг тус тус нөхөн олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох  “барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 


ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Жанимханы Юра,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Болайн Мухамед,

            Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Жабахын Естай нарын хоорондын  барилгын ажлын зөвшөөрөл, барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Манар  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Ж.Ю нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 104б хаягт байршилтай иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг тус тус нөхөн олгохоос татгалзсан, мөн уг барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, уг барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахыг даалгах” -аар маргасан.

2. Нэхэмжлэгч Ж.Югаас аймгийн Засаг даргад гаргасан Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, худалдаа үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, барилгыг ашиглалтад оруулах комисс томилон ажиллуулах тухай хүсэлтэд аймгийн  Засаг дарга 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/1345 дугаар албан бичгээр “...захиалагч нь барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгуулах, мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зөвшөөрөл олгох болон ашиглалтад оруулах үндэслэл  бүрдсэн тохиолдолд холбогдох шийдвэр гаргах боломжтой” гэж  хариу өгсөн.

            3. Аймгийн Засаг даргын барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгох,  ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан татгалзал үндэслэлгүй,  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс тус шүүхэд 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

4. Нэхэмжлэгч Ж.Ю нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Миний бие Ж.Ю нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай, нийт 3408 м/кв талбай бүхий өөрийн эзэмшлийн газарт 3 давхар худалдаа, үйлчилгээний газар барихаар төлөвлөж зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий компани болох “Өлзий-Иш” ХХК-тай гэрээ байгуулсан. Тус компани нь “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгын зураг төслийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу боловсруулан гүйцэтгэж Барилгын хөгжлийн төвөөр хянуулан барилга байгууламжийн зураг төслийн магадлалын 1158/2021 дугаартай ерөнхий дүгнэлт гаргуулсан Мөн “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг барилгын зураг төслийн “Премиум проект”ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, барилгын гадна шугам сүлжээний зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөр хянуулсан.Мөн “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр барилга барих тусгай зөвшөөрөл бүхий “Классиксолюшн” ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлсэн юм.

Анх барилгын ажил эхлэх үед барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахад шаардлагатай бүх баримт, бичиг бүрэн байсан бөгөөд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах гэж хөөцөлдөж явах явцад миний бие барилга барих газрын гэрчилгээ, инженер геодезийн дүгнэлт зэрэг бичиг баримтуудыг гээгдүүлэн дээрх бичиг баримтуудыг зохих журмын дагуу гээгдсэн гэж зарлуулах, хүчингүй болгуулах, дахин гаргуулах, дахин магадлал хийлгэх зэрэг ажлуудыг хийх явцад төрийн байгууллагуудын ажлын ачаалал, газрын харилцааны холбогдох цахим сүлжээний доголдол, гээгдсэн газрын гэрчилгээг хүчингүй болгож шинээр гаргах цахим системийн доголдолд засвар хийх, шинэчлэл хийх зэрэг төрийн байгууллагын ажлын онцлогоос хамааран хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа алдаж барилга эхлүүлэх зөвшөөрөл хугацаандаа авч чадаагүй юм.

Энэ хооронд барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан компани үргэлжлүүлэн гүйцэтгэж барилгын ажлыг дуусгасан бөгөөд эхлэх зөвшөөрөлгүй барилга барьж ашигласан гэх үндэслэлээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналтын улсын байцаагч шалгаж Зөрчлийн тухай хуулиар 1.000.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Би дээрх торгуулийг заасан хугацаанд холбогдох дансанд төлж барагдуулсан.

Үүний дараа миний бие өөрийн үйлчилгээний зориулалт бүхий эзэмшил газарт хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 1046 хаягт байршилтай 3 давхар “Иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгад дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, мөн тухайн барилгад гадна инженерийн шугам сүлжээний барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж олгох болон тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулж өгөхийг хүсэж аймгийн Засаг даргад хандсан боловч аймгийн Засаг даргын зүгээс 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 1/1345 тоот албан бичгээр барилгын ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос болон ашиглалтад оруулах комисс томилон ажиллуулахаас татгалзаж, “барилгын захиалагч нь барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгуулах, мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зөвшөөрөл олгох болон ашиглалтад оруулах үндэслэл бүрдсэн тохиолдолд холбогдох шийдвэр гаргах боломжтой болохыг үүгээр уламжилж байна” гэсэн хариу өгсөн.

Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж авахын тулд итгэмжлэгдсэн техникийн хяналтын байгууллагаар барилгад экспертиз хийлгэн тайлан гаргуулах шаардлагатай “ гэж хэлж зөвлөсний дагуу Барилгын зөвлөх үйлчилгээний итгэмжлэгдсэн техникийн хяналтын байгууллага болох “Бүүвэй цагаан барс” ХХК-иар тус барилгад 11 сая төгрөг төлж мэргэжлийн шинжээчээр эксперт хийлгэн иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга нь барилгын норм, стандартад бүрэн нийцнэ, ашиглалтын шаардлага хангана гэсэн дүгнэлт гаргуулан авсан.Нэгэнт холбогдох хууль, журам, дүрмээр энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр шийдвэрлэхээр зохицуулсан тул шүүхэд хандаж байгаа юм.

Иймд нэхэмжлэгч Ж. Юра миний өөрийн үйлчилгээний зориулалт бүхий эзэмшил газарт хувийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж байгаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 1046 хаягт байршилтай 3 давхар иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилга” нэртэй барилгад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, мөн тухайн барилгад гадна инженерийн шугам сүлжээний барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж олгохоос болон тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал үндэслэлгүй болохыг тогтоож, дээрх барилгад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, мөн тухайн барилгад гадна инженерийн шугам сүлжээний барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж олгох болон тухайн барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

5. Хариуцагч аймгийн Засаг дарга хариу тайлбартаа:

“Нэхэмжлэлд дурдсан Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн талаар нөхцөл байдлыг судлан үзэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-д заасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг урьдчилан аваагүй нөхцөлд барилгын ажлыг эхлүүлж, гүйцэтгэсэн. Мөн уг барилгын зураг төслийн Улсын магадлалын ерөнхий дүгнэлтэд гадна инженерийн шугам, сүлжээний ажилд ажил эхлүүлэх зөвшөөрлийг тусгайлан авах шаардлагатай талаар тусгасан байна. Тухайн барилга байгууламжийг Улсын комисс ажиллуулан, ашиглалтад оруулаагүй байхад үйл ажиллагаагаа эхэлсэн болох нь тогтоогдож байна. Дээрх дүрмийн 7.1-д барилгын ажлын зөвшөөрөл болон гадна инженерийн шугам,сүлжээний ажлын эхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй тохиолдолд тухайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглохоор, мөн дүрмийн 7.2-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглохоор тус тус зохицуулсан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т ашиглагдсан нь тогтоогдсон барилга байгууламжид ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хориглож, тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах зохицуулалттай байхаар заасан болно.

Иймд захиалагч (гүйцэтгэгч)-д барилгын ажлын зөвшөөрөл, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудал нь зөвхөн шүүхийн журмаар шийдвэрлэгдэх үндэслэлтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд тухайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл болон барилгыг ашиглалтад оруулах Улсын комисс ажиллуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ж.Югийн барилгын зураг төсөл нь холбогдох журмын дагуу магадлалд хамрагдаж, баталгаажсан боловч барилгын ажлыг эхлүүлэх зохих зөвшөөрлийг урьдчилан аваагүй байхад барилгын ажлыг эхлүүлж, улмаар барилгын ажлыг гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн тухайн барилга нь улсын комиссоор хүлээн авч, ашиглалтад оруулаагүй байхад худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Дээрх зөрчилтэй холбогдуулан барилгын техникийн хяналт хариуцсан улсын байцаагч Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу арга хэмжээ авч, торгууль ногдуулсан. Түүнчлэн зөрчлийг арилгуулах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх талаар хугацаатай албан даалгавар өгсөн. Албан даалгаврын дагуу нэхэмжлэгч талаас холбогдох баримт бичгийг бүрдүүлж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан аймгийн Засаг даргад хандаж, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Гэвч Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор барилгын ажлыг зохих журмын дагуу зөвшөөрөл авч эхлүүлээгүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглосон бөгөөд ийнхүү зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлын зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр нөхөн олгох зохицуулалттай байна.

Тухайн барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн тул барилгын ажлын явцад мэргэжлийн байгууллагаас хууль, журмын дагуу хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт шалгалт хийх нөхцөл боломж бүрдээгүй байна. Харин захиалагч талаас тухайн барилга нь батлагдсан зураг төсөлд нийцэж байгаа эсэх, барилгын ажлын гүйцэтгэл нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх, холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагыг мөрдсөн эсэхийг тогтоолгохоор хөндлөнгийн мэргэжлийн эксперт, шинжээчээр дүгнэлт гаргуулсан байна. Уг шинжээчийн дүгнэлтээр тухайн барилгын ажлын гүйцэтгэл болон зураг төслийн нийцэлд үнэлэлт өгч, үндсэн шаардлагыг хангаж байгаа талаар дүгнэсэн бөгөөд цаашид хэрэгжүүлэх зарим зөвлөмжийг тусгасан байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал, холбогдох баримт бичиг, хөндлөнгийн мэргэжлийн эксперт, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтыг үндэслэн тухайн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олгох боломжтой гэж үзэж байгаа талаарх тайлбарыг гаргаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 104б хаягт байршилтай иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг тус тус нөхөн олгохоос татгалзсан, мөн уг барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, уг барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь үндэслэлтэй байна. 

