Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 610

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Н.Ундрах (томилолтоор), иргэдийн төлөөлөгч О.Оюунчимэг, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Хонин онход овогт Баасанжавын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 02486 0452 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х о овогт Б.Н, Монгол Улсын иргэн, регистрийн дугаар.........., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 38-09 тоот гэртээ хохирогч Б.М-ын “чи жоохон турчихсан байна” гэж хэлсэн шалтгаанаар түүнтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, биед нь баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3, 5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Х о овогт Б.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 38-09 тоот гэртээ “чи жоохон турчихсан байна” гэж хэлснийх нь төлөө хохирогч Б.М-тай маргалдаж, нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж, цээж рүү нь хутгалж, түүний бие махбодод баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч, уушгины 3, 5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед М над руу залгаад “Б танай гэр лүү очиж байгаа, ирхээр нь надад хэлчих, би яваад очъё” гэж ярьсан. Тэгээд Б манай гэрт ирээд бид хоёр нэг лонх 0.75 литрийн архи авч хувааж уусан. Гэтэл Б авсан архиа талд нь оруулаад унтаад өгсөн ... тэр үед лонхны талаар архи үлдсэн байсан бөгөөд М залгаад “би танай гэрийн гадна ирсэн байна” гэхээр нь би Б-ыг сэрээгээд дахин дэлгүүр гарч 0.5 литрийн нэг лонх архи, шар айраг аваад гэртээ буцаж ирсэн. Бид гурав гэрт ирээд авсан архи, шар айргаа уусан. Тухайн үед М “намайг турчихсан байна, зүгээр үү” энэ тэр гээд байхаар нь би дургүйцэж бид хоёр маргалдсан. М чанга чанга дугараад байхаар нь би “чи хүүхэд айлгачихлаа” гэсэн. Хүүхэд маань уйлаад байсан юм. Тэгээд М бид хоёр барилцаж авах үед би ширээн дээр байсан саарал иштэй хутгыг авсан. Тэгсэн бид хоёр давхаралдаад унасан чинь М хутгалагдсан байсан. Би хутгалъя гэж бодоогүй, хутгалах санаа зорилго байгаагүй. Би нэлээн согтуу байсан учир болсон асуудлыг нарийн сайн мэдэхгүй байсан бөгөөд 3 хоногийн дараа нь хохирогч М-тай уулзаж санахгүй байсан зүйлээ сэргээн ярилцаад “давхралдаж унасан” гэдгээ ойлгосон. Хохирогч М-ын биед учирсан гэмтлийг би учруулсан бөгөөд гэмтлийн зэрэгтэй холбоотой маргаан байхгүй. Хохирогч М-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлэв.

2. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагт Б.Н залгаад манай гэрт хүрээд ир гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 38-09 тоотод очиход Б.Н намайг тосож аваад бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн нэг лонх архи аваад Б.Н-гийн гэрт очиход Х.Б гэрт нь байсан. Тэгээд бид гурав архиа хувааж уусан. Би Б.Н-гийн охиныг тэврээд сууж байхад Б.Н гар утсаараа ярьж дуусаад шууд миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд доошоо тонгойтол Б.Н гартаа хутга барьж над руу дайраад цээжинд нэг удаа хутгалсан. Тэгээд би Б.Н-д “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд Х.Б-тай гарч би таксигаар гэртээ ирсэн. Дараа нь түргэн дуудаж эмнэлэгт очсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

“...Б.Н-гийн гэрт ороод архи ууж байгаад би Б.Н-г “чи их турж эцсэн байна” гэж хэрүүл өдсөн санагдаж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулж эмчилгээний төлбөр болон ажлын хөлс гэж 3,220,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39),

3. Гэрч Г.С-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 18 цаг өнгөрч байхад нөхөр М маань над руу утсаар залгаад “Н намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Удалгүй М такси бариад гэртээ ирсэн бөгөөд би 103 дуудаж үзүүлэхэд “яаралтай авч явна, цус алдалт их байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),  

4. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би 15-16 цагийн үед Б.Н-гийн гэрт очсон тэгээд Б.Н бид хоёр мөнгөө нийлүүлээд нэг лонх архи авч уусан. Би тэр архинаас ууж байгаад дуусгалгүй унтаад өгсөн ... унтаж байгаад сэрэхэд Н “М ирж байна, тослоо” гээд гарч явсан. Хэсэг хугацааны дараа 1 лонх архи, 1 сав шар айрагтай орж ирсэн. Бид гурав архиа уугаад сууж байхад Н, М хоёр маргалдсан. Б.М Б.Н-г жоохон турчихсан байна гэх зэргээр хэлснээс болж маргалдсан. Түүнээс болж тэр хоёр барьцалдаж авсан. Тэгэхээр нь би охиныг нь хойд өрөө рүү оруулж тавьсан ... эргээд ирэхэд Б.Н, Б.М хоёр дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь салгасан. Гэтэл Б.М “намайг шаачихлаа ш дээ” гэж хэлэхээр нь би хувцас хунарыг нь тайлж харахад баруун хөхний ойролцоо хатгачихсан байсан. Хутга нь шалан дээр байсан, ясан иштэй бор саарал өнгийн хутга байсан. Тэгсэн Б.Мөнхбат “харьлаа” гээд явсан. Тэгээд би Б.Н-гийн гэрт хамт хоносон. Б.Н өглөө сэрээд “би яасан бэ” гэхээр нь “чи М-ыг хутгалчихсан ш дээ” гэж хэлсэн. Б.Н “тэгвэл энэ хутгаар яах вэ дээ” гэж гарч яваад “муу усны нүх рүү хаячихлаа” гээд орж ирсэн. Хэрэг гарахаас өмнө хутга нь ширээн дээр байж байсан ба Б.Н хүүхэддээ бантан хийж өгчихөөд ширээн дээр тавиад орчихсон байсан. Тухайн үед Б.Н нэлээн согтуу, Б.М согтолт нь арай гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...Б.М-ын биед баруун талд өвчүүний хажуугийн шугамаар 5-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч уушгины 3, 5-р сегмент, уушгины артер гэмтээсэн шарх, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт /1500мл/, баруун уушгины бүрэн бус авчилт, хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32),

6. Шүүгдэгч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ охиноо хараад байж байтал ...15 цагийн үед Х.Б манай гэрт ирсэн. Бид 2 нэг лонх 0,75 гр архи аваад манай гэрт хуваагаад ууж байтал талд нь оруулаад Х.Б унтаад өгсөн. Тэгэхээр нь би Б.М руу Х.Б манайд ирчихсэн байна гэж утсаар хэлсэн ...би үлдэгдэл архиа ганцаараа ууж дуусгаад нэлээд согтсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм. Нэг сэргэхэд шөнийн 02 цаг болж байсан ба Х.Б гэрт унтаж байхаар нь дуудаж сэрээгээд юу болсон талаар асуухад Х.Б “Чи Б.М-ыг хутгалчихсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрт байсан цусыг угааж цэвэрлээд, Х.Б-аас аль хутгаар хутгалсан юм гэж асуухад хоолны шүүгээн дээр байсан бор иштэй хутгыг заасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

7. Хохирогч Б.М-ын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед би Н-гийн гэрт очсон. ...Б над руу утсаар ярихдаа Н-гийн гэр лүү явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н руу Б танай гэр лүү очиж байна гэнээ Б-ыг ирэхээр нь надад хэлээрээ гэж Н руу утсаар ярьсан. Гэтэл Н над руу ярихдаа Б ирсэн байна гэхээр нь би Н-гийн гэрт очсон.  Намайг очоод Н, Б бид гурав дэлгүүрээс нэг лонх архи худалдаж авсан. Тэгээд би тухайн архийг уугаад нэлээн согтсон байхдаа “Н-г турсан байна” гэж хэлснээс болоод бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэтэл Н намайг бариад авсан. Бид хоёр ноцолдож байх үед Н ширээн дээр байсан саарал иштэй хутга авахаар нь би хутганаас нь барьж авах гэж байгаад бид хоёр давхаралдаад унасан. Тэгээд босоод ирэх үед намайг хутгалсан байсан. Тэгэхээр нь би Н-д намайг хутгалсан талаар нь хэлчихээд Н-гийн гэрээс гараад такси бариад гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-120),