2. Захиалагч иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний  төвийн барилгын инженер геологийн судалгааны ажлын ба техникийн даалгаврыг  2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар “Эл Эм Ланд” ХХК нь 2020 оны 6 дугаар сард  Өлгий сумын нутаг дэвсгэрт баригдах Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний  төвийн барилгын талбайн инженер-геологийн судалгааны  дүгнэлт гаргасан, барилгын   ажил гүйцэтгэх гэрээг “Классиксолюшн” ХХК-тай   2020 оны 8 дугаар сарын 10-ний өдөр байгуулсан,  2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 25/2020 дугаартай барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнаас боловсруулснаар  аймгийн ерөнхий архитектор баталсан, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Өлзий-Иш” ХХК-тай худалдаа, үйлчилгээний  төвийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан,  2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10/2021 дугаартай “Өлгий сумын 11 дүгээр багт баригдах иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний төвийн барилгын зураг төсөл боловсруулах даалгавар”-ыг  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн боловсруулж, тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга баталгаажуулсан, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Өлзий-Иш” ХХК-аас барилгын ажлын зураг төслийг хүлээлгэн өгсөн,  барилгын ажлын зураг төслийг Барилгын хөгжлийн төвөөс хянаад 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн  1158/2021 дугаартай магадлалын дүгнэлт гаргасан байна.

Уг магадлалын дүгнэлтэд  “гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг  боловсруулан, холбогдох байгууллагуудтай зөвшөөрөлцөн магадлал хийлгэж баталгаажуулах шаардлагатай”  гэж тусгасны дагуу “Элекбий” ХХК нь  гадна инженерийн шугам сүлжээний  ажлын зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, улмаар гадна инженерийн шугам сүлжээний  ажлын зураг төслийг  Барилгын хөгжлийн төвөөс хянаад 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн  1490/2026 дугаартай магадлалын дүгнэлт гаргасан.

Мөн  барилга байгууламжийн байршил, газрын  мэдээлэл, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт,  гэнэтийн ослын даатгалд даатгуулсан баримт, барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг  баримт бичгүүдээс гадна  2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 07/25 дугаартай  барилга угсралтын ажлын талаарх зохиогчийн нэгдсэн дүгнэлт гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

3.Улмаар  тухайн үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж дуусгаснаар аймгийн Газрын харилцаа, барилга,  хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний зориулалттай  барилга байгууламж, шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж, мэдээллийн санд хүлээн авсан, үүнээс өмнө  тус газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1071927 дугаартай  шийтгэлийн хуудсаар “ажлын зөвшөөрөл аваагүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2-т  зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулсан,  мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар “зохих зөвшөөрөл авч, байнгын ашиглалтад оруулах хүртэл барилга угсралт, ашиглалтын үйл ажиллагааг  түр зогсоох”  арга хэмжээ авсан, Ж.Ю нь мөн өдөр 1000 000 төгрөгийн торгуулийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн дах тал/  тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “тухайн барилгын ажлын зураг төсөл нь хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагаас зураг төслийн төлөвлөгөөний хэсгийг дахин боловсруулан хянуулан баталгаажуулах шаардлагатай“ гэснээр зураг төслийн ерөнхий  төлөвлөгөөний гадна тохижилтын хэсгийг дахин боловсруулснаар гал түймрийн хяналтын улсын байцаагч,  орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар зөвшөөрч гарын үсэг зурж, аймгийн ерөнхий архитектораас баталснаас гадна  тухайн барилга нь байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчөөгүй болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон болно.

4.Барилгын ажлын захиалагч болох нэхэмжлэгч Ж.Югаас уг худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах талаар  гаргасан хүсэлтэд аймгийн Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/1345 дугаартай албан бичгээр, 2026 оны 8 дугаар сард гаргасан хүсэлтэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн  1/432 дугаар  албан бичгээр болон аймгийн Засаг даргын 2026 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 2/1785 дугаартай албан бичгээр тус тус татгалзсан хариу өгсөн болох нь /1 дэх хавтаст хэргийн , 2  дах хавтаст хэргийн дэх тал/ тус тус тогтоогдож байна.