8. Гэрч Х.Б-ын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед би Н-гийн гэрт очсон. Тэгээд Н бид хоёр нэг лонх архи хувааж уусан. Тэгээд би удаагүй унтаад өгсөн. Гэтэл Н намайг сэрээгээд М ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй Н, М хоёр гаднаас нэг лонх архи, шар айраг барьсан орж ирсэн. Тэгээд бид гурав тухайн авч ирсэн архинаас нь уугаад сууж байхад Н, М хоёр хоорондоо маргалдаад барилцаад авах үед Н-гийн охин нь уйлаад байхаар нь би охиныг том өрөөнд оруулчихаад эргээд ирэхэд М надад “Н намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд харсан чинь газарт цус болсон хутга хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-120),

9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53),  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 27), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 114), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44), хохирол төлбөр төлж барагдуулсан тухай баримт (хавтаст хэргийн 54) зэрэг нотлох баримт болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн талаарх нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон байх тул хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдэг нь хүнд зэргийн гэмтлийг өөртөө агуулсан, түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хүнд хохирол, хүнд зэргийн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: Би миний үйлчлүүлэгч Б.Н-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад тохирохгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх хуралдааны эхэнд зүйлчлэл хөнгөрүүлэх гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хохирогчийн зүй бус үг ярианаас болж харилцан маргалдаж, барьцалдаж унах үед хохирогч хутгалагдсан болох нь хохирогч Б.М, гэрч Х.Б нарын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогдсон. Иймд шүүгдэгч Б.Н-г болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж дүгнэлээ. Тодруулбал, шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.М-тай ахуйн хүрээнд архидан согтуурч байх үедээ үл ялих зүйлээс маргалдаж, харилцааны зөрчил үүсэж, улмаар хохирогч Б.М-ын биед “хамрын нуруу, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийг гараараа цохиж учруулсан, ширээн дээр байсан хутгыг авсан идэвхтэй үйлдэл зэргээс үзвэл энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.М-тай ахуйн хүрээнд архидан согтуурч байх үедээ үл ялих зүйлээс маргалдаж, харилцааны зөрчил үүссэн, хохирогч Б.М-ын нүүр лүү нэг удаа цохьсон, ширээн дээр байсан хутгыг авсан, улмаар хохирогчийг хутгалсан болох нь:

- Шүүгдэгч Б.Н-гийн шүүх хуралдаанд гаргасан “...Тухайн үед М “намайг турчихсан байна, зүгээр үү” энэ тэр гээд байхаар нь би дургүйцэж бид хоёр маргалдсан. М чанга чанга дуугараад байхаар нь би “чи хүүхэд айлгачихлаа” гэсэн. Хүүхэд маань уйлаад байсан юм. Тэгээд М бид хоёр барилцаж авах үед би ширээн дээр байсан саарал иштэй хутгыг авсан. Бид хоёр давхаралдаад унасан чинь М хутгалагдсан байсан...” гэсэн мэдүүлэг;

- Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Н-гийн охиныг тэврээд сууж байхад Б.Н гар утсаараа ярьж дуусаад шууд миний нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд доошоо тонгойтол Б.Н гартаа хутга барьж над руу дайраад цээжинд нэг удаа хутгалсан. Тэгээд би Б.Н-д “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд ... такси бариад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Хохирогч Б.М-ын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тэгээд би тухайн архийг уугаад нэлээн согтсон байхдаа “Н-г турсан байна” гэж хэлснээс болоод бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэтэл Н намайг бариад авахаар нь бид хоёр ноцолдож байхад Н ширээн дээр байсан саарал иштэй хутга авахаар нь би хутганаас нь барьж авах гэж байгаад бид хоёр давхаралдаад унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-120);

- Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М, Н-г “чи жоохон турчихсан байна” гэх зэргээр маргалдаад түүнээсээ болж тэр хоёр барьцалдаад авсан. Тэгэхээр нь би охиныг нь аваад хойд өрөө рүү нь оруулж тавьсан ... эргээд ирэхэд Н, М хоёр дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь салгасан чинь Б.М “намайг шаачихлаа ш дээ” гэж хэлэхээр нь би хувцас хунарыг нь тайлаад харахад баруун хөхний ойролцоо хатгачихсан байсан ... Н нэлээн согтуу,  харин М арай гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),

- Гэрч Х.Б-ын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тэгээд бид гурав тухайн авч ирсэн архинаас нь уугаад сууж байхад Н, М хоёр хоорондоо маргалдаад барилцаад авах үед Н-гийн охин нь уйлаад байхаар нь би охиныг том өрөөнд оруулчихаад эргээд ирсэн чинь М надад хэлэхдээ “Н намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд харсан чинь газарт цус болсон хутга хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 115-120) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Н нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хэд хэдэн мэдүүлгүүд өөр хоорондоо агуулгын зөрүүтэй байгаа хэдий ч түүнд худал мэдүүлсэн хэмээн хариуцлага хүлээлгэхгүй тул бусад нотлох баримтаар батлагдсан хэсгийг шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ хохирогч Б.М-тай үл ялих зүйлээс маргасан, улмаар түүний нүүр лүү цохьсон, барьцалдах үедээ ширээн дээр байсан хутгыг авсан улмаар хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

Нөгөөтээгүүр, гэмт этгээдийн санаа зорилго, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцааг тодорхойлох гол арга нь болж өнгөрсөн үйл явдалд системтэй дүгнэлт хийх явдал байдаг. Иймд шүүгдэгчийн хувьд хохирогчтой маргалдаж, зодолдож байх үедээ ширээн дээрээс хутга авч байгаа идэвхтэй үйлдэл нь түүний санаа зорилго, сэтгэхүйн харьцааг шууд илтгэнэ.

Хэрэв ямар нэгэн маргаан тэмцэл болоогүй бөгөөд шүүгдэгч хутгаар ахуйн үйл хийж байх үед хохирогч хутган дээр унасан бол, эсхүл шүүгдэгч маргасан муудалцсан хэдий ч хутга барьж авалгүйгээр хохирогчтой зууралдаж байх үедээ ир, үзүүртэй зүйл дээр унасан бол хор уршигтаа болгоомжгүй хандсан сэтгэхүйн харьцаа бий болсон гэж үзэх боломжтой юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм бруугийн талаарх дүгнэлтийн хувьд эцэслэн няцаахад, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэмт этгээдийн хувьд хор уршиг учруулахгүй байж чадна хэмээн тооцох буюу өөртөө найдах чадваргүй байдаг, мөн хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой гэсэн ухамсарт сэтгэхүй илэрдэггүй онцлогтой. Түүнчлэн, манай улсын хуулиар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүйг тайлбарлаж өгөх нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалд тохирсон гэж үзэв.

Харин урьдаас тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй,  ахуйн зориулалт бүхий үйлдвэрийн хутгыг зэвсэг гэж үзэх атал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа, яллах дүгнэлт үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хэмээн хууль зүйн буруу тодорхойлолт хийснийг шүүх зөвтгөн тодорхойлох боломжтой бөгөөд ингэснээр хэргийн зүйл, хэсэг, заалт өөрчлөгдөхгүй буюу хүндрэхгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Н-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

- Улсын яллагчийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн үйлдэлд нь 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай гэв.

- Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Н нь хохирогчид учирсан хохиролтой холбоотой маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “...М бид хоёр барилцаж авах үед би ширээн дээр байсан саарал иштэй хутгыг авсан. Тэгсэн бид хоёр давхаралдаад унасан чинь М хутгалагдсан байсан. Би хутгалъя гэж бодоогүй, хутгалах санаа зорилго байгаагүй...” гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар тус бүртээ гэм буруугийн хэлбэрийн хувьд буюу зүйлчлэлийн хувьд маргасан тул шүүх хуралдааныг хоёр үе шаттай явуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” үндэслэл, нөхцөлийг хуульчилсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт хэргийн үйл баримт, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг хамааруулна.   

Иймд шүүх бүрэлдэхүүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шүүх хуралдаан хоёр үе шаттай явагсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалтыг журамлаж ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Шүүх бүрэлдэхүүн Б.Н-г гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээгээр буюу 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй хэмээн дүгнэв.

Шүүгдэгч Б.Н энэ хэрэгт 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс буюу нийт 145 (нэг зуун дөчин тав) хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний эдлэх хорих ялаас хасах нь зүйтэй.

Эрүүгийн 1708 02486 0452 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 4, 36.10, 36.13 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х О овогт Б.Н-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-д таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-гийн цагдан хоригдсон хугацааг 145 хоногоор тооцож, түүний эдлэх хорих ялаас хассугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Н-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТАА

         ШҮҮГЧИД                                           Т.АЛТАНТУЯА

                                                                     Г.ГАНБААТАР