5.Хариуцагчаас  иргэн Ж.Югийн худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан  үндэслэлээ “”Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.1-д барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу аваагүй тохиолдолд тухайн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглохоор, мөн дүрмийн 7.2-т  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг хориглохоор тус тус заасан.

...”Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т ашиглагдсан нь тогтоогдсон барилга байгууламжид ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг хориглож, уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах зохицуулалттай” гэж тодорхойлсон.      

6. Барилгын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1."барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг; 4.1.15."барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг; 4.1.16."барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг”, 25.4-т “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 26 дугаар зүйлийн  26.1-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:26.1.1.барилга байгууламжийг шинээр барих”, 27 дугаар зүйлийн 27.1.Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно: 27.1.3.энэ хуулийн 27.1.1-д зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга”, 27.2-т “Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно”, 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:27.3.1.хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;27.3.2.зураг төсөлд магадлал хийгдээгүй;27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон”,  37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.4.барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д заасан гэрээг байгуулж ажиллах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”, 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт;48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт”, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж  тус тус заасан .

Мөн Засгийн газрын 2021 оны 213 дугаар  тогтоолын хавсралтаар баталсан  “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.2-т “Захиалагч нь барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг хавсаргасан байна”, 5.1-д “Зөвшөөрөл олгох байгууллага дараахь үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана: 5.1.1. баримт бичгийн бүрдэл дутуу, эсхүл хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн;  5.1.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй”, 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж,

Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” -ийн 2.1-т “Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна”, 2.3-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж, хавсаргасан байна”, 4.1-т “Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна”  гэж,

Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 1.1-д “Энэхүү дүрмийн зорилго нь Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг зохих зөвшөөрөл, зураг төсөл, стандарт, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгүүлэх болон барилгын ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулах,хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2.8-д “Захиалагч Барилгын тухай хуулийн 37.1.4-т заасан барилгын үе шатны ажилд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилон ажиллуулна” гэж тус тус заажээ.

7. Дээрх байдлаар  Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын  болон гадна шугам сүлжээний ажлын зураг төсөл нь хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж,  эрх бүхий этгээдийн магадлалын дүгнэлт гарсан,  барилгын баримт бичгүүд нь  хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангасан,  мөн олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон  зүйл байхгүй, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчөөгүй болох нь  тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

 Иймд   захиалагч болох нэхэмжлэгч Ж.Ю нь барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай хууль, дүрэмд заасан  баримт бичгүүдийг бүрдүүлж өгсөн нь хэргийн нотлох баримтуудаар тогтогдсоноос гадна хариуцагч талаас хууль, дүрэмд заасан барилгын ажлын зөвшөөрлийн хүсэлтэд хавсаргах баримт бичгийн бүрдэл хангагдсан талаар маргаагүй,   Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах  үндэслэл байхгүй болох нь тогтоогдож байгаа тул  хариуцагч аймгийн Засаг даргаас тухайн  барилгын болон  гадна инженерийн шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөн олгохоос татгалзсан  нь Барилгын тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.4, 27 дугаар зүйлийн 27.2,27.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай  тус тус нийцээгүй байна.

8. Харин нэхэмжлэгч Ж.Ю нь  барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтдээ Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах баримт бичгүүдээс захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг өгөөгүй, өөрөөр хэлбэл,  эрх бүхий этгээдтэй захиалагчийн хяналтын гэрээ байгуулаагүй, захиалагчийн хяналт хийгдээгүй, захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гараагүй болох нь  тус тус тогтоогдсон.

Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гараагүй энэ тохиолдолд  тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан хариуцагчийн татгалзал нь  Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5,48.6-д заасантай  тус тус нийцсэн, үндэслэл бүхий  байна гэж дүгнэлээ.

9.Иймд дээрх  үндэслэлүүдээр  Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын  болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрөл нөхөж олгохоос татгалзсан аймгийн Засаг даргын татгалзал хуульд нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, харин тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзсан хариуцагчийн татгалзал нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байх тул уг ашиглалтад оруулах комисс ажиллуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 27 дугаар зүйлийн 27.2,27.3, 48 дугаар зүйлийн 48.5,48.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Зах-1 гудамж, 104б хаягт байршилтай иргэн Ж.Югийн 3 давхар худалдаа, үйлчилгээний барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг тус тус нөхөн олгохоос татгалзсан татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, барилгын болон гадна шугам сүлжээний ажлын зөвшөөрлийг нөхөн олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсэг болох  “барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахаас татгалзсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг барилгыг ашиглалтад оруулах улсын комисс томилж ажиллуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 


ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